СПОРТ

Э.Дэлгэрмаа: 17 настайдаа УАШТ-ий шигшээд С.Батцэцэг баатарт дийлдэн, мөнгөн медаль хүртсэн

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдаж буй “Хасу мегастарс” клубийн бөх ОУХМ Э.Дэлгэрмаа эхний тойрогт ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмааг 3:1-ээр ялж, шуугиулсан. Улмаар удаах тойрогт ОУХМ Э.Даваанасанг цэвэр ялж, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг 5:3-аар ялж яваад цэвэр даруулсан. Өнөө жил УАШТ-д цахиур хагалаад буй Э.Дэлгэрмаа 2019 оны аравдугаар сард “Eguur.mn” сайтад өгсөн ярилцлагыг сэргээн нийтлэв.

Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг олон шилдэгтэй. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий дөрвөн медальтай Монголын анхны бөх О.Насанбурмаа тэргүүтэй олон шилдэг эл жинд зодоглодог. Тэдний залгамж халаа болж, ирээдүйд их юм дуулгана хэмээн бөхийн хорхойтнууд үнэлдэг бөхчүүдийн нэг нь Өвөрхангай аймгийн харьяат, “Хасу мегастарс” клубийн бөх Энхсайханы Дэлгэрмаа.

20 настай тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ээс залуучуудын ангилалд хошой хүрэл, өсвөр үеийнхээс мөнгөн медаль авсан.

17 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ий түрүү булаалдахдаа Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгт дийлдэн, мөнгөн медаль хүртэж, шуугиулж байсан Э.Дэлгэрмаа энэ жил зөвхөн насанд хүрэгчдийн ангилалд л гэхэд “Монголиа опен” олон улсын тэмцээнд түрүүлж, нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-гээс хүрэл, Д.Миндиашвилигийн  нэрэмжит олон улсын тэмцээнээс мөнгө, УАШТ-ээс хүрэл медаль хүртжээ.

Мөн Монголд анх удаа болсон 23 хүртэлх насны ангиллын Азийн АШТ-ээс мөнгөн медаль авч, монгол түмнээ баярлуулсан юм. Удахгүй болох 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-д оролцох эрх өвөртлөөд буй түүнтэй ярилцлаа.

-Та чөлөөт бөхөөр 2014 оноос хойш хичээллэж байгаа юм билээ. Эл спортод хөл тавьсан дурсамжаасаа хуваалцана уу?

-Би ер нь багын спортлог, биеийн тамирын хичээлд их дуртай байсан. 2014 оны нэгдүгээр сард манай сургуулийн нэг багш намайг Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд оролцохыг зөвлөсөн юм. Тус тэмцээнд анх оролцоод шууд түрүүлсэн. Түүндээ урамшин, тухайн оны есдүгээр сард Өвөрхангай аймгийн Биеийн спортын газарт Э.Баттүшиг багшийн удирдлагад анх чөлөөт бөхөөр хичээллэж байлаа.

-Аймгийнхаа аваргад оролцохоос өмнө чөлөөт бөхөөр бэлтгэл хийсэн байсан уу?

-Ганц нэгхэн удаа л бэлтгэл хийсэн. Гүйгээд, техник энэ тэр давтаж байгаад л оролцсон. Чөлөөт бөхийн дүрэм, нарийн ширийнийг нь ч сайн мэдэхгүй. Ямар ч байсан дэвжээнээс гаргавал оноо авдаг, далаар нь дарвал цэвэр ялдгийг л гадарлаж байлаа. Тэмцээний өмнө сандарч, тэвдээгүй. Медаль хүртэх юм сан л гэж бодсоноос түрүүлнэ гэж шунаагүй ээ. Аймгийнхаа шилдгүүдтэй анх удаа өрсөлдсөн болохоор алтан медаль хүртэнэ гэдэгтээ тийм ч итгэлтэй байгаагүй. Зүгээр л бүхнээ дайчилъя, туршлага хуримтлуулъя гэж бодсон юм. Тэр амжилт намайг чөлөөт бөхөөр хичээллэхэд, амьдралаа холбоход их нөлөөлсөн. Надаас өөр спортын хүн манай удамд цөөн. Аавын том ах чөлөөт бөхөөр ОХУ-д хичээллэж байсан гэнэ лээ. Би эхээс дөрвүүлээ, айлын ууган нь. 2015 онд өсвөр үеийн УАШТ-ээс мөнгө, дотоодын цөөнгүй тэмцээнээс медаль авсан. Дараа жил нь Азийн АШТ-ий залуучуудын ангиллаас мөнгө, өсвөр үеийнхээс нь мөнгөн медаль хүртсэн. Бас өсвөр үеийн УАШТ-ээс хүрэл, залуучуудынх нь ангиллаас мөнгөн медаль авч билээ.

-2016 онд насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Аваргын төлөөх барилдаанд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгт ялагдсан бил үү?

