Нийгмийн

Б.Баярсайхан: Технологийн эрин үед баяж баяж, амжилт амжилт гэдэг суртлаар зай завсаргүй “хүчирхийлж” байна

УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай хүчирхийлэл, хүүхдийн цахим гадуурхал болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -ХҮҮХДИЙГ ЦАХИМ ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ БИЕ ДААСАН ХУУЛЬ САНААЧЛААД, СУДАЛГААНЫ ТҮВШИНД АЖИЛЛАЖ БАЙНА-

-“Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах нь” нь сэдэвт хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт болсон. Та бас оролцсон. Иймэрхүү хэлэлцүүлгүүд зохион байгуулаад үр дүн байна уу?

-УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг, Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг, НҮБ-ийн хүүхдийн сан, УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачилсан хэлэлцүүлэг цаг үеэ олсон чухал хэлэлцүүлэг болсон. 2016 онд би БСШУ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа Цахим гадуурхалт цаашаа” гэсэн үндэсний аян зохион байгуулж байсан. Анх удаа цахим орчин дахь хүүхдийн гадуурхал, хүчирхийллийг ил гаргаж ирж байсан.

Тухайн үед буюу 2012-2016 онд сэтгэл санааны гадуурхал, гутралаас болоод 92 хүүхэд амиа хорлосон гэсэн сэтэгл эмзэглүүлэм мэдээлллийг ЦЕГ-аас гаргаж байсан. Үүнээс хойш таван жилийн хугацаанд маш олон байгууллага “Цахим гадуурхал цаашаа” шиг янз янзын арга хэмжээ их хийсэн боловч өнөөдөр Монгол Улс амиа хорлолт, цахим орчин дахь хүчирхийллэээрээ хүн амынхаа тоотой харьцуулахад дэлхийд тэргүүлсээр байна.

-Хүүхдүүд цахим орчинд ямар ч цензургүй мэдээлэл хүлээж авч байна. Энэ бүхнийг зохицуулах хууль манай улсад байхгүй шүү дээ?

-Хөгжингүй орнууд цахим орчинд хүүхэд, хүний эрхийг хамгаалах хуулиа аль хэдийн батлуулсан. Манай улсад хүүхэд хамгааллын тухай хуульд хэдхэн зүйл заалт дурьдагдсаныг эс тооцвол цахим орчинд хүүхэд хамгаалах эрхзүйн орчин бүрдээгүй. Тиймээс УИХ-ын гишүүний зүгээс намрын чуулганд хэлэлцэх асуудлуудын хүрээнд Цахим орчинд хүний эрх хамгаалах хууль, Цахим орчинд хүүхдийн эрх хамгаалах хуулийг санаачлан, судалгааны үе шатанд явж байна. 2016 онд бид фэйсбүүк хэрэглэгч хүүхдүүдийн талаар мэдээлж байсан бол одоо дөнгөж хэлд орж амжаагүй хүүхдүүд аль хэдийн тик ток хэрэглэгч болж байна гэсэн статистик гаргасан байна.

-Та дээр 2012-2016 онд 92 хүүхэд амиа хорлосон талаар хэллээ. Энэ нь цахим гадуурхалаас болсон гэсэн үг үү?

