НийгмийнҮЙЛДВЭРЛЭГЧ

ҮЙЛДВЭРЛЭГЧ Б.Ундармаа: Монголчууд МИШ-ийг хэрчсэн гурил шиг хэрэглээд хэвшчихвэл том олз

“Цаашид үйлдвэрээ улам өргөжүүлэн, илүү олон хүнийг ажлын байраар хангахыг хүсэж байна. Монголчууд маань хэрчсэн гурил хэрэглэж сурсан шигээ хэрчсэн ногоог хэрэглээд хэвшчихвэл надад том олз” хэмээж буй түүнийг “Шинэ алхам классик” ХХК-ийн захирал, МИШ брэндийг үүсгэн байгуулагч Баяраагийн Ундармаа гэдэг. Ногоог хэрчиж, хагас боловсруулан, савлаад худалдах санааг Монголдоо анх нэвтрүүлсэн тэрбээр МИШ брэндээрээ олонд хэдийнэ танигдсан.

Тус брэндийг хүмүүс “Эхнэр авах шаардлагагүй боллоо” гэдэг рекламаар нь бүр ч илүү мэднэ. Гэхдээ МИШ-ийн таван цуврал, багц рекламнаас хүмүүс ганцхан үүнд хэт ач холбогдол өгж, туйлширсан юм билээ. Шинийг санаачлан, Монголдоо анхдагч болж яваа хүчирхэг бүсгүй Б.Ундармаатай ярилцлаа.

МИШ 100 ХУВЬ БАЙГАЛИЙН ЦЭВЭР БҮТЭЭГДЭХҮҮН

-МИШ брэнд хэрэглэгчдийн гар дээр очоод чамгүй удлаа. Монголчууд хэрчсэн гурил, мах зэргийг хэрэглээд хэдийнэ хэвшсэн. Ногоог хэрчин, хагас боловсруулж савлаад худалдаж байгаа тань Монголдоо анхдагч. МИШ брэндийг бий болгох санаа танд хэрхэн төрөв?

-Юуны өмнө уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. МИШ-ийг бий болгосон минь их адармаатай (инээв). Юуг нь нуух вэ дээ. Би өнгөрсөн жил хашаандаа 70 орчим тоннын багтаамжтай нүхэн зоорь, дээр нь мах, ногооны том зоорь барьсан юм. Тэгээд доор нь баахан лууван, дээд талынх нь зооринд тав орчим сая төгрөгөөр байцаа дарлаа. Хавар гаргаж ирээд нугалаад зарчихна гэж тооцоолоод л. Анх удаа тийм ажил хийсэн болохоор туршлагагүйтсэн хэрэг. Тэгээд энэ жил гурван сард ногоогоо зарах гэтэл буруу байцаа авчихаж. Бас ногооны хорогдлыг тооцоогүй нь миний алдаа. Тооны машинд хэдэн тоо бодоод л яг түүгээрээ тооцчихгүй юу. Бизнест хэзээ ч тэгж болдоггүйг ухаарсан. Барагцаагаар намар 700 орчим шуудай байцаа дарлаа гэхэд хавар 350 орчим болдог юм байна. Байцаагаа таньдаг хүнээсээ авсан юм л даа, уг нь. Өвөлжин дарна, хамгийн сайнаасаа өгөөрэй гэж захиж байгаад авсныг яана. Наймаанд найз байдаггүй гэдэг үнэн юм билээ. Тэгээд “шатав”. Таван сая гаруй төгрөгөө салхинд хийсгэх ямар олиг байх вэ. Тэгж явахад надад ногоог хэрчиж, савлаад худалдах санаа төрсөн юм.

Наймаачид ихэвчлэн том ногоо зардаг. Гэтэл жижиг хэмжээтэй ногоонууд хаягдал болох нь их. Хэрэглэхэд адилхан л ногоо шүү дээ, уг нь. Харин ч илүү амттай. Ногоо намрын улиралд хямдхан, хавар үнэ нь тэнгэрт хаддаг. Монгол ногоо олддоггүй. Хятад ногоог шороонд холиод л “Монголынх” гээд зардаг гэж шүүмжлэх хүн олон. Тэгээд л МИШ-ийг бий болгосон юм. Надад хулхи байцаа зарсан залууд би баярлаж явдаг. Надад ийм бизнесийн санаа төрүүлсэн шүү дээ.

