Маргааш Гандантэгчэнлин хийдэд майдар эргэх ёслол болно

Намрын адаг сарын шинийн 7-нд буюу аравдугаар сарын 10-нд Майдар эргэх ёслол болно.
Ирээдүйд залран ирэх сайн цагийн мянган Бурханы тав дахь бурхан болох Майдар бурханы шашинтай золгож, Майдар бурханаас ном сонсох, мөн бурханы залран ирэх цагийг наашлуулах билэгдлээр энэ зан үйлийг хийдэг аж.
Майдар гэдэг нь эртний Энэтхэгийн санскрит хэлний “мадри” буюу асрах, хайрлан энэрэх гэсэн үг ажээ. Утгын хувьд асрах хайрлах сэтгэл буюу зөвхөн өөртөө хайртай байх бус өөрөөсөө илүүтэй бусдыг асран халамжилж, зовж зүдэрсэн хүнд туслах улмаар эх болсон зургаан зүйл, хамаг амьтныг амгалан жаргалантай байлгах өндөр их хариуцлагын нэр ажээ.
Алтан Майдар бурханыг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг. Ногоон морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурханы баруун, зүүнд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суврагын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус уяад түмэн олноо адис хүртээж явдаг юм байна. Гандантэгчэнлин хийдийн шар хэрэмний гол, барууун, хойд, зүүн зүгт тус тус үдлэн Түй мандал өргөн, ерөөл талбин эргэн гол үүдэнд хүрч Манзуширийн үд хийж их ерөөл хуран, өлзий хутаг оршоож, их мандал өргөдөг. Ийнхүү тус ёслолоор Майдар бурханы номын рашааныг хүртээх зан үйлийг хийдэг бөгөөд таван их номын хүрдэн эргүүлэх лугаа уулзан учрахын билэг зохилдуулан бүх хуврага, түмэн олон, сүсэгтэн бүгд дагалдан ерөөл талбидаг уламжлалтай.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.