-2020 онд 8-13 насны 16 хүүхэд, 14-17 насны 23 хүүхэд амиа хорлосон бол 2021 он гараад 8-13 насны 18 хүүхэд амиа хорлосон тоон мэдээлэл байна. Хүүхэд амиа хорлох шалтгааны дийлэнх нь цахим гадуурхал эзэлдэг гэдгийг тогтоочихсон. Яагаад гэвэл шилжилтийн үед ирж байгаа дарамт шахалтыг дааж гарах маш хэцүү. Бидний хүүхэд настай харьцуулах юм бол цахим орчин дахь гадуурхал ямар ч хил хязгаар, хүний тоо, хамаатан садан, багш, гэр бүл, улс орон хамаарахгүй хүүхдийг дарамталж байна. Анги, сургууль, хот, өөр улс руу шилжээд ч хүүхэд энэ бүхнээс зайлж чадахгүй байна. Энэ ертөнцөд амьдарч байгаа өсвөр насны хүүхдүүдийн хамгийн том асуудал. Өнөөдөр хүүхдүүдийг цахим хэрэглээнээс салгаж чадахгүй. Харин тэднийг хамгаалах, цахим орчинд хүүхдийн эрхэд халддаггүй байх, өөрийн насны биш контент руу ордоггүй байх технологийн шийдэл, эрхзүйн орчинг бүрдүүлж өгөх нь томчууд бидний буюу төр, төрийн бус байгууллагуудын хүлээх үүрэг болж байна. Өнөөдөр дэлхийн хүмүүс хоёр ертөнцөд зэрэгцэн амьдарч байна. Бодит амьдрал, цахим орчин. Дөнгөж төрж байгаа хүүхдүүд гар утасны салшгүй хэрэглэгч болж байна. Одоо бүр дөрвөн наснаас эхлэн тик ток хэрэглэгч болж байна гэсэн судалгаа гараад ирлээ. Монгол Улсын фэйсбүүк, тик ток, интернет хэрэглэгчийн тоо нь өөрийнхөө улс орны хүн амьтай харьцуулахад дэлхийд 10-т, Азидаа эхний тавд байна.

-УИХ-ЫН ГИШҮҮН, ДАРГА НАР, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЭЕРЭГ ХАНДЛАГААР НИЙГЭМ ИЛААРШИНА-

-Хууль батлахаас гадна томчууд бидний үлгэрлэл, цахим орчинд бие авч явах байдлаа өөрчлөх нь хүүхдүүдэд нөлөөлөл үзүүлэх болов уу гэж харж байна?

-Үнэн. Цахим орчинд гадуурхалд өртөж буй хүүхдүүд гаднаас нь ямар ч шинж тэмдэггүй байдаг учраас эцэг эхчүүд санаа зовдоггүй. Гаднаас нь харахад бүрэн бүтэн, шалбарсан, нүүр ам нь хөхөрсөн, хувцас хунар нь урагдсан, гаднаас хүчирхийлэлд өртсөн ул мөр байдаггүй. Гэтэл дотроо гаднах хүчирхийллээс илүү зүрх сэтгэл нь шаналсан, өөртөө итгэлгүй болсон, ганцаардсан хэцүү байдалд ордог учраас өсвөр насныханд маш хүнд. Өнөөдөр танай мэдээллийг үзэж байгаа томчууд өөрсдийнхөө хүүхэд насыг эргүүлж бодох ёстой. Бид цахим орчинд байгаагүй ч гэсэн нэг хүний шоолж гадуурхсан үгэнд өсвөр насандаа ямар их эмзэглэдэг байлаа. Одоо зах хязгааргүй орон зайд, өөр улс оронд очоод ч араас нь дагаж мөшгиж байгаа энэ цахим мөшгилт, хүчирхийлэл хүүхдийг буруу замд оруулах, сургууль, хичээлээс нь холдуулах, гэр орноос нь дайжуулах, муу хүмүүстэй нөхөрлүүлэх, мансууруулах бодис хэрэглэх, эцэст нь амиа хорлох асуудалд хүргэж байна. Энэ бол хүн бүрийн санаа зовох асуудал. Үүнд хууль гарахаас гадна цахим орчинд харилцаж, биеэ авч яваа томчууд бидний үлгэр дууриалал маш их үүрэг гүйцэтгэж байгаа шүү гэдгийг хэлмээр байна.

-Та Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч. Хүчирхийллийн нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэж байгаа байх. Монгол Улсад хүчирхийллийн нөхцөл байдал ямар хэмжээнд хүрчихээд байна вэ?

-Хүчирхийлэл гэдэг бол ёсзүйн, тухайн хүний төлөвшлийн асуудал. Тиймээс би цаг хугацааг хоёр хувааж харж байна. Нэгдүгээрт өнөөдөр нийгэмд байгаа салбар бүрт гарч байгаа хүчирхийлэл, ёс суртахууны асуудлыг залруулахад дээрээсээ буюу нийгмийн дээд түвшинд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа 200-аад мянган хүмүүсийн ёсзүйн асуудал хамгийн гол үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсийн ёсзүй нийгэмд илүү эерэг хандлагыг түгээж  чадвал иргэдийн төрдөө итгэх итгэл нэмэгдэж, нийгэм илааршина гэж хардаг. Тэгэхээр нэгдүгээрт бид нараас эхэлнэ.

