ВИДЕО КОНТЕНТНИЙГЭМ

“Домог IZ”: Би улс төрд орно, одоо хараахан цаг нь биш

“Монголд хүүхдийн хавдрын эмнэлэг барьж, улсад хүлээлгэж өгнө. “Meborny” сангаараа дамжуулан дэлхийн шилдэг их, дээд сургуулийн эхний 100-д багтаж, тэнцсэн 100 оюутны сургалтын төлбөрийг даана. Нэрийн койноо гарган, үндэсний хэмжээний дотоодын сүлжээ байгуулна, Монгол Улсаа төлбөрийн нэгдсэн системтэй болгоно” гэсэн том зорилго, амбиц өмнөө тавьж яваа түүнийг Гантогтохын Ирээдүй гэдэг. Манай уншигчид түүнийг “Ноён IZ”, “Домог IZ” гэдэг нэрээр нь андахгүй. 26 настай, “Meborny”-г үүсгэн байгуулагч тэрбээр компаниа удирдахын хажуугаар “Meborny” академийн зөвлөх багшаар ажилладаг.

“Домог IZ” энэ онд нэрийн койноо гарган, үндэстэн дамнасан олон нийтийн сүлжээ үүсгэхээс авхуулаад хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүний хүүхэд нас, 18 насандаа хэрхэн тэрбумтан болсон, бизнесийнх нь унаж, боссон түүх, зорилго, хүсэл мөрөөдлийнх нь талаар ийн ярилцлаа.

ААВ, ЭЭЖ ШИГЭЭ ЦАГТ БАРИГДСАН АЖИЛ ХИЙХГҮЙ ЮМ ШҮҮ ГЭСЭН БОДОЛ НАМАЙГ ЭНЭ САЛБАР РУУ ХӨТЛӨСӨН

 -“Домог IZ” хэвлэлд төдийлөн ярилцлага өгдөггүй. Тэр хэрээр таны бизнесийн түүх, хувийн амьдрал нууцлаг. “Тэрбумтан, сошиал од, “Meborny-г үүсгэн байгуулагч гэдгээр тань л хүмүүс мэддэг. Тиймээс бизнесээ эхлүүлсэн, тэрбумтан болсон түүхээс тань ярилцлагаа эхлүүлье.

-Би ээжийнхээ талын эмээ дээр, Хайлаастад өссөн. Намайг хэдхэн сартай байхад өвөө минь нас барсан юм. Би өвөөгийнхөө хар чемоданаар тоглох дуртай байлаа. Одоо манай оффисст бий. Өвөөгийн хар чемодан дотроо олон чектэй, түүн дээр би мөнгөн дүн бичин, гарын үсгээ зурдаг байлаа. Өөрийгөө босс болчихсноор төсөөлөөд л .

Бизнес сэтгэлгээтэй болон төлөвшиж, бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа минь багын хүмүүжилтэй холбоотой. Ах нар маань гадаадаас Монголд автомашин оруулж ирэн, зардаг байлаа. Тэдэн шигээ мундаг хүн, босс болох хүсэлтэй байв. Монголын хамгийн мундаг хүн хэн бэ гэж би өөрөөсөө асуусан, тухайн үед. Тэгээд багаасаа Ерөнхийлөгч болохыг хүссэн юм. Ерөнхийлөгч болохын тулд яах ёстой вэ. Сайн Ерөнхийлөгч болохын тулд мэдлэгтэй, боловсролтой, чадвартай байх ёстой. Тэгээд л өөрийгөө бэлдэж эхэлсэн. Түүнээс биш баян, мөнгөтэй болох бодол тухайн үед надад байгаагүй.

Нөгөө талаар бизнесмэн болоход нөлөөлсөн нэг зүйл бий. Аав, ээж хоёр минь IV цахилгаан станцад инженерээр ажилладаг. Өглөө гэрээсээ гараад л орой тогтсон цагт тардаг. “За, би л ийм болохгүй шүү” гэж өөртөө хэлсэн.

Би мэдээллийн технологийн салбарт ажилладаг. Үүний эхлэлийг тавьж өгсөн хүн бол аав минь. Надад компютер авч өгсөн юм. Нэг өдөр интернеттэй боллоо. Компютер дээр удаан суух шалтгаан надад хэрэгтэй байлаа. Байрныхаа ах, эгч нарын компютерыг порматлах, дуу суулгаж өгөхөөс авхуулаад олон ажил хийсэн. Тэндээс ер нь миний бизнесийн гараа эхлэлтэй. Өсөж, хөгжсөөр байгаад өнөөдөр энд ингээд сууж байна.

-Их ерөнхий хариуллаа. Таны хамгийн анхны хийсэн бизнес юу вэ?

-Баяраар, шинэ жилээр хүмүүс надад өгсөн мөнгийг би цуглуулдаг байлаа. Хуримтлуулсан мөнгөөрөө юм худалдаж аваад, гэрээрээ борлуулсан. Овоо хэдэн төгрөг олчихдог байлаа.

Миний ажлын гараа их энгийн. Би анхандаа блог хөтлөн, хүмүүсийн сурталчилгааг сайт дээр тавиад хөлс авдаг байлаа. Тухайн блог руу 100 хүн зочлоход 10 ам.доллар цалин авна, дунджаар. Тухайн блог, улсаасаа хамаараад хөлс нь харилцан адилгүй.

Өдөр, шөнөгүй мэдээ бичнэ. Тиймэрхүү маягаар мөнгө олдог байлаа. Өө, тэгээд олон ажил хийсээн. Америкчууд “E баримт”-ынхаа зургийг нь явуулангуут текстэн хэлбэрт хувирган, шивдэг байлаа. Ярилцлаганы аудиог сонсоод буулгана. 30 минутийн аудиог буулгаад 27-35 ам.долларын цалин авдаг байсан. 10 цагийн юм орчууллаа гэхэд 2-3 нь л тэнцэнэ. Өдөрт дунджаар 40-50 ам.долларын орлоготой. Арван жилийн хүүхдэд их мөнгө байлгүй яах вэ. Одоогийн ханшаар сард 4-5 сая төгрөгийн орлоготой хүүхэд байлаа. Сэрээд унтталаа тэгж ажилладаг байсан. Тэгж байж л тэр бүхнийг амжуулдаг байв.

