НийгмийнЭнтертайнмент

Дэлхийн яруу найргийн өдөрт хүргэх ЯРУУ шүлгүүд

Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна. 1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэхийг тунхагласан байдаг. Энэ өдрийг яруу найрагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шүлэг, яруу найргийн заах аргыг дээшлүүлэх зорилгоор дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлдэг.

Марина Цветаева

Оросын мөнгөн үеийн их яруу найрагч Марина Цветаева. Марина 1892 оны аравдугаар сарын 8-нд Москвад төржээ. Зургаан настайгаасаа Марина орос, франц, герман хэл дээр шүлэг бичиж эхэлсэн байна. 18 настайдаа гаргасан анхны ном нь алдарт яруу найрагчдын анхаарлыг шууд татжээ. Түүний амьдрал эмгэнэлтэй бөгөөд гашуун. Нэг хүүхэд нь гурван настайдаа өлсгөлөнгөөр нас барж, эр нөхөр нь тагнуулын хэргээр буудуулж, охин нь хилс хэрэгт татагдсан. Дэлхийн дайн эхлэх үеэр хүүтэйтэйгээ Чистополь нүүж “Литфондын гуанзанд аяга угаагчийн ажилд оруулахыг хүсэж байна” гэж өргөдөл өгсөн ч Германы тагнуул байх магадлалтай гээд улсаас зөвшөөрөөгүй байдаг. Ядуурал, доромжлолыг хүлцэн тэвчээгүй Марина Цветаева 1941 оны наймдугаар сарын 31-нд тэр олсоор боомилон, амиа хорлосон байдаг.

НАЙМДУГААР САР

Найман сар-гэсэрт цэцэгс

Найман сар-гэгээн одод

Найман сар-усан үзмийн хонгорцог

Бас тэс модод.

Зэвэрсэн өнгө-Найман сар!

Чинэртэл боловсорсон, өгөөмөрхөн алимнуудаас

Түүний ааг үнэртэж

Яг л хүүхэд шиг тоглоно, найман сар.

Гарын алгаар зүрхийг илэх мэт

Гайхам сүр хүчээ түгээнэм.

Найман сар-Ай зүрх минь!

Хожимдсон сарнай, хожимдсон аянга

Хожимдсон үнсэлтийн сар.

Оддын аадар

Найман сар-найман сар

Оддын аадар!

ТААЛАГДАЖ БАЙНА, ТАЛАРХАЖ БАЙНА

Цээжинд минь таныг тээсэн хөндүүр байхгүй нь

Цээжинд тань надаас үүдсэн эмзэглэл байхгүй нь

Хорвоогийн шар бор хоногуудыг цуг үдэхгүй нь

Хөрст дэлхий дээр хөл нийлүүлэн хамт алхахгүй нь

Хөөрхөн харагдах гэж хичээх хэрэггүй нь

Хөгийн царайлж зоргоороо аашилсан ч хамаагүй нь

Үг хаялцан, гомдол тээх хэрэггүй нь

Өчүүхэн шүргэлтэд хацар улайлган ичих шаардлагагүй нь

Таалагдаж байна...

Урд минь зогсоод өөр бүсгүйг тэврэхэд

Тайван байгаа нь

Уруулд минь хүрэх өөр хүний үнсэлтээс болж

Тамын галд шатахгүй байгаа нь

Дуудахад дотно нэр чинь, хонгор минь ээ

Дурсагдахгүй байгаа нь...өдөр ч шөнө ч

Дув дуугүй, анир чимээгүйг эвдэн

Дурлалын аялгуу эгшиглэхгүй байгаа нь...

Талархаж байна...

Нойр бүтэн, амар амгалан шөнийн төлөө

Нар жаргах цагаар ховорхон уулзалтын төлөө

Тэргэл сарны доор зугаалаагүйн төлөө

Тантай цуг үдээгүй цаг мөчийн төлөө

Өөрөө ч мэдэлгүй бэлэглэсэн энэ бүхний тань төлөө

Өр зүрхний угаас талархаж байна

Өөрийг минь санаж шаналахгүй байгаад тань

Өөрөө би ч танаас болж өвдөхгүй байгаадаа...

Талархаж байна...


Сергей Есенин

1895 оны есдүгээр сарын 21-ний өдөр Оросын алдарт яруу найрагч Сергей Есенин мэндэлжээ. Тэрбээр хаант Орос улсын Рязанийн муж нутаг дахь Константинова тосгонд ядуу тариачны гэр бүлд төрсөн. Есенин 1902 онд Москвад хүрэлцэн ирж суурьшиж. Улмаар 1915 онд Петербург руу явж өөрийн адил найрагчид болох Александр Блок, Сергей Гродецкий, Николай Клуев, Андрей Белый нартай танилцан нөхөрлөсөн  юм билээ. Тэрээр 1915 онд яруу найргийн анхны номоо гаргасан бол дараа  онд нь удаах номоо "Үхлийн мөргөл" нэртэйгээр гаргасан байна. Түүний шүлгүүд ихэвчлэн хайр дурлал хийгээд энгийн амьдралын гаслан шаналлын тухай өгүүлдэг. 1913 онд хэвлэх үйлдвэрт хамт ажиллаж байсан Анна Лзряаднавотай гэрлэн, хүүтэй болсон. Сталины дэглэмийн он жилүүдэд Юри Есенин баривчлагдан Гулаг нэрт албадан хөдөлмөрлөх лагерьт хоригдож байгаад 1937 онд нас барсан юм.

1925.10.04-05

Нуурын цаанаас үүрнйн туяа улсхийн гийхэд

Сойрын дуу нарсан төгөлд уйтайяа мэгшинэ.

