Сурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Ачигчид самарт явж, гэр хороолол хогондоо дарагджээ

Энэ бол сонгинохайрхан дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын автобааз. 13 цагт хогны машинууд нь ажилдаа гараагүй, жолооч нарын зарим нь машиндаа сууж, энд тэнд хэд хэдээрээ ярилцаж зогсох аж.

Удирдлага бололтой ганц нэг хүн ирж, хэн нэгнийг онцлон нэрээр нь дуудаж, одоо гараарай, аргалаад ачаарай, тэр ирэв үү гэх мэтээр ярилцана. Учир байдлыг лавлавал тус дүүргийн хот тохижилт үйлчилгээний төв ачигчгүй болжээ.

Эднийх 46 машинд 92 ачигч байдгаас өнөөдөр 49 нь л үлдэж. Нэг машин дээр хоёр ачигч явдаг. Зарим машины ачигчид хоёулаа ажлаасаа гарч, зарим нь чөлөө авч. Газар нутгийн байршил, иргэд, ААН-ийн ажил, амьдралын ахуй орчны онцлогоос шалтгаалаад хоёулаа хамжиж ачихаас өөр аргагүй хог хаягдал гардаг учир өнөөдөр жолооч нар ажилдаа гарч чадахгүйд хүрсэн нь энэ.

Ачигч нар хаачив…

АЧИГЧГҮЙ МАШИНУУД АЖИЛДАА ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА

Бид эрчүүдээс яриа авч, нөхцөл байдлыг тодруулахыг хүсэхэд ихэнх нь зөвшөөрсөнгүй. Зарим нь тэр самарт явсан хүмүүсээсээ очиж асууж, тодруул гэж унтууцах. Удаан ажиглаж, ярилцсаны эцэст жолооч Б.Одбаяраас зарим нэг зүйлийг тодрууллаа.

-Энэ олон машин ажилд гарч чадахгүйд хүрчээ. Энэ талаар та мэдээлэл өгөөч?
-Хог тээвэр манай дүүрэгт маш хүндрэлтэй байгаа. Хог ачдаг хүний нөөцгүй, ачигчгүй болчхоод байна. Жолооч нар нь хангалттай ч ачигч нь хүрэлцэхгүй. Уг нь нэг машин дээр хоёр ачигч явах ёстой. Одоо байгаа ачигчаа хувааж аваад гарч байна. Ингээд харахад дандаа ачигчгүй машинууд, ажилд гарч чадахгүй зогсож байгаа. Хүмүүс ирж ажилласан ч цалинг нь голоод явчихдаг. Тэгээд нэг иймэрхүү асуудалтай л байна даа.
-Байгаа хэдэн ачигчтайгаа ажлаа хэр амжуулж байна вэ?
-Нэг хороонд нэг машин, нэг ачигч өдөрт 4-5 рейс явж байгаа болохоор хогоо үнэхээр дийлэхгүй байна. Энэ жил бороо устай болохоор зэрлэг их ургасан. Айлууд хогныхоо хажуугаар зэрлэгээ зулгаагаад овоолчихсон, хэцүү л байна. Тэгээд яахав, өөрсдөө чадах ядахаараа жолооч, иргэд хүртэл хамжилцаад ачиж байна.
-Хэдийнээс ийм нөхцөл байдал үүсчхэв?
-Долоодугаар сар хүртэл хэвийн ажиллаж байсан. Ерөнхийдөө цалин мөнгөний асуудлаас болоод ачигч нар ажлаасаа гараад явчихлаа. Цалин мөнгийг нь нэмээд өгчихвөл хүн дуртай л ажиллана. Ахиухан цалинтай бол хүн ажилд орох гээд ирж л таараа. Нийслэлээсээ манайд санхүүжилтийг нь тонн, жингээр нь өгдөг гэж байгаа юм. Манай байгууллага тэр хэмжээсээр нь цалингаа тавина. Нэг кг хог 2.7 төгрөг, хоёр тонн хогийг мөнгөнд шилжүүлэхээр нэг рэйс нь 7,000-8,000 төгрөг. Өдөрт таван рейс долоон мянган төгрөгөөр явахаар цалин нь 30 хүрэхгүй мянган төгрөг. Намайг 2014 онд ажилд ороход л ийм тарифтай байсан. Нийслэлээсээ рейсээр нь бодоод мөнгө төгрөгийг нь шийдчихдэг бол ийм асуудал үүсэхгүй дээ л гэж бодох юм.