-Тэгсэн. Тухайн үед би 17 настай байлаа. Ийм мундаг тамирчинтай улсын аваргын түрүү булаалдах нь гээд сүрдсэн. Би нэг их удаан барилдаж чадаагүй, даралтаар цэвэр ялагдсан. Яалт ч туршлага дутсан л даа, тухайн үед. Би санасан барилдаанаа гаргаж, хийх гэсэн мэхээ бүрэн хийж чадаагүй. Тэр жил УАШТ нэгдүгээр сард болсон. Зун нь ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд хотод ирсэн юм. Түүнээс хойш “Хасу мегастарс” клубт, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан багшийнхаа удирдлагад бэлтгэлээ хийж байна.

-Гавьяаттай багш, шавийн барилдлага хэрхэн тогтоосон бэ?

-Насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль аваад Ц.Баярсайхан багшийн хараанд өртсөн юм шиг байна лээ. Улсын дэд аварга болчихоод аймагтаа очиход Э.Баттүшиг багш “Миний охин энэ жил оюутан болоод Улаанбаатарт очно. Тэнд бэлтэлийг нь хийлгэх багш, клуб хэрэгтэй. Ц.Баярсайхан багш чамайг шавиа болгоё гэнэ. Аштай юу даа” гэсэн. Тэгээд л Ц.Баярсайхан багшийнхаа шавь нь болж байлаа.

-Та тэр жил УАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд мөнгөн медаль хүртчихээд өсвөр үе, залуучуудынхад түрүүлж чадаагүй. Улсын дэд аварга болсон гээд өөртөө хэт итгэлтэй барилдсан тал бий юү?

-Өө, юу гэж тэгэх вэ. Залуучуудын ангилалд өөрөөсөө эгч тамирчидтай өрсөлдсөн болохоор мөнгөн медалиа чамлаагүй. Ер нь өсвөр үе, залуучуудын УАШТ-д жингийнхээ гол өрсөлдөгч байсан Даваанасан эгчид цөөнгүй удаа ялагдан, түрүүлж чадаагүй.

-2016 оны УАШТ-д цахиур хагалсан таныг дараа жил нь амжилтаа батлах, ахиулах эсэх бөхийн хорхойтнуудын анхаарлыг ихэд татсан. Харамсалтай нь медалийн оосроос атгаад алдсан шүү дээ.

-Тэгсэн. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхон эгчид, хүрэл медалийн төлөөх барилдаанд Ц.Шинэхүүхэн эгчид ялагдан, V байрт шалгарсан. Тэр жил П.Орхон эгч дэлхийн аварга болсон шүү дээ. Өнгөрсөн жил УАШТ-д бас V байрт орсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Х.Болортуяа эгчид ялагдсан.

-Та энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Алтан медаль хүртээд ДАШТ-д зодоглох боломж хэр байв?

-Манай жинд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг эгч, Гавьяат тамирчин О.Насанбурмаа эгч барилддаг. Тийм мундаг тамирчид 68 кг-д хүч сорьдог болохоор түрүүлэх боломж надад байсан гээд шууд хэлэхэд бэрх. Энэ жил УАШТ-д тэднээс гадна Даваанасан эгч барилдсан. Бид дөрвөн тойргоор барилдаад С.Батцэцэг эгч алт, О.Насанбурмаа эгч мөнгө, би хүрэл медаль авсан юм. Одоогоор С.Батцэцэг эгчид гурав, О.Насанбурмаа эгчид хоёр удаа дийлдээд байна. Цаашид бэлтгэлээ сайн хийн, хичээж байгаад ялдаг болно оо. Энэ жил Монголд анх удаа болсон 23 хүртэлх насны ангиллын Азийн АШТ-д түрүүлж чадаагүйдээ их харамсдаг. Уг нь эх орныхоо дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэхийг үнэхээр их хүссэн юм сан. Даанч аваргын төлөөх барилдаанд Энэтхэгийн бөхөд дийлдсэн. Дэвжээнээс буусныхаа дараа зөндөө их харамссан.

-Үлгэрлэж явдаг тамирчин бий юү?

-Олон бий. Бэлтгэлээ хэрхэн хийж, техник, мэх яаж давтаж байгаа гээд үлгэрлэх зүйл олон.

-МҮБТДС-ийн дасгалжуулагчийн ангид сурдаг юм билээ. Хичээл, бэлтгэлээ хэрхэн зохицуулдаг вэ?

-Хоёуланг нь амжуулах үнэхээр амаргүй. Ихэвчлэн бэлтгэлээ хийж, тэмцээнд оролцдог. Манай сургуулийнхан намайг үнэхээр сайн ойлгож, дэмждэг.

-Та залуучуудын шигшээ багийн тамирчин. Шигшээгийн тамирчны цалин амьдралд тань хүрэлцдэг үү?

