Нийгмийн

БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.


Д.Цэрэндарьзав: Залуу насандаа эдлээгүй жаргалаа одоо л эдэлж явна

Гэрэл зургийг: С.Боргил

“Үүр цайхын өмнө”-ийн Д.Сүхбаатарын ээж Ханд, Ц.Навааны “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө зэрэг тайз, дэлгэцийн олон сайхан дүрээрээ монгол түмний сэтгэлд хоногшсон жүжигчин бол Д.Цэрэндарьзав.  Мөн түүний оролцон тоглосон “Хадаг ” кино дэлхийн кино наадмаас 60 гаруй шагнал хүртэж байсан нь саяхан.

Тэрбээр энэ удаа мөн Францын уран бүтээлчдийн Монголд ирж зураг авалтаа хийсэн “Ер бусын ертөнц ” нэртэй кинонд удганы дүр бүтээж, олны анхааралд өртөөд байна. Хөвсгөлийн тайгад өрнөх “UN MONDE PLUS GRAND” киноны зураг авалтыг францын уран бүтээлчид өнгөрөгч 2018 оны зун Монголд хоёр сарын турш хийсэн байдаг. Монгол оронд аялахаар ирсэн сэтгүүлч бүсгүй хэрхэн удган болж буй түүхийг өгүүлэх “Ер бусын ертөнц ” кино өчигдөр /2019.10.14/ Тэнгис кино театрт эхэлсэн Улаанбаатар олон улсын кино наадмын нээлтийн киногоор нэрлэгдэж, Монгол дахь нээлтээ давхар хийсэн юм.

Энэ үеэр бид МУГЖ Д.Цэрэндарьзавтай цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Таныг Япон улс руу яваад өчигдөр эх орондоо ирсэн гэж дууллаа. Та сайн явж ирэв үү?

-Сайн явж ирлээ, баярлалаа.

-Уран бүтээлийн ажлаар явав уу?

-Аялалаар яваад ирсэн.

-Францын уран бүтээлчдийн бүтээсэн “Ер бусын ертөнц ” кинонд та тоглож, өнөөдөр Монгол улсдаа нээлтээ хийж байна. Уг кинонд тоглох саналыг танд хэрхэн тавьж, та хэрхэн хүлээж авсан бэ?

-Би гадны киночидтой ер холбоогүй хүн шүү дээ. Би чинь хотын захын хорооллын, тэтгэврийн хөгшин. Харин найруулагч С.Бямбаа намайг “Хадаг ” кинотой холбож өгсөн, энэ жил ч мөн эдгээр гадны киночидтой холбож өглөө. “Хадаг ” кино маань дөрөв, таван орны уран бүтээлчдийн хамтарсан бүтээл шүү дээ. Бямбаа өнгөрсөн жил надтай холбоо барьж “Дахиад ийм нэг кино байна, та найруулагч нарын хүмүүстэй нь уулзаад, сорил өгөөд үз ” гэсэн. Би ч нутаг руугаа кинонд явчхаад буцаж явахад энэ хүмүүс Эрдэнэтэд саатаж, тосож таарсан. Яг нэг хоолны газарт ундалж суухад нь би явж ороод, найруулагчтайгаа хоёул VIP өрөөнд орж уулзсан. Энэ үедээ киноныхоо дүрийн үгээс надаар хоёр, гурвыг нь хэлүүлж үзлээ. Би зааж өгсөн үгийг нь хэлээд л шууд “За, хамтарч ажиллая ” гэсэн. Хамтарч ажиллахад ерөөс тийм холын, төвөгтэй харилцаа байгаагүй шүү.

-Кино зураг авалт Хөвсгөлийн тайгад хоёр сар үргэлжилсэн гэсэн. Таны төрсөн нутаг. Нууцлаг, сонихон, их өөр ертөнц. Тэр орчин танд дүрдээ ороход түшиг болж, мэдрэмж нэмж байв уу?

-Янзын гоё. Үнэхээр сайхан байсан. Тайгын цаатнуудын оршин буй газар бол жинхэнэ бөөгийн эх орон. Бөөгөө ихэд хүндэлж, ёс заншлыг нь ч сайн мэддэг улс. Бид тэднээс олон ч зүйлийг суралцаж, асууж, сураглаж явсан. Анх очуутаа л тэндэхийн настай бөөгөөр ажлаа даатгуулж, бөөлүүлж байж уран бүтээлээ эхлүүлсэн. Тэр настай бөө минь бидний киног даатган авч “Кино тань их сайн болно оо ” гэж хэлсэн. Удалгүй, кино дуусаагүй байхад тэр хүн минь тэнгэртээ хальсан. Багийн уран бүтээлчид маань ч хойчийн буянд нь багагүй тус нэмэр болсон доо.

Хөвсгөлийн цаатнууд хөөрхий, тайга руугаа яараад л байсан. Цаадтай байх цастай ууландаа очвол л цаа нь таргалдаг. Наашаа ороод ирэхээр л цаа нь тураад, ханиад хүрээд байдаг. Богино хугацаанд л биднийгээ авч үзээрэй гээд л явчих гээд, сандраагаад л байсан. Гэвч яг л хамтдаа хэд хоног амьдраад, ярилцаад суухад их найрсаг. Лут шүү дээ тэд чинь. Ёстой бидэндээ уусаад л өгнө. Хоёр сар үнэхээр жаргалтай байсан. Уран бүтээлийн жаргал гэдэг л тэр юм даа. Залуудаа эдэлж яваагүй жаргалаа бараг л одоо эдэлж явна шүү дээ, би /инээв. сурв/

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


СУРВАЛЖИЛГА: Өвөл айсуй, түмэн үрсийн хөлд дарагдахдаа “Эх нялхас” бэлэн үү

Өвөл айсуй. Харин өвлийг угтсан намар, намар дагасан хүйтний улирал аль хэдийнэ ирж, ханиадны эм сурсан хүмүүс олшров. Ер жил бүрийн аравдугаар сараас эхлэн улирлын шинжтэй амьсгалын замын халдварт өвчнүүд ихэсч, эмнэлгийн байгууллагуудын ачаалал нэмэгддэг билээ.