Өдрийн 20-30 мянган төгрөг амьдралд нь хаанаа ч хүрэлцэхгүй учраас ачигчид зарим нь самарт, зарим нь барилгын ажил хийхээр ажлаасаа гарч, хэд хэдэн хүн чөлөө авчээ. Ойрын хэд хоногт л гэхэд 16 хүн ийм байдлаар явжээ.

Үүний дараа Зүүнсалаа орчим зам дагуу ажиллаж байсан үйлчлэгч нар дээр очлоо. Халуунд тэд хашааны сүүдэр бараадан сууцгааж байна. Хүрз, шүүр сэлтээ эгнүүлэн тавьцгааж, инээж хөхрөлдөн амсхийж буй нь илт.

Эднийх нийтдээ 135 зам талбайн үйлчлэгчийн орон тоотой ч өнөөдрийн байдлаар 98 шар хантаазтан ажиллаж байгаа нь энэ.

Залуу хос хоёр жилийн хоорондоо ярилцаж шийдээд Тохижилт үйлчилгээний төвийн зам талбайн үйлчлэгчээр ажилд оржээ. Удалгүй хоёулаа цалингийн зээлээр газар хашаа худалдан авч өөрсдийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болж. Чин сэтгэлээсээ хийж чадвал урамтай сайхан ажил гэж гэргий нь тодотгов.

"Бид хоёр Зүүнсалааны 42 дугаар хорооноос цааш эцэс хүртэл цэвэрлэдэг. Сардаа нийлээд сая зургаан зуун мянган төгрөг гар дээрээ авчихна. Тэрүүгээрээ хүрэлцээтэй, авья гэсэн юмаа авчихдаг. Энэ байгууллагын хүчинд өөрсдийн гэсэн юмтай болсон, лизинг, зээл энэ тэрд хамрагдчихна. Бидний гол хүсэл бол иргэд л орчноо, байгалиа цэвэр цэмцгэр байлгаасай". Залуус ингэж хэлсэн юм.

ХЭЧНЭЭН ЦАЛИН БАГАТАЙ Ч НИЙГМИЙН ДААТГАЛАА ТӨЛӨӨД ЯВАХАД БОЛДОГ ДОО

М.Нандинцэцэг энэ ажлаа 37 дахь жилдээ хийж байгаа гэнэ. Амарч суух зуур товчхон ярилцлаа.

-Та энд хамгийн удаан ажилласан хүн бололтой. Өнөөдрийн байдлаар ажил хэр байна даа?

-Би чинь 1985 оноос Октябрийн раойн гэж байхаас эхлээд одоог хүртэл ажиллаж байна. Баруун салааны зам дээр явдаг. Нэг хүн өдөрт 15 мянган кв.м талбай цэвэрлэх нормтой. Замын ачаалал нэлээд хүнд шүү. Нарийхан зам дээр машин их хурдтай явна. Дайрч унагачих гээд, бүр шүргэж унагаад тэр чигтээ зугтаана. Тохой, нуруу руугаа мөргүүлэх, шүргүүлэх тохиолдол зөндөө л гардаг. Зарим жолооч нь сэтгэлээрээ зогсоод яаж байна гээд асууна. Зарим нь тэр чигтээ давхиад явчихна. Ойрд орон тоо дутагдалтай учраас ачаалал ихтэй байгаа. Өөрсдийн хуваарьтай замаа цэвэрлээд дайвар замууд руу бөөнөөрөө гарч байгаа.

-Үйлчлэгч нарын орон тоо дутмаг байгаа аж. Та шалтгааныг нь хэрхэн хардаг вэ?

