ДЭЛХИЙНИЙГЭМ

Жо Байден: “Лалын улс” террорист бүлэглэлийн толгойлогчийг устгалаа

АНУ-ын арми Сирийн баруун хойд хэсэгт терроризмын эсрэг цэргийн ажиллагаа явуулж, олон улсад “Лалын улс” /ISIS/ гэдгээрээ зартай алан хядагчдын террорист бүлэглэлийн толгойлогч Абу Ибрагим аль-Хашими аль-Курайшийг устгасан хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ.

“Өчигдөр /лхагва гараг/ шөнө миний тушаалаар АНУ-ын зэвсэгт хүчин Сирийн баруун хойд хэсэгт америкийн ард түмэн болон манай холбоотнуудыг хамгаалж, дэлхийг аюулгүй газар болгохын тулд терроризмын эсрэг ажиллагаа явууллаа. Эл ажиллагааны үеэр АНУ-ын цэргийн алба хаагчдын хэн нь ч гэмтэж бэртээгүй” хэмээн Жо Байден мэдэгдсэн юм.

Абу Ибрагим аль-Хашими аль-Курайш бол хэт даврагсдын “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч асан Абу Бакра аль-Багдади нас барсны дараа хамгийн том толгойлогч байсан гэгддэг.

Өмнө нь, барууны хэвлэлүүд АНУ-ын тусгай хүчин Сирийн Идлиб муж дахь хэт даврагсдын эсрэг сүүлийн жилүүдэд хамгийн ноцтой тусгай ажиллагаа явуулсан гэж мэдээлж байсан. Эл цэргийн ажиллагааны үеэр амь үрэгдэгсдийн дунд энгийн иргэд ч байсан гэх мэдээлэл байдаг.

Нүдээр харсан гэрчүүдийн ярьснаар, АНУ-ын арми Турк улстай хиллэдэг хилийн бүс нутгаас холгүй, ажиллагаа явуулж буй газрын ойролцоо нисдэг тэргээр газардсан талаар хэвлэлүүд иш татан онцолжээ. АНУ-ын цэргүүд террористуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тодруулбал, “Лалын улс” бүлэглэлийг дэмжигчид тээврийн хэрэгсэлд суурилуулсан зенитийн буугаар цэргийнхэн рүү гал нээж, буудалцаан болжээ. АНУ-ын цэргүүд нисдэг тэргэндээ суугаад хөөрөх хүртэл нь хотод буун дуу хоёр цагийн турш үргэлжилсэн аж.

Алан хядагчдын толгойлогч Абу Ибрагим аль-Хашими аль-Курайш өөрөө тэсрэх бөмбөгтэй ажиллаж байх үеэрээ амиа алдсан хэмээн америкийн хэвлэлүүд нэрээ нууцалсан АНУ-ын өндөр албан тушаалтны мэдээллийг иш татан мэдээлж эхэлсэн.

“Лалын улс” /ISIS/ бүлэглэлийн өмнөх удирдагч Абу Бакра аль-Багдадыг 2019 онд мөн Сирид хөнөөсөн юм.

(Эх сурвалж: City News Toronto)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button