Иргэдийн хувьд хороо, дүүргийн эмнэлгээ зорихоос илүү улсын нэгдсэн хэдэн эмнэлэгтээ дугаарлаж, тусламж үйлчилгээ авахыг зорьдог нь гэм биш зан. Нөгөө талд ханиад, томуу өндөр дэгдэлттэй байдаг цагаар ор нь хүрэлцдэггүй, өвчтнүүд нь шалаар нэг зулдаг эмнэлгүүд дахин нэг өвлийг угтахаар хүлээж буй. Өргөтгөл, засвар хийдэггүй, жил бүр харж дадсан нэг л дүр зургаар өвчтнүүдээ хүлээж авдаг тийм улсын эмнэлгүүдтэйгээ бид ижилдэн дассан гэхэд хилсдэхгүй.

Энэ өвөлд улсын эмнэлгүүд хэрхэн бэлдэв? Урьд жилүүдийн адил хүнд ачаалалд түүртэж, иргэдэд төвөгтэй нөхцөл байдал үүсгэх үү? тэргүүтэй асуултыг тавин улсын хэмжээний эмнэлгүүдээс Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийг сонгон ээлжит сурвалжилгаа бэлтгэлээ.

Бидний мэдэх “Эх нялхас” хүүхдийн эмнэлгийн хүлээн авах хэсэгтээ засварын ажил эхлүүлжээ. Ирж дассан эцэг эхчүүд “Засвартай” гэсэн бичгийг ээлж дараалан мөргөж, эргэж буцан алхана. Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахаар дамжуулан өвчтнүүд үйлчлүүлэх нөхцөл үүссэн учир, дотоод дүр эгээ л дүн өвөл эхэлчихсэн мэт бум бужигнаантай байв. Цас дараагүй учир эмнэлгийн шалаар шавхай татах нь гайгүй ч, гадуур курткээ тайлан бариад, хүүхдээ үзүүлэхээр дугаарлах эцэг эхчүүдийн дүр төрх танил.

“Хүйтний улирал эхэлж ээ” гэдгийг эндээс харах боломжтой.

Бид ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн зохицуулагч О.Солонготой ярилцахад тэрбээр, “Томуу, томуу төст өвчнөөр халдварласан хүүхдүүдийн тоо нэмэгдэж эхэлж байна. Яг томуугийн тохиолдол хараахан бүртгэгдээгүй. Мэдээж хүйтний улиралд хүлээн авахын ачаалал их байдаг. Амралтын өдрүүдээр ачаалал илүү ихэсдэг” гэсэн юм. Ингээд Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Амгалангаас дараах тодруулгыг авлаа.

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Концессчид, тендерчдэд 2 ИХ НАЯДЫН БОЛОМЖ ОЛГОСОН 2020 оны төсөв

ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилт дуусч, Хятадын ардын банктай хийсэн 2 тэрбум ам.долларын своп хэлцлийн хугацаа өндөрлөх үе 2020 онд таарч буй. Ухаантайхан алхахгүй л бол Монгол Улс эдийн засгийн эрсдэл рүү орж мэдэх эмзэг үе ирж байна гэсэн үг.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ жилүүдэд төсөвт тодотгол хийхийн эсрэг хатуу зогссон. Ирээдүйн өв сандаа хуримтлалтай болох эхлэлийг амжилттай тавьлаа.

Гэхдээ тэр сонгуульжсан, тендержсэн, 76-жсан төсөв баталдаг ерөнхий зарчмаас огтхон ч гарсангүй. Төсөв хэлэлцэх болохоор Сангийн сайдын хормойнд зүүгдчихдэг УИХ-ын гишүүдийн нэхэл ч тасарсангүй. Харин  ч  улам нэмэгджээ.

Монгол Улс 2020 онд 11.8 их наяд төгрөг олж, 13.9 их наядыг зарлагдахаар төсөвлөөд буй. Ирэх онд төсвийн алдагдал 2.1 төгрөгт хүрэхээр байна. Жигтэйхэн гялгар үзүүлэлттэй 2019 онд гарч буй төсөв ирэх онд яагаад ингэж алдагдлаа өснө гэж? Гол нь шалтгаан нь , төсвийн хөрөнгө оруулалт, концесс нэрээр 2 их наяд орчмн зардал тавьсантай холбоотой.

2019 оны улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, 144.7 тэрбумын концессын санхүүжилж баталсан. Улмаар 2020 онд дахин 1.65 их наяд төгрөг төсөвлөж, концессчдод 323.5 тэрбумыг суулгаж өгчээ.

Цагтаа Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унагах гол шалтгаанаар нэрлэгдэж байсан концессуудыг хамгийн их шүүмжилж байсан Ч.Хүрэлбаатар сайд тэдгээрийн санхүүжилтийг эдүгээ өгч буй.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Э.Дэлгэрмаа: 17 настайдаа УАШТ-ий шигшээд С.Батцэцэг баатарт дийлдэн, мөнгөн медаль хүртсэн

Гэрэл зургийг: С.Боргил

Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг олон шилдэгтэй. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий дөрвөн медальтай Монголын анхны бөх О.Насанбурмаа тэргүүтэй олон шилдэг эл жинд зодоглодог. Тэдний залгамж халаа болж, ирээдүйд их юм дуулгана хэмээн бөхийн хорхойтнууд үнэлдэг бөхчүүдийн нэг нь Өвөрхангай аймгийн харьяат, “Хасу мегастарс” клубийн бөх Энхсайханы Дэлгэрмаа.

