Нийгмийн

Ц.Мөнхцэцэг: ХЭҮК-ын төсвийг танаж болохгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хүний эрхийн үндэсний комиссын төсөв танагдан орж ирснийг шүүмжилж, зарчмын зөрүүтэй саналаар байр сууриа илэрхийлж, Сангийн сайдад асуулт тавьлаа. Тэрбээр "УИХ-ын хаврын чуулганаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна.

Азийн улсуудаас анх удаагаа Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг баталснаар МУ-ын ардчилал, хүний эрхийн тогтолцоогоо дэлхий дахинд батлан харуулах, олон улсад МУ-ын нэр хүндийг өргөх гол хуулиудын нэг болоод байна.

Нийгэмд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан тухайд хүлээлт маш өндөр байна. Жагсаал цуглаантай холбоотой хүний эрхийн асуудал үүсч болзошгүй тухайд хууль санаачлагч Д.Цогтбаатар гишүүн болон Ажлын хэсгийн ахлагч над руу маш олон иргэд, жагсагчид хандаж байна.

Хүний эрх хамгаалагчийн хууль бол хүний эрхийн нэр барин хүчирхийлэл, үймээн самуунд өдөөн дуудагчдаас жинхэн хүний эрхийн хамгаалагчдыг ялган заагласан маш чухал хууль. Хуулийн 4.1.2-д “хүний эрх хамгаалах үйл ажиллагаа” гэж хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, аливаа хэлбэрээр хүний эрхийг хамгаалахыг хэлнэ гэж хуулинд зааж өгсөн.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд улс төрийн жагсаал цуглааны давтамж ихэсч цагдаа хүчний байгууллагуудын зүгээс тайван замаар жагсаж буй иргэдийн эрхийг зөрчих явдал гарч буй энэ цаг үед Хүний эрх хамгаалагчийн хууль болон ХЭҮК-ийн үүрэг асар чухал болоод байна.

Хүний эрхийг хамгаална, түүнд хяналт тавина гэдэг бол их нарийн бөгөөд мэргэжлийн үйл ажиллагаа. ХЭҮК нэг талаас хүний эрх, эрх чөлөө нөгөө талаас үндэсний аюулгүй байдал, нийтийн дэг журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусад хүний эрх, эрх чөлөө зэрэг хуулиар хамгаалагдсан бусад эрх ашгийн зохистой тэнцвэрийг тогтоодог.

Жагсаал цуглаан зэрэг хүний эрх зөрчигдөж болзошгүй гэнэтийн үйл явдалд ХЭҮК байнгын хяналт тавьдаг. ХЭҮК мэргэжлийн байх ёстой. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхийг гомдолд холбогдогч талуудын тэгш оролцоо, олон эх сурвалжийн баримтууд, хуулийг үндэслэн дүгнэх ёстой. Энэ ажилд цаг орно, хүн хүч орно.

Тайван жагсаж цуглах эрх чөлөөг боломжит дээд төвшинд хамгаалахдаа нийтийн дэг журмыг хуулийн хүрээнд сахиулах орон зай, боломжийг бас хамгаалах нь ХЭҮК-ийн үүрэг. Цаг үеийн нөхцөл байдал ийм эгзэгтэй байгаа үед ХЭҮК-ыг чадахижуулах, хүний эрхийн зөрчилт нөхцөл байдалд биечлэн, газар дээр нь очиж ажиллах хүний нөөц болон санхүүгийн боломжийг төрөөс бүрдүүлэх ёстой.

Гэтэл 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Нэг тэрбум хоёр зуун далан таван сая есөн зуун мянган төгрөг төсөвлөж оруулж ирсэн нь Хууль зүйн байнгын хорооноос зөвшөөрсөн Гурван тэрбум хоёр зуун жаран зургаан сая, нэг зуун наян дөрвөн мянга хоёр зуун төгрөгийн төсвийн саналаас даруй нэг тэрбум есөн зуун саяар бага байна.

ХЭҮК-ийн тухай хуулийн 6.1-д ХЭҮК-ын төсвийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ. Комиссын дарга байнгын хороогоор зөвшөөрөгдсөн төсвийн төслийг улсын нэгдсэн төсөвт нэгтгүүлэхээр хүргүүлнэ” гэж заасан байдгийг зөрчөөд байна.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн, энэ хуулийн дагуу Хүний эрх хамгаалагчийн хороо, түүний ажлын алба гэсэн шинэ бүтэц ажиллана. Мөн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүн ажиллах болсон. Гэтэл энэ бүх үйл ажиллагаанд төсөв хүрэхгүй байх эрсдэл учраад байна" хэмээн онцлов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-28 15:02

Зөв л юм хэлж. Гэхдээ ХЭҮК нь хэр сайн ажилладаг юм болдоо? Хэрэв мөнгийг нь нэмбэл тэр хэмжээгээр сайн шахах ёстой шүү

Холбоотой мэдээ

Back to top button