Хэрчсэн гурил анх худалдаанд гарахад хүмүүс хэрхэн хүлээж авсан билээ. Хаана, хэрхэн хийж байгаа нь эргэлзээтэй гээд эхэндээ нэлээд шүүмжилсэн. Одоо тэгэхэд хүмүүс хэрэглээд сурчихсан, “Лапша” гээд том брэнд бий болчихлоо. Над шиг нэг үндэсний үйлдвэрлэгч шинэ санаа эрэлхийлээд л анх бий болгосон. Тэр хөрсөн дээр нь “Лапша” үүссэн байхгүй юу. МИШ яг үүнтэй адил.

Олны цаг, завыг хэмнэхийн тулд МИШ брэндийг бий болгосон юм. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд бичиг баримт бүрдүүлэх, тоног төхөөрөмжөө авах, ажиллах хүчээ бүрдүүлэх энэ тэр гээд үнэхээр амаргүй юм билээ. Тэгж явсаар зургадугаар сард үйлдвэрээ нээсэн. Гурван сар гэдэг харин ч богино хугацаа юм шиг байна лээ. Би маш их яарсан. Ногоог хэрчиж, савлаад зарах цоо шинэ санаа биш. Монголчууд л одоо хэрэглэж эхэлж байгаа болохоос гадаадын орнуудад нэвтэрчихсэн зүйл.  Тиймээс өөр хүнд миний санаа төрж явахыг үгүйсгэх аргагүй. Тэгээд л яарсан хэрэг. Зургадугаар сарын 1-нээс анхны бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн. Гэтэл буруу тоног төхөөрөмж авчихаж. Ногооны хэрчилт болдоггүй ээ. Миний санаанд хүрдэггүй. Ойр дотны хүмүүс, найз нөхөд ч бас зөвлөв. Тэгэхээр нь дахиж алдахгүйн тулд тоног төхөөрөмжиндөө 100 хувь хөрөнгө оруулалт хийсэн. Бизнесээ дөнгөж эхлүүлж, ашиг хүртээгүй байж тийм хүндрэлтэй тулгарах хэцүү юм билээ.

Бид МИШ-ийг үйлдвэрлэхдээ ногоог шууд арилгаад, хэрчээд л зарчихаагүй. Хүнсний аюулгүй байдал маш чухал. Хүнсний ногоо хурдан муудах эрсдэл ихтэй. Төмсийг л гэхэд усанд жаахан сойход харлачихдаг шүү дээ. Тиймээс бид хэрэглэгчдэд эрүүл хүнс борлуулахын тулд лабораторид маш олон удаа туршсан, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан. Хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар, шошгийг сайн харах хэрэгтэй. МИШ-ийг долоо хоногийн хугацаанд зөв хадгалаад хэрэглэх боломжтой, 100 хувь байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Ямар нэг химийн бодис огт хэрэглэдэггүй. Үүнийгээ хаана ч нүүр бардам хэлнэ, харьяа яамны шалгуурыг давсан. Манайх таван ажилтантай. МИШ таван нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Танайх 100 хувь автомат уу. Хүний гараар хийдэг дамжлага бий юү?

-Байхгүй. Бүгдийг нь техник, технологийн хүчээр хийдэг. Манайх бүтээгдэхүүнээ зөвхөн монгол ногоогоор хийдгээ онцолъё. Би аль болох үндэсний үйлдвэрлэлээ, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихийг хичээдэг. Монгол ногоо тарьдаг ногоочдоос худалдан авч, зоориндоо хадгалж байгаад л үйлдвэрлэдэг.

ӨРСӨЛДӨГЧ МААНЬ НАДТАЙ АДИЛ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙГААСАЙ ГЭЖ ХҮССЭН, ГЭВЧ…

Аливаа зүйлийн анхдагч байх амаргүй. Ялангуяа бизнесийн салбарт бүр ч хэцүү. МИШийг бий болгоход хамгийн хэцүү нь юу байв?