ХҮҮХЭД НАСАА МӨНГӨӨР СОЛЬЧИХСОНДОО ХАРАМСДАГ

-Ажилдаа хэтэрхий их улайраад хүүхэд насаа бусдын адил тоглож, наадаж өнгөрүүлээгүйдээ харамсдаг уу?

-Харамсдаг. Тэр миний амьдралын хар бараан түүх. Найзууд минь надтай тоглох гээд дуудахад нь би ээжээрээ “Байхгүй” гэж хэлүүлээд уулздаггүй байлаа. Хүүхэд насаа тэгээд мөнгөөр сольчихсондоо харамсдаг. Өглөө сэрээд унтталаа ажилладаг байлаа. Манай аав бүр намайг загнаад, компютерыг минь хураахад нь би өөр газар аваачин, асаагаад хийдэг байлаа.

Гэхдээ мөнгө олохын төлөө би тэгж зүтгээгүй. Миний чаддаг зүйл л тэр байсан юм. Би лаг дуулж, бүжиглэж чадахгүй. Тийм авьяас надад байхгүй. Тухайн үед 60.000 гишүүнтэй вэб сайттай, уншигчдын сэтгэгдлээс их урам авдаг байлаа.

Нэг ийм юм байгаа. “Тэр тэрбумтан боллоо, энэ тэрбум төгрөг цуглуулж” гээд мэдээлэл их гардаг. Монгол залуус мундаг байна. Ойлголтын нэг зөрүү байх шиг. Би тэрбумтан биш саятан. Энгийнээр тайлбарлахад, хадгаламжиндаа тэрбум төгрөгтэй хүнийг саятан гэдэг байхгүй юу. Эсвэл машин, байр орон сууц, мөнгө нь тэрбумын үнэлгээг давахаар саятан болдог.

Би интернетээр мөнгө олон, цуглуулаад л байв. 18 насандаа нэг өдөр банкны дансаа шалгахад 502 мянган ам.доллар байсан. Яг хоёр жилийнх нь өмнө би нэг хүнээс “Ах аа, саятан гэж ямар хүнийг хэлэх вэ” гэхэд “Дансандаа тэрбум төгрөгтэй хүнийг хэлдэг юм” гэсэн. Тэгэхээр тэгж асууснаасаа хойш хоёр жил гүрийгээд төгрөгийн саятан болсон юм.

18 НАСАНДАА ДАНСАНДАА 522.000 АМ.ДОЛЛАРТОЙ БОЛОХОД НАДАД ИХ МӨНГӨ САНАГДААГҮЙ

-18 насандаа дансандаа тэрбум төгрөгтэй болчихсон зогсож байхад танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Надад их мөнгө санагдаагүй. Хүмүүс тэрбум төгрөгийг их мөнгө гэж боддог. Надад тэгж санагддаггүй. Миний хувьд тэрбум төгрөг их мөнгө биш. Яагаад гэвэл анхны тэрбум төгрөгөө олчихоор дасчихдаг, мөнгө олох аргаа олчихдог юм билээ.

“Гэрээсээ ажиллаад тэрбум төгрөг олох хэцүү” гэж зарим хүн бодож магадгүй. Одоо ингээд бодоход үсрээд л 360 мянган ам.доллар хавьцаа мөнгө байхгүй юу. Тухайн үед би интернетээр ажил хийдэг, үнэлгээ нь өндөр байсан юм. Гэрээсээ ажиллаад тэрбумтан болох боломж хүн бүхэнд бий. Заавал лаг оффистой, олон ажилтантай байх шаардлага үгүй.

БУСДАД ХУЛХИДУУЛЖ, ХООСОРСОН ГАШУУН СУРГАМЖ НАДАД БИЙ

-Тэрбумтан болоод удаагүй байхдаа хүнд хулхидуулсан гэсэн. Тэр үйл явдал танд ямар сургамж өгсөн бэ?

-Тэр талаар ярихаар одоо ч надад эмзэг санагддаг. Амьдралын минь хамгийн хар бараан дурсамж. Тухайн үед би олон найз нөхөдтэй, ах нартай байлаа. Тэрбум төгрөгөө хэдхэн сарын дотор салхинд хийсгэсэн шүү дээ.

Надад нэг хуурай ах байсан юм. Би тэр ахдаа их итгэдэг, бүх юмаа хариуцуулдаг байлаа. “Тэнд тийм газар, ийм “G class” машин авлаа. Канад хаус барих эрхтэй болголоо” гээд л надаас мөнгө авахад нь би өгсөн. Авсан машинаа би ганц ч үзээгүй. Асуухаар “Машиных нь тийм юмыг янзлуулж байгаа. Удахгүй аваад ирнэ” гэх мэтээр аргацаана. 18 настай хүүхэд юугаа мэдэх вэ. “Миний ах надад худлаа хэлэхгүй, хуурахгүй” гээд итгэсэн. Үүний сацуу найз нараа дайлан, санхүүгээр боломжийнхоо хэрээр дэмжсэн. “Би яах вэ, мөнгө дахиад олчихно. Найзууддаа л сайн тусалъя, дэмжье” гээд л.

Аав минь “Энэ хүмүүс чамайг мөнгөтэй болохоор найзлан, дүүгээ гэж бодож байгаа” гэдэг байсан. Би нөгөө хэдэд хир халдаахгүй, өмөөрнө. “Жинхэнэ миний дотнын хүмүүс” гээд л явж байхад бодит байдал тэс өөр байлаа. Нөгөө хуурай ах минь намайг хуурсан байсан. Мөнгөгүй болчихоор найз нөхөд, ах нь гээд явж байсан хүмүүс хаяад явчихдаг юм билээ.