-Цалин багатай болохоор тэгдэг болов уу л гэж боддог. Бас манай залуучууд хөдөлмөрлөх дургүй болж. Хэчнээн бага цалинтай ч гэсэн нийгмийн даатгалаа төлөөд явахад болдог ш дээ. Тэгэхээр угаасаа ажил хийх сонирхолгүй хүмүүст цалин бага гэдэг шалтаг гараад ирдэг.

-Та бол энэ ажилдаа сэтгэл дүүрэн байдаг уу?

-Сайхан шүү дээ, хийсэн ажлаа эргээд харахад. Бас хамт олонтой байна гэдэг гоё байхгүй юу. Ажлаа хийгээд эрүүл агаарт алхаж явах сайхан л байдаг. Олон жил хийсэн болоод ч тэр үү бүр сурчихсан, харин гэрт суухаар бие өвдөөд байдаг. Би өглөө 06:30 цагт гэрээсээ гарна. Өдрийн цайнаар хоёр цаг амардаг. Байгууллагаас хоолны мөнгө өгдөг болохоор хаа яваа газраа хоол идээд хэсэг амраад эргээд ажилдаа гарна. Орой таваас 17:30 гээд харина. Хамт олонтойгоо ажлаа хийгээд явж байхад ядарснаа мэдэхгүй явна. Орой харихдаа л ядарснаа мэддэг.

-Та залууст хандаад юуг хэлмээр байдаг вэ?

-Бага цалинтай ч гэсэн ажилтай л байхад болно гэж боддог. Залуучууд энэ ажлыг хийгээд явахад юу нь бурууддаг юм бэ? Бага цалинтай ч гэсэн амьдралаа сайхан аваад явж байгаа залуус манайд зөндөө бий. Ажилд ороод удалгүй цалингийн зээл авч машин тэрэг авч унаад сайхан амьдраад болж л байна. Хүн ер нь өөрөө өөрийгөө дайчилбал болдгийм даа.

Бидний уулзсан энэ гудамжид айлуудын ихэнх нь хогоо хашааныхаа гадаа гаргаад овоолчхож. Хэд хэдэн айл хашаан дотроо байлгаж байна. Сайжруулсан түлш гарснаас хойш задгай хог багассан нэг ачигч хэлж байсан. Үнэхээр айлуудын ихэнх нь хогоо сайжруулсан түлшний уутанд хийдэг юм байна.

ТҮК-ийнхний бараагаар хашаанаасаа байн байн гарч ирж, харах иргэнээс хогны талаарх сэтгэгдлийг нь сонслоо.

" Урьд өмнө нь цаг тухайд нь ирээд ачдаг байсан. Саяын хэд хоног л сунжирчихлаа. Грүшиг энэ тэр байхгүйгээс болж жаахан удсан юмшиг байна. Өнөөдөр энүүгээр бөөнөөрөө явж байна. Энэ хогноос нэг салгах байхаа. Хашаагаар нэг хог боллоо, гаргаад хаячихаар нохой тарааж бүр ажил удна. Өдөржин гэртээ байдаг болох яг ачихаар нь гаргая гэж бодож байна." гэж ярилаа. Айл өрхөөс авдаг хогны хураамжийн мөнгийг нэмчихвэл ТҮК цагтаа хогоо ачих боломж үүсэх нь. Одоо авч байгаа 2500 төгрөгийг нэмэхийг та зөвшөөрөх үү гэж асуухад "За үгүй дээ. Тэтгэвэр, халамжийн мөнгө хоол ундандаа л таарч байна" гэсээр хашаандаа орлоо.

-АМЬДРАЛД НЬ ХАНГАЛТТАЙ ЦАЛИН ӨГЧ ЧАДДАГГҮЙ УЧРААС ЧӨЛӨӨ ӨГӨХӨӨС ӨӨР АРГА АЛГА-

Үүний дараа Сонгинохайрхан тохижилт үйлчилгээний төвийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Т.Вандандоржоос нөхцөл байдлыг тодруулж асуулаа. Сонгинохайрхан дүүрэг Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний төв ОНӨААТҮГ гэж хоёр орон нутгийн өмчит компанийг хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд нэгтгэжээ.