-Хэн нэгнээс суралцах, үлгэрлэх, тэгсэн, ингэсэн гээд санаа авах боломжгүй болохоор амаргүй юм билээ. МИШ-ийг нээх гэж яарснаа би түрүүн тодотгосон. Би өөрийнхөө өрсөлдөгчийг надтай адил жижиг дунд үйлдвэрлэгч гэж харсан. Тийм ч байгаасай гэж хүссэн. Нөлөө бүхий, бэлтэй, эрх мэдэлтэй томчуудаас олонх бизнес эрхлэгч эмээдэг юм билээ. Том хүн том л хөдөлдөг. Би өөрийгөө өрсөлдөгчгүй нэг жил шахам явчих болов уу гэж төлөвлөсөн юм. Хэрэглэгчдэд танигдах, өөрийн гэсэн орон зайтай болтлоо зургаан сар алдагдалтай ажиллахаа мэдэж байсан. Сэтгэл санаагаа ч бэлдчихсэн байлаа. Гэтэл гурван сарын дараа өрсөлдөгчтэй болсон.

Нөлөө бүхий албан тушаалтан, төр түшиж яваа эрхэм яг манайхтай адилхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Манайхыг яг дуурайсан. Тэд нарийн ногоог манайх шиг үйлдвэрлэж буйгаараа л арай өөр. Гэхдээ МИШ-ийн нэрийн гол бүтээгдэхүүн болох холимог ногоо (төмс, лууван)-г хийж байгаа. Нэг талаараа манайхтай адил бүтээгдэхүүн үйлдвэрлэн, монголчуудыг хэрчсэн ногоо хэрэглүүлж дадуулж байгаа нь сайшаалтай. Нөгөө талаар ачааны хүндийг анхнаасаа ганцаараа үүрч, магтуулж, шүүмжлүүлэн байж өдий зэрэгт хүрчихээд үр шимийг нь хүртээгүй байгаа хүний хувьд гомдолтой. Өрсөлдөгч маань жирийн нэг жижиг дунд үйлдвэрлэгч байсан бол би юу ч хэлэхгүй. Харин ч аль болох дэмжихийг, санаа оноогоо хуваалцахыг хичээнэ. Гэтэл нөлөө бүхий улс төрч, томоохон бизнесмэн манай салбарт хөл тавьсан нь манайд эрсдэлтэй. Тийм нөлөө бүхий албан тушаалтай, хөрөнгөтэй хүнд МИШ-ийг дарах амархан шүү дээ.

Төдийгөөс өдий хүртэл хугацаанд хэрчсэн ногоог хэрэглэх боломжтойг монголчуудад ойлгуулах, хэрэглүүлж хэвшүүлэхийн төлөө бид яаж зүтгэлээ, хөдөлмөрлөлөө. Одоо хүмүүс тодорхой хүрээнд МИШ-ийг мэддэг, хэрчсэн ногоо хэрэглээд цаг, заваа хөнгөвчлөх боломжтойг ойлгодог болсон. Би мөнгөтэйдөө, хийх юмаа олж ядсандаа ийм эрсдэл үүрээгүй. Гэтэл тэд юу ч хийгээгүй, юунаас ч үүрэлцээгүй. Бэлэн юман дээр мөнгөөр зодоод ороод ирсэн нь арай ч дээ гэмээр. Ногоог хэрчээд, савлаад худалдах цоо шинэ санаа биш. Гэхдээ л харамсалтай байна. Монголд бизнесийн орчин шударга бус байгаагийн илрэл болов уу.

ЖДҮийг дэмжих сангаас зээл авах, татварын дарамтнаас авахуулаад Монголд бизнес эрхлэх боломж хомс гэж шүүмжлэх хүн олон. Та үйлдвэрлэлээ эрхлэхэд хэр их бэрхшээлтэй тулгарч байна вэ?

-МИШ-ийн үйлдвэрийг энд гурван сарын дотор нээсэн хэрнээ бичиг баримтыг нь бүрдүүлэхийн тулд хагас жил шахам хөөцөлдсөн. Тэрнээс гадна гүний худгийн гэрээ, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, тохижилт цэвэрлэгээний гэрээ гээд хөөцөлдсөн бичиг баримт асар их. Би өмнө нь телевизэд ажиллаж байсан, нүүрний буянгаараа нэлээд ажил амжуулсан. Монголын төрийн байгууллага үнэхээр хүнд сурталтай. Манай улсад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх үнэхээр хэцүү. Тэгсэн мөртлөө шүүмжилж, шүлсээ үсэргэх дуртайг нь яана. Хэрхэн хөдөлмөрлөж, юуг золиослон, бид хэдэн хүний амьжиргааг залгуулж явааг нь юман чинээ тоодоггүй. Шүүмжилж байгаа юм биш шүү. Үнэн төрх нь л юм чинь одоо яах вэ дээ.

