
Герман улсад “RT DE” телевизийн сувгийг дамжуулахыг хориглосонтой холбогдуулан ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг хариу арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Эл хоригоор ялангуяа Германы “Дойче Велле” /Deutsche Welle/ телевиз, радиогийн нэвтрүүлгийг зогсоохоор болсон талаар ОХУ-ын Гадаад Хэргийн Яам /ГХЯ/ пүрэв гараг /2022.02.03/-т мэдэгдлээ.
Хариу арга хэмжээнүүдэд, “Дойче Велле” мэдээллийн агентлагийн ОХУ дахь редакцыг хаах юм байна. ОХУ-ын Гадаа Хэргийн Яамны цахим хуудсанд мэдээлснээр, “Дойче Велле” агентлагийн оросын салбар агентлагийн бүх ажилтан, ажилчдын итгэмжлэлийг цуцаллаа.
Үүнээс гадна, ОХУ дахь “Дойче Велле” агентлагийн хиймэл дагуулын болон бусад нэвтрүүлгийг зогсоохоор болжээ.
Мөн Москва “Дойче Велле” мэдээллийн агeнтлагийг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрөх журмыг батлахаар болсон гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ.
ОХУ-ын эрх баригчид Герман улс дахь “RT DE” телевизийн сувгийг нэвтрүүлэхийг хориглосон болон “Оросын хэвлэл мэдээллийн операторт үзүүлэх бусад дарамт шахалт”-д оролцсон Германы төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг боловсруулахаар болжээ. Гэсэн ч, жагсаалтыг олон нийтэд зарлахгүй хэмээв.
Энэ бол Германы эсрэг авч буй хариу арга хэмжээний зөвхөн эхний үе шат бөгөөд дараагийн үе шатуудын талаарх мэдээллийг цаг тухайд нь мэдээлнэ хэмээн ОХУ-ын ГХЯ амлалаа.
Хоёрдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Лиценз, хяналтын хороо, үндэсний зохицуулах байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйн улмаас Герман хэл дээрх оросын “RT DE” телевизийн сувгийн сансрын болон бусад нэвтрүүлгийг дамжуулахыг зогсоох тушаал гаргасан. Үүнтэй уялдуулан эл шийдвэрийнх нь хариуд ОХУ-д итгэмжлэгдсэн Германы хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мөн “сувгийн дансыг өөрсдийн платформоос дур зоргоороо, үндэслэлгүйгээр устгасан интернет зуучлагчдын эсрэг хариу арга хэмжээ авна” хэмээн ОХУ-ын ГХЯ мэдэгдсэн билээ.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.