НИЙГЭМ

Ирэх долоо хоногийн баасан гарагт бүх нийтээр амарна

Ирэх долоо хоногийн баасан гарагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй. Энэ өдөр бүх нийтээр амрах хуулийн зохицуулалат үйлчилнэ. Иймд ирэх долоо хоногт дөрвөн өдөр ажиллаж, гурван өдөр амарна.

Бүх нийтээр амрах өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд зах, худалдааны төвүүд ажиллахгүй.

Монгол Улс 1992 онд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон билээ. Харин дэлхийн улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг эмэгтэйчүүдийн бусад баярын тухай зарим мэдээллийг хүргэе.

Эхчүүдийн өдөр

Ээжүүд, эх хүний алдар, гавьяаг онцлон тэмдэглэдэг Эхчүүдийн өдрийг 40 гаруй оронд тэмдэглэдэг бөгөөд энэ нь жил бүрийн тавдугаар сарын хоёрдугаар долоо хоногийн ням гарагт болдог. АНУ-д Эхчүүдийн өдрийг 1914 онд үндэсний баяр болгосон байна.

АНУ- Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн өдөр

Америк бүсгүйчүүд тэгш эрхийн төлөө он удаан жилээр тэмцэж ирсэн. Жил бүрийн наймдугаар сарын 26-ныг тус улсад Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд 1972 онд Ерөнхийлөгч Ричард Никсоны зарлигаар баяр болгон зарлажээ.

Япон- Охидын өдөр

Японд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өргөн тэмдэглэдэггүй. Гэхдээ гуравдугаар сарын 3-нд Хинамацури буюу охидын өдрийг тэмдэглэдэг. 794-1185 үед буюу Хэйан үед энэ баярыг анх тэмдэглэж эхэлсэн бөгөөд япончууд охидынхоо сайхан сайхан ирээдүй, аз жаргалын төлөө мөргөн ерөөдөг.

Армени- Эхчүүдийн өдөр

1990-ээд онд Армени Улс тусгаар тогтнолоо зарласны дараа мартын 8-ныг албан ёсны тэмдэглэлт өдрийн жагсаалтаас хасах тухай яригдаж эхэлжээ. Ингэснээр тэд дөрөвдүгээр сарын 7-ныг Эхчүүдийн баяр болгон тэмдэглэж ирсэн.

ӨАБНУ- Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр

Өмнөд Африкийн бүгд найрамдах Улсад наймдугаар сарын 9-нд Эмэгтэйчүүдийн үндэсний өдрийг тэмдэглэдэг аж. Тэртээ 1956 онд 20 мянга гаруй эмэгтэй Засгийн газрын байрны гадаа жагсаж апартеид буюу арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан бодлогыг эсэргүүцсэн үйл явдлыг энэ өдөр нэхэн санадаг бөгөөд 1995 оноос энэ өдрийг улсын баяр болгон зарлаж, жил бүр тэмдэглэдэг болжээ.

Мозамбик- Эмэгтэйчүүдийн баяр

Мозамбикийн үндэсний баатар гэгддэг Жосина Машелийн таалал төгссөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 7-нд тус улс Эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, ялгаварлан гадуурхахын эсрэг үзэл санааг тунхагладаг нийслэл Мапуту дахь Баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслол болдог.

Жозина Машел бол тус улсын анхны Ерөнхийлөгч Самора Машелийн эхнэр төдийгүй “Мозамбикийг чөлөөлөх фронт” хөдөлгөөний идэвхтэн, зоригт тэмцэгч, улсынхаа тусгаар тогтнолын төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан баатар байв.

Тунис- Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр

Тунист 1956 оны наймдугаар сарын 13-нд эмэгтэйчүүдийг хууль, эрх зүйн субъект хэмээн хүлээн зөвшөөрсөн хуулийг баталжээ. Энэхүү хуулийн хүрээнд олон эхнэртэй байхыг халж, гэр бүл цуцлахыг хуулийн үйл явц болгон баталгаажуулж, хоёр хүн харилцан зөвшөөрөх нь гэр бүл болон зайлшгүй нөхцөл гэдгийг зааж өгсөн юм. Тэр үеэс хойш энэ өдрийг Тунист Эмэгтэйчүүдийн өдөр болгон тэмдэглэж ирсэн байна.

Латин Америк- Африк, латин америк, кариб эмэгтэйчүүдийн өдөр

Долдугаар сарын 25-нд Латин Америкт Африк, латин америк, кариб эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрийг анх 1992 онд Доминиканд тэмдэглэж, бүсийн 32 оны эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байв.

Арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхахтай тэмцэх сэдвийн дор чуулсан энэ өдрөөс хойш жил бүр уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн аж. Ташрамд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл энэ бүсэд хамгийн их байдгийг НҮБ онцолсон бөгөөд жил бүр 20 сая эмэгтэй бие, сэтгэл зүйн эрүүл мэндээрээ хохирдог байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button