"Засгийн газрын гишүүдэд Dashboard суулгаж өгсөн, өргөн хэрэглээний барааны үнийг ч эндээсээ харчихна"

Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр /2024.08.21/-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Засгийн газар шийдвэр гаргахдаа их өгөгдлийг ашиглах танилцуулгыг хийлээ. Төрд өнөөдрийн байдлаар 15 тэрбум бичлэг бүхий өгөгдөл, 185 терабайт хэмжээний мэдээллийн сан байдаг. Үүнээс төр 39 хувийг ашигладаг нь шийдвэр гаргахад оновчтой биш байна. Төр өөрт буй мэдээллээ иргэдээс нэхэхгүй байх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд их өгөгдөл буюу Dashboard системийн хэрэглэхээр боллоо.
Засгийн газрын гишүүдэд Dashboard-ыг суулгаж өгч байна. Ингэснээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит цагаар харагдана. Эрүүл мэндийн үйлчилгээ авсан иргэдийн тоо харагдах бөгөөд өвчлөлийн талаарх мэдээллийг харж болох юм.
Халамжийн үйлчилгээг аль аймагт их авч байгааг уялдуулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогоор төсвийг хуваарилна. Түүнчлэн татвар төлөгчдийн тоо, экспортын хэмжээ, цалингийн дундаж хэмжээ бүгд харагдана. Тухайн аймаг, сумын амьжиргааны түвшнийг зөв тооцоолдог болно. Их өгөгдлөөс төрийн үйлчилгээг иргэд ямар хэмжээгээр авч буйг ч харж болно. Шийдвэр ухаалаг байж, төсвийн зарцуулалт тодорхой болно.
Найман төрлийн 54 үзүүлэлтийг дата болгож нэгтгэхээр агентлагийн дарга, аймаг, сумдын дарга нарын шийдвэр байгаа зөв онож эхэлнэ. Түүнчлэн хүйтний улиралд өвчлөл хаана их байх, төсөв мөнгөө хаана их зарцуулах, ирэх оны төсвөө юунд илүү зарцуулахыг их өгөгдөлд үндэслэж шийдэж байхаар болсон.
Цаашид улсын хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг өгөгдөл болгож, хаана төсөл хөтөлбөр гацаад байгаа талаарх гүйцэтгэлийн түвшнийг хэмжинэ. Хоёр долоо хоногийн дотор олон улсын индексүүдийг байршуулна.
Жишээ нь хүний хөгжил, өрсөлдөх чадварын индексээр хэдэн байр урагшлах ёстойг тусгана. Олон улстай индексийн тоогоор харьцдаг болохын төлөө ажиллана.Их өгөгдлийг нэгтгэснээр хиймэл оюун ухааныг ашиглах боломж нээгдэх юм. Өгөгдөл дээр суурилж чадвал замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэх, урдуур нь хүн орвол машин зогсох уу гэдгийг хэмждэг цаг үед амьдарч буй учир хөгжлийн шинэ трэндээс хоцрох ёсгүй" гэлээ.
Б.ХАШ-ИЛД




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха хүүхэд хуурч байгаа аятай жүжиглэх гэж. Ингэлээ гээд нөгөө өлөнгүүд нь юу хийлээ гэж
Үнээ мэдэхгүй бодохоор ажлаа хийж чадахгүй байсан юм байна л даа. Одоо тэгвэл үнийг буулгаад эдийг засгаа өөд нь татаж баллах юм байна. Ккккк