УЛС ТӨР

Б.Энхбаяр: Хэчнээн цахим гарын үсэг ашиглалаа ч бичлэгээр баримтжуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

“Миний хувьд уг төслийг дэмжиж байгаа. Нэг асуулт байна. Бид тусгай зөвшөөрөлтэй хувийн компаниудтай түншлэх зарчмаар явж байна. Гэтэл хувийн хэвшил хэт ашиг олох зорилгоор, цаашид үнээ бизнесийн зорилгоор тогтоогоод явчих боломжийг хаах чиглэлд ямар заалт байгаа вэ?

Хоёрдугаарт манай эрх зүйн тогтолцооны уламжлал, шинэчлэлийн ялгаа байх шиг. Газар болон үл хөдлөх хөрөнгө дээр бол цаасан баримт баталгаатай эх сурвалж болно гэж үздэг. Франц, Герман улсууд эдийн засгийн хямралд бага өртсөн шалтгаан нь нотариатын сайн тогтолцооных гэсэн дүгнэлт гарсан байсан. Тэд тоон гарын үсгээр бас яг гэрээгээ баталгаажуулахгүй байна лээ. Гэрээ хийж байх процессыг лайв байдлаар, бичлэгээр гэрээ хийх энэ зохицуулалтыг хаагаагүй биз дээ. Зөвхөн цахим гарын үсэг  л байвал хүчинтэй гэсэн хувилбар оруулаагүй биз. Хакердах гэхчлэн эрсдэлээс компани ганцаараа сэргийлж чадахгүй.

Гуравт, гадаадад тоон гарын үсэг хийж байгаа программуудаа огт гадаадын болон хувийн компаниудаар хийлгэдэггүй юм билээ. Тэгэхээр энэ бодууштай санагдсан. Үүн дээр ямар зохицуулалт байгаа вэ?”

УИХ-ын гишүүн Н.Учрал:

“Манай улс 2011 онд цахим гарын үсгийн хуулийг баталснаас хойш хэрэглээнд нэвтрүүлэх гэж оролдож эхэлсэн. Өнөөдөр маш бага хэмжээнд л тоон гарын үсгийг ашиглаж байна. 10 жилийн хугацаанд 38 мянган тоон гарын үсэг л гарсан байна. Маш бага тоо. Энэ хуулийг баталснаар цахим гарын үсгийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой.

Зөвхөн хувийн байгууллагын хийх ажил биш юм билээ. Улсын бүртгэлийн байгууллагаас үнэмлэх дээр нь тоон гарын үсэг суулгаж өгдөг, түүгээрээ баталгаажуулалт хийгээд явчихдаг байх хэрэгтэй. Үнийн асуудал дээр, иргэд нэг удаа гарын үсэг авсан бол дахиад авах хэрэггүй. Б.Энхбаяр гишүүний саналыг дэмжиж байгаа”

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button