Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Цаас, цахим хоёрын дунд гацсан ЛИСТ

Иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг бол өвчтэй байсан өдрүүддээ лист /Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж/ бичүүлж цөөн өдрийн ч хамаагүй цалингийнхаа хувийг тооцуулж тэтгэмж авдаг. Гэтэл зарим иргэд лист авах гэж хөөцөлдсөн ч авч чадахгүй байгаагаа цахим орчинд бичиж, бухимдлаа илэрхийлэх нь нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан бид яг ямар учраас иргэд листээ авч чадахгүй ийн бухимдаж байгаа асуудлыг хөндөн сурвалжиллаа.

Сурвалжилгаа эхлүүлэхийн өмнө та бүхэнд ямар иргэн лист бичүүлж "Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах эрхтэйг танилцуулъя.


Таны эрүүл мэндийн байдал хэвийн бус, ажил хөдөлмөр эрхлэхэд зовуурьтай ямарваа нэг өвчний оношоор эмчлүүлэх шаардлага тулгарсан бол үзлэг оношийг тодорхойлсон эмчээрээ лист бичүүлж, өвчтэй байсан өдрүүддээ цалингаасаа хувь тооцуулж Нийгмийн даатгалын газраас тэмгэмж авах боломжтой. Харин листийг улсын болон хувийн ортой эмнэлгүүд бичих эрхтэй ч амралт сувилалууд бичих эрхгүй аж.

Тэрхүү листийг эмчид үзүүлсэн хэн бүхэн авах боломжгүй. Нэгдүгээрт, хөдөлмөр эрхэлж сүүлийн гурван сар эрүүл мэндийн даатгалыг төлсөн байх шаардлагатай. Хоёрдугаарт, эмчийн үзлэгийн дүгнэлт дээр үндэслэн бичигддэг аж.


Дээрх танилцуулсан мэдээллийн дагуу өвдөж, эмчийн хяналтад орсон бол хуулиараа тэтгэмж авах эрх үүсэх атал иргэд листээ авч чадахгүй байна хэмээн бухимдаж буй иргэн хичнээн байдгийг редакцын зүгээс санал асуулга явуулж судлахад судалгаанд оролцогсдын 40 хувь нь "Лист авдаг талаар мэдэхгүй” гэсэн бол 30 хувь нь "Лист хөөцөлдсөн ч авч чадаагүй” гэсэн байлаа. Бидний судалгаанд оролцсон хоёр иргэнээс "Яагаад листээ хөөцөлдсөн ч авч чадаагүй вэ” хэмээх асуудлыг хөндөн тодруулахад,

ОНОШЛОГДСОН Л БОЛ ЛИСТЭЭ АВДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

УЛСЫН ЭМНЭЛЭГТ 14 ХОНОГ ЭМЧЛҮҮЛСЭН Б.НАМУУН: ЭМЧ СЭТГЭЛ ГАРГААГҮЙ УЧРААС ЛИСТЭЭ ДУТУУ АВСАН

"Би хагалгаанд орж, 14 хоног эмнэлгээр явсан. Энэ хугацаанд 14 хоногийн лист бичүүлж, цалингийнхаа 50 хувийг нийгмийн даатгалын газраас авах ёстой байсан ч долоо хоногийн листний мөнгө авсан. Эмч маань намайг "Лист бичүүлье” гэж хэлсэн өдрөөс л бичсэн учраас тэр. Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг эмчийн хармаанаас бус нийгмийн даатгалд өөрийнхөө төлж, төвлөрүүлсэн мөнгөнөөс авах атал хойрго хандсан эмчийн сэтгэл гаргаагүйгээс болсон санагддаг. Тухайн үед өвчиндөө түүртсэн байсан учраас оношоо тодорхойлуулсан өдрөө лист бичүүлэх талаар бодох сөхөөгүй байсан. Гэхдээ эмч маань олон хүнтэй харьцаж байгаа учраас санаагүй байж мэднэ. Тиймээс эмч л бичиж өгөх ёстой шүү гээд түүнд найдахгүйгээр оношлуулж бүртгэл үүссэн л бол листийг олгодог байх зохицуулалтыг төр хийх хэрэгтэй” гэлээ.

