Нийгмийн

БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.


ҮЙЛДВЭРЛЭГЧ Б.Ундармаа: Монголчууд МИШ-ийг хэрчсэн гурил шиг хэрэглээд хэвшчихвэл том олз

“Цаашид үйлдвэрээ улам өргөжүүлэн, илүү олон хүнийг ажлын байраар хангахыг хүсэж байна. Монголчууд маань хэрчсэн гурил хэрэглэж сурсан шигээ хэрчсэн ногоог хэрэглээд хэвшчихвэл надад том олз” хэмээж буй түүнийг “Шинэ алхам классик” ХХК-ийн захирал, МИШ брэндийг үүсгэн байгуулагч Баяраагийн Ундармаа гэдэг. Ногоог хэрчиж, хагас боловсруулан, савлаад худалдах санааг Монголдоо анх нэвтрүүлсэн тэрбээр МИШ брэндээрээ олонд хэдийнэ танигдсан.

Тус брэндийг хүмүүс “Эхнэр авах шаардлагагүй боллоо” гэдэг рекламаар нь бүр ч илүү мэднэ. Гэхдээ МИШ-ийн таван цуврал, багц рекламнаас хүмүүс ганцхан үүнд хэт ач холбогдол өгж, туйлширсан юм билээ. Шинийг санаачлан, Монголдоо анхдагч болж яваа хүчирхэг бүсгүй Б.Ундармаатай ярилцлаа.

-МИШ брэнд хэрэглэгчдийн гар дээр очоод чамгүй удлаа. Монголчууд хэрчсэн гурил, мах зэргийг хэрэглээд хэдийнэ хэвшсэн. Ногоог хэрчин, хагас боловсруулж савлаад худалдаж байгаа тань Монголдоо анхдагч. МИШ брэндийг бий болгох санаа танд хэрхэн төрөв?

-Юуны өмнө уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. МИШ-ийг бий болгосон минь их адармаатай (инээв). Юуг нь нуух вэ дээ. Би өнгөрсөн жил хашаандаа 70 орчим тоннын багтаамжтай нүхэн зоорь, дээр нь мах, ногооны том зоорь барьсан юм. Тэгээд доор нь баахан лууван, дээд талынх нь зооринд тав орчим сая төгрөгөөр байцаа дарлаа. Хавар гаргаж ирээд нугалаад зарчихна гэж тооцоолоод л. Анх удаа тийм ажил хийсэн болохоор туршлагагүйтсэн хэрэг. Тэгээд энэ жил гурван сард ногоогоо зарах гэтэл буруу байцаа авчихаж. Бас ногооны хорогдлыг тооцоогүй нь миний алдаа. Тооны машинд хэдэн тоо бодоод л яг түүгээрээ тооцчихгүй юу. Бизнест хэзээ ч тэгж болдоггүйг ухаарсан. Барагцаагаар намар 700 орчим шуудай байцаа дарлаа гэхэд хавар 350 орчим болдог юм байна. Байцаагаа таньдаг хүнээсээ авсан юм л даа, уг нь. Өвөлжин дарна, хамгийн сайнаасаа өгөөрэй гэж захиж байгаад авсныг яана. Наймаанд найз байдаггүй гэдэг үнэн юм билээ. Тэгээд “шатав”. Таван сая гаруй төгрөгөө салхинд хийсгэх ямар олиг байх вэ. Тэгж явахад надад ногоог хэрчиж, савлаад худалдах санаа төрсөн юм.

Наймаачид ихэвчлэн том ногоо зардаг. Гэтэл жижиг хэмжээтэй ногоонууд хаягдал болох нь их. Хэрэглэхэд адилхан л ногоо шүү дээ, уг нь. Харин ч илүү амттай. Ногоо намрын улиралд хямдхан, хавар үнэ нь тэнгэрт хаддаг. Монгол ногоо олддоггүй. Хятад ногоог шороонд холиод л “Монголынх” гээд зардаг гэж шүүмжлэх хүн олон. Тэгээд л МИШ-ийг бий болгосон юм. Надад хулхи байцаа зарсан залууд би баярлаж явдаг. Надад ийм бизнесийн санаа төрүүлсэн шүү дээ.