20 настай тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ээс залуучуудын ангилалд хошой хүрэл, өсвөр үеийнхээс мөнгөн медаль авсан.

17 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ий түрүү булаалдахдаа Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгт дийлдэн, мөнгөн медаль хүртэж, шуугиулж байсан Э.Дэлгэрмаа энэ жил зөвхөн насанд хүрэгчдийн ангилалд л гэхэд “Монголиа опен” олон улсын тэмцээнд түрүүлж, нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-гээс хүрэл, Д.Миндиашвилигийн  нэрэмжит олон улсын тэмцээнээс мөнгө, УАШТ-ээс хүрэл медаль хүртжээ.

Мөн Монголд анх удаа болсон 23 хүртэлх насны ангиллын Азийн АШТ-ээс мөнгөн медаль авч, монгол түмнээ баярлуулсан юм. Удахгүй болох 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-д оролцох эрх өвөртлөөд буй түүнтэй ярилцлаа.

–Та чөлөөт бөхөөр 2014 оноос хойш хичээллэж байгаа юм билээ. Эл спортод хөл тавьсан дурсамжаасаа хуваалцана уу?

-Би ер нь багын спортлог, биеийн тамирын хичээлд их дуртай байсан. 2014 оны нэгдүгээр сард манай сургуулийн нэг багш намайг Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд оролцохыг зөвлөсөн юм. Тус тэмцээнд анх оролцоод шууд түрүүлсэн. Түүндээ урамшин, тухайн оны есдүгээр сард Өвөрхангай аймгийн Биеийн спортын газарт Э.Баттүшиг багшийн удирдлагад анх чөлөөт бөхөөр хичээллэж байлаа.

–Аймгийнхаа аваргад оролцохоос өмнө чөлөөт бөхөөр бэлтгэл хийсэн байсан уу?

-Ганц нэгхэн удаа л бэлтгэл хийсэн. Гүйгээд, техник энэ тэр давтаж байгаад л оролцсон. Чөлөөт бөхийн дүрэм, нарийн ширийнийг нь ч сайн мэдэхгүй. Ямар ч байсан дэвжээнээс гаргавал оноо авдаг, далаар нь дарвал цэвэр ялдгийг л гадарлаж байлаа. Тэмцээний өмнө сандарч, тэвдээгүй. Медаль хүртэх юм сан л гэж бодсоноос түрүүлнэ гэж шунаагүй ээ. Аймгийнхаа шилдгүүдтэй анх удаа өрсөлдсөн болохоор алтан медаль хүртэнэ гэдэгтээ тийм ч итгэлтэй байгаагүй. Зүгээр л бүхнээ дайчилъя, туршлага хуримтлуулъя гэж бодсон юм. Тэр амжилт намайг чөлөөт бөхөөр хичээллэхэд, амьдралаа холбоход их нөлөөлсөн. Надаас өөр спортын хүн манай удамд цөөн. Аавын том ах чөлөөт бөхөөр ОХУ-д хичээллэж байсан гэнэ лээ. Би эхээс дөрвүүлээ, айлын ууган нь. 2015 онд өсвөр үеийн УАШТ-ээс мөнгө, дотоодын цөөнгүй тэмцээнээс медаль авсан. Дараа жил нь Азийн АШТ-ий залуучуудын ангиллаас мөнгө, өсвөр үеийнхээс нь мөнгөн медаль хүртсэн. Бас өсвөр үеийн УАШТ-ээс хүрэл, залуучуудынх нь ангиллаас мөнгөн медаль авч билээ.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


СУРВАЛЖИЛГА: 70 настай Б.Бямбасүрэн таван үед уламжлагдаж ирсэн эд зүйлсээрээ “Гэр үзмэр” байгуулжээ

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын өндөр настан Б.Бямбасүрэн гэргий Н.Одсүрэнгийн хамт сумандаа гэр үзмэр нээжээ. Өдгөө 70 насны босгыг алхаж яваа буурайнууд юм.  Тэд өвөг дээдсээс буюу таван үеэс нь уламжлагдан ирсэн эд өлгийн зүйлс болоод өөрсдийнхөө эдэлж хэрэглэж байсан зүйлсийг ариглан гамнаж, цуглуулж ирсэн байна. Нутаг хошууныхаа ард иргэд, болоод хүүхэд багачуудад танин мэдүүлж яваа талаар нь олзуурхан сурвалжлан хүргэж байна.

Энэ оны долдугаар сард гэр үзмэрийнхээ үүдийг нээжээ. “Гэр үзмэрээ гурван сарын өмнө нээсэн боловч 1970 оноос эхлэн түүх дурсгалын ховор нандин эд зүйлсээ цуглуулсан” хэмээн яриа дэлгэх буурай бол Б.Бямбасүрэн гуай юм. Тэрбээр гэргийтэйгээ хамтран олон жил бодож, төлөвлөж явсан зүйлээ энэ жилээс л хэрэгжүүлж эхэлсэндээ туйлын баяртай байгаагаа бидэнтэй хуваалцлаа. Б.Бямбасүрэн буурайн гэр бүлийнхэн эцэг, эх өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн зүйлсийг маш сайн хадгалж, хамгаалж иржээ. 

Түүнчлэн өөрсдийнхөө амьдралын турш буюу насан туршдаа хэрэглэсэн зүйлсийг нэмж хадгалан, арвижуулах болсон байна. Харин одоо Монгол орны өнцөг булан бүрээс сонин содон зүйлс хадгалуулах хүсэлтэй хүмүүсээс ч эд зүйл авч, цуглуулгаа баяжуулж байгаа аж.