УЛСЫН ЭМНЭЛГЭЭС ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ШИЛЖИЖ ЭМЧЛҮҮЛСЭН А.ЦОГ: ЦАХИМД ШИЛЖЭЭГҮЙ УЧРААС ЛИСТЭЭ АВЧ ЧАДААГҮЙ

Улсын эмнэлэгт 14 хоног эмчлүүлсэн иргэн дээрх мэдээллийг өгч байсан бол улсын эмнэлэгт долоо хоног эмчлүүлээд, үргэлжлүүлэн долоо хоног хувийн эмнэлэгт хэвтсэн БЗД-ийн иргэн А.Цогоос мэдээлэл авахад,

"Би хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол лист бичүүлдэг талаар мэднэ. Саяхан улсын эмнэлэгт хатгаа авсан учраас хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэдэг онош авсан өдрөөсөө лист бичүүлсэн” тухайгаа бидэнд хэлж байлаа. Дараагаар нь тэрбээр улсын эмнэлгээсээ гарч хувийн эмнэлэг рүү шилжин хэвтсэн байна. Ингэхдээ ч мөн лист бичүүлсэн бөгөөд эхний эмч нь аравдугаар сарын 04-11-ний хооронд лист бичсэн бол хувийн эмнэлгийн эмч аравдугаар сарын 11-18-ны хооронд лист бичсэн гэв. Харин эмнэлгээс гараад листээ хөөцөлдөж Нийгмийн даатгалын газарт очиход хүчингүйд тооцсон гэжээ. Учир нь лист бичүүлсэн өдөр нь давхцаж, алдаа гарсан аж. А.Цог энэ үед эмч нар давхардуулж бичсэнээс болж листээ авч чадаагүй. Мэдээж санаатай давхцуулаагүй байх. Энэ мэт асуудал цахимаар шивэгдчихдэг, дараагийн эмчид миний бичүүлсэн өмнөх листний мэдээлэл харагддаг байсан бол би тэтгэмжээ авах байсан” хэмээн хэлж байсан юм.

Улсын эмнэлэгт хэвтэж байсан болон улсын эмнэлгээс хувийн эмнэлэгт шилжин хэвтэж эмчлүүлсэн хоёр иргэний лист авч чадаагүй шалтгаан, бодит жишээг уншигч танд хүргэлээ. Тэгвэл "Листээ авч чадахгүй байгаа асуудал нь эмчээс болдог уу” гэх асуултыг дэвшүүлэн Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны "Энэр-Ази” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Энхээгээс тодруулснаа уншигч танд хүргэж байна.

ИРГЭД МЭДЛЭГ МУУТАЙГААСАА БОЛЖ АЛДДАГ

Түүний хэлж байгаагаар жилийн жилд листний асуудал маш их маргаан дагуулдаг гэнэ. Тус эмнэлэг "Эмч өвдсөн иргэнийг үзэж, онош тодруулсан цагаас эхлэн листийг бичиж өгөх” журмаа мөрдөн ажилладаг аж. Харин иргэд гурав хоног гэртээ халуурч хэвтсэн, сувилалд бариа заслаар сувилуулчхаад "Би энэ өрхийн хүн учраас надад тэдэн өдрийн лист бичиж өг” гэдэг тухай хэлж байлаа. Харин үүнийг тус эмнэлгийн дарга Ц.Энхээ "Ийм тохиолдолд бичиж өгөх ямар ч боломжгүй. Өрхийн эмнэлгүүд 14 хоногоос илүү хугацаанд лист бичиж өгөх эрхгүй. Тодорхой оношноос харгалзаад, хатгаа, ханиад, бөөрний өвдөлт, зэрэг хүнд бус анхан шатны өвчний үед өрхийн эмнэлэг лист бичих эрхтэй. Өвчтөн бидэнд үзүүлээд магадалгаа бичүүлж авсны дагуу лист авдаг.

