УЛС ТӨР

ЧУУЛГАН: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төслийг ХЗБХ-нд шилжүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн энэ оны долоодугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан уг төслийг Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан юм.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” гэж заасан. Энэ нь хохирогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхийг орхигдуулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”,  “шударга шүүхээр шүүлгэх, эрхтэй”,  “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц  хууль зүйн  баталгааг бүрдүүлэх  үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасныг зөрчсөн хэмээн ҮХЦ үзсэн юм.

Иймээс Хууль зүйн байнгын хорооноос Үндсэн хууль зөрчсөн заалтад хохирогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй байхаар өөрчлөн найруулсан байна.

Мөн байнгын хорооноос уг төслийг анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай хамт явуулах санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 41 гишүүний 78 хувь дэмжлээ. Ийнхүү төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button