-Иргэд гэр хорооллын хогийг авахгүй олон хонож овоорууллаа гэж байна. Ажил ямархуу явагдаж байна даа?

-Наадмын ес хоногийн амралтын өдрүүдээр хог хаягдал их гарсан. Манайх түүхэн ойн жил учраас ажилчдаа бас амраасан. Тэр хугацаанд хуримтлагдсан хогийг л одоо барж ажиллах гээд явж байна. Тулгамдаж байгаа асуудал нь ачигч, зам талбайн үйлчлэгчдийн орон тооны хомсдол үүссэн. Хүнд нөхцөлд ажилладаг ажилтан албан хаагчдынхаа цалинг яаралтай нэмэхгүй л бол болохгүй дүр зураг харагдаж байна. Өнөөдөр барилгын туслах ажилтан өдрийн 150 мянган төгрөгийн цалинтай. Манай зам талбайн үйлчлэгчдийн сарын 730 мянган төгрөг, ачигч сая 300 мянган төгрөг гар дээрээ авдаг. Тэгэхээр цалингийн систем, үнэ тариф дээр өөрчлөлт оруулахгүй л бол цаашдаа энэ хүнд нөхцөлд ажиллах ажилтан улам л хомсдоно.

-Машинууд ачигчгүй гээд сул зогсож байна…?

-Нэг машин нэг ачигчтай. Зарим машин ачигчгүй болчхоод явж байна. Манай нэг онцлог бол нэг машин хоёр ачигчгүй л бол ачиж болдоггүй. Яах аргагүй хоёр ачигчтай байхаас өөр аргагүй. Гэтэл одоо ганц хүн тэр 2-3 тонныг ачна гэдэг мэдээж хүндрэлтэй. Манайхан их сэтгэлтэй хүмүүс байдаг болохоор жолооч нар маань өөрсдөө туслаад ачилцаад явдаг. Манай дүүргийн хувьд хур, үүсмэл хогийн цэг байхгүй. 2017 онд ямар ч хогийн цэггүй, хогныхоо асуудлыг бүрэн шийдчихсэн дүүрэг. Одоо бол айл өрхүүдийнхээ хогийг хуваарьт өдрөө авч амжихгүй хугацаа хойшилж буй асуудал байгаа. Бид ААН-үүдийн хогийг дуудлагаар тээвэрлэдэг. Энэ захиалга бас 5-8 хоногийн хугацаагаар хойшилсон байдалтай яваа.

-Дүүргийн өөрийн онцлог бас ажил явуулахад нөлөөлж байна уу?

-Гайгүй дээ. Манайх газар нутгийн хэмжээ томтой. Алслагдсан 21, 32 хороонд тээвэрлэлт хийдэг. Зам талбайн үйлчлэгчид маань хамгийн хол нь Тахилт буюу 33 хороо, баруун, зүүн салаа хүрнэ. Ажилчдадаа автобусаар явуулахгүйн тулд өөрсдийнх нь амьдардаг газарт ойрхон замуудыг хуваарилж өгдөг.

-Бүрэн хүчин чадлаараа асуудалгүй ажлаа явуулахад танайд өнөөдөр ямар шийдэл, шийдвэр хэрэгтэй байна вэ?

-Парк шинэчлэлт бол хамгийн тулгамдсан асуудлын нэг. Манайх нийт 46 машинаас хоёрыг нь 2020 онд, дөрвийг нь 2021 онд авсан. Бусад машинууд нь бол үндсэндээ явах норм дууссан. Засварын бригад ажилладаг болохоор байнгын засвар үйлчилгээ хийгээд явж байдаг. Нөгөө талаас ажилчдын цалин мөнгөний асуудлыг цаг алдахгүй нэмэх хэрэгтэй байгаа. Парк шинэчлэлт, цалин урамшууллын асуудлыг нааштайгаар шийдчихвэл нэг ч цагийн доголдол гарахгүй гэж хардаг.

-Сая ажиллаж байгаа ачигч нартай уулзлаа. Ачигч нар самарт явсан гэж байна…?