Болохгүй зүйл зөндөө л байна. Аль болох болгохыг хичээж явна. Төрөөс жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг үнэхээр сайн дэмжих хэрэгтэй. Улсаас мөнгө тараа гэж байгаа юм биш. Бизнес эрхлэх бүхий л нөхцөл, боломжоор нь хангах хэрэгтэй байна. Төрийн байгууллагаараа далайлган, дарамтлуулдгаа больмоор. Хэн дуртай байцаагч нь ирээд л үзэмжээрээ жижигхэн шалтаг гаргаад л торгодог, хэдэн цаас салгаж авахыг урьтал болгодог. Хууль дүрэм дээдэст үйлчилдэггүй, тэгсэн мөртлөө бидэнд үг, үсгийн заалтаараа үйлчилдэг нь гомдмоор. Би нэг байцаагчийн хүнд суртлаас болж уйлж байсан шүү дээ. Зүгээр л өөрийнхөө үзэмжээр манай үйл ажиллагааг зогсоох акт гаргачихсан. Би хэчнээн тайлбарлаж, хэлээд тусыг эс олсон. Бүр сүүлдээ бухимдаад хаалгыг нь саваад гарав. Тэгсэн ч үйлдвэрийнхээ үйл ажиллагааг жигд явуулахын тулд буцаж ороод уучлалт гуйхаас өөр арга байгаагүй. Тэр хүн миний урдаас нэрээ бус төр гэсэн гурван үсэг барьчихаад, далайлгаад сууж байгаа шүү дээ. Би жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, мөнчгөрөөрөө зүтгэж яваа хүмүүст үнэхээр хайртай, аль болох дэмжихийг хичээдэг. Хийж, бүтээн, хөдөлмөрлөн, шинийг санаачилж буй хүмүүс л улс орны хөгжлийг тодорхойлдог, түүчээлдэг юм шүү дээ.

Монгол Улсад нэг эмгэнэлтэй юм байна. Тэр нь залуучуудын бэлэнчлэх сэтгэлгээ. Зүгээр сууж байгаад мөнгө олох сонирхолтой. Хөдөлмөрлөх, хар ажил хийх дургүй. Би үйлдвэрээ нээгээд бүтэн гурван сар ажлын зар тавьсан. Залуус ажил ерөөсөө тууштай хийдэггүй, “Өө, хар ажил хийхгүй” гээд цэмцэгнээд явчихдаг. Би үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг яагаад 100 автомат болгосон гэж бодож байна. Би мөнгөтэйдөө тэгээгүй. Ажиллах хүн олдохгүй байсан учраас тэр. Уг нь манай үйлдвэрт хүнд хүчир ажил байхгүй. Ногоо өргөж гүйхгүй, арилгахгүй. Тэгэхэд л ийм байна шүү дээ. Залуус хөдөлмөрлөхийн оронд даргын цүнх барихыг, сонгууль болохоор нам даган гүйж яваад хэдэн төгрөг салгаж авахыг илүүд үзэж байгаа нь харамсалтай. Дарга л болж байвал бүхий л зүйл болчих юм шиг эндүү боддог. Бүгдээрээ дарга болчихвол хэн барилга барьж, ногоо тарих юм бэ.

-MИШийн үйлдвэр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрладаг юм байна. Эндээ бүгдийг нь хийдэг үү?

-Тэгдэг. Үйлдвэр, үйлчилгээг гэр хороололд явуулахад бохир, заваан байдаг гэх буруу ойлголт зарим хүнд байдаг юм билээ. Энэ буруу ойлголтоосоо салах хэрэгтэй. Орон сууцанд ийм үйлдвэрлэл эрхэлж чадахгүй шүү дээ. Тэгэхэд энд бүхнийг нэг дор цогцлоож, хийж болж байна. Тэр ч бүү хэл үйлдвэрээ, зоорио гээд хэрэгтэй бүхнээ барьж болно. Цэвэрхэн орчинд, стандартын дагуу юу ч хийж болно шүү дээ. Тухайн хүнээс л шалтгаална. Манайх энд үйлдвэрлэл явуулах бүх асуудлаа шийдсэн.

“ЭХНЭР АВАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО” БОЛ АМЬДРАЛААС ҮҮДСЭН САНАА

Танай бүтээгдэхүүний реклам олныг нэлээд талцуулсан. “Эхнэр авах шаардлаггүй боллоо” гэдгийг хүмүүс янз янзаар хүлээж авсан. Жендерийн асуудал ч хөндөгдсөн. Хүмүүс тэгж хүлээж аван, шуугисан нь та бүхний гол зорилго мөн үү?

