НийгмийнЯрилцлага

“Open mic”-т оролцсон Б.Ариунболд: “Жигүүр хээр” мориндоо зориулж зохиосон хип хоп дуундаа их хайртай

Түүнийг Баярнэмэхийн Ариунболд гэдэг. 16 настай тэрбээр Төв аймгийн Сэргэлэн суманд амьдардаг. Нутгийнхан нь “Карри” гэж дууддаг Б.Ариунболд “Монгол бахархлын өдөр”-өөр болсон “Open mic”-ийн тайзан дээр хип хоп дуу дуулсан нь олны сонирхлыг ихэд татсан юм. Шууд үгээ зохиогоод дуулдаг нь түүний онцлог. “Open mic”-т л гэхэд тайзан дээр гарсныхаа дараа мэдэрсэн мэдрэмж, төрсөн сэтгэгдлээ дуундаа шингээн, шууд зохиосон гэнэ.  Ая, хэмнэлд тааруулж үгээ мартахгүй реп хийх ямар хэцүү билээ. Тэгэхэд шууд аяндаа тааруулан үгээ зохиогоод реп хийнэ гэдэг бүр ч хэцүү нь мэдээж.

Өмнө нь юун тайзан дээр гараад дуулах нь битгий хэл гэр бүлийнхэн, ойр дотнын хүмүүсийнхээ өмнө гараад дуулахаасаа ч тэр дургүйлхдэг байжээ. БАриунболд ярилцлагынхаа үеэр ээждээ, эгчдээ, найздаа, “Жигүүр хээр” мориндоо зориулж дуу зохиосноо дуулсан. Алийг нь ч өмнө нь хэн нэгэнд дуулж өгч байгаагүй, бид анхны сонсогч нь болсныг онцолсон юм. Хамгийн эрхэм хүмүүстээ зориулж хийсэн дуугаа яг л ийм онцгой мөчид дуулж, гэнэтийн бэлэг барих хүслийг тэр удаан тээжээ. Реппер болох мөрөөдөлдөө хөтлөгдөн, “Open mic”-т оролцохын тулд Төв аймгийн Сэргэлэн сумаас зорьж ирсэн “Карри”-тай ярилцлаа.

-Үгийг нь шууд зохиогоод дуулдаг гэсэн. “Open mic” дээр дуулсан дуугаа ч мөн шууд зохиосон уу?

-Тэгсэн. Хугацаа давчуу байсан болохоор өмнө нь бэлдэж ер амжаагүй. Микрафоны ард зогссоныхоо дараа шууд зохиогоод дуулсан. Чингис хааны мэндэлсэн өдрийг, тухайн үед төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ дуундаа шингээгээд зохиосон юм. “Open mic”-т дөрөв дэх удаагаа оролцлоо.

Би багадаа бүжиглэдэг хүүхэд байсан. Бүжгээр “Гэгээн алсын одод”-д оролцож байлаа. Ер нь олны өмнө гарч бүжиглээд, “нүүр хагарчихсан” байсан юм. Тэгсэн мөртлөө тайзан дээр гараад, реп хийхдээ их сандардаг. “Open mic”-т анх оролцохдоо хэчнээн их сандарсан гэж санана. Тэрнээс хойш одоо овоо сураад, дасаад байгаа.

-“Open mic”-т ямар зорилго өмнөө тавив. Олны сонирхлыг ингэж татна гэж төсөөлсөн үү?

“Open mic”-т дөрөв дэх удаагаа оролцохдоо би нэг зорилго өмнөө тавьсан. Тэр нь дуулсан бичлэгээ “Open mic”-ийн цахим хуудсан дээр тавиулах. Тэгэхийн тулд мэдээж би сайн дуулах ёстой. Тэгж байж л санасандаа хүрнэ. Тиймээс их хичээсэн. Миний дууг хүмүүс олон мянгаараа үзэн, гоё, гоё сэтгэл бичиж буйд их урамшдаг. Өглөө босоод ирэхэд 30 гаруй найзын хүсэлт ирсээр байгаа. “Реп гоё хийдэг, мэдрэмжтэй юм байна. Хамт дуу хийе” гэсэн хүсэлт үеийн хүүхдүүдээс их ирж байгаа.

