Нийгмийн

Оросоос хил давж орж ирсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар /05.27/ гурван аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр:

Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минжийн Хангай” гэдэг газар Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж ирсэн байна. Энэ тухай дуудлагыг 19:11 цагт хүлээн авч, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас хил давж орж ирсэн ойн түймэрт агаараас тандалт хийх, түймрийн зураглал гаргах, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр тавдугаар сарын 26-ны өдрийн 07:36 цагаас эхлэн 19:46 цагт хүртэл нийт 9 удаагийн нислэгийг үйлдсэн. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид мөн өдрийн тавдугаар сарын 27-ны өдрийн 03:10 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд очсон. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн Задын шар дэвсэг гэдэг газар тавдугаар сарын 22-ны 13:00 цагийн үед ойн түймэр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах  27 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Хутаг-Өндөр сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагчид ажиллаж, ойн түймрийг тавдугаар сарын 25-ны өдрийн 10:01 цагт цурамд оруулсан байна. Одоо түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин 2 дугаар багийн Хонгорын нуруу, Гурван булаг гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан байна. Энэ тухай мэдээллийг тавдугаар сарын 26-ны өдрийн 14:14 цагт хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, тус сумын 1 дүгээр баг, “Сэлэнгэ буудай” ХХК-ийн ажилтнууд ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-27 12:16

ОРОС АХ НАРЫН ӨГСӨН БЭЛЭГ БӨЛГӨӨ

Холбоотой мэдээ

Back to top button