"Шагналд тодорхойлоход гар татдаггүй"

Нэлээн хэдэн жилийн өмнө, байгууллагынхаа хэдэн ажилтныг төрийн одон медальд тодорхойлох болоход, ганц нэг нь шагналын хэмжээнд хүрэмгүй санагдаж, хурал дээр би хүчтэй эсэргүүцэв. Гэтэл буурал дарга маань "Байгууллага, хамт олныг удирдаж буй бол шагналд тодорхойлоход огтоос гар татаж болдоггүй юм. Өгөх эсэх нь дараагийн шатны явдал. Амьдрал нарийн төвөгтэй зөрчлөөр дүүрэн" гэж билээ. Тухайн үедээ аман дотроо "Болсон болоогүй шагнал энэ тэр, бүр шагнал гэдэг юм үнэ цэнэгүй болж, утгаа алдлаа" гэх мэтээр үглээд л өнгөрсөн. Гэвч амьдралын арвин баян туршлагатай тэр хүний үг хожмоо олон талаар үнэн болох нь тодорч билээ.
Наад зах нь хамтран ажиллагсаддаа итгэх, урам зориг өгөх, хамт олны доторх итгэлцлийг эвдэхгүй байхаас эхлээд хувь тавилан, амны хишиг хүртэл нарийн хувь ерөөлтэй, учир начиртай.
Найруулагч Золжаргалын "Баавгай болохсон" киног Оскарт нэр дэвшүүлэлгүй, бүр нэг ч бүтээл дэвшүүлэлгүй, дэвшүүлэх бүтээл алга байна хэмээн хоосон өнжиж буйг сонсоод дээрх явдал эрхгүй санаад орж байна. Кино Урлагийн зөвлөл маань ядахдаа "ор хоосон байснаас нэг ч болсон залуу уран бүтээлчдэд урам, итгэл өгч, нэрийг нь дэвшүүлж байхгүй яав даа, учиргүй зарчим, урлаг ярихаас энэ чинь огт өөр асуудал шүү дээ" гэж бодогдож байв. Гэхдээ "Оргүй дорвол" гэдэг шиг огт хоосон сууснаас тааруухан ч гэсэн "Баавгай болохсон" киног тодорхойлоод явуулчихгүй яав" гэдэг утгаар биш шүү. Урлагийн зөвлөлийнхөн өөрсдөө үнэлж дүгнэж чаддаггүй, чадал нь хүрдэггүй юм аа гэхэд тодорхойлчихгүй дээ гэсэн утга шүү.
Баавгай болохсон киноны анхны үзэгчдийн нэг нь би билээ. 30 гаруй жилийн турш монголынхоо кино урлагаас хүсэн хүлээж байсан тэр мэдрэмжийг "Баавгай болохсон" киноноос авч, баярласан, бахархсан. Амьдралд өдөр бүр шахам таардаг ч бид тэр бүр анзаардаггүй хүний сэтгэлийн маш нарийн хөдлөл, үйлдлийг гярхай ажиглаж, эвлэгхэн бас ухаалгаар үзүүлж чадсан хэсэг олонтой. Эгэл амьдралын гүнээс сонсогддог ор дуу, хүсэл тэмүүллийг зүрх сэтгэлээ шархиртал сонсож чадсан найруулагчийн тэр мэдрэмж гайхалтай байсан. Кинонд гарч буй дүр бүхэн, бүр зурвасхан үзэгдээд хоёр үг хэлээд өнгөрч буй Хороо-хэсгийн дарга авгайн дүр хүртэл өөрийн давтагдашгүй, бодит мөн чанартай, илүү дутуу маяг чимэггүй, харилцан яриа нь өнөөх тайзных мэт сүржин даржин орилоо хашгираа, хүчилсэн яриа, чинэрсэн нүүр үгүй. Бүр дотроосоо урсан гарч байсан. Ялангуяа багачуудын дүр онцгой. Тэдгээр дүрийг бүтээсэн хүүхдүүдээр бахархаад ханашгүй.
За өнгө, дүрс, өнцөг нь ямар болсныг мэргэжлийнхэн хэлнэ биз. Канны сонгон шалгаруулалт аргагүй л нүдтэй юм байна гэж дуу алдсан.
Кино тараад хав халуун сэтгэгдэл дээрээ Ганжавхлан, Мөнгөн, Базарсүрэн, Виктор бид хэд "Надад асуулт байна" подкастаар сэтгэгдлээ илэрхийлж байв. https://www.youtube.com/watch?v=GxaFbcH6FwU&t=2s
Кино театруудад 67,500 хүн үзчихсэн киноны тухай одоо юу ярихав. Ер нь ийм арт талдаа кино 67500 үзэгчтэй байна гэдэг том амжилт.
Ингэхэд киноны амин сүнс нь дүр юм. Дүрүүд хэр үнэмшилтэй, хэр амьдлаг, драммлаг болох хэрээр үзэгчдийн зүрх сэтгэлд хүрдэг, догдлуулдаг, тэгээд хоногшдог. Дүрээ өрөвдүүлж, итгүүлж хайрлуулж, үзэн ядуулж, ойг нь гутааж байж үнэмшүүлдэг. Харин яаж, ямар өнцгөөс тэр дүрийг үзүүлэх нь найруулагчийн ур чадварынх. Уран зохиол дүрийг үгээр урлаж босгодог бол Кино урлаг дүрийг гэрэл сүүдэр, метафор, дүрслэл, өнцөг, жүжигчний чадвар, харилцан яриагаар урладаг. "Баавгай болохсон" кинонд энэ бүхэн хангалттай л байсан даа.
Сүүлийн 30 гаруй жилд бүтээж чадаагүй явсан жижиг дүрүүдийг хүртэл бүтээсэн. Энэ кино нь хэдий сэдвийн хувьд бидний хэдийнээ мэддэг, улиг домог болтол ярьдаг утаа, гэр хороолол, ядуурал, нийгмийн шударга бус байдлыг хөндсөн боловч урьд нь хэний ч хэлээгүй, өгүүлээгүй тийм мэдрэмжээр, өнгө аясаар, дуу хоолойгоор илэрхийлж чадсан учраас л цоо шинэ сэдэв мэт мэдрэгддэг. Тиймээс сэдэв агуулгаараа ч том кино юм. Харин яагаад Кино Урлагийн зөвлөл татгалзсаныг огт ойлгохгүй байна. Зөвлөлөөс ирүүлсэн тайлбар бичигт "нууц санал хураалт авах зарчмаар" сонгон шалгаруулалт явагдсан гэх атлаа бас "олон нийтэд нээлттэй ил тод явагддаг" гэсэн зөрчилтэй үгс харагдана билээ. Гол нь "Олон нийтэд нээлттэй, ил тод" явагддаг аваас ямар учраас татгалзсан нь ил тод биш, хаалттай байгаа нь хачин байв. Тиймээс "Баавгай болохсон" киног Оскарын ёслолд Монгол улсаа төлөөлж оролцуулахыг шаардсан цахим санал асуулгыг дэмжиж байна. Дэмжиж буй бүхэн цахим санал асуулгад оролцоорой.
Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайхны би биш бол өөр хэн ч биш!!!гэсэн ухагдахуун, Тамын тогооны үлгэрээсээ хэзээ ч гарч чадахгүй юм аа...
Хурандаа ахын сэтгэлд юм хийчих юм биш үү, больсон нь дээр биш үү.