Хэрчсэн гурил анх худалдаанд гарахад хүмүүс хэрхэн хүлээж авсан билээ. Хаана, хэрхэн хийж байгаа нь эргэлзээтэй гээд эхэндээ нэлээд шүүмжилсэн. Одоо тэгэхэд хүмүүс хэрэглээд сурчихсан, “Лапша” гээд том брэнд бий болчихлоо. Над шиг нэг үндэсний үйлдвэрлэгч шинэ санаа эрэлхийлээд л анх бий болгосон. Тэр хөрсөн дээр нь “Лапша” үүссэн байхгүй юу. МИШ яг үүнтэй адил.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Ган хоолойт ууган аварга

“Хүй цөглөсөн өлгий нь

Хүрээмаралын толгод

Хүчтэний дэвжээнд түшсэн

Хонгор нутгийн уулс

Баяр баярын дээдийг

Олны сонорт хүргэсэн

Багшийн эрхэм алдраар

Түмний хайрыг хүлээсэн

Морьтны цэнхэр далбааг

Дэлхийн дэвжээнд мандуулахад

Монгол хэмээн уухайлж

Дөрвөн далай цалгисан

Хөх Монголын анхныХөх дэлхийн аварга” хэмээх үгтэй нэгэн дуу бий. Соёлын гавьяат гавьяат зүтгэлтэн, улсын начин С.Эрхэмбаяр дуулж, олны хүртээл болгосон эл бүтээлийн эзэн нь хэдийгээр өдгөө бидний дунд байхгүй ч их спортод гаргасан амжилт, тайлбарлагчийн ур чадвараараа үеийн үед дуурсагдаж, шавь нар нь бөхийн төрлийн өнгийг тодорхойлж, багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж явна. ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны бөх, Гавьяат тамирчин, улсын начин, алдарт тайлбарлагч Шагдарын Чанравыг дурсав.

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат тэрбээр 1948 оны арваннэгдүгээр сарын 20-нд Г.Шагдарын бага хүү болон мэндэлжээ. Ш.Чанрав багаасаа уулнаас мод бэлтгэх, түлээ хөрөөдөх зэрэг хар ажилд нухлагдан, хөдөөгийн бусад хүүхдийн адил дээл, гутлаа ханзартал барилдаж өсчээ. Хичээлдээ толгой цохин, Хүрээмарал сумын сургууль (хожим түүний нэрэмжит болсгосон)-ийн анхны “Таван онц”-ын эзэн болсон ч барилдахаас илүү сайхан зүйл түүнд байсангүй. Ямар сайндаа ангийнх нь багш Б.Вангуржав “Ганц дээлт барилдаанч, ганц морьт уралдаанч гэдэг ёстой үнэн юм байна. Чи хүүхдүүдтэй барилдаж байгаад хичээлээсээ үргэлж хоцордог. Тэгэхдээ дээлээ дандаа урна. Муу ээж чинь чамд хэчнээн дээл хийж өгөх чадалтай билээ” хэмээн түүнийг зэмлэсэн гэдэг.

Алдарт аваргуудын тухай домог яриаг чих тавин сонсож, спортод өдөр ирэх тусам улам хорхойссон түүний аав 1951 онд залуудаа зуурдаар нас барахад Ш.Чанрав гурван настайдаа өнчирч хоцорчээ. Ээж А.Цэдэнбалжир нь том хүү Ш.Сэнгэравданг эрдмийн мөр хөөлгөн, Ш.Чанравыг сонирхлынх нь дагуу бөх болгох хүсэлтэй байв.  Хэдийгээр Ш.Чанрав онц сурдаг байсан ч ээжийнхээ гар, хөлийнх нь үзүүрт дэм болохын тулд дөрөвдүгээр анги төгсөх жилээ сургуулиас гарсан. 1964 оноос бригадынхаа 300 гаруй адууг маллан, хоёр жилийн дараа гэхэд аймгийнхаа аварга адуучин болжээ. Тэрбээр энэ тухай хань Л.Лириймаадаа “Адуу маллаж явсан үе бөх болохын минь суурь, бэлтгэл болж байсныг бүр сүүлд мэдсэн. Олон адуу уургалан, дэллэж, хөөвөрлөн, сургах амаргүй. Өдөрт цөөндөө 3-4 морь эцээнэ. Тийм их ажил ундарч байв. Орой гэртээ ирэхэд хоёр гар сарвайгаад бараг уураг даахгүй болдог сон. Давстай хар цайгаар шавшиж, шавшиж унтана. Тэгж явсныхаа ачаар хэчнээн удаан барилдсан ч гар минь бадайрч, сарвайхын зовлонг мэдрээгүй” гэж дурсжээ.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


MCS тус санаж, Ерөнхийлөгч өш зангидав

“Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-д түшиглэн байгуулагдсан “Тавантолгой түлш” зах зээлд шахмал түлш нийлүүлэх үүрэг хүлээн ажиллаж буй. Нийслэлд түүхий нүүрс түлүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбогдуулан тус компани өнгөрсөн жилээс эхлэн, шахмал түлш үйлдвэрлэж байгаа юм.

