“Эмээгийн нүд, чих” бүтээлийг эзэнд нь бэлэглэжээ

Хайр гэрэлтсэн эл зургийг хараагүй хүн ховор болов уу. Эмээ, охин хоёрын агшинг буулгасан эл бүтээл цахим орчинд түгэхэд “Эмээгийн нүд, чих” гэдэг нэр өгсөн билээ. Эл зургийг дарсан гэрэл зурагчин Д.Цэнд-Аюуш эмээ, охин хоёрыг удаан хайсны эцэст олж, бүтээлээ бэлэглэжээ.

Тэрбээр энэ талаар “Сайхан буурайдаа зургийг нь хүргэж өглөө. Анх цахим орчинд тавигдсан даруйд олон түмний зүгээс энэ зурагт маань “Эмээгийн нүд, чих” гэсэн нэр өгсөн дөө.
Зургийн түүхийг олонх нь мэдэх байх. Хоёр гурван жил битүүхэн л хайгаад байсан юм. Сайн хүмүүсийн тусламжтайгаар эмээгээ олсоон. Эмээ маань одоо нас сүүдэр 90 гарсан хэдий ч Эрдэнэт хотдоо ануухан сайхнаараа байна. Чих хатууг эс тооцвол хөнгөн шингэн байна. Өөрөө юм оёчихдог гэнэ. Нүдний хараа сайн аж.

Манай Завханы Отгон сумын хүн юм байна. Өнгөрсөн зун дэлгэр цагт үр хүүхдүүдийн хамт. Эрдэнэхайрханы хар нуур орж үзээд ирсэн гэж хуучиллаа.
Харин эмээгийн “нүд чих” болсон зээ охин Уянгаа одоо Эрдэнэтийн V сургуульд суралцдаг аж. Эмээгийн хажууд өссөн хүүхэд сайн л хүн болж өсч хүмүүжнэ дээ.
Сайхан буурайдаа хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе, энх тунх байж зуун насыг наслаж, зургаадай таяг тулаарай” гэжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.