Нийгмийн

Д.Эрдэнэсайхан: Бидний хийсэн эко тоглоомоор балчир хүүхдүүд тоглож байгааг харах хамгийн сайхан мэдрэмж

Story 1: Хүүгийн маань цэцэрлэгийн багш намайг тавилга хийдгийг мэдээд анх ангид нь тавилга хийж өгөх хүсэлт тавьсан юм. Ихэнх цэцэрлэгийн тавилга дөрвөлжин, хурц өнцөгтэй, хүүхэд нэг их сонирхохооргүй хийц, өнгөтэй байдаг даа? Тэгээд ерөөсөө өөрөөр хийе гэсэн бодол төрж, хүүхдийн сонирхол татахуйц хэлбэр дүрс, өнгө оруулж, бас эрүүл ахуй, аюулгүй байдал хангасан дугуй, мөлгөр өнцөгтэй, хүүхдийн өндөрт таарсан тавилга хийж өгсөн. Багш нарын ч сэтгэлд их нийцэж, аюулгүйн дээр хүүхдүүд их дуртай байгааг хэлж, талархсан. Энэ нь надад их урам өгч, цэцэрлэгийн тавилга урлах ажил руу эргэлт буцалтгүй орсон доо. Цэцэрлэгийн тавилга үйлдвэрлээд нэг мэдсэн 5 жил болжээ.

Story 2: Би агрономич мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд тухайн үеийн нийгмийн байдал, цалин бага гэх мэт шалтгаанаас болоод мэргэжлээрээ ажиллаагүй. 2005 онд Солонгос руу яваад, 2011 онд Монголдоо ирэхэд дүү нар маань Цагаан сарын цар таваг хийж байсан юм. Би дэм болж, туслахаар нь ажилласан. Аажимдаа тавилга үйлдвэрлэхээр сэтгэл шулуудсан.

Story 3: Өдгөө 7 ажилтантай “Шидэт дизайн ХХК” маань 100 гаруй нэр төрлийн тавилга болон эко тоглоом үйлдвэрлэдэг. Улсын болон хувийн 1,000 гаруй цэцэрлэгтэй хамтран ажиллаж байна. Хотоос гадна олон аймаг, сумдын цэцэрлэгт бидний урласан тавилга бий.

Story 4: Манайх дөрвөн хүүхэдтэй, хань бид хоёр үйлдвэрлэлээ хамт авч явдаг. Энэ оны 1 сард бага охиноо өлгийдөж авсан. Өглөөдөө ах эгч нарыг нь сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөөд  ажилдаа ирдэг. Хамгийн түрүүнд мэдээ уншина. Тэгээд л багийнхантайгаа өмнө нь хийж байгаагүй захиалга байвал хэлбэр дүрсийг нь яаж гаргах уу, яаж хамгийн бага зардалтай нь байлгах уу, яавал илүү сайжруулах вэ гэдгээ ярилцаад, ажилдаа орно. Ажлаас буух тодорхой цаг гэж үгүй гэхэд болно. Хонон өнжин ажиллах үе олон. Жил ирэх тусам захиалга нэмэгдэж байгаа нь шаргуу хөдөлмөрийн маань үр шим болов уу гэж харж байгаа. Ачаа бараагаа, татах, тавилгаа хүргэх, суурилуулах үед л гадуур гарах боломж гардаг. Хэчнээн их ядарсан ч захиалгаа хүргэхийг хичээдэг. Тоног төхөөрөмжид эвдрэл гарах, тог тасрах гэх мэт шалтгаанаас болоод саатах үе гардаг ч захиалагчид маань бидэнд итгэл даалгаад, биднийг сонгоод зориод ирж байхад би өөдөөс нь завгүй, амжихгүй гэж хэлэх эрхгүй гэж боддог.