Шахмал түлшийг үйлдвэрлэхдээ технологийн шаардлагад нийцүүлэх зорилгоор угаасан нүүрсийг “Энержи Ресурс” компаниас авч буй. “Энержи Ресурс” компанийн нүүрс угаах үйлдвэрээс жилд 2-3 сая тонн орчим хаягдал нүүрс гардаг. Хоёр талаас, шахмал  түлш үйлдвэрлэхэд угаасан нүүрс  илүү зохимжтой, нөгөө талд угаасан нүүрсний овоолго зах зээлийн эргэлтэд ордоггүй тул хэрэгцээг ингэж нөхсөн байна.

“Энержи Ресурс” компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд угаасан нүүрсний овоолгоос  таван жил хэрэгцээндээ тааруулан үнэгүй ашиглах гэрээг “Тавантолгой түлш” компанитай  байгуулжээ. Харин “Тавантолгой түлш” компани жилдээ 600 сая тонн орчим нүүрсийг “Энержи Ресурс” компанийн угаалгын талбайгаас авч хэрэглэх юм.

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр угаарын хийнээс үүдэж амиа адсан байж болзошгүй зургаан иргэний ар гэрт эмгэнэл илэрхийлэхдээ ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв?

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Ж.Батбилэг: Өдийд шахмал түлш авсан айлууд тэр чигтээ үхсэн байж таарах нь

“Тавантолгой түлш” ТӨХК-ийн  дөрөвдүгээр үйлдвэрийн дарга Ж.Батбилэгээс дараах тодруулгыг авлаа. Тэрбээр 1980 оноос хойш  нүүрсний чиглэлээр ажиллаж буй нэгэн аж.

-Шахмал түлшийг  энгийн буюу уламжлалт зууханд түлэх боломжгүй гэх зөвлөмжийг өмнө нь танайд өгч байсан талаар албаны хүн мэдээлэл хийлээ. Танай компанийн зүгээс уг мэдээллийг нуун дарагдуулсан гэдэг нь хэр баттай мэдээлэл вэ?

-Би нүүрсний чиглэлээр 31 жил ажиллаж байна. Нүүрсний химич мэргэжилтэй. Энгийн зууханд түлэх туршилтыг сүүлийн 20-иод жил эрчимтэй хийсээр ирсэн. Бүх төрлийн шинжилгээгээр 2011 оноос хойш баталгаажиж, стандартаа хангасаар ирсэн. Шахмал түлшийг энгийн зууханд түлэх боломжтой гэдэг нь нотлогдсон. 

–Та мэргэжлийн хүнийхээ хувиар уламжлалт зууханд шахмал түлшийг түлж болно гэдэгт хэр итгэлтэй байгаа вэ?

-100 хувь итгэл үнэмшилтэй байгаа. Би өөрөө утаа багатай зуухны зохион бүтээлтийн чиглэлд 10 патент эзэмшдэг. Европын стандарттай нийцсэн технологиор зуух хийж байсан учраас би ерөнхий зарчмыг нь мэдэж байна. Энгийн зуух гэдэг нь бортогийг тайрсан хэлбэр. Сайжруулсан түлш энгийн зууханд дээрээсээ шатдаг. Тэгэхээр доороос гарч байгаа утаа нь саадгүй нэвтэрч, бүрэн шаталтыг үүсгэдэг. Модон галлагаан дээр бага багаар хийгээд явахад ч асуудал үүсгэхгүй. Сайжруулсан зуух, монгол гэрийн зуух хоёр ялгаатай. Гол нь зөв галлах хэрэгтэй байгаа.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


НҮБ: Монгол эмэгтэйчүүд “хогон дунд” ажиллаж, ар гэрээ урагш чирдэг

"UNENVIRONMENT.ORG" сайтад нийтлэгдсэн, хог хаягдлыг боловсруулах бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг монгол гэр бүлийг жишээ татахад ашигласан гэрэл зураг.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчныг хамгаалах хөтөлбөрийн сүүлийн үеийн судалгаа хог хаягдлыг ялгах, боловсруулах салбарт жендерийн тэгш бус байдал бий болсон тухай сэдвийг хөнджээ. Өчигдөр буюу аравдугаар сарын 7-ны өдөр эл судалгаа албан ёсоор нийтлэгдсэн бөгөөд, судлаачид Монгол, Непал, Бутан гэсэн гурван орныг жишээ болгож ашигласан байна.