-Цалин мөнгөний байдлаасаа болоод байгаа асуудал. "Барилгын туслах ажилтан хийсэн нь дээр юм байна даргаа. Өдрөөр нь цалинждаг. Өдөр, өдөрт нь мөнгийг нь өгч байгаа учраас бид нарт энэ нь илүү амар байна. Уучлаарай. Барилгын сезон дуусахаар хүрч ирээд ажлаа хийе" гэж хэлээд дөрвөн хүн явсан. Бас "Самарт явлаа. Зээл хуйтай хэцүү байна" гээд үнэнээ хэлээд явсан хэдэн хүн бий. Эмнэлэгт хэвтлээ, хүүхэд харах хүнгүй гэх мэтээр янз бүрээр чөлөө авсан хүмүүсийг манайхан самарт явчихсан гэж хэлдэг. 13 хүн явсан байна лээ. Одоо хоёр хүн ногоо хураалтад яваад ирье чөлөө өгөөч гээд байгаа. Тэр хоёр маань ирэх долоо хоногоос явах байх. Явна гэж байгаа хүнийг би дөнгөлөөд байж чадахгүй, чөлөөг нь өгөөд л явуулж байгаа.

-Хэлэх эрхгүй гэж үү?

-Боломжгүй. Хүний эрх шүү дээ. Ний нуугүй хэлэхэд тэр хүмүүсийн амьдралд нь хүрэлцээтэй, амьдралын шаардлагыг нь хангахуйц цалинг нэгэнт өгч чадахгүй байгаа учраас чөлөөг нь өгөөд явуулахаас өөр аргагүй болчхоод байгаа юм.

-Ажилчид тань худал үнэн хэлж чөлөө авах шаардлагагүй цаг үе, орчин нөхцөл хэзээ ирэх бол. Та үүнийг хэрхэн хардаг вэ?

-Хог тээврийн үнэ тарифны асуудал байна. Өнөөдөр 2006 оноос хойш мөрдсөн тарифаараа буюу өрх бүрээс хогны мөнгө 2500 төгрөг авч байгаа. Тэгэхээр бид ажилчин, албан хаагч нарынхаа цалинг нэмэх ямар ч боломж алга. Манай байгууллагын ажилчид хүнд хортой нөхцөлд ажилладаг, энэ хүмүүс доод тал нь гар дээрээ хоёр сая төгрөгийн цалин авч ажиллахгүй бол эндээ тогтвор суурьшилтай ажилла, чөлөө өгөхгүй гэж хэлэх эрхгүй болчхоод байгаа юм. 2006 онд түлшний үнэ, иргэдийн цалин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд байсан билээ. Өнөөдөр тэр бүхэн хэд болов. Гэтэл 16 жилийн өмнөх тарифаараа хураамжаа авч байна. Хэрэв энэ тариф өөрчлөгдвөл цалин хөлс, хортой нөхцөлийн нэмэгдэл өгөх, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийн чанарыг сайжруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгаа.

-Шинээр нэвтрүүлж буй энэ хэдийнхээ нөхцөл байдлыг сайжруулчих ажил хийгдэж байна уу?

-Дүүрэг болон нийслэлийн удирдлагаас дэмжээд манай байгууллагыг өөрийн гэсэн автобааз, зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч нарт зориулсан хувцас солих өрөө, дулаан байртай болгохоор дэмжлэг үзүүлж байгаа. Ямар ч байсан зураг төслийн ажлууд хийгдээд явж байна, ирэх жилээс автобаазтай, амралтын болон хувцас солих өрөөтэй, усанд орох нөхцөл бололцоог хангах тийм барилгатай болох гээд ажиллаж байна. Иргэд рүү чиглүүлж нийгмийн боловсролд нь коммент өгөх зорилготой шторкууд байнга явуулдаг. Иргэд ухамсартай байж ил задгай хог хаядаггүй болчихвол энэ хэдийн маань ажилд маш их нэмэртэй.