Тэрбээр “Үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээе гэсэн бүхнийг л цуглуулж ирсэн. Тэгээд нэр төрөл нь олшроод ирэхэд нь нутгийн хүмүүс төдийгүй Монголын ард түмэндээ үзүүлж сонирхуулъя гэдэг бодол төрж билээ. Ингээд насан туршдаа ханилсан хань маань гэр үзмэр байгуулъя гэдэг санааг анх гаргаснаар, түүнийг нь бид гэр бүлээрээ дэмжин хэрэгжүүлсэн. Саяхнаас бус нилээн эрт дээр төлөвлөж байж, хэрэгжүүллээ шүү” хэмээсэн хуучилсан юм.

Б.Бямбасүрэнгийнх нийт 200 гаруй нэр төрлийн үзмэр цуглуулжээ. Тэд хоёр өрөө байшинд үзмэрүүдээ дэлгэсэн байна. Байшингийн гол эсгийн гэрийн хана дугуйлан босгож, гэрт байгаа мэтээр тохижуулан янзалсан аж. Гэрийнхээ голд тулга тулж, дээр нь тогоо тавиад л яг л айл шиг харагдахаар үзмэрүүдээ тохижуулсан гэлээ. Мөн авдар, ор, хоолны тавиур зэргийг байршуулжээ.

Тэрхүү хоёр өрөө “Гэр үзмэр”-т байхгүй юм гэж үгүй. Тогоо, шанага, түмпэнгүүд маш олон хэлбэрээрээ бий. Лам хуврагуудын нэрмэл хийж байсан вааран савнууд, 60, 70-аад онд Монголд үйлдвэрлэж байсан шаазан эдлэлүүд, усны модон пуулуу, зэс домбо, Ленин болоод Д.Сүхбаатар жанжины баримал, мөнгөний авдарууд, оёдлын машин, радио, аргал янгирын эвэр, толгой гээд л байхгүй юм гэж байхгүй аж. 

Хамгийн сонирхолтой нь даавуу, даалимба гараагүй буюу хэрэглэхээс өмнөх үеийн бугын арьсан эдлэл хадгалдан байна. Энэ талаар Б.Бямбасүрэн хэлэхдээ “Монголчууд даавуунаас өмнө мал, ан амьтны нэхий эдлэл хэрэглэдэг байж. Тухайн үед хэрэглэгдэж байсан маш нимгэн элдсэн бугын арьсан эдлэл байгаа юм. Энэ бол ихээхэн ховор эд дээ” гэсэн юм…

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Ерөнхий сайд, хотын дарга нар Казакстаны хууль хүчинд зүтгэж буй Х.Жекейг хайж очиж, мэндчилэв үү

“Ерөнхий сайд У.Хүрэлсүх журмын нөхөр Х.Жекейтэй олон жилийн дараа Казастан Улсад уулзлаа” гэх сүржин гарчигтай мэдээлэл өнгөрөгч амралтын өдрөөс эхлээд гарах болсон. Эл мэдээлэл нэгэн зургаас үүдэлтэй юм. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Хотын дарга С.Амарсайхан нар өнгөрөгч долоо хоногт Казакстан улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ үеэрээ УИХ-ын гишүүн, Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Х.Жекейтэй дал мөрөөрөө тэврэлдэн татуулсан зураг олон нийтийн сүлжээнд цацагдсанаар олны анхаарлыг татлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У,Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар албан ёсны айлчлал хийж тус улсын анхны Ерөнхийлөгч Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Н.А.Назарбаевт бараалхжээ. Мөн тэрээр Монголын төрөөс урвасан, Казакстаны тагнуул гэгддэг Х.Жекейтэй хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр, зочид буудалд уулзсан уулзалт зураг болон үлдсэн нь энэ аж. Тус зурагнаас асуулт эрж, эгдүүцэх хүн олон байна.

Х.Жекей зургаан жилийн өмнө Монгол төрөөс нэгэнт явж, Казакстаны төрд хүчин зүтгэх болсон. Монгол Улсаас яагаад зугтах болсон шалтгаан нь одоог хүртэл бүрхэг хэвээр. Өдгөө Казакстаны Ерөнхий сайд  А.У.Мамины дотны хүн болж амжсан бөгөөд шинэ улсдаа нэр хүндтэй нэгэн болсон тухай эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Хамгийн хачирхалтай нь Х.Жекей Казакстанд очиж гудманд лааз өшиглөсөнгүй. Хожим тэндээ Казахстаны хил хамгаалах байгууллагад зөвлөх буюу нилээдгүй дээгүүр алба хашиж байгаа тухай Монголын хэвлэлүүд мэдээлсэн. 2018 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдсан Шанхайн хамтын нөхөрлөлийн орнуудын уулзалтад Казакстаныг төлөөлөн оролцсоноор батлагдсан. Казакстан улсын генералын мөрдэст хувцастай сууж буй бичлэг нь ОХУ-ын ОРТ телевизийн дуранд өртсөн нь нотлогдон үлдсэн нь бий. 

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Эх орондоо үнэнч үлдсэн бахархал, их театрын тайзан дээр гялалзаж яваа бардамналтай хос

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Монголчууд УДЭТ–ийн залуу жүжигчин Б.Золжаргал, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Анхцэцэг нарыг хос гэдгийг сайн мэднэ. Урлаг, спортын салбарт төд мөрөө үлдээж, өнөөгийн залуусыг манлайлж яваа тэднээр олон хүн бахархдаг. УДЭТ–д чамлахааргүй олон жил ажиллаж буй Б.Золжаргал өнгөрсөн жил “Гэгээн муза” наадмаас хүүхдийн жүжгийн шилдэг эрэгтэй дүрийг шагнал хүртэж, “Драм гурав” хамтлагийнхаа Б.Шинэбаяр, Э.Тодгэрэл нарын хамт “Тэрбумын хэрэг” киног бүтээн, үзэгчдийн хүртээл болгосон авьяаслаг жүжигчин.