Судалгааны тайлан, “Эмэгтэйчүүд том тэрэгний жолооч болж чадахгүй, учир нь бохир ажил. Гэхдээ зарим бүсгүйчүүд бохир гартайгаар яаж гэр бүлээ урагш чирээд байна вэ?” гэсэн өгүүлбэрээр эхэлнэ.

Тэд Монгол улсаас Улаабаатар ТҮК, Бутан улсаас Greener Way хог цуглуулах, боловсруулах үйлдвэрийг жишээ татжээ. Чингээд энэ салбарт жендерийн ялгаа ихээхэн гараад удаж буй, зөвхөн эмэгтэй хүний, мөн зөвхөн эрэгтэй хүний хийх боломжтой ажил үүрэг нэлээдгүй ялгардаг тухай тайлбарласан бөгөөд Бутаны хог боловсруулах үйлдвэрт л гэхэд эмэгтэйчүүд том том хогийн савтай ажиллахад хүндрэлтэй учир энэ хэсэгт дандаа эрчүүдийг ажиллуулдаг тухай дурьдсан байна.

НҮБ-ын эл хөтөлбөрт удирдах алба хашдаг Клодиа Гиачовели хэлэхдээ, “Сайн мэдээ гэвэл, хог хаягдлыг боловсруулах салбар нь ажилгүй, ажил эрхлэх боломжгүй эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгож байгаа нь харагддаг. Нийгэмд чухал байр суурь эзлэх, хөдөлмөр эрхлэх боломжийг олгож байна” гэжээ.

Ийнхүү хамгийн эхний орон болох Непалиас жишээ татахдаа Лилавати Ша гэх 39 настай, дөрвөн хүүхдийн ээж эмэгтэйн тухай бичсэн байна. Тэрбээр нөхрийнхөө хамт Kawadi гэдэг нэртэй дэлгүүр ажиллуулдаг бөгөөд, энд нь хог хаягдлуудыг дахин боловсруулж бүтээсэн ахуйн хэрэглээний бараануудыг худалддаг бололтой.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


ФОТО: Нийслэлийн “ХӨГШИН” барилгууд хэдэн настай вэ

МОНГОЛ БАНК

Монгол банкны энэ байшин 1930-аад онд баригдсан байдаг. Нэгдүгээр байр нь 5-6 жилийн дараа, Б корпус 1990-ээд оны дундуур баригджээ. Өдгөө уг барилга 90 гаруй жилийн настай.

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ

VIII Богд Жавзандамба Туул голын хөвөөн дэх Ногоон ордноо 1893-1903 онд бариулжээ. Өдгөө уг барилга 116 жилийн настай

НИЙСЛЭЛИЙН ТАВДУГААР СУРГУУЛЬ

Тавдугаар сургуулийн үндсэн барилга нь 1950 онд баригдсан ба  ашиглалтын шаардлага хангахаа больсон. Найман баллын бүсчлэлд газар нутаг нь орчихсон тул газар хөдлөлт, чичирхийллийг давахгүй гэх. Өдгөө уг барилга 69 жилийн настай.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Япон, БНХАУ-ын багийг ардаа орхиж Азид тэргүүлсэн залуу МАРКЕТЕРУУДТАЙ ярилцлаа

Сингапур улсад зохион байгуулагдсан “Spikes Asia” Азийн маркетинг креатив салбарын хамгийн том наадмын нэг хэсэг болох 30 хүртэлх насны залуу маркетеруудын дунд зохиогддог “Young Spikes Integrated” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн анх удаа оролцсон залуус тэргүүн байр эзлэн эх орондоо ирээд байна. Энэ жилийн тэмцээнд Ази, номхон далайн орнуудын нийт 10 улсын, 18 баг оролцсоноос:

1-байр, Gold Winner – Mongolia, Viral Agency

2-р байр, Silver Winner – China, DDB

3-р байр, Bronze Winner – Japan, Dentsu

БНХАУ, Япон улсын туршлагатай томоохон багуудыг ардаа орхиж, анхны оролдлогоор тэргүүн байрын шагнал хүртсэн Viral Agency компанийн үүсгэн байгуулагч Х.Цэнд /29 нас/ болон креатив директер Б.Есөнзаяа /23 нас/ нартай уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө танай багийнханд баяр хүргэе. Та бүхний явж ирсэн тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс ярилцлагаа эхэлье…