Story 5: Хавар захиалга, орлогогүй байх үе олон. Ковидын үед намар захиалга байвч хил хаалттай байснаас болж түүхий эд материалын нөөцгүй болсон байсан, үйлдвэрлээ тогтвортой явуулахад ихээхэн хүндрэлтэй болсон. Тэгээд “Рио Тинто” группийн “Инвескор” санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн зээлд хамрагдаж жилийн 4.8 хувийн хүүтэй 30 сая төгрөгийн зээл авсан. Зээлээрээ хавтан, аргилит, цавуу гэх мэт үндсэн түүхий эд материалаа авсны хүчинд тавилгаа илүү олон цэцэрлэгт хүргэж чадсан. Түүхий эд материалаа нөөцлөөд авсан бид чинь ирэх намрын захиалгаа одоо үйлдвэрлэж байна.

Story 6: Цэцэрлэгийн тавилгаар дагнасан үйлдвэр цөөхөн. Гал тогооны тавилга хийлээ гэхэд том хавтанг хэд хуваагаад л угсарчихна. Харин хүүхдэд зориулсан тавилга хийхэд чимхлүүр ажил ихтэй, нэг бүрчлэн гар ажиллагаа ордог. Хүүхдийн аюулгүй байдал, өнгө үзэмж их чухал. Тиймээс ч үйлдвэрлэгчид халширдаг байж болох юм. Зориулалтын тоног төхөөрөмжөөр хэлбэр дүрстэй тавилга бүтээх боломжтой. Яг энэ төрлийн тавилга хийхэд зориулсан хөрөөг хоёр жил эрэл сурал болж байж Италид үйлдвэрлэснийг олж авсан. Тухайн үед хөрөө авсан газар “Азид танайхаас өөр Вьетнам л авсан” гэж хэлж байсан. Бүтээмжээ нэмэгдүүлж, үнээ аль болох хямд тогтоохыг зорьж тоног төхөөрөмжөө сайжруулсан.

Story 7: Үйлчлүүлэгчийн авч буй сэтгэл ханамж, бидэнд өгч буй урмыг мөнгөөр үнэлэхийн аргагүй. Магадгүй бид зөвхөн мөнгөний төлөө ажилладаг байсан бол өнөөдрийн энэ хэмжээнд хүрэхгүй байсан байх. Чанартай тавилга хийхийн төлөө л бид өглөө бүр үйлдвэртээ ирдэг. Өдөр болгон шинээр бүтээж, санаандаа хүртэл хийж чадвал, тавилга худалдаж авч байгаа хүнээс ч дутахааргүй баярладаг. Бидний үйлдвэрлэсэн тавилгыг балчир хүүхдүүд хэрэглэж байгааг харах хамгийн сайхан мэдрэмж. Багаараа хамтдаа цэцэрлэгийн хүүхдүүдийн тавилгад шинэчлэл хийж, өөрчилснөөрөө бахархдаг.

Story 8: Өмнө гал тогооны болон өөр төрлийн тавилга үйлдвэрлээд үйлдвэр маань дампуурч байсан. Тэр үед шантраад больё гэж бодох үе ч байсан. Гэхдээ бид хийж байгаа зүйлдээ үнэхээр дуртай  болохоор үргэлжлүүлсэн. Өдөр болгон шинэ зүйл бүтээж, засаж, янзлах нь сайхан санагддаг. Хүн хийж байгаа зүйлдээ дуртай байвал амжилт гарцаагүй дээ. Ирээдүйд цэцэрлэгийн тавилга импортлох биш монгол залуус дотооддоо үйлдвэрлэлээр хангаасай гэж хүсдэг. Биднийг сонгож, дэмжиж ажилладаг сургуулийн өмнөх боловсролын нийт багш, бяцхан үйлчлүүлэгч нартаа баярлалаа гэж хэлмээр байна.  

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-27 09:27

yamar huurhun yum be amjilt husey

Зочин
Зочин
2022-04-27 09:40

Ёстой хөөрхөн, сэтгэлтэй з####уус байна даа. Нээрээ л гадаадаас авах биш, дотоодын нөөцтэй болоосой

zochin
zochin
2022-04-27 11:50

Mundag ajilsag avxaaljtai zuv setgeltei zaluuchuud baina Saixan tavilga xiij xuuxed bagachuudig bayarluulj baigaa yum baina daa
Ajild ni amjilt xusie

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x