Засгийн газрыг шүүхэд өгсөн “Лантуун дохио” ТББ ялалт байгуулжээ

Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн Лантуун дохио ТББ захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ялалт байгуулжээ.
Өнгөрсөн зургаадугаар сард тус байгууллагаас Засгийн газрын наадмын тухай тогтоолын “Хурдан морины уралдаан” хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага хүргүүлсэн. Улмаар шүүхээс өчигдөр нэхэмжлэлийг хянан хэлэлцэн Засгийн газраас гаргасан 171 дүгээр тогтоол нь хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоон шийдвэрлэжээ.
Энэ талаар “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр “Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Засгийн газрын 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “Хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг “Лантуун дохио” Төрийн бус байгууллага 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргаж байсан.
Засгийн газраас 2021 оны долдугаар сарын 02-ны өдрийн 183 дугаар тогтоолоор 171 дүгээр тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийн зорилго хангагдсан ч наадам зохион байгуулах шийдвэрийн улмаас наадамд бэлтгэх хурдан морины уяа сойлго, үсэргээ, уралдааны үед нийт 31 унаач хүүхэд бэртэж, 3 унаач хүүхэд амь насаараа хохирсон харамсалтай баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан.
Иймд хүүхдийн хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдээгүй учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байсаар байх тул нэхэмжлэлийн шаардлагыг “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн “хурдан морины уралдаан” хэсэг болон тус тогтоолын 3 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” болгон өөрчилсөн юм.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг өнөөдөр эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж Засгийн газраас гаргасан 171 дүгээр тогтоол нь хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоон шийдвэрлэлээ” гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мундаг юмаа. одоо л бид чинь хуультай дүрэмтэй улс болох нь дээ
Sain bna bid erchee edlech estoi. Tanart bayrlalaa
Хэт их туйлширч болохгүй шүү, уламжлал үнэт зүйлсээ хаяж гээх хэрэггүй,