-Төв аймгийн Сэргэлэн сумаасаа хотод хэзээ ирээд оролцов?

-“Open mic” болох гэж буйг энэ сарын 3-нд мэдсэн. Тэр орой нь туслах хийдэг уяачийндаа очин, адууны ажил хийсэн. Маргааш нь цавьдар үрээгээ унаад Төв аймгийн төв дээр ирсэн. Тэр хязаалан маань жолоог нь эвхээд тавьчихад гэртээ давхиж очоод сурчихсан юм. Тэгээд аймгийн төвөөс машинд суугаад хотод ирлээ. Одоогоор эгчийндээ байгаа. Ярилцлага өгөх гээд Тахилтаас ирлээ.

-Нутгийнхан нь Б.Ариунболдыг “Карри” гэдэг юм билээ. Яагаад тэгж нэрлэх болов?

-Би сагсан бөмбөг тоглох дуртай, холын зайнаас сайн шиддэг. Тэгээд манайхан намайг “Карри” гэж дуудах болсон юм. Одоо “Карри” гэхээр манай нутгийнхан андахгүй.

-Репперүүд “Big Gee”, “Desant”, “Rokit bayгэх мэт өөр, өөр нэртэй. Цаашид “Карри” нэрээрээ дуулах уу?

-Харин ээ. Найзууд минь намайг “Гинжээ” гэдэг. Анх реп хийх эхлэхдээ “Гинжээ” нэрээрээ дуулдаг байсан, найзуудынхаа дунд. Энэ нэрээр уран бүтээл хийх бодол уг нь бий манай сумын ах нар дургүйцээд байгаа юм. “Карри гэдгээр чинь л бид сайн мэднэ. Энэ нэрээрээ дуулбал гоё юм биш үү” гэдэг. Бодож, бодож “Карри” нэрээрээ дуулахаар шийдлээ.

-Реп хийж буй бичлэг нь анх “Мөнхийн хүлэг гал” пэйж хуудсан дээр тавигдсан. Зөвхөн тэндээс 716.000 хүн үзсэн байна лээ. Реп хийдэг ийм хүүхэд байдгийг олонх хүн тэгж мэдсэн. Тухайн үед бичлэг хийж буйг нь мэдсэн үү?

-Мэдээгүй. Тэр орой нь гэртээ байж байтал нэг найз маань “Чи ёстой од болж байна, андаа” гэв. Би бүр гайхаад. Тэгж байтал “Мөнхийн хүлэг гал” пэйжийн эзэн нь над руу чат бичин, манай нэг ах миний бичлэгийг хийн, цахим хуудсан дээрээ тавьсан байснаас авснаа хэлсэн юм. Тухайн үед “Ахын дүүд авьяас, мэдрэмж байна. Олны өмнө ил гараад яагаад реп хийж болохгүй гэж. Яагаад өөрийгөө хөгжүүлээд, тайзан дээр дуулж чадахгүй гэж” намайг зоригжуулсан юм.

Би зүгээр л адууныхаа захад, олны хөлөөс зайдуу газар л дуулдаг байсан юм. Сагсан бөмбөг тоглож байхад хүүхдүүд надаас их гуйна. “Та гоё дуулдаг. Нэг дуулаад өгөөч” гэхээр нь ичээд “Ахынх нь дуулна гэж юу байх вэ” гээд өнгөрдөг байв. Өөртөө тийм итгэлгүй байлаа.

Олны өмнө ил гараад дуулахаас дургүйлхдэг байсанд минь нөлөөлсөн нэг зүйл бий. Би жаахан байхдаа моринд тангаруулаад нүүрээ бэртээсэн, нэг шүд уначихсан. Үүндээ санаа зовоод олны өмнө дуулахаас бүр ч ичдэг байлаа. Олны өмнө гурван жил дуулаагүй. Надад 3-4 найз бий. Тэмүүлэн найз минь намайг их хурцалсан, дахиж дуулах урам өгсөн. Би түрүүн багадаа жүжиглэдэг байсан гэсэн. Аав, ээж хоёр “Миний хүү дуулах авьяастай. Дуулбал илүү зүгээр” гэж зөвлөдөг байсан юм.