-Биш ээ, юу гэж хүмүүст тийм ойлголт төрүүлэхийн тулд реклам хийх вэ. Уг нь таван цуврал багц реклам хийсэн юм, бид. Хүмүүст “Таны цаг, завыг хэмнэсэн ийм бүтээгдэхүүн гаргалаа” гэдэг санааг хүргэх зорилгоор. Гэтэл хүмүүс ганцхан тэр хэсгийг дангаар нь хүлээж аваад, шуугисан. Тэр хэрээр хүмүүс өрөөсгөл ойлголттой үлдсэн. Олны дургүйг хүргэн, бусдаас этгээд байж анхаарлыг нь татах гэсэндээ бид тэгээгүй. Муугаар хэлүүлж, шүүмжлүүлж байгаад ч хамаагүй бүтээгдэхүүнээ олонд таниулъя гэсэн санаа ер байгаагүй.

“Эхнэр авах шаардлагагүй боллоо” бол амьдралаас үүдсэн санаа. Би нэг удаа Баязүрх дүүргийн “Номин”-гийн салбарт бүтээгдэхүүнээ түгээж явсан юм. “Номин”-д хоёр залуу орж ирснээ хиам, хэрчсэн гурил гэх мэт баахан бэлэн бүтээгдэхүүн авлаа. Хоёулаа ганц бие бололтой. Тэгэхээр нь би “Манайх ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Сонирхоно уу” гэтэл тэд сонирхож үзсэнээ бүх төрлөөс нь авав. Тэгснээ нэг нь “Өө, за одоо бүр эхнэр авах шаардлагагүй боллоо. Хэрчсэн гурил, хэрчсэн мах, одоо ингээд хэрчсэн ногоог нь үйлдвэрлэдэг боллоо” гэсэн. Тэр хоёрын ярианаас рекламныхаа санааг олсон юм. Рекламандаа олны танил, алдартай эрхэм тоглуулах санхүүгийн боломж хэр байгаа билээ. Тэгээд нэлээд бодов. Рекламандаа ганц бие залуу тоглуулбал нийтэд хүрэхгүй. Өнөөх залууг шүүмжилсээр байгаад л өнгөрнө. Тиймээс волейбол тоглодог, салбартаа нэр хүндтэй найзыгаа сонгов.

Найз маань эхнэр, хүүхэдтэй. Найзынхаа зурган дээр “Эхнэр авах шаардлагагүй боллоо” гэдгийг бичив. Найзын маань эхнэрийн зурган дээр “Завгүй эмэгтэйн зальтай арга”, охиных дээр нь “Хоолоо хийхэд аав, ээжээ хүлээх шаардлагагүй боллоо” гэж бичив. Гэр бүлээр нь зураг аваад “Хэмнэсэн цагаа гэр бүлдээ” гэж хүртэл бичсэн. Иймэрхүү таван цуврал, багш реклам хийсэн юм. Гэтэл хүмүүс зөвхөн “Эхнэр авах шаардлагагүй боллоо”-г онцлоод л шүүмжилсэн. Цахим ертөнцийг нэг хэсэг ярих сэдэвтэй болгосон байх. Гэхдээ тэр миний зорилго биш байсан.

Хүмүүс тэгж хүлээж авна гэж та төсөөлсөн үү?

-Ёстой тэгж бодоогүй, төсөөлөөгүй. Тэр рекламыг цацахаас өмнө манай борлуулалт 10 хүрэхгүй хувьтай байсан. Реклам хийсний дараа ямар их бэрхшээл тулгарсан гэж санана. Зарим сүлжээ дэлгүүрээс утсаар холбогдоод “Танайх буруу маркетинг явууллаа. Манайх гэрээгээ цуцална” гэж сандаргасан. Маш олон хүн фэйсбүүкээр намайг шүүмжилсэн, ихэнх нь хуурамч хаягнаас. Би уг нь МИШ-ийг үүсгэн байгуулсан гээд олонд ил гараагүй. Гэтэл намайг олж илрүүлээд л шүүмжилсэн.

