Нийгэм мэдээ

Согтуугаар жолоо барьсан Жастин Тимберлэйкийг нийгэмд тустай ажил хийх шийтгэл оногдуулжээ

Америкийн поп од Жастин Тимберлэйк энэ оны зургаадугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Нью-Йорк мужийн нутаг дэвсгэрт саатуулагдаж байв.

Түүний үйлдсэн хэргийн шүүх хурал өчигдөр буюу Баасан гарагт өндөрлөж, шийдвэрээ гаргажээ. Шүүх түүнд $500-ын торгууль, $260-ын нэмэлт хураамж төлүүлж, өөрийн сонгосон ашгийн бус байгууллагад 25 цагийн нийгэмд тустай ажил хийх шийтгэл оноосон байна. Мөн олон нийтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдэгдэл хийх үүрэг өгчээ.

Nsync хөвгүүдийн хамтлагийн гишүүн байгаад сүүлд ганцаарчилсан уран бүтээл туурвих болсон 43 настай Тимберлэйк зургаадугаар сарын 18-ны орой Нью-Йорк хотоос зүүн зүгт 160 км зайтай оршдог далайн эргийн Саг Харбор тосгоны ойролцоо зам дээр цагдаа нарт саатуулагдаж байжээ.

Тэрбээр энэ үеэр согтууруулах ундаа хэрэглэснээ үгүйсгэж, согтуурлын хэмжээгээ тогтоолгохоос татгалзсан тул автоматаар Нью-Йорк мужийн нутаг дэвсгэрт жолоо барих эрхээ хасуулсан юм. Энэ шийтгэл АНУ-ын бусад мужуудад ч бас давхар үйлчилж болзошгүй байна.

“Муж хоорондын Жолооны Зөвшөөрлийн Гэрээгээр ихэнх мужууд хоорондоо цуцлагдсан зөвшөөрөл, замын хөдөлгөөний зөрчлийн мэдээллээ хуваалцах үүрэгтэй байдаг. Тиймээс нэг мужид жолоо барих эрх цуцлагдвал бусад бүх мужид адил үйлчлэх ёстой” гэж Техас мужийн Остин хотод бүртгэлтэй Lee, Gober & Reyna хуулийн фирмийн төлөөлөгч Кеннет Гобер мэдээлжээ.

Грэммийн 10 удаагийн шагналтай Тимберлэйк дүрэм зөрчсөнийхөө дараахан шинэ цомгийнхоо аялан тоглолтоор гадаад явсан тул эхний шүүх хуралдаа видео холбоогоор оролцож байсан юм. Тэрбээр ойрын өдрүүдэд Ньюарк, Нью Жерси, Брүүклинд тоглолтоо хийхээр Нью-Йорк хотод ирээд байхдаа шүүх хуралд биеэр оролцжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button