-“Open mic”-т анх оролцохдоо дуучин Б.Дуулимд зориулж дуу зохион дуулж өгсөн. Түүнийг яагаад онцлов?

-Бид хоёр нэг нутгийнх. Би Б.Дуулим эгчийн дуунд дуртай. “Анхны хайр”-ыг нь сонсохоор улам их хичээх урам, эрч хүч авдаг. Тиймээс хэрвээ таарвал, уулзах боломж гарвал дуу зохион, дуулж өгөх хүсэлтэй явсан юм. “Open mic” дээр ирэхээр нь шууд дуулж өгөхөөр шийдсэн. Ирэхийг нь мэдээгүй байсан болохоор дуугаа өмнө нь бэлдэж амжаагүй. “Ирчихсэн байна. Энэ л боломж” гээд тайзан дээр гарангуутаа шууд зохиогоод дуулсан.

-Б.Дуулимтай уулзсан уу. Өөрт нь зориулж дуу зохион, дуулж өгөхөд юу гэсэн бэ?

-Уулзаагүй. “Open mic”-ийн дараа “Баяртай” гээд л өнгөрсөн.

-Уулзах боломж гарвал түүнтэй уулзахыг хүсэж байна уу?

-Хүсэж байна.

-Краш нь мөн үү?

-Биш. Хүндэлж явдаг хүн маань.

-“Карри” хэдэн уран бүтээлтэй вэ?

-28 дуутай.

-Хөөх, тийм олон уу?

-Тийм ээ. Адууны бэлчээрт, морь унаж явахдаа ч юм уу тухайн үед төрсөн мэдрэмжээрээ шууд зохиодог.

-Дууныхаа үгийг тэмдэглэж авдаг уу?

-Авдаггүй.

-Тэгэхээр дууныхаа үгийг мартах эрсдэлтэй юм байна.

-Харин тийм ээ.

-Дууныхаа аяыг хаанаас авдаг вэ?

-“YouTube”-ээс. Ая, хэмнэлд нь тааруулаад дуугаа зохиодог. Хөдөө реп хийхэд ойлгох хүн байна, “Амандаа байнга нэг юм бувтнаж явах юм” гээд зэмлэх хүн ч бий.

Би нээрэн ээждээ зориулж дуу зохиож байгаагүй юм билээ. Одоо ингээд ярилцаад суусан чинь ээжийгээ их санан, сэтгэл хөдөлж байна. Ээждээ зориулж нэг дуу дуулж болох уу?

-Бололгүй яах вэ. Одоо шууд зохиох юм уу.

-Тэгнэ, одоо шууд зохиогоод дуулна. Өөрийгөө нэг талаар сорьж байна гэсэн үг.

Ингэж хэлээд тэрбээр ээждээ зориулж нэгэн дууг шууд зохион дуулж өгөв.

Энэ дууны анхны сонсогч нь та байлаа. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Маргааш байтугай одоо юу болох гэж буйг урьдчилан таах аргагүй. Аав, ээж хоёр минь намайг жаахан байхад өөр айлд өргүүлсэн юм билээ. Тэглээ гээд ээждээ би гомддоггүй. Намайг өргөж авсан, өсгөсөн айлд баярлаж явдаг. Одоо би төрсөн аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Гурван жилийн өмнө төрсөн гэртээ ирсэндээ их баярладаг.

Сая ээждээ зориулан дуу зохиогоод дуулах гоё байлаа, их догдоллоо. Би өмнө нь ээждээ зориулж дуу хийж байгаагүй. Ээж минь надад гомдож яваа ч юм бил үү. Миний ярилцлаганаас ээж минь энэ дууг сонсоод баярлах байх.

