Х.Нямбаатар: Койны залиланг дампуурлын биш "Эрүүгийн хууль"-иар шалгана
УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар "Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэв.
Дампуурлын тухай хуулийг "Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль" болгон өөрчилж оруулж ирж байгаа аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Дампуурлын тухай хууль үйлчилсэн хугацаанд хэчнээн компанийн асуудлыг шийдвэрлэсэн бэ. Энэ асуудлаар мэргэшсэн хүмүүс бий юу. Койн гаргасан компаниуд бас яах вэ. 2021 оны тавдугаар сараас хойш бол койн гаргасан хөрөнгийн бирж нь хариуцлага үүрэх юм байна. Үүнээс өмнөхийг нь яаж зохицуулах юм бэ. Компани нь дампуураад шүүх дээр очиход, өр авлагынх нь араас шүүх хөөцөлдөж чадах уу" гэдгийг асуув.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Койны асуудлын хувьд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг УИХ баталсан. Тухайн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид СЗХ-нд өөрийн үзүүлж буй санхүүгийн үйлчилгээнийхээ талаар мэдээлэл хүргүүлнэ. Улмаар СЗХ-нд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулна. СЗХ-нд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тухайн хороотойгоо хамтарч тайлангаа гаргана. Цахим залиланг бие даасан гэмт хэрэг болгож оруулж ирнэ. Санхүүгийн секторын үгсэн хуйвалдах хэд хэдэн харилцаануудыг Эрүүгийн хуульд тусгайлан оруулж өгсөн.
Дампуурлын тухай хуулийн гол агуулга нь мөнгөн төлбөрөө 6 сараас дээш хугацаагаар төлж чадаагүй тохиолдолд хүсэлт гаргаад шийдвэрлүүлнэ" хэмээн хариуллаа.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.