Шууд ажлаа хийгээд, мөнгө дахиад олох боломж надад байсан. Тэгэхийг хүсээгүй. Мөнгөгүй удаан байя, над дээр эргээд ирэх байх, намайг түших болов уу гэж харсан, хүлээсэн юм. Тэнэг юм бодсон байгаа биз.

-Тухайн үед та дансандаа яг хэдэн төгрөгтэй үлдсэн бэ?

-Яг сайн санахгүй байна. Лав 100 саяас бага мөнгөтэй үлдсэн байсан. Би найзуудаа буруутгадаггүй. Учир нь хүн хүчтэй нэгнийг дагаж явдаг. Манай найзууд намайг хорлоё гээд хорлосон биш. Нөгөө хуурай ахдаа ч гомддоггүй. Дүүгээ “дагз”-даад явчихъя гэж бодоогүй байх. Хийсэн, төлөвлөсөн зүйлс нь санаснаар болоогүй юм байлгүй дээ. Би тэгж гэгээлгээр хардаг.

ЭЭЖ МИНЬ “ТОГНЫ МӨНГӨӨ ТӨЛӨӨРЭЙ” ГЭЭД МӨНГӨ ӨГӨХӨД БИ УХААРСАН, БҮХНИЙГ ШИНЭЭР ЭХЛҮҮЛСЭН

-Гэхдээ таны урам хугарч, бусдад итгэх итгэлээ алдсан нь мэдээж. Бүхнийг дахиад эхлүүлэх эрч хүчийг юунаас авав?

-Сэтгэл зүйн аймар гэмтэл авсан. Жил гаруйн хугацаанд шокноосоо гарч чадаагүй, ажил хийх сонирхол байгаагүй. Үлдсэн мөнгөөрөө хэрэгтэй юмаа аваад л өдөр хоногийг өнгөрүүлж байв. Нэг өдөр дансан дахь мөнгө дууссан. Ээж минь “Тогны мөнгөө төлөөрэй” гээд надад 45.000 төгрөг өгөхөд надад ямар хүнд байсан гэж санана. Тэгэнгүүт үнэхээр их юм бодогддог юм билээ (нүднийх нь нулимс цийлэгнэв). Уучлаарай жаахан тайвшраадахъя.

Ингэж хэлээд тэрбээр гүнзгий амьсгаа авав.

За, яриагаа үргэлжлүүлье. Мандаад явж байсан хүн тийм хэцүү байдалд орох аймар. Тог тасрахаар хүү минь “Өө, хүн ирээд таслачихсан уу” гээд одоо ч ярьдаг. Тэр миний амьдралын уналт байсан. Нэг удаагийнх. Мөнгө олж чадахаа мэдэж байгаа ч юу ч хиймээргүй санагдаж байлаа. Хүмүүс дахиад намайг хуурна, мэхэлнэ гэдэг айдас надад байсан юм. Би өөрийгөө мундаг гэдгээ, чадахаа мэдэж байсан. Зүгээр л хүсээгүй.

Намайг чадна гэдгийг хань минь мэдэж байсан. Өмнө нь хангалттай чадаж байсан болохоор. Намайг найзууддаа, хамгийн итгэж байсан хүндээ тэгүүлээд, сэтгэл зүйн ямар хүнд байдалд орсныг эхнэр маань мэдэж байсан.

МӨРИЙТӨӨ ТОГЛООМД ЯЛАХ ГАНЦ Л АРГА БИЙ. ТЭР НЬ ТОГЛОХОО БОЛИХ

Тухайн үед би нээрэн цахим мөрийтэй тоглоомд орчихсон байсан. Нэг жил тоглоод 345.000 ам.доллар хожсон. Тэр мөнгөөр ер нь бизнесээ дахиад эхлүүлсэн. Орлогын эх үүсвэр нь тийм сонин. Мөрийтэй тоглоомд хожих, ялах ганцхан арга бий. Тэр нь юу гээч.

-Юу вэ?       

-Тоглохоо л болих. Тоглохгүй байх нь өөрөө ялалт.

Тухайн үед манай салбарын үнэлэмж өндөр, ажиллахад хялбар болчихсон байлаа. Тэгээд ерөнхийдөө бизнесээ улам өргөжүүлж чадсан юм.

Миний талаар сонирхолтой, сонирхолтой таамаг их бий. “Яаж мөнгө олдог вэ. Улс төрчдийн мөнгийг угаадаг юм биш үү” гэх мэт. Бүр хадам аав маань нэг нөлөө бүхий хүний баруун гар болчихсон ч явж байх шиг. “IZ яаж мөнгө олдог вэ” гэвэл ажил хийж л мөнгө олдог. Өөр сонголт надад байхгүй. Интернетээр ажил хийдэг, гадаадаас цалинждаг. Тэгээд л бол оо.

-Эргээд босохдоо өмнөх ажлаа үргэлжлүүлсэн үү. Эсвэл тэс өөр ажил хийсэн үү?

-Өмнө нь хийж байсан ажлаа л үргэлжлүүлсэн. Тэр үед хань минь намайг үнэхээр сайн ойлгож, дэмжсэн. Одоо ч ард минь асаалттай танк шиг байдаг. Би долоо хоногт 70-80 цаг ажилладаг. Би юм хийхдээ их улайрдаг, бүх анхаарлаа төвлөрүүлдэг. “Чи надад цаг гаргасангүй, гэр бүлээ тоохгүй байна. Саллаа” гээд миний ажлыг ойлгохгүй байвал ямар байх вэ. Надаас ямар ажил, ямар үр дүн гарах нь тодорхой. Амжилтын минь 70-80 хувийн нууц нь эхнэр маань. Эхнэртэйгээ учраагүй бол би ийм амжилтад хүрэхгүй байсан нь ойлгомжтой.