Ийн хэлээд тэрбээр эгчдээ, найздаа, найз охиндоо зориулж хийсэн дуугаа дуулсан юм. Эгчдээ зориулсан дуугаа дуулахдаа “Эгчийгээ их уурлуулж, мөн ч их зовоолоо. Намайг үнэхээр дэмжиж, түшдэг эгчдээ баярлаж явдаг. Ариунчимэг эгчдээ энэ дуугаа зориулж байна. Энэ дуунд дүүгийнх нь сэтгэл шингэсэн юм шүү” гэж онцолсон юм.

-Хайртаа мориндоо зориулж дуу хийсэн гэж сонссон. Морины тухай хип хоп дуу гэхээр сонирхолтой санагдаж байна.

-Би “Жигүүр хээр” гэдэг нэртэй мориндоо их хайртай. Улс, бүсийн наадамд олон удаа түрүүлж, айрагдсан, манай эзний аргамаг хүлэг байдаг юм. Би Дашдорж, Энхтайван гэдэг хоёр уяачийн морины ажилд тусладаг. Хээр мориндоо мөн хоёр эзэндээ зориулж хип хоп дуу хийсэн юм. “Морины тухай олон дуу бий. Яагаад хип хоп дуу хийж болохгүй гэж” гэсэн бодол намайг энэ дууг хийхэд их нөлөөлсөн.

Манайхан “Чи тийм л лаг юм бол “Жигүүр хээр”-дээ зориулаад дуу хийчих. Чадах уу” гээд байсан юм. Би хийсэн. Гэхдээ өмнө нь хэний ч өмнө дуулж байгаагүй. Намайг “Жигүүр хээр”-дээ зориулж дуу хийснийг минь одоо ч мэдэхгүй. Одоо “Жигүүр хээр” мориндоо зориулсан дуугаа дуулж өгье. “Би хайртай мориндоо зориулж ийм дуу хийчихсэн байсан юм шүү” гэж нутгийнхандаа, ойр дотнынхондоо хүмүүст хэлье.

-Адууны захад, морин дэлэн дээр салхи татуулан давхиж явахдаа реп хийхэд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Зарим хүн “Хөдөөгийн хүүхдүүд орчин үеийн урлаг мэдэхгүй, реп хийж чадахгүй гэсэн” буруу ойлголттой явдаг. Морин дэлэн дээр хийсэж явахдаа реп хийхэд үгээр илэрхийлэхийн аргагүй гоё мэдрэмж төрдөг.

-Сонсох дуртай, үлгэрлэж явдаг реппер бий юү?

-“Big Gee”, “Desant”, “ThunderZ” нарын уран бүтээлийг сонсож дуртай. Тэднээс үлгэрлэж явдаг.

-Хэрвээ хамтарч уран бүтээл хийх боломж гарвал хэнтэй нь дуу хийхийг илүү хүсэж байна вэ?

-Монголын бүхий л репперүүдийг хүндэлж явдаг. Хэрвээ тийм боломж гарвал “ThunderZ”-тэй хамтарч уран бүтээл хийхийг хүснэ.

-Нутаг руугаа хэзээ буцах вэ?

-Одоо ер нь буцахгүй гэсэн бодолтой байна. Хотод ажил хийн, уран бүтээлээ хийх мөнгө олно. Одоо уяачийн туслах хийхгүй. Уяач нар “Ирээрэй” л гээд байгаа, би очихгүй. Анхны уран бүтээлээ ойрын хугацаанд гаргах бодол бий. Арванхоёрдугаар сард бараг гаргачих болов уу.

Та бүхэн надаас ярилцлага авах санал тавихад их баярласан, догдолсон. Сэтгэл хөдлөөд өмнө нь хэнд ч сонсгож байгаагүй дуунуудаасаа ч дууллаа. Намайг зочноор ярьж, ярилцлага авсан “Eguur.mn” сайтын хамт олонд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дел
Дел
2021-11-09 08:08

Монголд бөх дуучны хэрэг үнэндээ байхгүй

Фэн
Фэн
2021-11-09 11:12

Хөөрхөн сэргэлэн хүү байна. Амжилт бүхний дээдийг хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button