IPO-г хойшлуулахад ЗГ, Монголбанк, арилжааны банкнууд тохирчээ

2021 оны нэгдүгээр сард Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Улмаар арилжааны банкнуудыг нээлттэй хувьцаат компани болгохоор хуульчилсан юм. Харин тус нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөн тухай хуульд зааснаар: Арилжааны банкнууд 2022 оны зургадугаар сарын 30-нд багтан IPO гаргах ёстой байв.
Энэ хүрээнд ХААН, Голомт банк хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн бол бусад нь чимээ, имээгүй байлаа. Гэвч Олон улсын валютын сангийн төлөөлөгчид ирж ажиллан, “IPO гаргахыг хойшлуул” гэж зөвлөснөөр нөхцөл байдал өөрчлөгдөв.
ОУВС: Эдийн засаг хүндрэлтэй үед болгоомжтой хандах хэрэгтэй
Хамгийн эхлээд ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Юн Сок Хён гуравдугаар сарын сүүлээр “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө энэ талаар дурдаж байв. Тэрбээр “Хойшлуулах хэрэгтэй, энэ хугацаанд Монголбанк дүн шинжилгээ хийх боломж бий болно. Банкнуудын тайлан тэнцэлд хөндлөнгийн этгээдээр активын дүн шинжилгээ хийх цаг гарна” хэмээсэн юм. Энэ нь “Бушуу туулай борвиндоо баастай” буюу хангалттай хянаж, шалгахад цаг хүрэлцэхгүй нь гэсэн мессеж байв.

Дараа нь Монгол Улсад ажиллаж буй ОУВС-гийн ажлын хэсэг УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, мөн энэ санааг илэрхийлсэн. Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи “Монгол Улс эдийн засгийн хүнд үеийг туулна. Энэ үед яаран сандран IPO хийвэл иргэд хохирох эрсдэлтэй. Сүүлийн хоёр жил банкнуудад зээлийн эргэн төлөлт саарсан байгаа” хэмээсэн юм.
Иргэд хохирно гэдэг нь, хувьцааны ханш унаж, дунд хугацаандаа сэргэхгүй удвал худалдаж авсан иргэд, хөрөнгө оруулагчдад алдагдалтай гэсэн санаа болов уу.
МОНГОЛБАНК, САНГИЙН ЯАМ: Зөвлөмжийг хүлээж авах нь зөв
Гэтэл ОУВС-г дуугарахаас өмнө энэ асуудлыг сөхөж хөндөхгүй байсан Монголбанк шуудхан үг хэлсэн нь анхаарал татсан юм. IPO гаргах хугацаа ойртсоор байхад үл дуугарч байсан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “ОУВС ингэж зөвлөсөн бол дагаж л таарна” гэсэн утгаар ярив.
Ингээд хугацааг хойшлуулахаар ажиллаж эхэлсэн нь ил харагдав. Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс “IPO гаргах хугацааг хойшлуулах нь зөв үү” гэсэн сэдвээр, Төв банк, арилжааны банкнууд, биржүүд ба брокерын пүүсүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байв. Харин Төв банк болон нэр бүхий арилжааны банкнууд “Оролцох боломжгүй” гэснээр хэлэлцүүлэг цуцлагджээ.

Түүнчлэн, энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дараалалт багтаагүй байсан IPO гаргахыг хойшлуулах сэдэв гэнэтхэн даваа гарагт хэлэлцэгдэв. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хороогоор IPO гаргах хугацааг хойшлуулах асуудлыг хэлэлцээд дэмжсэн байгаа юм.
Улмаар шууд маргааш нь буюу өчигдөр Сангийн сайд энэ агуулгаар нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барилаа. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, УИХ энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаараа энэ хуулийн төслийг хэлэлцэн батлах чигтэй байгаа гэх.
Эдгээр нь далим гарсанд нь уухайлан хүлээж авч буй нэг талын дүр зурагтай харагдсан нь анхаарал татаж буй.
АРИЛЖААНЫ БАНКНУУД: Чив чимээгүй
Энэ цаг үед байр сууриа хамгийн тод илэрхийлж буй хүмүүсийн нэг нь Голомт банкны Гүйцэтгэх захирал асан Ө.Ганзориг. Тэр “Банкны салбар дахь томоохон реформыг цаг алдалгүй хийх хэрэгтэй. Үүнийг дур мэдэн, мэргэжилтнүүдийнхээ үгийг үл тоон хойшлуулах эрх ашиг хэнд байна вэ” гэж жиргэсэн нь сонирхолтой.
Өөрөөр хэлбэл асуудлыг улс төржүүлэв. Тэр өмнө нь Голомт банкийг төлөөлж ажиллаж байсан ч өдгөө өөрийн хувийн төслүүдийг удирдаж яваа. Банкны IPO-той шууд холбоогүй ч түүний ажил мэргэжил хөрөнгийн зах зээлтэй уялдаатай юм. Ө.Ганзориг нэгэнтээ "Энэ оны хамгийн чухал хөрөнгө оруулалт бол IPO" гэж хэлж байв.

Харин ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Богд банк зэрэг бусад арилжааны банкнуудын төлөөлөгчдөөс энэ тал дээр ямар ч байр суурь илэрхийлэхгүй байна. Тэд Монголбанктай ижил байр суурьтай байгаа нь хэлэлцүүлэгт нэгдмэл санаагаар оролцоогүй, цуцалсан зэргээс ойлгож болохоор.
ТЭД РЕФОРМЫГ ХОЙШЛУУЛАХААР ТОХИРЧЭЭ
Ер нь Монголбанк арилжааны банкнуудаа л боддог. Цар тахлын үед гаргасан 3 хувийн хүүтэй зээл зэрэг нь Монголбанкны ТБҮЦ-ийг худалдан авч, тогтвортой ажиллах, нөгөө талаар чанаргүй зээлүүддээ төрөөс татаас авах гэхчлэн хэлбэрээр арилжааны банкнуудад ашигтай тусаж байв. Засгийн газраас бонд гаргана гэж мэдээлсэн нь ч арилжааны банкнуудад ашигтай байдаг болохоос иргэдийн амьдралд улам л сөрөг нөлөө үзүүлдэг.
Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын бодлого яг ийм чиглэлтэй явсаар ирж буй нь анхаарал татдаг. Энэ удаад ч нэгдмэлээр банкны IPO-г хойшлуулахаар тохиров. Үүнд нь арилжааны банкны удирдлагууд ч санал нэгдсэн дүр зурагтай. Инфляц өсөж, иргэдийн худалдан авах чадвар буурсан энэ жил тэд банкаа нээлттэй хувьцаат компани болгоно гэхээр эмээж байсан нь дамжиггүй. Хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх эсэх нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан мэдээж эргэлзээ дагуулж байсан.
Нөгөө талаас, ОУВС-гийн зөвлөмжийг үл дагах аваас элдэв жагсаалтад багтчихдаг талтай. Монголбанк нь Монголын төр гэхээс илүү ОУВС-гийн зөвлөмжөөр ажилладаг бүтцийн байгууллага гэдэг утгаараа тэдний байр суурийг дагах нь ч аргагүй юм. Ер томоор харахад, тэд ОУВС-гийн зөвлөмжийг л хүлээж байсан гэлтэй, IPO-г дуртай хойшлуулцгаах нь.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүгд бэлэн биш байсан биз. Тэгээд ч хувийн ашиг сонирхол нь сайн шийдэгдэж өгөхгүй байсан байх. ОУВС ирэхэд гуйж байгаад тэгж хэлүүлсэн байж ч магад.