Шар хантаазтануудын арваад хувь нь дээд боловсролтой, 60 хувь нь гэр бүлийнхэн. Эхнэр нөхөр, ээж, аав хүү, ах дүүс гээд үйлчилгээний энэ ажилд гэр бүлээрээ ажиллах дуртай. Цалин багатай учраас нэг өдөр цалин нь бууж бага ч гэсэн бөөн мөнгө ороод ирэхээр амьдралд нь нэмэртэй байдаг бололтой, тэдний ярианаас үзэхэд.

Ачигч нарын хувьд 18-45 насныхан, зам талбайн үйлчлэгчид 35-55 насныхан зонхилж байна. Ажилчидтайгаа хуралдаж, санал бодлыг нь асуухад хоолны мөнгөө өөрсдөө авья гэснээр тэд өдөр аль өөрт ойрхон газраа хооллох боломжтой болж. Сонгинохайрхан дүүрэг уулархаг газар ихтэй, бас үерийн ус их орж ирдэг. Бүтээн байгуулалтын ажил ихээр өрнөж буйтай холбоотой хог хаягдал, бусад дүүргүүдийн хог тээвэрлэлтийн машинуудаас унаж гээгдсэн хог хаягдал гээд тэдний ажлын нөхцөл хүнд.

Гэр хорооллын нэг айлаас цагаан сар, шинэ жилийн баяр ёслолын өдрүүдэд 1-2 машин хог гарах энүүхэнд. Өнөөдөр хашаа бүр нэг л кодоор сардаа хог ачиж тээвэрлэсний хөлс гэж 2500 төгрөг хураалгаж буй. Гэвч бодит байдал дээрээ нэг хашаанд 2-4 бүр үүнээс дээш айл өрх байх нь ч бий.

Хэдийгээр жолооч, ачигчид хийснээрээ цалинждаг ч 2008 онд баталсан тарифыг мөрдөж ажлыг нь үнэлж буй болохоор өнөөдөр авдаг хэдэн төгрөг нь амьдралын юундаа ч хүрэлцэхээ болиод самарт явцгаажээ. Гурван ачигч самарт гараад хоёр хоногт 800 мянган төгрөгийн орлого олж байгаагаа бусдадаа дуулгаж. Өнөөдөр бас маргааш тэдний хэд нь ажлаа орхиод самарт явахыг таашгүй л нөхцөл байдал энд үүсэж.

Бодит байдлыг дүгнээд харахад өнөөдөр иргэн бүрийн "тарьсан" хог хаягдлыг шар хантаазтангуудаар дамжуулж, төр өөрийн нуруун дээр үүрч яваа харагдана. Нөгөө талаас нь харахад 14-16 жил өөрчлөөгүй мөрдөж байгаа үнэ тарифын асуудлаа өнгийгөөд нэг харчихвал, хөшөө дурсгал, угтах хаалга, агаарын хэт холын төсөлд хөтөлбөрт зарцуулдаг мөнгөө хумиж, ийшээгээ хөрөнгө оруулалт хийчихвэл энэ олон ажилчид ядрахгүй, сэтгэл өөдрөг ажиллаж амьдарч болмоор л санагдах.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-09 09:13

Хогноосоо с�##�ахын тулд нэг хашааны оршин суугчид сард 2500-хан төгрөг төлөх нь хэтэрхий бага бна. Үйлчилгээний хөлсөө нэмээд, чанарыг нь сайжруулаач, хотын удирдлагууд аа

Зочин
Зочин
2022-09-10 19:48
Reply to  Зочин

Chi bitgi demiireed baigaach.

Зочин
Зочин
2022-09-09 18:06
Reply to  Зочин

Тэгээд л нөгөө гэр хорооллынхон илүү харагдаад байна уу!!

Зочин
Зочин
2022-09-09 10:15

Зүгээр л наад захын жишээ цаашлаад эмнэглэг онцгой цэрэг цагдаа гээд тусгайлсан байгууллагууд боловсон хүчний хомосдолд ороод эхэлсэн нойр хоолгүй бусдын төлөө явна дандаа ача�##��##�тай удахгүй хил манах, хичээл заах, г�##� унтраах, өвчтөн эмчлэх, шорон манах хүнгүй болоод хэцүүхэн байд�##�д орох бий ..........