“Би мөнгөний бус эх орныхоо төлөө штанг өргөдөг” хэмээн гадаадын орнуудаас тавьсан өндөр цалинтай саналаас татгалзан эх орондоо үнэнч үлдсэн М.Анхцэцэгийн амжилтын талаар бичвэл цаг, цаас нэлээд орно, уншигчид сайн мэдэх тул энд бичих илүүц биз ээ.

2018 онд ДАШТ–ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч болсон М.Анхцэцэг энэ жил ДАШТ–д нялх биетэй хүч сориод хошой хүрэл медальтан болж, монгол түмнээ баярлуулсан. Тус тэмцээнд түүний хань Б.Золжаргал хамт явж, баярт мөчийг нь хуваалцсан юм.

Биенээ түшиж, тулан, айсуй амжилтынх нь ивээс болж яваа залуу хостой ярилцлаа.

–Юуны өмнө ДАШТ–ий хошой хүрэл медальтан болсон М.Анхцэцэгт баяр хүргэе. Энэ жил ДАШТ–д хань нь хамт явсан юм билээ. Тэгсэн нь өмнөхөөсөө илүү түшигтай, баярт мөчөө хамтдаа хуваалцаад сайхан байсан болов уу?

–М.Анхцэцэг (М.А):- Тэгэлгүй яах вэ. Токиогийн олимпын өмнөх жилийн ДАШТ-д амжилттай оролцоод ирлээ. Би ээж болоод бүхнийг тэгээс нь дахиж эхэлсэн. Бие нялхран, сэтгэл санаа тогтворгүй, бүх зүйл шинэ байлаа. Төрөхөөр ачаалал даах чадвар муудан, бие амархан суларч, үе мөч хүртэл хэврэг болдог юм байна. Амархан ядарна, цуцна. Тэр бүхнийг зохицуулж, өөрийгөө хурцлахыг хичээсэн.

Үнэнийг хэлэхэд энэ жил ДАШТ-ий өмнө бэлтгэлээ сайн хангаж чадаагүй. Тэмцээнд бэлтгэл сайтай, муутай оролцох тэс өөр байдаг юм байна. Би энэ жил Азийн АШТ-д хүч сорихдоо хөхүүл явсан. Жин хасахдаа хүртэл сүүгээ саагаад зогсож байлаа. ДАШТ-д оролцоход хань минь үнэхээр түшиг, тулгууртай байлаа. Юм юманд л тусалсан. Хүндийг өргөлтийн диск угсарч байгаад гараа хавчуулчихсан.

Энэ үеэр Б.Золжаргал төмрөнд хавчуулсны улмаас хөхөрсөн хуруугаа үзүүлэв.

Б.Золжаргал (Б.З):- Эхнэртэйгээ танилцсанаасаа хойш тэмцээнд хамт явах юм сан гэж хүсдэг байсан минь энэ удаа биеллээ. Монголд болж буй тэмцээнийг аль болох үзэж, ханиа дэмжихийг хичээдэг. Тэр үед нэг их айхтар сандарч тэвдээгүй. Манай хүн “Хоёулаа ДАШТ-д хамт явах уу” гэхээр нь дуртайяа зөвшөөрсөн.

Манай ажил ачаалал ихтэй, өглөөнөөс орой хүртэл ажиллана. Заримдаа хонож ажиллана. Яг айхтар ачаалалтай, ажил ихтэй үеэр ДАШТ болсон тул чөлөө авахад бэрх байлаа. Юу ч гэсэн үзээд алдъя гээд УДЭТ-ын Захиргаанд чөлөө авах хүсэлт тавихад ашгүй зөвшөөрсөн. Бөөн баяр бололгүй яах вэ. 10 хоногийн чөлөө авангуутаа онгоцны тасалбар хөөцөлдөж эхэлсэн.

М.А:- Цаг нь тулчихсан болохоор онгоцны тасалбар олдохгүй их сандарсаан.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


ART PODCAST: “Хэц” киног 48 цагт хэрхэн бүтээсэн бэ

Өнгөрсөн амралтын өдөр /2019.10.12/ 48 цаг олон улсын кино наадам 10 дахь жилдээ болж өнгөрлөө. Уг наадамд оролцож тэргүүн байр эзэлсэн Талх-77 багийн продюсер А.Тэргэл, Л.Базарсад болон уг кинонд зохиолчоор ажилласан сэтгүүлч Б.Гэрэлмаа миний бие хамтдаа гурвалсан яриа өрнүүлэв. 

https://soundcloud.com/artpodcastmongolia/48-tsagt-khets-kinog-kherkhen-bteesen-be

-Энэ удаа өөрийн давуу талыг ашиглан 48 цаг кино наадамд орж түрүүлсэн өөрийн баг болох Талх-77-ийн залуустайгаа 48 цагаа хэрхэн өнгөрүүлсэн тухай ярилцана. Юуны өмнө уран бүтээлчдийг 48 цагт зөвхөн уран бүтээлдээ анхаарал хандуулах бүх нөхцөл бололцоогоор хангасан продюсер А.Тэргэлээсээ асууя. Яагаад 48 цаг кино наадамд оролцохоор болж, хэрхэн багаа бүрдүүлэв?

