Сурвалжилга, Нийтлэл

КЕЙС: Хүчирхийлүүлсэн харааны бэрхшээлтэй эмэгтэй хэнээс БЗХӨ авснаа мэдэж чадаагүй

НҮБ-ын Хүн амын сангийн тайланд хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүд өөрийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн талаар бие даасан шийдвэр гаргаж чаддаггүй бөгөөд бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөмтгий, нэн ялангуяа тэдний дунд хүчээр үр хөндүүлэх, жирэмслэлтээ таслуулах, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийг хүчээр хэрэглэх явдал түгээмэл байгааг дурьджээ. Монгол улсын хувьд ч энэ байдал түгээмэл байдаг бөгөөд, энэ тухай нийтлэлийг Монголын үндэсний хүний эрхийн комиссын 18-р илтгэлээс бодит кейс, судалгааны тоо баримт шүүн бэлтгэв.


-ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮД ДАЛД ХЭЛБЭРИЙН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХ ЭРСДЭЛ ДОР БАЙНА-

Кейс 1. Манай хараагүй найз БЗХӨ-тэй болсон. Энэ тухайгаа хэнд хэлэхээ мэдэхгүй, ямар өвчин авснаа яаж мэдэх вэ гэж их шаналсан. Эмчид үзүүлэхээр  ороход нь “Өөрийгөө яая гэж байж өвчин чирч ирээд... Хэнтэй, хэрхэн, яаж?” гээд нэг бүрчлэн яриулах гээд их эвгүй харьцсан. Дахиж эмнэлэг дээр очоогүй. Хүнээс асууж байгаад нэг эм авч уусан, эдгэсэн байх гэж найдаж байгаа.

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2014 онд IRIM судалгааны байгууллагаас хийсэн “Монгол улс дахь жендерийн тэгж байдлын талаарх үзэл хандлага” баримт, бичгийн судалгаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр 2013-2014 онд “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийн үндэсний төв” ТББ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн хэрэгжилтэд орчин болон мэдээллийн хүртээмжгүй байдал ихээр нөлөөлдөг, улмаар энэ нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалт, далд хэлбэрийн бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэлд хүргэж байна гэжээ.

2018 оны байдлаар Монгол улсын 106 691 хөгжлийн бэрхшээлтэй хүн (нийт хүн амын 3.3 хувь) байгаагийн 43.1 хувь буюу 46 030 нь эмэгтэйчүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 19.7 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг бол улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.9 хувь нь буюу 447 иргэд байгаа бөгөөд тэдний 205 нь эмэгтэйчүүд байна.

-СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН ХОЁР ХҮН ТУТМЫН НЭГ НЬ АМЬЖИРГААНЫ БАТАЛГААЖИХ ТҮВШНЭЭС ДООГУУР ОРЛОГОТОЙ БАЙВ-

Кейс 2. Хөдөө орон нутагт амьдардаг эмэгтэйчүүд, ялангуяа харааны бэрхшээлтэй эмэгтэйчүүд хүчирхийлэлд их өртдөг. Жишээ нь, би хэнд хүчирхийлүүлснээ мэдэж чадаагүй, БЗХӨ авч байсан. Эмнэлэгт үзүүлэхээр очход, “Хараагүй байж хэнээсээ авдаг байна, эрийн донтой байх нь ээ” гэж эмч хэлж байсан. Би эмнэлэгт очих дургүй. Яагаад өвчин авсан талаар асуухгүй байж шууд дүгнэлт хийдэг.

Залуучууд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг бэлгийн харилцаанд орох шаардлагагүй, хүүхэд төрүүлэх, гэрлэх боломжгүй, чадваргүй гэх үзэл тэдний мэдээлэл авах, хүчирхийллээс ангид байх, найдвартай, аюулгүйн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг нь хязгаарладаг ажээ. Түүнчлэн бэлгийн хүчирхийлэлд өртөх, хүсээгүй жирэмслэх, бэлгийн замаар дамжих халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй охид, хөвгүүдийг үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл гурав дахин өндөр байна.

Судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй 300 эмэгтэйг хамруулснаас хоёр хүн тутмын нэг нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой байв. Мөн нийт оролцогчдын 32.8 хувь нь боловсролын түвшин доогуур буюу уншиж, бичиж чаддаггүй бол ажил эрхлэлтийн түвшин дөнгөж 33 хувь байна. Тэдний боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн түвшин доогуур байгаа нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад сөргөөр нөлөөлж, эдийн засгийн, бие махбодийн, сэтгэл ханааны, бэлгийн хүчирхийлэлд өртөмтгий, бусдаас хэт хараат болгож байгааг судалгааны дүн харуулж байна.

-ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ӨӨРТ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ҮРИЙН СУВГИЙГ БООХ, ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭХИЙГ ШААРДАХ, НИЙГМИЙН ХАЛАМЖ ОЛГОХГҮЙ ГЭХ ЗЭРГЭЭР ШАХАЛТ ҮЗҮҮЛДЭГ-

Кейс 3. Миний охин оюуны бэрхшээлтэй. 22 настай. Надаас салахгүй гэрийн ажил хийгээд миний дэргэд байдаг. 16 нас хүрэнгүүт багийн эмч жирэмслэлтээс сэргийлэх тариа хийхийг шаардаж эхэлсэн. Бид хоёр хийлгэхгүй гэж хэлсэн боловч групп сунгахгүй гэсэн болохоор аргагүйн эрхэнд гурван сар тутамд тариа хийлгэж байна. Миний охин хүнтэй ч унтаж үзээгүй. Эрүүл мэндэд нь яаж нөлөөлөх бол гэж санаа зовдог. Бид хоёрт халамжийн хэдэн төгрөг нь хэрэгтэй болохоор л аргагүй байдалд ордог.

Судалгаанд оролцогчдын 56.1 хувь нь жилд 1-2 удаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг, 14.4 хувь нь огт хамрагдаж байгаагүй, 12.9 хувь нь жилээс дээш хугацаанд, 10.3 хувь нь сард 1-2 удаа үзлэгт хамрагддаг гэжээ.

Бодит байдалд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг бэрхшээлийн төрөл, хүнд, хөнгөнийг сайтар харгалзахгүйгээр өндөр эрсдэлтэй жирэмсний ангилалд хамааруулан ойлгож жирэмслүүлэхгүй байх, жирэмсэлсэн тохиолдолд тэднийг буруутгаж, зүй бус харилцах, жирэмслэлтийг таслах, өөрт нь мэдэгдэлгүй үрийн сувгийг боох, жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл тогтмол хэрэглэхийг шаардах, нийгмийн халамж олгохгүй гэх зэргээр шахалт үзүүлэх явдал олон гардаг аж. Судалгаанд оролцогчдын 63.6 хувь нь үр хөндүүлж байгаагүй, 36.4 хувь нь үр хөндүүлж байсан гэж хариулжээ. Үүнээс 26 хувь нь өөрийн хүсэлтээр, 31 хувь нь биеийн эрүүл мэндийн улмаас, 13 хувь нь бусдын дарамт шахалт, 5 хувь нь хүчирхийллийн улмаас жирэмсэлсэн, 25 хувь нь бусад шалтгаанаар үр хөндүүлж байжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-02-03 00:20

Viagra E Il Cuore http://abcialisnews.com - Cialis Viagra Original Tabletten Buy Cialis Zithromax Penicillin Allergy

LesOrdiff
LesOrdiff
2020-02-04 21:15

Venta Cialis En Farmacias http://cialisjh.com - tadalafil cialis from india Citrato De Sildenafila 50mg Cialis Direct Elocon Medicine No Prior Script

Холбоотой мэдээ

Back to top button