Зочин
Зочин
2022-09-09 10:16

Тухай ажил мэргэжил дээр тогтвор суурьшилтай ажиллуулах бодлого дутмаг байна даа... Бүгдийг нь биш юмаа гэхэд цөөн хэдэн хүнийг урамшуулаад байв�##� үлдсэн хүмүүс нь дараагийн хүн би байх болно гээд зорилготой болох байх гэж боддог.

Зочин
Зочин
2022-09-09 10:17

Айл бүрийн хогийг ачаад өдөрт 30,40н мянга гэдэг бол бас арай шүү! Тийм байхад хүмүүс самарт яваад өдөртөө 500к хийж байхад тийшээ л явна шдээ барилга ч бас адилхан...

mgl hyn
mgl hyn
2022-09-09 10:25

hog hen ih gargana ter ihiig tuluh yostoi gedeg zarchim barimtalaa

Арай арай
Арай арай
2022-09-09 10:39

Бүтэн сарын нүсэр их хогоо сард нэг коланы т�##� мөнгөөр ачуулна гэхээр арай юм аа

Уншигч
Уншигч
2022-09-09 11:13

Өрх болгоноос ядаж сарын 5000 төгрөг болж өгвөл 7500 төгрөг авдаг болох хэрэгтэй шүү, ингэж байж л хоггүй цэвэрхэн орчинд амьдарцгаана.

Зочин
Зочин
2022-09-09 11:28

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хэдэн цэцэрлэгжүүлэгч, хот тохижилтын газрын хэдэн ажилчид өвлийн хүйтэн зуны аагим х�##�уун хаврын хавсарганд нүдүүлэн энэ хотыг хогноос нь с�##�гаж, хэдэн мод бутыг нь ургуулж байна.. одоо ц�##�ин гэж авч буй угаасаа амьдр�##�д нь хүрдэггүй хэдэн төг нь үнийн өсөлтийн энэ г�##�зуурлын үед цаас болсон. гэтэл байгууллагын дарга нарын тоо, юу ч хийж чадахгүй хоосон ярьдаг цагаан захтнууд эдгээр ажилчидааасаа олон маш их зард�##� гаргаад нам дарга хоёроо дагаж д�##�даганаж, төрийн бүтээмж гэгч нь нойлдоо тулсан. Одоо ийм боолын мөлжлөгийн ажлыг хийх хүн олдохгүй. харин самранд явсан нь хамаагүй дээр.

Зочин
Зочин
2022-09-09 18:11

Барилгын ажилчдын ц�##�инг 2,3сар ажиллуулчхаад өгөхгүй мурьчихдаг юм билээ тэгэхээр хэн ажил хийх вэ манайхан ажилд сайн ача�##��##� сайн даана даанч хөдөлмөр нь үнэлэгдэхгүй юм даа

Иргэн
Иргэн
2022-09-10 00:58

Хэзээ Монголд тамхины иш гудамжинд байхаа болих вэ? Хогны мөнгийг нэмээчээ!

Зочин
Зочин
2022-09-10 08:37

анхаарах асууд�##� яах аргагүй мөн бна өөр юманд мөнгө үрж байхаар энэ мэт гол асуудлаа дэмжээсэй

Зочин
Зочин
2022-09-10 19:51

Аргагүй ш дээ ц�##�ин хөлс бага,х�##�двар хамга�##��##� ч байхгүй,хүнийг ажиллаад л байв�##� тэр хүн яаж ч хохироод байсан ч ажиллуулаад байдагаа болих хэрэгтэй дээ

Зочин
Зочин
2022-09-12 09:38

Хог ачилтын мөнгийг тогны мөнгөтэй бичилт хий Муу хэлээд байсан Үүл бага зэрэг ц�##�ин нэмсэн бхаа дарга нарын машиныг зараад паркийн шинэчлээё.

Зочин
Зочин
2022-09-12 11:37

Гэр хорооллын хотны мөнгө арай бага бнаа сард 5000 болговол зүгээр ш дэ ачигч нарын ц�##�инг нэмэх хэрэгтэй дэ

Холбоотой мэдээ

Back to top button