А.Тэргэл: Сайн байцгаана уу. 48 цаг кино наадмын өмнө жилүүдийн кинонуудыг үзээд л явдаг байсан. Яагаад ч юм сонирхогчдын наадам гэж боддог байсан ч 48 цаг олон улсын наадамд амжилттай оролцоод ирсэн “Бид хэд нэгдэл”-ийн Дашдооровтой цуг энэ зун ажиллах боломж олдсон. Бид хол замд 48 цаг кино наадмын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлж, мэргэжлийн уран бүтээлчид орох боломжтой юм байна, уг наадамд оролцсоноор уран бүтээлчдэд маш их боломж нээгддэг юм байна гэдгийг олж мэдсэн. Ингээд энэ жилийн наадамд оролцоно гэсэн зорилготой байгаад фэйсбүүк дэх мэдээллийг нь олж харсан. Юуны өмнө багаа бүрдүүлэх асуудал тулгарсан. Бүгд л урдах урдах ажлаа маш сайн хийдэг, богино хугацаанд чанартай ажиллах чадвартай хүмүүсийг цуглуулах чухал. Зохиолч, зураач, мэйк ап артист – стилист, жүжигчид, найруулагч, эвлүүлэг гээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлээд, наадамдаа бүртгүүлэх ажилдаа орсон.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Б.Ариунгуа: “Лоолойгийн найзууд” нэвтрүүлэгтэй хамт цаг завгүй хүүхэд насаа өнгөрөөсөн

Гэрэл зургийг: А.Мандуул

 “Лоолойгийн найзууд” хүүхдийн нэвтрүүлгийг Л.Шинэбатын хамт хөтөлдөг байсан Б.Ариунгуатай ярилцлаа. Тэр өнөөдөр том болж, ЦЕГ-ын мэргэжилтнээр ажиллаж байна. Олны танил бага насных нь талаар болоод сонгосон мэргэжлийнх нь талаар бид хөөрөлдөв.

-Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. “Цагдаагийн ерөнхий газар”-т ажиллах болоод хэр удаж байна вэ, байгууллагынх нь сонин сайхнаас хуваалцаад яриалцлагаа эхэлье.

-Та бүхэнд ч мөн баярлалаа.

“Цагдаагийн ерөнхий газар”-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн мэргэжилтэн болоод удаагүй байна. Их сургуулиа /Дотоод хэргийн их сургууль/ зургаадугаар сард төгсөж, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байгаад аравдугаар сарын 1-нээс энд томилогдож ирсэн. Энэхүү тасгийн үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой энэ 10 сард тохиож, баярын арга хэмжээ явагдаад дөнгөж өчигдөрхөн дуусаад байна.

Манай Урьдчилан сэргийлэх хэлтсийг иргэдтэй хамгийн ойр ажилладаг гэж хэлж болно. “Unfriend”, “Нэг хором”,  “Зөв тусгал”, “Яараад яахав дээ”, “Дураараа биш ээ Дүрмээрээ” зэрэг олон аян, арга хэмжээг төр, төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо  дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Хамгийн сүүлд л гэхэд энэ есдүгээр сараас эхлэн явагдаж буй “Дураараа биш ээ дүрмээрээ” арга хэмжээ маань Улаанбаатар хотын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй иргэдэд чиглэн зохион байгуулагдаж, “Дүрмийн дагуу зорчицгооё” гэсэн мессежийг өгөхөөр зорьж байна. Ярилцлагыг маань уншиж байгаа хүмүүст хандаж, зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо “Дураараа биш дүрмээрээ яваарай” гэж уриалмаар байна.

–“Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийг хөтөлдөг байсан охин цэрэг, цагдаагийн салбар луу ороход ойр дотны хүмүүсээс нь эхлээд л гайхаж хүлээж авсан байх?

-Гайхах нь бий, “Гэр бүлд чинь цагдаа хүн байдаг уу?” гэж асуух нь ч бий. Манай гэр бүл, дотны хүрээлэл дотор цагдаа, цэргийн хүн байдаггүй.

Би 10 жилээ 2013 онд төгсөөд, 2014-2015 оны хооронд СУИС-ийн Театр, урлагийн сургуульд сурч үзсэн, нэгдүгээр курсээ дүүргэсэн. Ингэхэд жүжигчний мэргэжил надад нэг л тохирохгүй  юм шиг санагдсан л даа. Би ширээний ард суусан, бичиг цаас хариуцсан ажил хийхийг хүсдэггүй учраас нэлээд бодож байгаад Дотоод хэргийн их сургуульд орохоор шалгалт өгч тэнцээд сургуульдаа элсэж орсон.

-10 жилийн сургуулиа төгсөхдөө жүжигчин болно гэж шийдсэн байж? Цагдаагийн албан хаагч болох хүсэл тэр үед байгаагүй гэж ойлголоо?

– Тийм. 10 жилээ төгсдөг хавар ерөөс л жүжигчин болно гээд шийдчихсэн, СУИС-ийн элсэх шалгалтанд бэлдэж байлаа. Ингээд яг суралцах нэг жилийн хугацаанд л тохирох мэргэжил биш юм байна гэдгээ олж мэдсэн гэсэн үг.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Э.Батшугарын компани Ховдын “Халзан Бүргэдэй” хайрханыг ухахаар очоод иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буцжээ

Ховд аймгийн Дуут сумын газар нутагт орших Халзан Бүргэдэй хайрханыг ухахаар техник тоног төхөөрөмжтэй очоод нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулаад буцсан тухай мэдээлэл бидэнд байна. Тус уулыг ухаж сэндийчэхээр очсон гэж хардагдах үндэслэлтэй хүмүүсийн нэгээр МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар хамгийн тодоор нэрлэгдсэн юм. Эл мэдээлэлтэй холбоотойгоор өнгөрөгч хэдэн өдөр сошиал дуулианд ч багагүй  орооцолдов.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Монгол Банкны дэд Ерөнхийлөгч асан Э.Батшугар Монгол Халзан Бүргэдтэйд хайгуулын лиценз эзэмшдэг гэх мэдээлэл аль 2010 оноос гарч, багагүй шуугиан дэгдэж байв. 