Хоёрдугаарт бид Алсын хараа 2050 гээд үзэл баримтлалаа баталлаа. 2050 он гэхэд өнөөдөр төрж байгаа хүүхдүүд 30 нас хүрч, ирээдүйн Монголыг авч явах ид насны иргэд болно. Гэтэл бид Үндсэн хуулиндаа Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулна гэж зорьсон мөртлөө хүмүүнлэг нийгмийн авч явах хүнлэг иргэнийг бэлтгэх төрийн бодлого алдагдсан гэж үзэж байна. Дээрээс нь өвөг дээдсийнхээ уламжлал, зан заншил, өв соёлоо голж орхигдуулснаас болоод сүүлийн 30 жил бидний бэлтгэсэн иргэд аав ээжийнхээ ачлалыг мэддэггүй, эх орноо хайрлаж мэддэггүй, амар хялбараар амжилтад хүрэх зорилготой болсон. Дээрээс нь энэ их технологийн эрин үе, баяж баяж, амжилт амжилт гэдэг суртлаар зай завсаргүй хүчирхийлж байна.

-Зөв иргэд бэлтгэхийн тулд яах ёстой билээ?

-Ирээдүйн иргэдээ зөв бэлтгэх асуудалд миний бие гишүүнийхээ зүгээс маш их анхаарч байна. Сэтгэл судлаачидтай уулзаж байна. 0-3 насны хүүхдүүдийг зөв төлөвшүүлж, тэдэнд ээж, аавын  хайрыг өгснөөр зан чанар төлөвшлийн 70 хувь бүрэлддэг. Энэ насанд хүүхдүүдээ маш сайн анхаарах ёстой юм байна. Хоёрдугаарт хайрыг дутуу авсан хүүхдүүдийг яаж цэцэрлэгийн, сургуулийн багш нар засаж залруулж явах юм бэ гэдгийг маш дорвитой анхаарч, тодорхой ажлууд хийх ёстой. Тодорхой ажлууд хийхээр зорьж байна. Боловсролын багц хуульд сайн зан чанартай иргэн бэлтгэх гэдэг зорилго оруулна гэдэг хатуу байр суурьтай ажиллаж байна. Яагаад гэвэл хөгжингүй орнууд сайн зан чанартай хүн бэлтгэх дээр анхаарч эхэлсэн. Сайн зан чанартай иргэн бэлтгэхгүйгээр 10 настай хүүхдүүдээс ёс зүй шаардах ямар ч утга учир байхгүй. Бид хүнээ зөв хүн болгож чадахгүйгээр ёс cуртахуунтай нийгэм байгуулах ямар ч боломжгүй. Тиймээс өнөөдөр төрд байгаа хүмүүсээсээ ёсзүйг шаардах, төлөвшүүлэх, чадахгүй хүмүүс нь төрөөс явах, цэвэрлэх, хариуцлага тооцох ёстой. Нөгө талдаа шинэ иргэдээ зөв бэлтгэх төрийн бодлого хэрэгтэй.

-БҮХ САЛБАРТ ЁСЗҮЙН ДОРОЙТОЛ БАЙНА-

-Хүчирхийллийн хэрэгт холбогдчихсон хүн төрийн ордонд сууж байгаа шүү дээ?

-Ер нь бүх салбарт ёсзүйн доройтол байна. Энэ бол Монголын нийгмийн хөгжлийн хамгийн том гацаа. Бид ийм суртахуунтай иргэдтэйгээр баян чинээлэг орон байх боломжгүй. Маш сайн аав хөдөлмөрлөөд, баян чинээлэг байгаад хүмүүжүүлж чадаагүй хүүхэддээ эд хөрөнгөө орхиод юу болдог билээ. Яг тийм л үлгэр болно. Тиймээс эдийн засгийнхаа хөгжлийн хажуугаар хүний хөгжлийн цогц бодлого бий болгох, монгол хүнийг хөгжүүлэх төрийн хар хайрцагны бодлоготой байх, хүний хөгжил хариуцсан институтитэй байх асуудал номер нэг асуудал.

-Хүүхдийн байгууллагууд, хүчирхийллийн байгууллагууд асуудлаа хүч хүрэхгүй болчихоод байна уу. Хүчирхийллийн хэрэг буурахгүй, үр дүн гарахгүй байх шиг?

