Гадаад мэдээДЭЛХИЙ

ЕХ: Хиймэл оюун ухаанаас хамгаалах анхны хуулийг батална

Европын холбоо хиймэл оюун ухааны системийн хөгжлийг зохицуулах, иргэдийг хамгаалах хуулийг батлахаар болжээ. Энэ нь дэлхийд анх удаа энэ төрлийн хуулийг батлах гэж буй тохиолдол юм.

Хуулийн төслийг Европын парламент өчигдөр буюу лхагва гарагт дэмжжээ. Улмаар эцсийн хувилбарыг Европын комисс, Парламент, Зөвлөл зөвшилцөх ёстой юм.

BBC-д мэдээлснээр 2025 оноос өмнө хүчин төгөлдөр болох төлөвтэй байгаа ажээ.

Хуулийн төсөлд зааснаар хиймэл оюун ухааны системийг Европын иргэд, хэрэглэгчдэд учруулах эрсдэлийн зэрэглэлээр нь бүлэглэх аж. Улмаар бүлэг бүрд зохих ёсны хязгаарлалт, хяналтын арга хэмжээ байх ажээ.

Энэ талаар өмнө нь тавдугаар сард мэдээлж байсан билээ. Тухайн үед Европын парламентын хэвлэлийн албанаас "Парламентын гишүүд хиймэл оюун ухааны системийг хүмүүс хянадаг, аюулгүй, ил тод, хэрэглэгчдийг ялгаж харьцдаггүй, байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулдаг байлгахад анхаарахыг зорьж байна" хэмээсэн.

Харин гишүүдийн зүгээс энэ сарын 13-ны хэлэлцүүлгээр нүүр таних системтэй холбоотой заалтуудад онцгойлон анхаарал хандуулжээ. Ингэхдээ гэмт хэрэгтэн, террористууд болон сураггүй бологсдыг эрэн хайхдаа эл системийг ашиглахыг парламентын гишүүдийн олонх нь дэмжив.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button