“Содмаргад” ХХК-ийнх нь нэр дээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум болон Ховд аймгийн Дуут сумын зааг дахь 31617.97 га талбайн эзэмшлийн гэрчилгээ 2008 онд бүртгэгдсэн байна. Улсын бүртгэлд 5032938 регистрийн дугаартай “Содмаргад” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Э.Батшугар 2011-2012 онд ажиллаж байсан хэмээн түүний ажил байдлын тодорхойлолт дээр тодоос тод дурайн үлджээ.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Саарал жагсаалтын эрсдлийг Н.Баяртсайхан, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар үл тоосон уу

Хувийн шугамаар саарал жагсаалтын асуудлаар олон талт байр суурь сонсоход Сангийн яам, Засаг, Монголбанк, АН тэргүүтнүүд бүгд  өөрсдөөсөө бурууг түлхэж байгаа юм.  Монгол банкны зүгээс “Бид бол ФАТФ-аас өгсөн зөвлөмжүүдийг маш сайн хэрэгжүүлсэн. Саарал жагсаалтад орох үндэслэл байхгүй. Орлоо ч амьдрал сүйрчихгүй” гэх өнцөгөөс мэдээлэл өгөв. Харин Сангийн яамны талаас “Эдийн засгийн өршөөлийн хуулийн хүрээнд гудсан дороос гарч ирсэн 34 их наяд гол чирэгдлийг үүсгэсэн” гэж буй.

Харин Засаг талаас “Энгийн иргэд, ААН-үүдийн гуйвуулган дээр чирэгдэл үүсгэх чиглэлд анхаарч ирсэн байдлаар одоо дахин үргэлжлүүлэх хэрэгтэй” гэсэн битүү мэдээл ярьж байна.  Улмаар АН талаас “Ц.Нямдорж сайд ажлаа муу хийснээс саарал жагсаалтад орох эрсдэл үүслээ. 34 их наяд үүнтэй ямар ч хамааралгүй” гэж байгаа юм. Ерөнхий логикоороо тэд өөрсдийгөө өмгөөлж байгаа нь энэ.

ТЭДНИЙ НИЙТЛЭГ БАЙДЛААР НЭРЛЭЖ БУЙ ГОЛ ТЭЭГҮҮД НЬ,

  • Эдийн засгийн өршөөлөөр 34 их наяд төгрөгийг гудсан дороосоо гаргаж ирээд, хуулиа хүчингүй болгоогүй орхисон явдал,
  • Арилжааны банкууд өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн 500 тэрбум төгрөг нь дээрх 34 их наядад хамрагдсан эх үүсвэр байсан талаарх хардлага,
  • Монгол Улс тероризмтэй тэмцэх хуулиа баталсан хэдий ч дагалдах журмуудыг нь баталж амжаагүй,
  • Цөмийн зэвсгийн асуудлаар дэлхий нийтийг чичиргэж буй БНАСУ-ын хар ажилчид өнөөг хүртэл монголд ажилласан асуудал,
  • Хилээр их хэмжээний валюттай иргэд орж ирээд саатуулагддаг ч хяналтаа илүү чангалдаггүй байдал,
  • Мөнгө угаах асуудлаар 2011 оноос хойш 4345 иргэнийг шалгасан ч ял өгсөн тохиолдол байхгүй
  • Үнэт эдлэл, алт тушаалт дагасан бохир  гэж хардаж болохуйц мөнгөн урсгалууд зэрэг шалтгаануудыг нэрлэж байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Том асуудлыг өндөр хэмжээнд авч үзэх ёстой байтал жижгээр тооцсоор ирснээс үүдэж, өнөөдрийн байдал үүслээ” гэж тодотгосон нь анхаарч үзэх өнцөг юм.

Хамгийн гол нь саарал жагсаалтад гурав дахь удаагаа багтвал хар жагсаалт руу орох эрсдэлтэйг мэдсээр байж Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар өдийг хүртэл Б.Жавхлан гишүүний хэлсэнчлэн, үл тоож ирсэн үү гэдэг асуудал анхаарал татав.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Ирээдүйд бүр ч их юм дуулгах жүдоч

Марокко улсад үргэлжилж буй жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс Монгол Улс анхны эмэгтэй аваргаа өлгийдсөн нь спортын хорхойтнуудын анхаарлыг гойд татаж байна. Жүдогийн спорт өндөр хөгжсөн, олимп, дэлхийн медальт олон эмэгтэй бөхтэй манай улс өнөөг хүртэл чилийтэл хүлээсэн амжилт энэ л байсан юм. Эл бахдам амжилтын эзэн бол ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам.

ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-д ТҮРҮҮЛСЭН МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ЖҮДОЧ

18 настай Л.Сосорбарам дэлхийн дэвжээнд зодоглохдоо эхний тойргуудад Германы Анника Вурфел, Узбекистаны Сита Кадамбоева, Нидэрландын Наоми Ван Кревел нарыг нарыг өвдөг шороодуулсан. Улмаар хагас шигшээд Бразилын Лариса Пиментаг, аваргын төлөөх барилдаанд Тайваний Сү Лин Сүаныг цэвэр ялсан. Ингэснээр залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын хоёр дахь, эмэгтэйчүүдээс анхны жүдоч болов. Түүнээс өмнө тус тэмцээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн ганцхан бөх байсан нь ДАШТ-ий хүрэл медаль Ө.Дүүрэнбаяр юм.