-Гэр бүлдээ, ханьдаа гаргах цаг зав “Домог IZ-д бага байдаг юм байна. Ер нь хэр сайн хань, аав байж чаддаг вэ?

-Би цаг гаргадаггүй юм шиг хэрнээ гэр бүлийнхэнтэйгээ байхдаа цагийг 100 хувь өнгөрүүлж чаддаг. Сайн аав, мундаг хань гэж өөрийгөө боддог.

ТӨСӨВ НЬ ХҮРДЭГГҮЙ ТУЛ МОНГОЛЫН КОМПАНИУДЫН МАРКЕТИНГИЙГ МАНАЙХ ХАРИУЦДАГГҮЙ

-Meborny компаниа 2014 онд үүсгэн байгуулсан юм билээ. Нэр нь ямар утгатай вэ?

-Би 16 настайдаа анхны компани болох “Ноён IZ”-гаа аавынхаа нэр дээр байгуулсан юм. “Ноён IZ” гэдэг нэр өмнөх бизнест тохирч байсан. Одоогийнх дээр тохирохгүй. Тиймээс 2014 онд шинэ компаниа байгуулахдаа нэрийг нь “Meborny” гэж нэрлэсэн юм.

“Би уйдаад байна” гэсэн утгатай. Энэ салбарт намайг барах хүн алга, тиймээс би уйдаад байна гэсэн утгатай нэр. Өнөөдөр манай компани Монголын сошиал медиа, интернет маркетинг дээр чансаагаараа №1 байгаа. Зүүн Азидаа яригдах хэмжээнд хүрсэн.

-Монгол компани, байгууллагуудтай хамтардаг уу?

-Монгол компаниудад зөвлөгөө өгдөг. Түүнээс биш маркетингийн ажлууд дээр нь хэзээ ч ордоггүй. Учир нь Монголын компаниудын төсөв нь хүрдэггүй юм. Манайх гадаадын компаниудын маркетинг дээр ажилладаг. Мөн Монголын анхны платформ сургалтыг бий болгоод байгаа. Одоо 7000 гаруй харилцагчтай. Хэрэглэгчдийн маань сэтгэл ханамж 85 хувь байдаг. 100 хувь болгох боломжгүй юм байна лээ.

-Танайх маркетингийг нь хийдэг гадаадын томоохон ямар, ямар компани байна вэ?

-Ихэнх нь жижиг компаниуд. Том нь гэвэл “LG mobile”, “Nokia” компани байна. Сүүлд би “Daimler” группийн эзэмшилд байдаг “Mercedes benz”-ийн нэрэмжит “Petronas F one” багийн Льюис Хэмилтон нисгэгчийн дижитал маркетингийн багт ажиллалаа.

Би одоо нэрийн койноо гаргах гэж байгаа. Тиймээс компанийн нэр миний байж болохгүй. Тиймээс “Petronas F one”-аас гарах өргөдлөө өнгөрсөн долоо хоногт өгчихөөд сууж байна.

АЛДАРТ НИСГЭГЧ ЛЬЮИС ХЭМИЛТОНЫ МАРКЕТИНГИЙН БАГТ НЭГ ЖИЛ АЖИЛЛАСАН

-Монгол хүн Льюис Хэмилтоны дижитал маркетингийг хариуцсан гэхээр бахархмаар. Та хэр удаан ажилласан билээ?

-Яг бүтэл жил, нэг сар ажилласан. Тэнд ажиллахыг гурван жил хүсэж, бүх шатных нь шалтгалт, шалгуурт нь тэнцээд орсон юм.

-Багт нь ажиллах үеэр Хэмилтонтой уулзах боломж гарсан уу?

-Би гадаад руу яваагүй удаж байна. Ерөнхийдөө ажлаа Монголоосоо, онлайнаар хийсэн. Монголын цагаар 22.00 цагт хурал эхэлнэ. Зарим хуралд Хэмилтон сууж, бидэнд талархаж буйгаа илэрхийлдэг байсан. Ерөнхийдөө бүтэн жилийн хугацаанд фэйсбүүк, твиттертээ оруулсан постуудын 7-8 хувь нь миний санаанууд. Багийн системээр ажилласан тул би бүгдийг нь хийчихсэн юм шиг өөрийгөө дөвийлгөж болохгүй.

100 ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ДААХЫН ТУЛД САНДАА ТАВАН ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ

-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. “Meborny” сангаа байгуулах санаа танд хэрхэн төрсөн бэ?

-Би 15 настайдаа буюу 2016 онд АНУ-д сурахаар очсон юм. Америкт очсон гоё мэдрэмж надад төрөөгүй, сэтгэл хөдлөөгүй. Сарын хугацаанд амьдарлаа. Тэнд очихын тулд тодорхой төлбөр, онгоцны зардал гаргаад очсон. Аав, ээж хоёр минь цалингийн зээл аваад намайг явуулсан юм.

Нэг сургуульд тэнцсэн ч санхүүгийн боломжгүйн улмаас сурч чадаагүй. Жилийн төлбөр, амьдрах зардал нь 14.000 ам.доллар байсан. Их мөнгө байлгүй яах вэ. Станцад ажилладаг аав, ээждээ хүнд ачаа үүрүүлэхийг хүсээгүй. Санхүүгийн боломжгүйн улмаас хүссэн сургуульдаа сурч, боловсрол эзэмших боломжгүй байгаа оюутнуудад туслая, миний туулсныг битгий туулаасай гэсэндээ “Meborny” сангаа байгуулсан юм.

-Сангаараа дамжуулан дэлхийн шилдэг их, дээд сургуулийн эхний 100-д багтаж тэнцсэн 100 оюутны сургалтын төлбөрийг даахаар төлөвлөсөн гэж дуулсан. Хэвээрээ юү?