-Манай салбар бол маркетинг креативийн салбар. Монголын хувьд маркетинг нь үүсэж хөгжөөд явж байгаа боловч креатив гэдэг ойлголт руу хараахан орж эхлээгүй байгаа. Маркетинг креативийн салбарт олимпын гэж хэлж болох хоёр томоохон тэмцээн бий. Нэг нь Cannes Lions буюу дэлхийн хамгийн шилдэг компани, бүтээл, агентлаг, брендүүдийг шалгаруулдаг тэмцээн бол нөгөө нь түүний охин наадам болох Spikes Asia Festival of Creativity юм. Уг фестивальд Ази номхон далайн бүхий л орнуудын томоохон бренд, компани, маркетинг креатив салбарынхан, старт-апууд, маркетингийн албаны дарга нар, медиа компаниуд оролцож болдог. Уг наадмын нэг хэсэг нь “Young Spikes Integrated” буюу 30 хүртэлх насны залуу маркетеруудын дунд болдог тэмцээн байдаг.

-Тэмцээн ямар төрлүүдээр хэрхэн өрнөдөг вэ?

-Таван төрлөөр явагддаг. Design, Digital, Integrated, Media, PR зэрэг таван төрлөөр явагддаг. Энэ жил Монгол улс анх удаа уг тэмцээнд багаа илгээхээр тавдугаар сард Монголын маркетингийн холбоо тэмцээнийг нь албан ёсны эрхтэйгээр өөрийн улсад зохион байгуулсан. Энэ тэмцээнд оролцохын тулд дэлхийн шилдэг агентлагууд Ази дахь салбараасаа залуу маркетруудаа илгээдэг. Эсвэл бусад улс орнууд дотооддоо тэмцээнийг нь албан ёсны эрхтэйгээр зохиогоод түрүүлсэн багаа илгээдэг. Бид хоёрын хувьд өнгөрсөн тавдугаар сард Монгол улсдаа зохиогдсон тэмцээнд оролцож түрүүлээд, оролцох эрхээ авсан. Ингээд саяхан есдүгээр сарын 25-27-ны хооронд тэмцээндээ ороод эх орондоо ирлээ.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Loce: “Диско муужгай” дуугаар юу ч илэрхийлэхийг хүсээгүй, зүгээр л аальгүйтье гэж бодсон

 “Диско муужгай” нэртэй уран бүтээлээ цацаад удаагүй байгаа, артист, продьюсер Loce буюу Б.Энхтүвшинтэй ярилцлаа.

-“Диско муужгай” дууны клип цацагдсанаасаа хойш нэлээдгүй хандалт аваад байна. Энэ уран бүтээл дээр хэр удаан ажиллав, эндээс яриагаа эхэлье.

-Яг ажиллаж байх үеийнхээ бичлэгийг Инстаграм орчинд урьдчилан оруулж, “Ийм дуу хийх гэж байгаа шүү” гэсэн мессежийг түгээсэн юм. Гэтэл энэ бичлэгийг нэг фэйсбүүк хуудасны админ авч байршуулснаар маш олон хүний хандалтыг авсан. Үүнийг хараад “Яалт ч үгүй хурдан клипжүүлж гаргах ёстой юм байна, сонсогчид хүлээж байна” гэдгийг ойлгож, гүйцэтгэлийн ажлаа яаравчилсан гэж болно. Тэрхүү туршилтын бичлэг цацагдсанаас хойш гурав хоногийн дотор эцсийн хувилбараар бэлэн болгоод Youtube сувагт байршуулсан.

-Youtube-д байршаад дөрөв хонож байгаа юм байна.

-Тийм. Хүмүүсийн хандалт ер нь сайн байна шүү.

-Сонсогчдын олон янз сэтгэгдлийг хэрхэн хүлээж авч байна вэ? Клипний ерөнхий концепцийг олон нийт дэмжиж бас муучилж байгаа нь харагдсан.

-Дийлэнх нь эерэг хандлагатай байгаа. Энэ дуу дээр үеийн Deep Techno урсгалыг барьсан, ийм хэмнэл дээр үглэх, дуулах гэдэг бас тийм ч амар биш. Үзэн ядсан хандлага ирсэн ч эергээр хүлээж авахыг хичээж байна. Үүн дээр нэг их ач холбогдол өгч, санаа зовоод байх хэрэггүй гэж үздэг.

-“Муужгай”-ны өмнө ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байсан бэ?

-14, 15 настай байхдаа Latest гэдэг хамтлаг байгуулж, дуу хийдэг байсан. Тэрнээс хойш хөгжмөө хаяхгүй явсаар 2016 онд Backyard гэх шоунд оролцсоноор өөрийнхөө үеийн сонирхол нэгт залуустай танилцаж, Unbox гэдэг студийг байгуулсан. Энэ студийн ажлын хүрээнд өөрсдийн соло уран бүтээлүүдийг продьюсерлэн гаргаж эхэлсэн.