ИХ СПОРТОД ИНГЭЖ ХӨЛ ТАВЬСАН

Бөхийн нутаг гэгддэг Баянхонгор аймаг Гавьяат тамирчин Ш.Чанрав, М.Уранцэцэг, З.Дэлгэрдалай тэргүүтэй жүдочдоороо алдартай ч тэдний залгамж халаа сүүлийн жилүүдэд тасраад байсан юм. Үүнд дүгнэлт хийсэн Ерөнхийлөгч төрсөн нутагтаа жүдог хөгжүүлэхээр ОУХМ Л.Лувсандэмбэрэлийг 2011 онд томилолтоор илгээсний үр дүнд бэлтгэсэн тамирчдын нэг нь Л.Сосорбарам.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


ҮЙЛДВЭРЛЭГЧ: Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хийдэг вэ

Гэрэл зургийг: А.Мандуул

 Өнгөрсөн онд Засгийн газраас “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох” тухай тогтоол гарч, энэ оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр нийслэлийн иргэдийн жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түлшийг сайжруулсан шахмал түлшээр орлуулах шаардлага бий болсон. Өдгөө агаарын бохирдлыг бууруулах дунд шатны, шинэ стандартын сайжруулсан шахмал түлшийг Тавантолгой түлш ХХК үйлдвэрлэн гаргаж байна.

Гэвч уг сайжруулсан шахмал түлштэй холбоотой гэгдэх хэргүүд гарч, олон нийт шахмал түлш, түүний орц найрлага, үнэр, чанар, стандартад эргэлзэх боллоо. Иймд Eguur.mn сайт ҮЙЛДВЭРЛЭГЧ  буландаа Тавантолгой түлш ХХК-г урьж шахмал түлшээ хэрхэн үйлдвэрлэдэг болохыг нь сурвалжлан уншигч танд хүргэж байна.

НЭГ. ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-ААС МИДЛИНГ ХҮЛЭЭН АВАХ, ҮЙЛДВЭР РҮҮ ЗӨӨХ

“Ухаа худаг”-ийн нүүрс угааж баяжуулах үйлдвэрээс угаасан нүүрсний завсрын бүтээгдэхүүн буюу Мидлингийг Төв аймаг дахь дундын бүсэд хүлээн авч, тэндээс нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах үйлдвэр, Тэц II-ын дэргэдэх үйлдвэрт 1000 гаруй жолооч зуны турш 24 цаг ээлжлэн, тээвэрлэн авч ирж, нөөцөлжээ. Уг бүтээгдэхүүнийг Энержи Ресурс үнэгүй нийлүүлдэг ч тээврийн зардлыг  Тавантолгой түлш ХХК хариуцан гаргадаг аж. Төв аймаг дахь Дундын бүсэд 800 гаруй мянган тонн мидлинг нөөцөлсөн байгаа бол энд 300 гаруй мянган тоннын нөөцтэй байна.

Хяналт: Ирсэн мидлингийг гурван ээлжийн технологич шалгана. Нүүрс замдаа халуун, хүйтэнд харшаад урвалд орох, халсны улмаас шатах тохиолдлууд бий. Халсан шатсан, чийгтсэн нүүрсийг шалгах үүднээс байнга дүрдэг термометр болон лазеран термометрээр үзээд, хашаандаа оруулж буулгадаг.

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


БАЙР СУУРЬ: Саарал жагсаалтын талаар эдийн засагчид ЮУ ярив

Монгол Улс “Саарал жагсаалт ” -д орсон эсэхийг ФАТФ өнөөдөр /2019.10.18/ зарлана. Үүнээс хоёр хоногийн өмнө манай улс саарал жагсаалтад орсон гэдгийг улс төрчид, болоод эдийн засагчид зарласан билээ. Тодруулбал, Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах шийдвэр гарсан талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээллэсэн.

Хэрвээ Монгол Улс саарал жагсаалтад орчихвол эдийн засаг бүхэлдээ хүнд нөхцөлд орж, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд сануулж буй. Харин улсаа саарал жагсаалтад оруулахад хэн, юу нөлөөлсөн гэдэгт хариулт өгөх эзэн олдохгүй бүгд өөрсдөөсөө бурууг түлхэж байгаа. Саарал жагсаалтад ороход юу нөлөөлсөн, ямар эрсдэл үүсч болох талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.

МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч асан Б.Лхагважав:

“Ерөнхийдөө макро эдийн засаг, санхүүгийн ертөнцөд болж буй үйл явцын менежментийн асуудалд алдаа гарсан гэж болно. Улс төрчид шийдвэр ярихаасаа илүү арьсаа хамгаалсан мэдэгдлүүд хийж байна. 2017 онд ОУВС-тай гэрээ хийснээр санхүүгийн менежментээ тэдний хяналт дор явуулах болсон. Тухайн онд бүх арилжааны банкуудад шалгалт орж байсан. Арга хэмжээ авах шаардлагатай банкууд дуулдаж байсан ч намар нь бүгд өр ширгүй, сайн ажилласан болоод л хувирчихсан.

Хоёрдугаарт, Дубайн нэмэлт гэрээгээр өмнөх хөрөнгө оруулагч нараа сольж дэлхийн 16 том банкны санхүүжилтээр төсөл үргэлжилэхээр болсон. Оюутолгойн зөвхөн газрын доор эрдэс баялаг тэнд байгаа компанийн асуудалд болохоор бид давхар банкны системээ барьцаанд өгсөн. ОУВС манайд орж ирснээр хийгдэж буй процест нь манайхан бүдэрч унасан. Гэвч аргалдаг зангаараа аргалаад өнгөрсөн байдаг. Төв банкны хяналтын зөвлөл энэ талаар олигтой тайлбар тавиагүй, нууц байдлаар хийгдсэн. Одоо 500 тэрбумын асуудал босч ирж байна…

Байр суурийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

БАГЦАЛСАН: Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button