-Би “Хасу мегаватт” компанийн “Эко” спорт цогцолборт байрлан, бэлтгэлээ тэнд хийдэг болохоор хамаагүй төсөр байдаг. Байр, хоол гээд бүх зүйлийг Ж.Түмэн-Аюуш захирал, Ц.Баярсайхан багш зохицуулж, биднийг дэмждэг. “Эко” спорт цогцолборт 40 гаруй бөх бэлтгэл хийдэг. Тийм олон тамирчинг байрлуулж, хоол, байраар хангах амаргүй. Бид бэлтгэлээ өдөрт гурван удаа хийдэг. Аль болох амжилт гарган, Ж.Түмэн-Аюуш захирлаа, Ц.Баярсайхан багшийгаа баярлуулахыг хичээдэг. Багш минь үнэхээр мундаг, ухаалаг. Өнөөгийн амжилт маань Ц.Баярсайхан, Э.Баттүшиг багштай салшгүй холбоотой.

-Тэмцээнд оролцох, бэлтгэл хийх зардлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Ихэнхдээ “Хасу мегаватт” компанийн Ж.Түмэн-Аюуш захирал ихэнхдээ даадаг. Мөн “Түмэн төмөрт” компанийн захирал, манай нутгийн с.Түмэнбаяр ах намайг дэмждэг. Спортод элэгтэй тэрбээр намайг ноднингоос хойш дэмжиж, бүх талаар тусалж байгаад нь баярладаг. Заримдаа өөрсдөөсөө гаргана.

-Таны барилдааны гол онцлог юу вэ?

-Ер нь урагшаа шахаж барилдан, аль зай гарсан талд нь хонгодож, мушгидаг.

-Аав ээж нь нутагтаа байдаг уу, эсвэл нийслэлд шилжиж ирсэн юм уу?

-Үгүй ээ, Өвөрхангайд мал маллаж амьдардаг. Намайг амжилт гаргаад ирэхээр “Сайн явж ирэв үү. Сайн байна” л гэдэг. Миний охин мундаг шүү гэж ер хэлдэггүй. Тэгж хэлвэл би хөөрөөд амжилт гаргахаа байчих ч юм бил үү гэж боддог байх.

-Гэрээ санадаг уу?

-Багаасаа бие даан амьдарч, тэмцээн, бэлтгэл гэж яваад сурчихсаан. Дуртай юмаа хийн, өмнөө том зорилго тавьсан болохоор бууж өгөх, шантрах эрх надад байхгүй. Намайг үргэлж дэмждэг Монголын чөлөөт бөхийн холбоо,  “Хасу мегаватт” компанийн Ж.Түмэн-Аюуш захиралдаа, “Түмэн төмөрт” компанийн захирал С.Түмэнбаяр ахдаа, Ц.Баярсайхан багшдаа, анхны багш Э.Баттүшиг дасгалжуулагчдаа, Ц.Баярсайхан дасгалжуулагчийн хань Уранхайч эгчдээ, гэр бүлийнхэндээ баярлаж явдаг. Аав, ээж хоёртоо хайртай шүү.

-Өнгөрсөн долоо хоногт болсон сорил тэмцээнд түрүүлж, 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-д оролцох эрх өвөртөлсөн. Тус тэмцээнийг хэзээ зорих вэ?

-ДАШТ руу 29-нд явна. Энэ сарын 28-наас ирэх сарын 3-нд Унгарын Будапешт хотод 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-д барилдах эрх анх удаа авсандаа баяртай байна. Өнгөрсөн жил сорил тэмцээнд яг энэ жиндээ өрсөлдөөд М.Хишигмаа эгчид ялагдсан. ДАШТ-д оролцох тамирчдын зардлыг Монголын чөлөөт бөхийн холбооноос дааж байгаад баярлаж байна. ДАШТ-ээс медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Амжилт гарган, дэмждэг олон хүн, багшийнхаа ачийг хариулахыг хүсэж байна.

Б.БУЯНДАЛАЙ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Namuundari
Namuundari
2019-10-15 16:20

Чөлөөт бөх гэх спортоор огт хичээллэж байгаагүй жаахан охинийг аав маань секцэндээ элсүүлж анхнаас нь бүгдийг зааж сургаж байсан санагдана.
Тээр жил аав маань бэлтгэсэн шавь нараа аваад ээлжит Аймгийн Аварга Ш�##�гаруулах Тэмцээндээ оролцоод ирэхэд Э.Дэлгэрмаа охины анхны амжилт, анхны мед�##�ьд Чөлөөт бөх гэх "Дэлхийн Спорт"-д хөтөлж оруулсан анхны багш Батмөнхийн Алтанхуяг багшийн хөдөлмөр багахан ч гэсэн шингээгүй бололтой... ????

Зочин
Зочин
2019-10-18 22:31

Kkkk ene hvvhdiig chini bi bagaas ni mednee 3 4 r angiasa l choloot bohiin sektsend Altanhuyg bagshin sektsen ywdag hvvhed baisan, 10r angia togsood aimagruu shiljsen ter hugatsaand uraldaan temtseend olon amjilt gargaj bsan da .aaw eej ni taragtdaa l amidagch bga shvv de.medeh hvmvvs ni bvgd l medej bga da

Холбоотой мэдээ

Back to top button