Нийгэм мэдээ

Г.Хос-Эрдэнэ: Маникюр хийлгэх боломжтой хиймэл хуруу, гар хийж эхэлсэн

Төрөлхийн аль нэг эд, эрхтэн дутуу эсвэл ослын улмаас гар хөлийн мөчөө тайруулахаас өөр аргагүйд хүрч, өөртөө итгэх итгэлээ алдсан хүмүүст бага ч болов итгэл, урам зориг өгөх зорилгоор гоо зүйн залгамал хиймэл эд эрхтний үйлдвэрлэл, урлалын лаборатори нээгдлээ.

Энэхүү лаборатори нь гоо зүйн талаасаа зориулагдаж, хиймэл эрхтэн хийдгээрээ онцлог юм. Ийнхүү бид уг лабораторийн үүсгэн байгуулагч Сити их сургуулийн багш Г.Хос-Эрдэнэтэй хэсэг хугацаанд ярилцлаа.

-Хамаатныхаа эгчээс, гоо зүйн талаас хиймэл эрхтэн хийж болох санааг авсан-

-Юун түрүүнд лаборатори нээж байгаад нь баяр хүргэе. Яагаад энэ чиглэлээр ажиллах болсон талаараа хуваалцахгүй юу?

-Би нүүр хувиргагч мэргэжилтэй. Тиймдээ ч энэ нь надад их ойрхон санагдсан. Анх үүнийг хийх сэдэл нь хамаатны маань эгчээс үүдэлтэй. Гурван хуруугүй эгч маань киноны жижиг хэрэглэгдэхүүн хийж байх үед, "Эгчид нь ийм хуруу байвал болох юм биш үү, надад нэгийг хийгээд өг" гэж ярьсан нь надад сэдэл өгсөн. Тэглээ ч Монголд мөчдийн тайралттай, эрхтэн дутуу хүмүүст зориулсан протез буюу хиймэл эд эрхтний үйлдвэрлэл байдаг ч яг гоо зүйн талаас нь зориулж урладаг газар байдаггүй юм байна лээ. Ингэж л эхэлсэн.

-Маш олон улсад энэ гоо зүйн протезийг хийдэг. Яагаад заавал БНСУ руу явж, энэ чиглэлийн сургалтад хамрагдсан бэ?

-Ер нь Энэтхэг, Мексик зэрэг улсуудын энэ чиглэлийн үйлдвэрлэл, урлалыг бас судалж үзсэн. Тэгээд 12 жилийн туршлагатай, Тайланд, Япон улсад салбараа нээсэн БНСУ-ын “Namanae” гэдэг протезын үйлдвэрээс туршлага судалж, багшаас нь суралцахаар зориод явсан. 87% 16 хоногийн сургалтын үр дүнд мэргэжлийн гэрчилгээ авч, Монголдоо тус үйлдвэрт ашигладаг тоног төхөөрөмжийг оруулж ирэхээр тохиролцсон. Бид патентыг нь 20 жилээр авах болсон юм л даа.

-Хиймэл эрхтэнд баталгааны хугацаа бий юу?

-Ер нь нэг хийлгэчихсэн байхад, нэлээн удна. Гоо зүйн талаасаа хэрэглэгдэх учир ашиглагдах хугацаа их урт гэж ойлгож болно.

-Яг одоогоор тодорхой үнэ гаргаагүй байгаа. Аль болох төлбөрийн уян хатан байлгахыг хичээнэ-

-Хүмүүсийн сайн сайхны төлөө ч гэсэн бизнес гэдэг утгаар борлуулж, тодорхой үнийн стандарт тогтоох шаардлагатай болно. Үүнийг яаж шийдэхээр төлөвлөж байгаа вэ?

-Солонгост нэг хурууг 5 сая орчим төгрөгөөр хийдэг юм байна лээ. Манай улсын зах зээл жижиг, хүн ам ч цөөн. Энэ бол Солонгосын л ханш.

Монголдоо шууд энэ үнээр нь оруулж ирнэ гэдэг өндөр дүн. Тэгэхээр аль болох уян хатан байлгахаар зорьж байна. Мэдээж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанартай материал, тоног төхөөрөмж ашиглан хийж байгаа учраас энэ бүгдийг тооцоолох шаардлагатай.

-Нэг хурууг хийхэд хэр их хугацаа зарцуулдаг вэ?

-Нэг хурууг хийхэд хурдандаа 5-7 долоо хоног зарцуулдаг. Тухайн хүний арьсны өнгөнд тохируулна, нугалаа гаргана, силиконы чанар сайн, урагдахгүй, сунахгүй байх ёстой гэх мэт маш олон нарийн зүйл бий. Арьсны өнгөн дээр гэхэд л 7-8 өнгийг хольж гаргана, судасны өнгө, хурууны өндөгний улаан өнгө, алганы үндсэн суурь өнгө гэх мэт. Түүнээс гадна силикон болон акрилик хумсыг шигтгэдэг учраас эмэгтэйчүүд хумсаа будуулах, гоо зүйн талаас нь арчлах боломжтой байдлаар хийдэг.

Мөн хурууны үеүдэд төмөр хийдэг учир базах, барих гэх мэт хөдөлгөөн хийх боломжтойгоороо онцлог. Одоогоор нэг хуруу, хурууны үе, чих зэрэг жижиг хэсгүүдийг түлхүү хийж байна. Үйлдвэр ашиглалтад орохоор тохойноос урагш гэх мэт арай том хэмжээтэй протезыг хийнэ.

-Эдгээрийг бүтээхэд, танд хэр зэрэг асуудал тулгарч байна вэ, саад бэрхшээлийнхээ тухай яривал?

-Дээр дурдсанчлан нэгдүгээрт маш их цаг хугацаа ордог урлал. Тухайн хүний нэг хэсэг болох учраас хурдан дуусгаад өгье гэсэн хандлагаар ажиллах боломжгүй. Бүгдийг хянуур хийх шаардлагатай. Ингэж удаан хийдэг зүйл дээрээ технологийн алдаа гаргаж, шинээр эхлэх болдог нь хамгийн хүндрэлтэй үе. Гэхдээ өөрийн гаргасан алдаанаасаа суралцсаар л явна.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-16 14:50

Баяр хүргэе.

Зочин
Зочин
2024-09-16 15:23

sex shop yum bishvv

Зочин
Зочин
2024-09-16 17:14

Хэрэгтэй шүү. Баяр хүргэе.

Холбоотой мэдээ

Back to top button