Нийгэм мэдээ

Түрээсийн байшин нь зарагдахаар болсон "Жаргалан эдлэн" асрамжийнханд урлагийн одод тусална

Баянзүрх дүүрэгт харьяалагдан Улиастайн голын эрэг дагуу айлын хашаа байшин түрээслэн үйл ажиллагаа явуулдаг "Жаргалан эдлэн" асрамжийн газрын тухай сурвалжилгыг бид өмнө бэлтгэн хүргэж байв. Өмнөх сурвалжилгыг ЭНД дарж уншаарай.

Энд гэр бүлийнхэндээ орхигдсон, үр хүүхэд нь төвөгшөөсөн, хүнд өвдөхөд нь ойр дотныхон нь асарч хамгаалахаас татгалзсан гэх мэт шалтгаанаар ганцаардаж, зовж зүдэрсэн хүмүүс нэг нэгээрээ ирсээр өдгөө өнөр олуулаа болсон. Тус газрыг байгуулсан С.Цэгмид "Ээжийгээ алдчхаад буян хийе гэж санаад гудамжаар явж настай хүмүүст сүү тараг тарааж эхэлсэн. Өглөө нь уулзсан настан орой буцахад нэг л газраа сууж байхаар нь асуухад очих газаргүй гэсэн. Ингээд аваад харьсан. Дараа нь дахиад л нэг ядарсан хөгшин таараад энэ мэтээр хөдөөх гэр рүүгээ аваачаар байгаад нэг л мэдэхэд маш олуулаа болчихсон. Сүүлдээ энд тэндээс цуглаад олуулаа болоод нэлээд хэдэн гэр барьж асарч хамгаалж эхэлсэн. Олуулаа болох тусам хүнд хүмүүс нэмэгдээд дулаан тохьтой байр сав хэрэг болоод энэ байшинг сарын хоёр саяар түрээсэлж суугаа гэж ярьсан.

Гэвч хөөрхий настангуудын дулаахан тохьтой өвөлжсөн хашаа байшин зарагдахаар болж, Жаргалан эдлэнгийнхэнг сандаргах болжээ. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш дөрөв нь өөд болж. Харин урин дулаан болохтой зэрэгцэн түр орогнох газрууд ажиллахаа больж, эзэнгүй настайчууд эмнэлгээс шууд л эднийд ирэх болсноор өдгөө 32 хүнтэй байна.

Үүсгэн байгуулагч С.Цэгмид "Ээждээ буян санаж эхлүүлсэн үйлс маань ингээд эргэж буцалтгүй ажил болчихсон. Эгч нь ээмгээ ломбарданд тавиад өөд болсон хүнээ ганцаараа оршуулаад явж байсан удаа ч бий. Харин ч одоо хэвлэл мэдээллийн ачаар бусдад хүрч сайхан сэтгэлтэй түмэн олон маань тусалж, дэмжих болсон. Энэ удаад ч гэсэн түрээсийн хашаа, байшин маань зарагдах болоод сандарч явахад Алтанцэцэг гэж сайхан сэтгэлтэй эмэгтэй хандив цуглуулж, өгсөн. Одоо урлагийн одод маань "Асралын аялгуу" хандивын тоглолт хийх гэж байна" гэлээ.

Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Монголын сүсэгтний холбоо санаачлан зохион байгуулж тус асрах газрын түрээсэлж буй хашаа байшинг худалдан авч өөрсдөд нь үлдээхээр хандивын тоглолт зохион байгуулж байна. Бүх одод халуун сэтгэлээр нэгдсэн энэ тоглолт тавдугаар сарын 21-нд Улаанбаатар паласт нэг удаа болно. Тоглолтын тасалбар 30 мянган төгрөг бөгөөд бүх орлогыг Жаргалан эдлэн асрамжийн газрыг хашаа, байшинтай болоход зарцуулна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button