Ер нь 2016 оны үеэс Монголд энэ Trap урсгал хүчтэй орж ирэн, хүмүүс сонсдог болж эхэлсэн гэж би хувьдаа боддог юм. Яг энэ үед Squally Boys хамтлагаараа муулуулж, сайлуулан хамгийн өндөр хандалт бүхий Trap урсгалын дуунуудыг хийж, Youtube сувагт нэг сая хандалтын амжилт тогтоож байлаа.

Squally Boys-оос хойш хувийн уран бүтээл дээр нэг их ажиллаагүй. Энэ зун бол давгүй амжилттай. “Хөгжим Моб” гэдэг төсөл дээр продьюсэрээр ажиллаж, хуучны мартагдах шахсан дуунуудыг орчин үеийн өнгө аясад оруулж, шинэчлэн найруулаад хэд хэдэн уран бүтээл гаргалаа. Бас л нэг шинэ зүйл хийсэн гэж бодож байна. Яг одоогоор бол соло уран бүтээл дээр бага зэрэг анхаарсан байдалтай… “168” гэдэг шинэ залуу артисттай хамтран “Диско муужгай” дуугаа гаргасан.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


СУРВАЛЖИЛГА: Сайжруулсан түлшинд итгэх иргэдийн итгэл алдраагүй

Жилийн жилд утааны асуудал нийслэлчүүдийг бухимдуулдаг. Төрөөс агаарын бохирдлыг хэрхэн бууруулах шийдлийг бүрэн олохгүй мунгинасаар, иргэд эрүүл мэндээрээ хохирсоор өдий хүрсэн. Өнөө жил нэгэн шийдэл олсон нь Улаанбаатарт түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, сайжруулсан түлшээр иргэдийг хангаж буй явдал. Засгаас газраас баталсан 62 дугаар тогтоолын дагуу хэрэгжүүлж буй тус ажил мордохын хазгай болоход ойрхон байна. Гэхдээ ийм үр дүнг Төр засаг, улаанбаатарчуудын хэн нь хүсээгүй. Сайжруулсан түлш өгөөжөө, үр дүнгээ өгч, Улаанбаатар хот утаанаасаа салбал түүн шиг сайхан зүйл гэж юу байх вэ. Гэхдээ одоогоор хонгилын үзүүрт гэрэл бүдэг асаж байна.

MNS 5679:2014 стандартын чанарын шаардлагыг хангасан “Сайн түлш”-ээр улаанбаатарчууд галлаж эхэлсэн хэдхэн хоногт зургаан хүн угаартан, амиа алдсан нь үнэхээр харамсалтай. Тэд төдийгүй угаартан эмнэлэгт хүргэгдсэн иргэд Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэн, сайжруулсан түлш хэрэглэсэн. Хүний амь тоглоом биш. Хэн нэгний шийдэл хайн, ямар нэгэн юмны чанарыг шалгадаг туршилтын бай бүр ч биш.

Цаашид хүйтэрвэл хэрхэх бол. Хүйтрэхийн хэрээр иргэд түлшээ ахиу түлнэ. Пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө 6-8 градус хүйтэн хонох цаг агаарын урьдчилсан мэдээ дуулдана лээ. Монгол хүнд эрүүл, аюулгүй амьдрах Үндсэн хуулийн эрх бий. Хэдийгээр улсын ажлыг бид хоёр гараа өргөөд дэмжих нь зүйтэй ч урагшгүй ажлынхаа балгийг иргэдэд тохоод өнгөрч боломгүй.

Хэдийгээр иргэд нүүрс түлээд сурчихсан, арвин туршлагатай ч “Сайн” түлш шинэ хэрэглээ. Яавал угаартахыг иргэд шинжлэх ухааны ойгүй үндэслэлээр бус амьдралынхаа туршлагаар сайн мэднэ. Гэхдээ угаартах дээрээ тулбал сайжруулсан түлшнээс ч, нүүрснээс ч, тэр ч бүү хэл модноос ч угаартана. Бүгд л дутуу шатаавал уугисаар амь насанд аюул учруулах эрсдэлтэй.

Д.Дамба: Цөөхөн шуудайгаар бус нэг мөсөн ахиуханг авах хүсэлтэй иргэд олон байна

Бид бодит байдал ямар байгааг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн борлуулалтын 12 дугаар цэгийг зорилоо. Өчигдөр дулаахан байсан тул худалдан авагч цөөхөн байв. Олонх иргэд сайжруулсан түлш хэрэглэж үзээгүй, хүйтрэхээс өмнө худалдаж авахаар төлөвлөснөө дуулгана лээ. Тус цэгийн борлуулагч Д.Дамбаас зарим зүйлийг тодруулав.