-Та анзаарсан бол би энэ талаар салбарын сайд, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, хариуцсан агентлаг, яамдуудаас байнга асууж байна. Энэ жил найман тэрбумыг зараад хүчирхийлэл хэдэн хувиар буурсан юм бэ. Тэнд төсөв зарцуулж, ажил хийж байгаа л бол тодорхой хэмжээний үр дүн байх ёстой. Эсвэл үр дүнгүй байгаа гэдгээ тайлагнах ёстой. Энэ талаар өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл авч чадахгүй байна. Тиймээс хүүхэд хамгааллын ажил, хүчирхийлллийг буруулах тал дээр салбарын байгууллагууд юу хийж байгааг та бүхэн тодруулах шаардлага байна.

-Та орон нутаг руу томилолтоор явах гэж байгаа юм байна. Ямар ажлаар, хаашаа явж байна?

-Би Боловролын багц хуулийн ажлын хэсэгт явж байна. Энэ багц хуулийг Үндсэн хуулийн араас орох төгс, суурь хууль болгохоор зорьж байгаа юм. Түиймээс энэ хуулийг баруун, зүүн, өмнө, хойд бүсэд яаж харж байгаа талаар хэлэлцүүлэгт суух гэж байна. Би өөрөө Ёсзүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүнээр ажилладаг. Дорнод аймагт нутгийн удирдлагын дэд хороо, төрийн албаны зөвлөлийн хамтарсан сургалт зохион байгуулж байна. Мөн Сүхбаатар аймагт манай Завхан аймгийн 14 сумын Засаг дарга нар ирж тус аймгийн хөгжилтэй танилцана. Хөгжлөөрөө хоцрогдож байгаа сумын Засаг дарга нар юуг олж хараасай гэж бодож байна вэ гэвэл ганцхан улсын төсвийг харахгүйгээр тэнд маш олон бүтээн байгуулалт хийж байна. Тэндээс туршлага судлахаар явах гэж байна.

-Та гишүүн болсноос хойш яг юу хийв. Хуулийн төслүүд санаачилж, батлуулав уу?

-Миний ажиллаж байгаа хууль бол Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай, Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль. Мөн нийгмийн ажилтны тухай хуулийг санаачлаад явж байна. Мөн хөдөлмөрийн тухай хуульд маш чухал заалт санаачилж, хоёр зүйл заалт оруулсан. Нэгдүгээрт анх удаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж бүр хүүхэд хамгааллын бодлоготой байна гэж оруулсан. Жишээ нь таны ажиллаж байгаа редакцид таны захирал таны ар гэрийн байдлыг мэддэг, ажлын бус цагаар дууддаггүй байх, гэр бүлтэйгээ байх цаг хугацааг өгдөг байх, ингэснээр та ажилдаа оруулах үр бүтээмж нэмэгдэх, ингэснээр эдийн засгийн хөгжилд нэмэр болох тал талын ашигтай.

Хоёрдугаарт Австралийн Засгийн газрын сайн туршлагыг оруулж өгсөн. Хариуцлагатай эцэг эх байхыг уриалаад эцэг эхчүүд тоодоггүй. Харин яг цалин өгч байгаа хүн нь энэ талаар сургалт хийгээд, та манай хамгийн сайн сэтгүүлч, гэхдээ та хариуцлагатай ээж байх ёстой гэдэг байдлаар сургалт өгөхөөр цалин өгч байгаа буюу ажил олгогчоосоо тухайн иргэн үг сонсох магадлал маш өндөр байдаг гэсэн судалгаа гарсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд хүүхэд хамгааллын бодлоготой болсон. Гэртээ гэмтэж, бэртэж нас барж байгаа 25 мянган хүүхдийн тоог бууруулна, хүүхдийн хүчирхийллийг бууруулна. Хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд автуулаад байгаа хариуцлагагүй эцэг эхчүүдийн тоог буурна гэж харж байна.

-Ажлын байрны бэлгийн дарамтыг Хөдөлмөрийн хуульд яг ямар байдлаар тусгасан бэ?

-Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг маш сайн нарийвчилж оруулсан. Шүүх дээр бэлгийн дарамт үзүүлсэн этгээд ажлын байранд болоогүй гэдэг асуудал ярьдаг байсан. Тэгвэл ажлын байрны орчин гэдэгт зөвхөн оффисоос гадна ажлынхантайгаа амарч зугаалж яваа цаг хугацаа, спорт тэмцээн уралдаан, томилолтоор явж байгаа, ажилдаа ирж очиж байгаа цаг хугацаа, орон зай хамаарна гэж оруулсан. Ажил олгогчийн зүгээс ажлын байрандаа бэлгийн дарамт үзүүлэхгүй байх орчныг бүрдүүлэх, шинээр ажилд орж байгаа хүн бусаддаа ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэхгүй байх зүйл заалтыг нэлээд хатуу оруулсан.

-ЦЭЦЭРЛЭГТ ГУРВАН НАСНААС ЭХЭЛЖ АВАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА-

-Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа заалт нь хоёр настныг цэцэрлэгт авахгүй гээд байгаа шүү дээ. Та үүнийг дэмжиж байгаа юм байна зөв үү?

-0-3 насандаа ямар ч улс орны хүүхэд зан ааш нь бүрэлдэн тогтдог үе байдаг. Хөгжилтэй орны мэргэжлийн сэтгэлзүйчдийн хэлж байгаа звөлөгөө нь 0-3 насандаа хүүхэд ээжийнхээ хайр, тэвэрт нь, аавынхаа хамгаалалтад байх ёстой. Ингэх юм бол хүүхэд сайн зан чанартай хүн болж төлөвшинө, хэн нэгэнд хүүхдээ бүү даатга гэдэг бодлого барьдаг. НҮБ-д бүртгэлтэй 200 -аад улсаас ганцхан Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 2-5 настай хүүхдүүдийнхээ цэцэрлэгийн зардлыг бүрэн даадаг. Намайг жаахан байхад цэцэрлэгийн зардал, хоолны мөнгийг эцэг эхээс авдаг байсан. Гэтэл одоо зах зээлийн нийгэмд Засгийн газар 2-5 насанд нь зардлыг нь дааж байна. Цэцэрлэгийн хүртээмжийн асуудал эцэг эхчүүдийг маш их бухимдуулдаг. У.Хүрэлсхийн Засгийн газрын үед хүртээмжийг дээшлүүлэх, гурван ээлжийн сургуулийг хоёр ээлжийнх болгох бодлого барьсны үр дүнд сургууль, цэцэрлэгүүд барьсан. Гэхдээ өнөөдөр залуу ээж аавууд маш олон хүүхэдтэй болж, одонтой ээжүүд олширч байна. Энэ үед төрөлтийнхөө хурдыг цэцэрлэг барих хурд гүйцэхгүй байна. Тэгэхээр аль болох гурван нас хүртэл нь аав ээж нь гэртээ хүүхдээ харах хэрэгтэй.

-Ээж, аавуудын ажил эрхлэлт, амьдрал цаана нь үргэлжилж байгаа шүү дээ?

-Гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдэд төрөөс хөнгөлөлт үзүүлэх ёстой. Жишээ нь цэцэрлэгт явж байгаа хоёр настай хүүхдэд хувьсах зардал өгч байгаа. Тэр хувьсах зардлыг нь яагаад гэрт нь , ээжид нь өгч болохгүй гэж. Мөн 3 хүртэлх насны хүүхдээ харж байгаа ээжийн нийгмийн даатгалыг төлдөг ч юм уу ээж нь ажил хийхээс илүү нөхцөл байдлуудыг төр бодлогоор гаргаж өгөх ёстой юм болов уу. Ганцхан Япон улсын жишээг татахад 2-3 настай хүүхдийг цэцэрлэгт авахдаа өрхийн орлого маш бага байвал үнэгүй, дундаж байвал хувилаад, баян чинээлэг айлаас төлбөрөө авдаг. Сайн зан чанартай хүүхэдтэй болохын тулд гурван нас хүртэл нь хүүхдээ өөрөө харах уу, эсвэл багшид даатгах уу гэдгийг сонгуулдаг. Тиймээс би Боловсролын багц хуульд цэцэрлэгт авах насыг гурван нас гэдгийг дэмжиж байгаа. Гэхдээ Япон улсын жишгээр ээж аавуудад сонголтыг нь өгөх шаардлагатай. Хүүхдийг гурван насанд нь хаан шиг байлга гэж өвөг дээдэс маань хэлсэн байдаг. Бас л дэлхийн сэтгэлзүйчдийн онолтой таараад байна. Гэхдээ олон олон ээж нар ажил хийх шаардлагатай гэдгийг маш сайн ойлгож байна. Гэхдээ зохицуулалтыг нь хийж өгөх ёстой юм.