Хаа нэгтээ модны хонгилд гургууль уйлавч

Харин би өчүүхэн ч гуниггүй ээ, зүрх минь баясна.

Бүрий болоход замын цаад руу гарахыг чинь мэднэ.

Мансууртал чинь үнсэн, цэцэг адил үнгэнэ.

Маанаг болтлоо цэнгэлдэхийг хэн хорнх юм бэ.

Даашинзаа чи минь тэсгэл алдан тайлаад хаяна.

Дэн дун чамтайгаа бутан дотор өглөө болтол өнхчинө.

Орийн дуу тавин сойр шувуу цурхирч л байг.

Үүрийн улаан туяанд хөгжөөнтэйхэн гуниг бий.

1910 он

Цонхон дээр сар, цонхон доор салхи.

Цоройн ургадаг улиангар мөнгөлөг агаад гэрэлтэй.

Гармонь хөгжмийн эгшиг ганцаардан чарлах нь

Гайхалтай дотно агаад даанч дэндүү хол оо.

Залуу идрийн дуу минь инээнэ, бас уйлна.

Зуун жилийн настай далдуу мод минь хаачив.

Баяр болоход би ч гэсэн хар өглөөгүүр

Баян хуураа хангинуулаад гардаг л байлаа.

Хонгор чи минь намайгаа тоохгүй болохоор

Хэний ч хамаагүй дуулсан дуунд инээнэ, бас уйлна.

1925 оны наймдугаар сар

Тэрэг чарга хурдална, чарга тэрэг хурдална.

Танхил хонгор чамтайгаа тал руу одох сайхаан.

Сэр сэрхэн салхи нь хулчгануур агаад ичимхий.

Нүв нүцгэн талаар чарганы хонх өнхрөмхий.

Чүү, чүү, чарга минь, хонгор морь минь чүү,

Чив чимээгүй ойд агч бүжиглэх нь согтуу.

Ганцаараа яагаад бүжиглэдгииг нь гайхан байж асуум.

Гармонь хөгжмийн эгшгэнд гурвуулхнаа бүжиглэе.

Орчуулсан: Г.Аюурзана

Цасан шуурга яг л цыган хийл шиг уйлна

Царайлаг тэр охин инээж байхдаа ч хорсолтой

Цэнхэр нь дэндүү түүний нүд айдас түгшүүр өгөөгүй гэж үү?

Цэнгэлд хөлчүүрч явахдаа би болгоомж сэрэмжийг ч мартжээ.

Зүйрлэшгүй адилхан юм бид, зүйрлэшгүй өөр юм бид

Зүс өтөл миний зэвэрч дууссан амьдрал дунд орь залуухан юм чи.

Өнөр жаргалтай залуусын дэргэд хөгшин би хорчийж хатингартчихаад

Өнгөрсөн цаг үеэ хашхичин дуудна, энэ л аймшигт шуурган дунд.

Эгшиглэн дуулах хийл маань энэ л цасан шуурга юм

Инээмсэглэлийг чинь ажих эхний тэрхэн мөчид л

Ээнэлэнт зүрх сэтгэл минь цасан ширхэгт хувилчихсан юм...


Эмили Дикинсон

Америкийн хамгийн шилдэг яруу найрагч 1830 оны арванхоёрдугаар сарын 10-нд Масачусетс мужийн Амхерст хотод хуульч Эдвард Дикинсоны ууган охин болон мэндэлжээ. Түүнд Эмили гэж ээжийнх нь нэрийг өгсөн байна. 1840-1847 онуудад Амхерстийн академид суралцаж төгсөөд, өмнөд хадлейн эмэгтэйчүүдийн коллежид элссэн ч хоёрхон улирлын дараа сургуулиа орхижээ. 1880-аад оноос зөвхөн цагаан өнгийн хувцас өмсөх болж, өрөөнөөсөө ч гарахаа больсон гэдэг. Амьд ахуйдаа зургаан сонинд есхөн шүлгээ өөрийн нэргүйгээр хэвлүүлсэн байна. Хожим 1886 онд бөөрний үрэвслээр нас барахад нь гарчиггүй, бичигдсэн он сар нь тэмдэглэгдээгүй олон зуун шүлгүүдийг нь түүний бичгийн ширээний шургуулганаас олжээ. Эмили Дикинсоных гэж нотлогдсон нийт 1775 шүлгээс анх 1890 онд түүвэрлэж олны хүртээл болгож эхэлснээс хойш өдгөө хүртэл тэр Америкийн хамгийн суут эмэгтэй найрагч гэж дуурсагдаад байгаа юм.

Г.Лхагвадуламын орчуулгаар түүний эрмэг, эрэмгий шүлгээс хүргэе.

Зүрх минь! Чи бид хоёр энэ үдэш

Түүнийг мартана.

Дулаахан илчийг нь чи

Гэрэл гэгээг нь би мартана.

Хэлээрэй! Мартаж дуусаад.

Харанхуйлж мэднэ, бодлууд минь.

Хурдхан! Хожимдох зуур чинь

Харин би түүнийг саначихаж мэднэ.

***

Би хэн ч биш! Харин чи хэн бэ?

Чи ч бас хэн ч биш үү?

Тэгвэл хоёул адилхан юм байна, битгий хэл!

Тэд биднийг цөлчихнө шүү!

Хэн нэгэн байх хичнээн гунигтай!

Олны өмнө мэлхий шиг

Өдрийн турш нэрээ зарлана,

Өрөвдмөөр, нүд хуурах балчиг намагт.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин ЯАНАА
Зочин ЯАНАА
2022-03-21 18:08

Цветковагийнх нь илүү, бусад нь нэг үсэг толгой холбоход л юмуудаа нэг их яруу бишээ

Холбоотой мэдээ

Back to top button