–Танай цэгийн хувьд борлуулалт, ачаалал хэр байна вэ?

-Гайгүй ээ. Өдөрт 200-250 шуудай түлш борлуулж байна. Удахгүй хүйтрэхээр ачаалал бүр их нэмэгдэх байх.

-Иргэдээс ихэвчлэн ямар санал гомдол ирж байна вэ?

-Сүүлийн өдрүүдэд “Танай түлшинд хүн угаартаж нас барсан гэж үнэн үү” гэж их асууж байна. Санаа зовних нь аргагүй. Үнс ихтэй байна гэх гомдол ирдэг. Бас “Сайн” түлшийг хэдхэн шуудайгаар бус ахиухан хэмжээгээр нэг мөсөн авах хүсэлтэй иргэн олон байна. Цөөхөн шуудайгаар зөөж түлэх хүндрэлтэй байгаагаа дуулгасан.

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


“Онцц дүмд” төслийн Дулмаа, Бүжин нарт дуу оруулсан С.Сэлэнгэтэй ярилцлаа

Гэрэл зургийг: А.Мандуул

Дуучин Rokit Bay буюу О.Баярсайханы зохиолыг нь бичиж найруулсан “Онцц Дүмд ” цуврал 2017 онд үзэгчдэд хүрч, монголын кино урлагт нэгэн шинэ хуудсыг нээсэн. Нэг анги нь 20 гаруй минут үргэлжлэх, насанд хүрэгчдэд зориулсан тус хүүхэлдэйн кинонд дуу оруулагч жүжигчнээр ажилласан С.Сэлэнгэтэй бид энэ удаа ярилцлаа. Тэрбээр Дулмаа, Бүжин, Гарьдма, Сошиал од, Ууртай ээж, Фен клабын охины дүрд тус тус дуу оруулсан. Ууртай Дулмаа, ялдам Бүжин нарын эрс тэс дүрд нэг хүн дуу оруулсныг кино багийнхан сүүлд задалж, олны гайхшрал, бахархлыг төрүүлж байлаа.

-Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу? Сэйко гэдгээр нь хүмүүс мэддэг ч төдийлөн таны талаар мэдээлэл бага байдаг?

-Намайг Сэлэнгээ гэдэг. Найзууд, радиогийнхон, уран бүтээлийн нэр гээд янз бүрийн л нэртэй болж. Радиод би Фатима нэртэй ажилладаг байсан. Онцц дүмдд төслөөр Дулмаа, Бүжин нэртэй болж, найзууд Сэйко гэж дууддаг. Би СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн. Анх жүжигчнээр суралцаж байгаад хэсэг хугацааны дараа мэргэжлээ сольж найруулагч болгосон.

-Найруулагч мэргэжилтэй ч та одоо дуу оруулагч жүжигчин мэргэжлээр илүү мэргэшээд байх шиг. Энэ салбар руу хэрхэн хөрвөж орсон түүхээ хуваалцахгүй юу? 

-Их сонин шүү. Намайг хоёрдугаар ангид байхад анхны радионуудын нэг болох Эрх чөлөө радиод ажилладаг Төгсөө ах нэг санал тавьсан. “Миний дүү нэг их хөөрхөн хүүхдийн хоолойгоор зайрмагны рекламанд тоглох уу, ах нь чамд боломж олгоё” гэсэн. Хүүхэд байсан болохоор маш их айдастай “Би чадах болов уу” гэж хүлээж авсан. Тэр үед “Ангарская марожни” орж ирж байсан үе юм. Үүнээс хойш хүүхдийн дуу хоолой шаардагдахаар бол намайг дууддаг боллоо. Ингээд удалгүй хүнсний дэлгүүрийн реклам дээр “Ааваа, ааваа та надад гоё юм авч ирсэн юм уу” гэж хэлээд дүүгийнхээ хамт дуу оруулж байснаа санадаг.

Би дуу, бүжигт их дуртай хүүхэд байсан. Өөрийн бүжгийн хамтлаг хүртэл байгуулж явсан үе бий (инээв. сурв) Дараа нь дуулах ур чадвараа хөгжүүлэхээр “Nature sound” студид хүртэл явж байсан.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Д.Цогтбаатар: Би ТЕГ-т бүх элчин сайдыг шалгуулахаар өгсөн, тэр хулгайч чинь би биш

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Польшд эрэн сурвалжлагдаж буй элчин сайдуудын асуудлыг яах вэ?

