УЛС ТӨР

Айлчлал: БНСУ-тай хамтран “Газрын ховор элементийн судалгааны төв” байгуулна

УИХ-ын дарга Г.Занданшатар нар БНСУ-д айлчлал хийж яваа. Айлчлалын хүрээнд өнөөдөр /2022.10.26/ УИХ-ын дарга тус улсын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё-той уулзжээ.

Уулзалтын үеэр Г.Занданшатар дарга "Парламентын ардчиллыг бэхжүүлэн төгөлдөржүүлэх чиглэлд хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, тэр дундаа БНСУ-ын Үндэсний ассамблейгаас хэрэгжүүлж буй хиймэл оюун ухаанд суурилсан хууль тогтоох үйл ажиллагаа, нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулдаг арга хэлбэр, гүйцэтгэх засаглалд тавих хяналтын тогтолцооны сайн туршлагаас суралцах зүйл бидэнд бий" хэмээн онцолжээ.

Ким Жин Пё хоёр улсын парламент хоорондын нягт хамтын ажиллагаа чухал. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар хөгжүүлэхэд онцгой анхаарч, тогтвортой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хоёр талын парламент, парламент дахь найрамдлын бүлгүүд идэвх санаачилгатай ажиллахын чухлыг тэмдэглэжээ. Тэрбээр “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" байгуулах, хөрөнгө оруулалтын баталгааг хангах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн харилцааг өргөжүүлэхийн чухлыг дурдав.

Монгол Улс байгалийн баялаг арвинтай бол БНСУ технологи, инновац, аж үйлдвэрлэлийн өндөр хөгжилтэй. Эдгээр давуу талдаа түшиглэн эдийн засгийн харилцааг дараагийн шинэ түвшинд гаргах нь чухал ач холбогдолтой.

Энэ хүрээнд хоёр улсын хамтарсан “Газрын ховор элементийн судалгааны төв” байгуулахаар болсон хэмээн онцлоод парламентаас дэмжиж ажиллахыг хүслээ.

Уулзалтаар талууд түүх, соёл, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button