“Эмэгтэйчүүдээс уучлалт гуй. Тэнэг хүүхэн бэ” гээд л дайрсан. “Танай брэнд хэзээ ч олны хүртээл болохгүй, бүтээгдэхүүнийг чинь хүмүүс авахгүй” гээд шүүмжлэхэд юм юм бодогддог юм билээ. Би гурван өдөр уйлсан. 10 хүрэхгүй шахам борлуулалттай байхад олны тийм шүүмжлэлтэй тулгарах ёстой аймар. Буруу маркетинг хийчихлээ гээд шоконд орсон. Нэг хэсэгтээ зоригтой шийдвэр гаргаж чадаагүй. Ганцхан реклам миний зоригийг тэгж мохоож байхгүй юу. Сурталчилгаа цацагдсанаас хойш хүмүүс манай бүтээгдэхүүнийг мэддэг болсон, гэхдээ тэр хэмжээнд борлуулалт өсөөгүй. Харин ч эсрэгээрээ асар богино хугацаанд өрсөлдөгчтэй болсон. Монголчууд зүгээр л сошиалаар шуугиад өнгөрсөн хэрэг. Уг нь шүүмжилж суухаар нээрэн, ямар бүтээгдэхүүн юм бол гээд хэрэглээд үзэх хэрэгтэй. Тэгснийхээ дараа шүүмжилбэл илүү бодитой шүү дээ.

ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ДУУСГАН, АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХИЙГ ХҮСДЭГ

МИШээ хөл дээр бүр бат зогсоох, Монголын зах зээлд том орон зайтай болохын төлөө олон зүйл төлөвлөсөн нь мэдээж. Таны ирээдүйн хамгийн том зорилго юу вэ?

-Гоё асуулт байна. Томоохон бизнесмен болж, хөрөнгөжинө энэ тэр гэж ер бодохгүй байна. Айхтар том юм мөрөөддөггүй ээ. Манай ирээдүйн зорилго жижигхэн юм шиг хэрнээ миний хувьд том. Юуны түрүүнд зээлээ төлж дуусган, ажилчдынхаа цалинг санаа зовох зүйлгүй тавьдаг болмоор байна. Одоо бол ээмэг, бөгжөө ломбарданд тавиад ажилчдынхаа цалинг олгож байна, юуг нь нуух вэ. Урдахаараа хойд хормойгоо нөхөж явна. Надаас таван хүний амьдрал шалтгаалж байгаа. Тэднийхээ цалинг нэммээр байна.

Цаашид үйлдвэрээ улам өргөжүүлэн, илүү олон хүнийг ажлын байраар хангахыг хүсдэг. Монголчууд маань хэрчсэн гурил хэрэглэж сурсан шигээ хэрчсэн ногоог хэрэглээд хэвшчихвэл надад том олз.

Б.БУЯНДАЛАЙ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Таг

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

  1. Харин тиймээ,эхэлж байгаа хүнд юм юм л тохиолдох байх. Рекламаа эхнэр яаран авахгүй ээ, хө гэдэг ч юмуу, Эхнэрийнхээ ажлыг хөнгөвчлөнө өө гэдэг ч юмуу. Эрч хүч, амжилт бүтээл, аз жаргал хүсье

  2. цалинг захирал тавьдаггүй хэрэглэгчид, худалдан авагч нар тавьдаг. үндэсний үйлдвэрийн бүтээгдхүүн үнэтэй байдгын гол шалтгаан нь төрийн дарамт, банкны хүү, цалин гурваас л болдог. төрийн хаацайлах хүн олон байж болно. гэвч бодит байдал хаа сайгүй ийм байдаг. үйлдвэрлэгчидийг муусайн баячууд гэж үзэн ядацгаадаг.

  3. Өнөөдрөөс эхлэн танай бүтээгдхүүнийг хэрэглэж туршнаа,тэгээд таалагдвал өөрт хамаарал бүхий хүмүүсийг бүгдийг нь хэрэглүүлнээээ

  4. төрийн хүнд суртал болимоор юм. Гадаадад яахаараа хүн болгон нэг жижиг жижиг юм дарамт шахалтгүй хийж болоод монголд болдоггүй юм бэ?
    Одоо жоохон соёлжиж дэвшээч. Шууд зөвшөөрөл өгөх хэрэгтэй. Тэгээд бүтээгдэхүүнээ гаргахаар хэлээрэй гээд үзэх хэрэгтэй. Нээхэд 6 сар бичиг цаасанд зарцуулж болохгүй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close