-Польшд эрэн сурвалжлагдаж буй элчин сайдууд гээд өнөөдөр л гэнэт 69 хүн тээгээд аваад яваад байгаа шиг ойлгоод байгаа. Гэтэл та бүхэн мэдэж байгаа шүү дээ, энэ бол 2009 оны жагсаалт. Маш тодорхой нэг зүйлийг хэлье. 

-Хэрэг хуучирдаггүй шүү дээ?

-Тийм. Тийм ч учраас би цагдаад өгчихсөн байгаа. 69 хүнийг бүгдийг нь өгсөн. Хуучин энэ чинь Польшийн цагдаа дээр хэрэг үүсчхээд манайд мөрдөн байцаах газар хүсэлт нь орж ирээд, Мөрдөн байцаах газраас Гадаад харилцааны яаманд ирж байгаа. Бид гадны хууль хүчний байгууллагатай шууд харьцаж ажилладаггүй. Ирсэн мэдээллийг нь бүгдийг нь бид өгөөд явуулсан. 2008 онд энэ улс 69 жагсаалттай зогсож байсан байна. Би тэгэхэд дөнгөж ТНБД болж байсан. 2009 онд ахиад тэр ирсэн. Хэдэн сарын дотор би бодлого боловсруулаад арга хэмжээ авдаг болоод хэд хэдэн арга хэмжээнүүд авсан.

-69 хүний нэрийн жагсаалтад та яагаад ялгавартай хандсан юм бэ? Ерөнхий сайдын ахлах зөвлөх Энх-Амгалан гэдэг хүнийг Амгалан-Энх гээд биччихсэн байсан шүү дээ. Зарим хүмүүсийг та өөрөө бас томилж явуулсан бишүү?

-Бид нар бичихгүй шүү дээ. Польшоос тэр бичиг нь ирээд манай Улсын мөрдөн байцаах газраас 2009 оны долоодугаар сарын 31-ний бичгийг үзээрэй. Бид цагдаагаас орж ирж байгаа бичгийн хүний нэрийг өөрчилж болохгүй. Ямар нэрс ирсэн тэр хэмжээнд нь л гаргаж ирсэн.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Х.Заяажаргал: Зээлийн батлан даалтын сан зээлдэгчийн эрсдэлийг хариуцах үүрэг хүлээдэггүй

Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд бизнес эрхлэгчдэд банк санхүүгийн  байгууллагын санхүүжилт авах боломжийг нь нэмэгдүүлэх чиг  үүрэгтэйгээр Зээлийн батлан сан ажилладаг. Бид энэ удаа Зээлийн батлан даалтын сан жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд яг ямар санхүүгийн харилцаа үүсдэг, эрсдэл гарсан тохиолдолд хэрхэн зохицуулагддаг талаар тус сангийн Эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Заяажаргалтай ярилцлаа.

-Зээлийн батлан даалтын сангийн үндсэн чиг үүргийн талаар яриагаа эхлүүлье?

-УИХ-аас 2012 онд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг баталж, 2013 онд Зээлийн батлан даалтын сан үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Сангийн гол зорилго нь зээлийн батлан даалт гаргах замаар жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх юм. Тэдний хүсэж буй санхүүжилтийг 100 хувь олгуулахын тулд нийт зээлийн 60 хувьд нь Зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргадаг. Тэгэхээр үлдсэн 40 хувийн барьцаагаа зээлдэгч өөрөө хангах үүрэг хүлээдэг.

-Засгийн газрын харьяа сангууд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох чиглэлийг барьдаг. Тэгвэл танай зээлийн батлан даалтын сан жижиг дунд бизнес эрхлэгчдэд боломж олгохын зэрэгцээ арилжааны жамаар нь бизнесийн харилцаа үүсгэхэд хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Бусад сангуудаас манай сан зээлийг шууд олгодоггүйгээрэй ялгаатай. Зөвхөн төслийн зээл гэхгүйгээр, арилжааны банкны өөрийн эх үүсвэртэй бизнесийн зээлд ч батлан даалт гаргадаг. Өөрөөр хэлбэл, арилжааны банк тухайн зээлийг судлаад төсөл хэрэгжих боломжтой, барьцаа хөрөнгийн шаардлагыг хангахгүй байна гэж үзвэл Зээлийн батлан даалтын санд ханддаг. Бизнэс эрхэлж буй хэн ч байсан манай Санд хандах боломжтой. Гэхдээ хууль журамд заасан шаардлага нөхцөлийг хангасан байх ёстой.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

БАГЦАЛСАН: Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button