Нийгмийн

ХУУЛЬ: Ажилтныг ажилд авахдаа жирэмсэн эсэхийг нь асуухыг хориглоно

Өмнөх Парламентын үед буюу 2018 оны гуравдугаар сард анх УИХ-д өргөн мэдүүлснээс хойш гурван жилийн хугацаанд хэлэлцэж, баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Уг хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.

-АЖИЛТНЫГ АЖИЛД АВАХДАА ЖИРЭМСЭН ЭСЭХИЙГ ТОДРУУЛАХЫГ ХОРИГЛОНО-

6.1.Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно. 

6.4. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх, ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад ажил олгогч нь ажил үүрэгтэй нь холбогдолгүй аливаа асуулт асуух, мэдээлэл цуглуулах, хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн болон сэтгэцийн эмгэг, хүний дархлал хомсдолын вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгүүлэх, жирэмсэн эсэхийг тодруулахыг хориглоно.

-АЖЛЫН БАЙРНААС БУСАД ГАЗАР Ч БЭЛГИЙН ДАРАМТ УЧРУУЛАХЫГ ХОРИГЛОНО-

7.2.Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үгээр, биеэр, цахимаар болон бусад хэлбэрээр илэрхийлэх, бэлгийн харилцаанд орох эсэхээс шалтгаалж ажил, албан тушаал, цалин хөлс зэрэг эдийн засгийн болон бусад байдлаар урамшуулах, эсхүл хохироохоор айлган сүрдүүлэх, тулган шаардах, болзол тавих /quid pro quo/ байдлаар бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно.

7.7.Энэ зүйлд заасан “ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа” гэдэгт ажил үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах, ажилдаа ирэх очих, ээлж солилцох, ажил хүлээлцэх, сургалтад хамрагдах болон ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ зэрэг хамаарна.

-ЗЭРЭГЦСЭН ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, АЖЛЫН БУС ЦАГААР АЖИЛЛАЖ БОЛНО-

57.1.Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй.

-АЖИЛ ОЛГОГОЧ АЖИЛТНААС БЭЛЭГ, ҮНЭ БҮХИЙ ЗҮЙЛ АВАХЫГ ХОРИГЛОНО-

Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч барьцаалахыг хориглоно.

-АЖЛЫН БАЙРАНД КАМЕР БАЙРШУУЛАХ БОЛ АЖИЛТАНД МЭДЭГДЭНЭ-

Зайлшгүй шаардлагаар ажлын байранд хяналтын тоног төхөөрөмж ажиллуулах бол энэ тухай ажилтанд урьдчилан мэдэгдэх, ашиглах журмыг тогтоон мөрдүүлэх;

-АЖИЛТАН АЖИЛ ОЛГОГЧТОЙ ЗАЙНААС ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, АЖИЛЛАЖ БОЛНО-

Ажил олгогч нь хүнийг оршин суугаа газартаа ажил үүргээ байнга гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулж болно.

-АЖИЛТНЫГ ХҮҮХДЭЭ ХӨХҮҮЛЭХ ӨРӨӨГӨӨР БОЛОМЖООРОО ХАНГАНА-

Ажил олгогч ажилтныг хүүхдээ хөхүүлэх өрөөгөөр хангах арга хэмжээг өөрийн боломжоор авна.

-ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙГ АСАРДАГ ХҮН ГЭРЭЭСЭЭ АЖИЛЛАЖ БОЛНО-

ХБИ-ийг асардаг хүнийг гэрээсээ буюу зайнаас ажиллах боломжоор хангана.

-АЖИЛТНЫГ ХААЛТТАЙ, НЭЭЛТТЭЙ САНУУЛЖ, ДАРАА НЬ АЖЛААС ХАЛНА-

Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, бусад дотоод хэм хэмжээг зөрчсөн ажилтанд доор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг 3 үе шаттайгаар ногдуулна.

1-рт, хаалттай сануулах
2-рт, нээлттэй сануулах
3-рт, Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тусгажээ.

-25-ААС ДЭЭШ АЖИЛТАНТАЙ БОЛ ДӨРВӨН ХУВЬТАЙ ТЭНЦЭХ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ ЁСТОЙ-

Одоогийн хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай ажил олгогч нийт ажилчдын 4 хувьтай тэнцэх тооны хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах үүрэг хүлээдэг боловч хэрэгжилт хангалтгүй байдаг. Харин шинэ хуулиар дээрх заалтыг хэрэгжүүлээгүй ажил олгогч Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэд санд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төлбөр төлөх болно. Дэд санд төвлөрсөн хөрөнгийг ХБИ-ийг ажлын байраар хангах боломжийг нэмэгдүүлэхэд зарцуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button