Н.Учрал: Ерөнхий сайд эзгүй тул хойшлуулахыг хүссэн ч боломжгүй гэсэн
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанд "Боомтын сэргэлтийн талаар Ерөнхий сайд мэдээлэл өгнө" гэж товлоод байв. Гэвч Ерөнхий сайд өөрийн биеэр ирээгүй, түүнийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр орлож, мэдээллийг өглөө.
Тэгвэл, УИХ-ын гишүүн Д.Мөнхбаясгалан өөрийн байр суурийг "Ерөнхий сайд өөрөө мэдээлэл хийнэ гэсэн. Өөрөө УИХ-ын гишүүн хүн. Яагаад эрх баригчид өөрт таалагдсан заалтаа л барьдаг юм бэ. Хоёр хууль зөрчилдвөл Дэгийн тухай хуулиа баримталдаг. УИХ-ын дарга та өөрөө үүнийг баримтлах ёстой, сайн хууль гэж хэлж байна. УИХ бол ЗГ-ын харьяа байгууллага биш. Ерөнхий сайдыг дуудаж оруулж ирмээр байна. Ардчилсан намынхныг хурлаа хаяж гарахыг уриалж байна" хэмээн илэрхийллээ.
Түүний байр суурьд УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Н.Баасандорж "Өнөөдрийн Ерөнхий сайдын мэдээлэл Дэгийн тухай хуулийн 112-р зүйлд заасан журмаар явагдаж байна. ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас албан бичиг ирсэн. Ерөнхий сайд боомтын сэргэлтийн чиглэлээр мэдээлэл хийхээр товлогдсон боловч түр эзгүй байгаа тул ЗГ-ын тухай хуулийн дагуу Тэргүүн шадар сайд орлохоор боллоо гэсэн агуулгатай. Энэ нь "Ерөнхий сайдын түр эзгүйд Тэргүүн шадар сайд гүйцэтгэнэ" гэсэн ЗГ-ын тухай хуулийн заалтад үндэслэж байна” гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Бид эхэлж, Ерөнхий сайд түр эзгүй байгаа тул мэдээллийг хойшлуулж өгөөч гэж би хүссэн юм. Харин УИХ-ын Тамгын газраас хугацаандаа хийгдэх шаардлагатай гэсэн тул ЗГ-ын тухай хуулийг баримталж, Тэргүүн шадар сайдаар мэдээллийг хийлгэж байна” гэлээ.
Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн баасан гарагт мэдээлэл хийх журамтай. Үүнийг хойшлуулж болохгүй. Тэгэхээр өөрсдөө ажлаа зохицуулж байх хэрэгтэй. Нэгэнт Засгийн газрын мэдээлэл хийх үйл ажиллагааг бэлтгэж, УИХ-ын гишүүдэд холбогдох материалыг тарааж өгч эхэлсэн тохиолдолд хойшлуулах боломжгүй байдаг” гэж тайлбарлалаа.
Өдгөө Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөрөөс цөөнхийн бүлгийн (АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл) төлөөлөл асуулт асууж, хариулт авч байна. Харин МАН-ын төлөөлөл асуулт асуухгүй дэгтэй аж.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха энэ учр�##� гэж хүрэлсүгийн суганы үс байж их томордог болжээ