Зарим иргэд шинжилгээ хийлгэж явсан өдрүүддээ лист бичүүлэх гэдэг. Монгол Улс дахь аль ч эмнэлэг онош тодорхой болсон цагаас хойш листийг бичдэг болохоос оношлогоо хийлгэж явсан өдрүүдэд өгдөггүй юм. Улсын эмнэлгээс өрхийн эмнэлгийн хяналтад шилжиж ирсэн бол лист бичүүлэх өдрөө зөв хэлэх нь чухал. Хугацаа, мэдээлэл буруугаас болж лист хүчингүй болох тохиолдол байдаг. Энэ асуудлыг эмнэлгүүд нэгдсэн цахим системтэй болж, өдрөө давхцуулахгүй байх зэргээр зохицуулах нэн шаардлагатай байгаа тухай ярьж байлаа.

Эрүүл мэндийн даатгал, өвчтөний зарим мэдээллийг цахим нэгдэлд бүртгэлжүүлэх талаар энэ оны эхээс яригдаж эхэлсэн ч одоогоор дорвитой ажил хэрэгжээгүй байгаа. Эмч нар листийг цаасан дээр бичиж өгдөг. Гэвч дараагийн эмнэлэг рүү хэвтэх үед тулгаж харах тохиол цөөн.

Эмчийн бичиж өгсөн листийг иргэн тодорхой бичиг баримтуудын хамтаар харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын газарт бүрдүүлэн аваачдаг. Бидний сурвалжилгын явцад өвчтөн листний асуудал эмчээс болдог хэмээж байсан бол эмч "Өвчтөний хайнга зан болоод цахим шилжилтгүй байдал”-ыг хөндөж байсан юм. Гэвч хөдөлмөрийн чадваараа түр алдсан иргэдэд тэтгэмж өгөх шийдвэрийг Нийгмийн даатгалын газраас цохдог бөгөөд эл газарт л иргэний лист авах боломжтой, боломжгүй нь шийдэгддэг аж.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Одмаа нийгмийн даатгалд ирж буй листны материал яг ямар шалтгааны улмаас буцаагдаж, хүчингүй болдог талаар дэлгэрүүдэн мэдээлэл өглөө.

Тэрбээр "Бидэнд ирээд буцаагддаг листүүд ихэвчлэн ажлын тав хоногт бичүүлээгүй, эмнэлгийн хуудас олгосон өдрөө аваагүй эсвэл эмнэлгийн болон өөрсдийн байгууллагынхаа гарын үсэг тамга тэмдгээ дараагүй байх нь элбэг байдаг. Түүнчлэн лист бичүүлснээс 28 хоног дотор материалаа бүрдүүдэн бидэнд өгөх ёстой. Энэ хугацаа хэтэрвэл листийг олгох боломжгүй болдог. Түүнчлэн листэд бичсэн зүйлээ өөрчилж балласан, ямар нэгэн засвар орвол буцаагдаж, олгохоос татгалздаг. Тамга тэмдэг дарагдаагүй бол холбогдох дугаарт нь хэлж тамгаа 28 хоног дотор нь дарах боломж олгодог” хэмээн онцолж байсан юм.

Нийгмийн даатгалын газар жилд 5,000 лист хүлээн авдаг байсан бол коронавирусийн нөхцөлөөс үүдэн сард 7,000 лист авдаг болсон. Мөнгөн олговрыг 21-28 хоногийн дотор олгох ёстой ч энэ их ачааллын хажуугаар хоёр сар хүртэл хүлээгдэх тохиолдол гарч байгаа тухай мөн дурдсан юм.

Дээрхээс харахад, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг цаасан дээр бичүүлж авдаг байдалд ачаалал ихтэй эмч нар зарим тохиолдолд хуумгай хандах нь байдаг ч нөгөө талаараа иргэд мэдлэг муу, анзааргагүй байдлаасаа болж листээ авч чадахгүй тохиол их гардаг болсон байна. Харин эмч, өвчтөний нэгэн дуугаар хэлж байгаа ганц шийдэл бол эрүүл мэндийн үзлэг онош болоод листийг цахимд шилжүүлж, нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй болговол асуудал шийдэгдэнэ хэмээж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button