-Хэвээрээ байлгүй яах вэ. Манай өмнөх экс захирал энэ төсөлд оруулахаа мэдэгдсэн. Энэ төслийг хэрэгжүүлж, 100 оюутны сургалтын төлбөрийг даахын тулд “Meborny” сандаа тав гаруй тэрбум төгрөг төвлөрүүлнэ.

Коронавирус намжингуут гадаад руу явж, экс захиралтай уулзана. Түүнийг Монголдоо авчирна. Энэ уг нь том төсөл. Даанч хүмүүс тоохгүй байна. Улс өгч чадахгүй байгаа тэтгэлгийг манайх өгөх гэж байгаа шүү дээ, уг нь. Сургуулиа төгсөж ирээд манайд ажилд орвол 100 хувь нээлттэй. Заавал манайд ажиллах шаардлага тавихгүй. Хаана ажиллах нь тухайн оюутны эрх.

Надад дахиад нэг төлөвлөсөн зүйл бий. Монгол Улсад хүүхдийн хавдрын эмнэлэг байдаггүй юм билээ. Тиймээс хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулж, улсад хүлээлгэж өгнө.

ИРЭЭДҮЙД УЛС ТӨРД ОРНО

-Ингэж ярихаар, хийхээр таныг улс төрд орох, сонгуульд өрсөлдөх нь гэж зарим хүн хардаж, таамаглаж магадгүй. Та улс төрд орох уу?

Би улс төрд гарах гэсэндээ ингээд байгаа юм биш. Зүгээр л байгаа юмаа бусадтай, монголчуудтайгаа хуваалцахыг хүсэж байна.

Улс төрд орох төлөвлөгөө, бодол надад байхгүй. Хэрвээ тэгвэл бизнесээ хийж чадахгүйд хүрнэ. Улс төрд улстөрчид нь л байх хэрэгтэй.

Зарим хүн бизнесээ хамгаалах, эрх мэдэл, нөлөөгөө улам томруулахын тулд улс төрд ороод байх шиг. Надад тэгэх шаардлага байхгүй. Миний санхүү бусдаас хамааралгүй. Ирээдүйд улс төрд үзнэ. Ядаж 30 нас хүрээд ч юм уу. Иргэдийн төлөөлөгч болж, ядаж СӨХ-ны дарга хийж үзчихээд улс төрд орох хэрэгтэй байх.

-Ер нь мөнгө таны хувьд юу вэ?

-Зүгээр л арилжааны хэрэгсэл. Мөнгөтэй хүн хүчтэй байдаг. Хүчтэй байхын тулд мөнгөтэй байх хэрэгтэй.

БИ ГЭР БҮЛ, МЭДЛЭГ ЧАДВАРААРАА БАЯН ХҮН

-Хурааж, хуримтлуулсан хөрөнгө төдийгүй сэтгэл хангалуун амьдрал талаасаа та хэр баян хүн бэ?

-Баян гэдэг ойлголтыг юугаар хэмжихээс шалтгаална. Хэр их мөнгө баян гэж санагдуулах вэ. Хүн бүхний баяны хэмжүүр ондоо. Миний баяны хэмжүүр гэр бүл, мэдлэг чадвар, хийж, бүтээж буй зүйлс маань. Мөнгөтэй байлаа гээд баян, аз жаргалтай болохгүй. Надад мөнгөний сонирхол байхгүй.

Би өөрийгөө баян гэж боддог. Хөрөнгө, мөнгөөрөө бус аз жаргалтай гэр бүл, сэтгэл хангалуун амьдрал, амбицаараа. Эхнэр минь одоо долоон сартай жирэмсэн. Хоёр дахь хүүхдээ өлгийдөж авах гээд сэтгэл догдлон хүлээж сууна.

Надаас баян хүн Монголоор дүүрэн бий. Олон хүүхэдтэй, өнөр хүнийг би баян гэж боддог. Жинхэнэ хөрөнгө, баялаг бол үр хүүхэд. 

-Хүмүүсийн хамгийн сонирхдог зүйлсийн нэг нь таны хөрөнгө. Танаас энэ талаар хэр их асуудаг вэ?

-Хүмүүс энэ талаар сонирхдог, асуухыг хүсдэг байх. Нууц хэвээрээ үлдэг. Хэлчихвэл би сонирхолгүй болчихно.

БИ 1.5 ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ 5-6 МАШИНТАЙ

“Домог IZ” хэрэглэсэн бүх гар утсаа оффис дээрээ хадгалдаг

-Та хэдэн машинтай билээ?

-Одоо тав, зургаан машинтай байна уу. Нийт үнэлгээ нь 1.5 тэрбум хавьцаа л байгаа байх. Унаж буй машин, амьдарч байгаа байшин, орон сууц нийт хөрөнгийн маань 3-5 хувьтай тэнцэхэд хангалттай гэж би боддог. Тэгэхээр багцаа нь бараг гарчих байх. Би мөнгөгүй байж ч болно. Нууц. Би хэнээс ч гуйхгүй, айхгүй, дутахгүй.

-Өөртөө их итгэлтэй юм байна. Томоор сэтгэх амбицаа, шинэ санаа, шийдлээ хэрхэн олдог вэ?

-Би энд суугаа ч бодол санаа минь дэлхий дээр байдаг. 3-4 жилийн дараа хэрэгжих технологийн дэвшил, хөгжлийг түрүүлж хардаг. Тэгж байж зах зээлдээ том тоглогч байна. Яагаад том амбицтай байдаг вэ гэвэл, би өөрийгөө их голдог. Үеийнхнийгээ, ах, эгч нараа харахаар яг үнэндээ суга. Илүүг хийнэ, чадна гэдэгтээ итгэлтэй байдаг болохоор том амбицтай байдаг. Надад бизнесийн хар түүх байхгүй. Бүгд нээлттэй, цэвэр.

