НИЙГЭМНийгэм мэдээНийгэм ярилцлага

Цэцэрлэгийн тогооч улсын уралдааны шагналт Д.Ариунаа: 2475 төгрөгт багтааж шим тэжээлтэй хоол хийх гэж ур чадвараа гаргадаг

Дэлхийн тогооч нарын өдрийг тохиолдуулж БШУЯ-наас цэцэрлэг, сургуулийн тогооч нарын дунд ур чадварын улсын уралдааныг энэ жил анх удаа зохион байгуулсан юм. Тэгвэл цэцэрлэгийн тогооч нарын төрөлд гуравдугаар байрт шалгарсан Дархан-Уул аймгийн 1-р цэцэрлэгийн ахлах тогооч Д.Ариунаатай ярилцлаа. Тэрбээр багаасаа л хоол хийх дуртай, янз бүрийн хоол хийж туршиж үздэг байж байгаад сонирхолдоо хөтлөгдөн 2003 онд Дархан-Уул аймгийн МСҮТ-д нэг жил тогоочоор сурч төгсжээ. Дархан-Уул аймгийн 1-р цэцэрлэгт анх 2008 онд туслах тогоочоор орж, 2010 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ахлах тогоочоор ажиллаж байгаа тэрбээр чамгүй туршлагатай тогооч аж.

-Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдсан цэцэрлэг, сургуулийн тогооч нарын ур чадварын уралдаан хэрхэн зохион байгуулагдаж, яаж өрсөлдөв?

-Нэгдүгээр шатанд мэдлэг, ур чадварын тест авсан. Хоёрдугаар шатанд нэг цаг 30 минутын хугацаанд өгөгдсөн хүнсний материалаар тодорхой шаардлага хангасан хүүхдийн хоолны иж бүрдэл боловсруулж, таваглах даалгавар өгсөн. Нийт 17 цэцэрлэгийн тогооч энэ тэмцээнд оролцсон. Цаашид тэмцээний цар хүрээг тэлж, илүү олон тогоочийг хамруулаасай гэж бодсон.

-Таны хувьд өгөгдсөн хугацаанд яг ямар хоолны иж бүрдэл хийсэн бэ?

-Нэгдүгээр хоолонд 2-3 насны хүүхдэд тохиромжтой А, Б амин дэмээр баялаг улаан лоолийн зутан шөл хийсэн. Хоёрдугаар хоолонд төмсний хучмалыг лууван, алимын салатаар баяжуулсан. Уух зүйлдээ эслэгээр баялаг хулууны шүүсийг хүчиллэг чацарганын шүүсээр баяжуулж сахрын агууламж багатай шүүс бэлдсэн.

-Тэгэхээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны гол онцлог нь юу байдаг вэ?

-Хүүхэд цэцэрлэгт байхаасаа л зөв, эрүүл хоол идэж сурах нь маш чухал байдаг. Цэцэрлэгийн хүүхдийн хоолыг бэлтгэхдээ 2-3 нас, 4-5 нас гэж хоёр хуваадаг. 2-3 настай хүүхдүүдийн шүд, зажлах эрхтний хөгжил муу байдаг тул тэрэнд нь тохирсон зутан зэрэг зөөлөн хоол, хүнс тохиромжтой бол 4-5 насныханд илүү шим тэжээлээр баялаг хоол хүнс өгөх нь тохиромжтой.

-Танай цэцэрлэг нийт хэдэн хүүхэдтэй вэ? Хэдэн тогоочтой яаж ажилладаг вэ?

-Манай цэцэрлэг нийт 210 хүүхэдтэй, өдөрт тогтмол 180 орчим нь ирдэг. Би туслах тогоочийн хамт хоёулаа ажилладаг. Хүүхдүүддээ 12:00 цагт нэгдүгээр хоолыг нь өгөөд, унтаад боссоных нь дараа 15:00 цагт хоёрдугаар хоолыг нь өгдөг.

-Хоолны цэсээ яаж боловсруулж, хүнсний материалаа хаанаас хангадаг вэ?

-Хоолны цэсээ нэг ч хоол давтагдахгүй байхаар сараар нь төлөвлөж гаргадаг. Аймагтаа тендер зарлаж, шалгарсан компаниасаа хүнсний материалаа нийлүүлж авдаг.

-Нэг хүүхдэд өдөрт дунджаар хэдэн төгрөгийн хоол ногддог вэ? Түүндээ багтааж шим тэжээллэг хоол өгч чадаж байна уу?

-Нэг хүүхдэд 2475 төгрөгийн хоол ногддог. Махны үнэ өндөр болохоор бага зэрэг хүндрэл тулгардаг ч, аль болох л түүндээ багтааж шим тэжээллэг хоол хийхийн тулд жинхэнэ ур чадвараа гаргаж ажилладаг даа.

Цэцэрлэгийн тогоочийн ажилдаа их дуртай тул шантарч огт үзээгүй ээ гэх Д.Ариунаа гэдэг энэ бүсгүй дурласан ажил мэргэжилдээ илүү мэргэшихээр 2021 оноос эхлэн ажлынхаа хажуугаар оройн цагаар аймгийнхаа Политехникийн коллежид хүнсний технологичоор сурч байгаа гэнэ. Харин тэрбээр цэцэрлэгт залуу тогооч ховордсонд ихэд эмзэглэж явдаг аж. Учир нь цалин хөлс муугаас болоод залуучууд энэ ажлыг сонирхдоггүй тул цэцэрлэгийн тогоочоор ихэвчлэн л 40-50 насны эмэгтэйчүүд ажилладаг байна. Тиймээс залуу боловсон хүчин бэлтгэж, чадваржуулахад анхаараасай гэж хүсдэгээ тэрээр хуваалцсан юм.

Ц.ЭНХЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button