-МИНИЙ НӨХӨР ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ, КОНСУЛД ТЭНЦЭХ ЭСЭХИЙГ НЬ ЯАМНААС АСУУ-

-Таны нөхөр Сан Францискод консул болсон нь шүүмжлэл дагуулаад байна?

-Манай нөхөр Сан-Франциско хотод консулаар ажиллаж байгаа. Ерөнхий консулын газар Ерөнхий консулаар нь, даргаар нь Ургамал-Цэцэг гэдэг эмэгтэй ажиллаж байна. Манай нөхөр консулаар томилогдсон. Намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө манай нөхөр ГХЯ-ны газрын дэд захирлаар ажиллаж байсан. Монгол Улсын дипломат албаны хууль байгаа. Өөрийнхөө томилогдох хугацаанаас хоёр жил илүү ажиллаад Сан францискод томилогдсон. Энэ хүний чадвар, мэдлэг, яг томилох ёстой хүн мөн үү, биш үү гэдгийг салбарын сайд, ТНБД, яамнаас тодруулах нь зүгээр. Баттай хэлэхэд миний нөлөө гэж ороогүй. Миний нөхөр Америкад боловсрол эзэмшсэн, маш сайн англи хэлтэй, маш сайн бичиг баримт боловсруулах чадвартай, надаас сайн боловсролтой хүн байгаа гэж хэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

12 Сэтгэгдэл

  1. Ээжүүдийг ажил хийж амьр####аа авч явахыг дэмжиж байгаа бол, дундаж давхрагааа дэмжиж байгаа бол зүгээр л явж ирсэн практикаараа 2 настнуудыг цэцэрлэгийн яслийн бүлэгтээ аваач дээ. Хоёр настнууд өвддөг гэсэн нэг батлагдсан суд####гаагүй, аман яриагаар хийрхэхээ боль. Нэг багшид цөөхөн хүүхэд (дэлхийн жишиг бол 4-6 хүүхэд) өгч, х####двар хамг####лаа сайн бариад ажиллав#### болно ш дээ. Явж ирсэн тогтолцоог нураахад амар, босгоход хэцүү дээ.

  2. Сайхан сайхан ярих яах вэ ажил хэрэг болгох л хамгийн чух#### УИХ-ийн эрхэм гишүүд ёс зүй үлгэр дуурайл####аараа үлгэрлэж чадаж байгаа билүү их л хомс байгаа гэж ард түмэн дүгнээд байгаа даа . Таны нөхрөөс өөр консол болох хүн Гадаад яаманд байхгүй нь ямар харамс####тай боловсон хүчин ханг####тгүй юм дээ

  3. Цэцэрлэгийн асууд#### үнэхээр бий шүү намайд хүртэл ннэг дайсны зэрэг байж л байна хараад ажилгүйл сууж байна

  4. 1,8 нас хүрэхэд авб#### яадаг байна эсвэл ЯСЛИ ажлуулах хэрэгтэй эмэгтэй чүүд бид ажил хиймээр байна

  5. Хөөрхий минь, хоёр т####д ту######а амьдарч байгаа юм байна шд, чөмгөө дундарт#### зүтгэнэ гэж энэ байхаа.

  6. ЭНЭ АВГАЙН ЭКС Ч ОДООГИЙН НӨХӨР Ч БОЛОВСРОЛ ГЭЖ БАЙХГҮЙ ШДЭЭ. САГС ТОГЛОСОН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ, ПАСТОР 2 БАЙЛАА.ЭНЭ ИХ БОЛОВСРОЛ ШҮҮ.Ургам####цэцэг ч бас төрийн шахаа.Элчин сайд чинь хувийн сургууль төгссөн дарсчин бас шахаа. АНУ д эх орноо төлөөлөх биш шахаагы хэдэн нохдууд.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button