МОНГОЛЫН БҮХ ТОМ ГРУПП ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛАА БОЛГОХ САНАЛ НАДАД ТАВЬДАГ

-“Домог IZ” тэрбумтан нь үнэн үү. Том яриад л явдаг. Чадах уу” гэж зарим хүн таныг дутуу үнэлээд байх шиг надад санагддаг. Тийм хандлага танд анзаарагддаг уу?

-Би ажлын шаардлагаар Монголын бүхий л нөлөө бүхий хүмүүстэй уулздаг. Бүгд “Хамгийн мундаг, үеийнхнийхээ хамгийн аймар нь юм байна” гэж магтдаг, зарим нь надаас айдаг. Дутуу үнэлүүлсэн тохиолдол надад байхгүй. Би мэдэхгүй байна, санахгүй байна.

Монголын бүх том группүүд Гүйцэтгэх захирлаа болгох санал надад тавьдаг. Би зөвшөөрдөггүй юм. Тэгэхээр энэ нэлээд олон юмыг хэлчих байх.

-Та өөрийнхөө юугаар хамгийн их бахархдаг вэ?

-Ёс зүйгээрээ бахархдаг.

-Ёс зүй, мөнгө, гэр бүл, эрх мэдлийн аль хамгийн чухал вэ?

-Гэр бүл, ёс зүй хамгийн чухал. Ёс зүйтэй байдаг маань намайг өнөөдөр сэтгэл хангалуун, аз жаргалтай байлгадаг.

МАНАЙ КОЙНЫГ ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ, ТӨЛБӨРИЙН СИСТЕМД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

-Монголд хүн бүхэн шахам койн гаргаж байна. Удахгүй нэрийн койноо та гаргах гэж байгаа. Койн гаргах хэмжээний хангалттай туршлага танд бий юү?

-Би Монголын анхдагчдын нэг нь. Биткойн аваад, зардаг, койн ярьдаг байсан анхны хүмүүсийн нэг нь, би. Энэ сэдвийг анх гаргаж ирсэн. Өөр мундаг хүмүүс гараад ирэхээр нь би ярихаа больчихсон. Тэгээд мартагдчихсан юм шиг байгаа юм.

Койн бол өөрсдийн блокчэйн дээр үүсгэсэн юмыг ярина. Манайх бусдын блокчэйн дээр үүсгэсэн token байхгүй юу. Аймар мундаг төслүүд гараад байхаар нь би анхандаа сонирхоогүй. За, манай залуус мундаг байна гээд хоёр, гурван сар харлаа. Гэтэл нөгөө хүмүүс чинь байдаггүй.

Одоо криптовальютын салбар унаж байна. Энэ салбарыг аврах, манлайлахын тулд би орж ирлээ. Тэгээд энэ төслөө эхлүүлэн, нэрийн койноо гаргахаар ажиллаж байна. Манайх энэ салбарын мэргэжлийн компани, бэлтгэгдсэн хамт олонтой. Өмнө нь юмнуудаа хийж байсан. Манайх нэг л толгойтой, тэр нь би. Хариуцлагаа хар толгойгоороо би үүрнэ. Койн маань цаашид үндэсний олон нийтийн сүлжээ, төлбөрийн системд ашиглагдаад явна. Манай гурван платформын үйлчилгээг өөрсдийн койноороо зах зээлд нийлүүлнэ.

ТӨСЛӨӨРӨӨ ДАМЖУУЛАН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛНА

-Энэ төслөөрөө дамжуулан үндэсний олон нийтийн сүлжээ байгуулна гэсэн. Хэрхэн хийхээр төлөвлөв?

-Үүнийг би хийх гээд 10 жил чадаагүй ажил л даа. Үндэсний олон нийтийн сүлжээ, нэгдсэн төлбөрийн системийг бий болгоно. Өмнө нь яагаад болоогүй вэ гэвэл, гурван ч удаа хэрэгжүүлэх гэж оролдсон. Тухайн үед маш амжилттай байсан ч ачааллаа дийлэхгүй хаагдаад байв. Одоо койны төслөөрөө дамжуулан хүмүүст танилцуулаад, хэрвээ надад итгэж, хөрөнгө оруулвал түүгээр нь үндэсний хэмжээний олон нийтийн сүлжээ үүсгэнэ. Үүнийг хийх хүсэл, тэмүүлэл надад үнэхээр их байна.

Би өдөрт нэг хадаас үйлдвэрлэдэг байлаа гэж бодъё. Тэрийг хийж чаддагаа би мэднэ. 10 хадаас хийдэг болъё гэвэл надад хүн хүч, тоног төхөөрөмж хэрэгтэй. Хүмүүсээс тэр хөрөнгө оруулалтын тодорхой хувийг босгоод, 10 хадаас хийдэг болчихъё, ашгийнхаа тодорхой хувийг ноогдол ашиг хэлбэрээр хүмүүст өгчихье гэж байгаа юм. Мэдээллийн аюулгүй байдлаа хангасан, үндэстэн дамнасан сүлжээтэй болчихвол хэчнээн сайхан бэ.

ДАТА ЦЕНТРЭЭ ДАРХАНД БАЙГУУЛНА

-Дата центрээ Дархан-Уулд байгуулахаар төлөвлөсөн гэж дуулсан. Үнэн үү?

-Үнээн. Дархан хот хамгийн сайн сонголт болчихоод байгаа. Нэгдүгээрт, газар хөдлөлтийн аюул бага. Хоёрдугаарт, Дархан хот дэд бүтцийнхээ 35-хан хувийг ашигладаг. Монголын интернет сүлжээний гол цөм нь Дарханаар дайрдаг юм билээ. Тэнд IT-гийн бүх шилдэг залуусыг цуглуулан, дата центр байгуулж, үндэсний олон нийтийн сүлжээгээ тавина. Үүний хөрөнгө оруулагч нь ард түмэн. Тэндээс ноогдол ашиг өгдөг байя, гадаадаас мөнгө татъя. Тийм л зорилготой.

Монголчууд фэйсбүүк, твиттер хэрэглээд дадчихсан, амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон. Ийм сүлжээ байгуулах шаардлага бий эсэхэд зарим хүн эргэлзэж байгаа учраас байхгүй байгаа юм. Ийм том төсөл хэрэгжүүлж, томоохон хөрөнгө оруулалт хийх хүн, байгууллага байхгүй учраас бид олон нийтийн сүлжээгүй байгаа юм.

Үндэсний олон нийтийн сүлжээний төлбөрийн системийн зорилго нь юу вэ гэвэл, нэг хүн нэг л хаягтай байна. Хуурамч хаяг, тролл байх боломжгүй болгоно. Өнөөдөр бид фэйсбүүк дээр хуурамч мэдээллийг хянаж чадахгүй байгаа. “Тэр дуучин тэгжээ” гээд худал мэдээлэл тарахад нийтээрээ үнэн гээд итгэчихдэг. Хуурамч, худал мэдээллийн аюулгүй байдлыг хангах чухал байгаа. Үндэстэн бүхэнд олон нийтийн сүлжээ бий.

-Одоо байгаа хуурамч хаягнууд гэх мэт асуудлыг яаж цэгцлэх вэ. Хууль, эрх зүйн талаасаа хэрхэн хяналт тавьж, зохицуулах вэ?

-Иргэд “E Mongolia” системээр бүртгүүлнэ. Нэг хүн нэг л хаягтай, нэг албан байгууллага нэг л цахим хуудастай байна. Бүх юм цорын ганц. Бид эхний жилдээ 100 хүн ажиллуулна. Аймар том хариуцлага. Төрийн хараа хяналт орох эрсдэлээс бид хамгаална. Тэгэх үндсэн давуу тал нь блокчэйн.

Иргэд дэлгүүрээс юм аваад банкнуудын аппликэйшнээр тооцоогоо хийдэг. Ирээдүйд зөвхөн манайхыг ашигладаг болно гэсэн том амбиц бидэнд бий.

-Та бүхний байгуулсан олон нийтийн сүлжээнээс иргэдийн хувийн мэдээлэл алдагдахгүй байх баталгаа бий юү?

-Энэ хорвоо дэлхий дээр төгс систем гэж байхгүй. Фэйсбүүк хүртэл нууцлалаа алдчихлаа. Монголбанк хакердуулаад, зээлийн мэдээллийн сангаа алдчих шиг боллоо. Бид иргэдийн мэдээллийг блокчэйн системээр хадгалж, хамгаалах зорилготой. Дахиад хэлэхэд төгс систем гэж байхгүй. Бид төгс байлгахын төлөө бүх талын арга хэмжээг авна, сайн хичээнэ.

Бидэнд нэг сонин арга бий. Хэрэглэгчдийн тал мэдээллийг л сервер дээрээ хадгална. Задарсан, алдагдсан тохиолдолд хэнд ч хэрэггүй, ашиглах боломжгүй мэдээлэл гэсэн үг. Дансны дугаар, утасны дугаарын тал нь байхгүй бол хүн ашиглаж чадахгүй. Яг үүнтэй адил. Бусад орнууд ямар арга хэрэглэж байна вэ гэвэл, хэрэглэгчдийн мэдээллийг цаасан хэлбэрээр хадгалж, архивлаж байна. Тэр арга, туршлагыг ашиглана.

ОДОО АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ЯЛАХААС ӨӨР СОНГОЛТ НАДАД БАЙХГҮЙ

-Энэ талаар харьяа яам, байгууллагуудтай уулзаж, зөвлөлдсөн үү?

-Санамж бичиг байгуулсан. Яамдаас ирдэг хариулт нь “Бид дэмжинэ. Гэхдээ санхүүгээр дэмжих боломжгүй” гэдэг. Улс, харьяа яам дэмжих нь тодорхой, бид санхүүгээ гаргая. Энэ төсөл амжилттай болох нь ойлгомжтой. Өөртөө итгэлтэй байна. “Ялна эсвэл сурна” гэж би өөртөө хэлэх дуртай. Одоо ялахаас өөр сонголт надад байхгүй. Би өнөөдөр үхсэн ч энэ төсөл үргэлжилнэ.  Хангалттай хүний нөөц манайд бий.

Би нээрэн төсөл эхлүүлэхдээ гэрээслэл бичдэг. “Намайг үхэхэд энэ бизнес гурван жил үргэлжилнэ” гэсэн утгатай гэрээслэл бичин, төсвийг нь гаргадаг. Зэвүүн гэрээ хийсэн байгаа биз.

БИ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛДӨӨ ГЭРЭЭСЛЭЛ БИЧДЭГ

-Энэ төсөлдөө ч мөн гэрээслэл бичсэн үү?

 -Тэгсэн. Хамгийн удаандаа тав, хурдандаа гурван жилийн хугацаанд үндэстэн дамнасан сүлжээ байгуулна, нутагшуулна. Яаж ч бодсон мөнгөөр “зодно” шүү дээ. Энд нэг давуу тал бий. Үүнийг “Ноён IZ”-гийн, Ирээдүйгийн төсөл гэж хэн ч харахгүй. Үндэсний хэмжээний төсөл.

Хүүгийнхээ нэрээр Нэгүн гэж нэрлэсэн. Анхдагч, тэргүүлэгч нь, ар, өвөр монголчуудыг нэгтгэгч нь байгаасай гэж бодсондоо ингэж нэрлэсэн юм. Ирээдүйд хувьцаат компани болгон өргөжүүлж, бүгдийг нь базах амбицтай байна. Чадах хүн нь би л юм билээ, манайх л юм билээ, угаасаа. Энэ угаасаа амжилттай болно, асуудал байхгүй. Хэдэн жилийн дараа “Чадчихлаа” гээд чамд дахиад ярилцлага өгөөд сууна аа (инээв).

-Иргэд койн авах гээд олноор шуурч байна. Хадгаламж зээлийн хоршооны гашуун түүх давтагдах эрсдэл бий. Энэ зах зээлийн ирээдүй, эрсдэлийг та хэрхэн харж байна вэ?

-Мэдээж тийм эрсдэл бий. Иргэдийг хохироох, эрсдэлд оруулах төслүүд байна уу гэвэл байгаа. Үүнээс би айж байна. Манай төсөл ядаж юмаа хийх юм даа. Манай койныг авсан хүнд эрсдэл байхгүйг нүүр бардам хэлнэ. Энэ салбарын нэг том тоглогч уначихад эрсдэлд үүснэ. Битгий тэгээсэй, тийм юм битгий болоосой гэж бодож байна.

Би өөрийн төсөлдөө санаа зовохгүй байна. Бусад төсөлд л санаа зовж сууна. Манайхаас койн авсан хүн ядаж хохирохгүй юм даа. Одоогоор (энэ сарын 17) 20.000 гаруй хүн долоон тэрбум гаруй төгрөгийн урьдчилсан цэнэглэлт хийгээд байна. Жинхэнэ утгаараа ард түмний койн болох гээд байна. Бид койноо худалдаанд арванхоёрдугаар сарын 1-нд гаргана.

Түүний хайртай тоглоомнууд

Зарим хүн намайг хувь дансандаа авлаа гэж шүүмжилж байна. Би өөрөө хариуцлагыг үүрч, буух эзэнтэй, буцах хаягтай байгаагийн л илрэл шүү дээ. Асуудал үүслээ гэхэд над дээр л бууна. Төсөлдөө итгэлтэй байгаа болохоор иргэдийн мөнгийг өөрийнхөө хувийн дансанд цуглуулж байгаа юм.

Олон жил хүсэж, төлөвлөж байгаад хэрэгжүүлж буй төсөл маань миний нэрийн койн, үндэсний олон нийтийн сүлжээ. Ажлын мөрөөдөл ийм байна.

Хувь хүний мөрөөдөл гэвэл эрүүл баймаар байна. Тоглоом ч үгүй би жин ихтэй байна, турах шаардлага нэн тэргүүнд бий боллоо.

Би өдөрт 3-4-хэн цаг унтдаг, бусад үед нь ажилладаг. Оффист ажиллан, ийм олон цагаар хийхээр яалт ч үгүй жин нэмэгдддэг юм билээ.  Тиймээс жингээ хасан, эрүүл амьдрахыг хүсэж  байна.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэн
Эрдэн
2021-11-22 08:16

Хөдөлмөр хүнийг бүтээдэг
Амжилт хүсье

Эрдээнийнхүү
Эрдээнийнхүү
2021-11-22 08:17

Хөдөлмөр хүнийг бүтээдэг
Амжилт хүсье

ГОЁ
ГОЁ
2021-11-22 10:13

Мундаг юмаа. Хүүхдээ яг ийм хүн болгож хүмүүжүүлнээ

Зочин
Зочин
2021-11-22 11:38

26тй юм байна шдээ. Эрүүл мэндээ бараг мөнгөөр солих шахаж яваан байна даа.

Zolboo
Zolboo
2021-11-22 12:56

Mwborny surgalt gej hudlaa luivriin surgalt. Luivarchin hog

ҮНЭН
ҮНЭН
2021-11-23 02:16

ИЙ ХУДАЛ БАЙХААДАА. МӨНГӨТЭЙ БАЙЖ БОЛНОО

Зочин
Зочин
2021-11-23 21:02

18 nasandaa 500 say tg tei tegsenee USA yawhad mongo bhgui naasan setgelgeenii huwid togtworgui holion bantan bodoltoi

Зочин
Зочин
2021-11-24 16:14

15 nasansaa yawsan gej bgaa

Зочин
Зочин
2021-11-24 21:32

Zarim yaria ni log###in huwid aldaatai bgaz enel tarhi ugaalt hvmvvsd orowdvvleh tactic bhgvi yu

Зочин
Зочин
2021-11-24 23:24

ярилцлага нь гэж эхнээсээ дууст�##� өөрийгөө хуга рекламдсан. энэ эргүү дагзаар гүйцэтгэх захир�##� хийлгэх газар гэж юу байхав дээ. мөрөөдцөн �####�.

Mr M
Mr M
2021-11-25 01:17

Shorondoo suuna uu

Зочин
Зочин
2021-11-25 09:22

Jigteihen ongiroo bolovsroogui huurhiiduu boloogui bnoo yadjihad sejgiin buduun yum bedee

Margad
Margad
2021-11-25 13:18

yooy yamar cringe yumbe guitsed unshij chadahguinee

Зочин
Зочин
2021-11-25 21:15

Меборни гэж хулхидуулсан даа

Зочин
Зочин
2021-11-25 21:31

Чи хичнээн мөнгөтэй чинь хамаагүй. Зүгээр л нэг муу гэдэс дүүрэн сэвстэй амьдр�##�ынсайхныг мэдэрч чадахгүй хялаагаад унахаар байна. Наад гүзээгээ

Chmd hamague
Chmd hamague
2021-11-26 20:53

Yeo zlache hahahha uls turd orno gj shaahin uneher medreliin uvcteim bshude

Зочин
Зочин
2021-11-27 00:38

Amjil hvsii

Зочин
Зочин
2021-11-29 23:14

за даа, боловсролтой л болох хэрэгтэй з�##�уу байна даа!!! Холион бантан хутгахаар л нөхөр байна гэж дүгнэлээ

Домог
Домог
2021-11-30 09:36

Нохойн бааааас

erka
erka
2021-12-19 18:47

dunguj 25-han nastai bj 90 sayin Gansuhes ilu hudla shaj bnaa chamar delhin firm marketinge hilgele yu yag yamar shalgurara ta yariad bga kompanida orsin yum be yamar yamar shalgur bdgig neg shan halach hamaa yamar shashan guzetei batsan be

Холбоотой мэдээ

Back to top button