"Чингис хаан" одон хүртэх Бан Ги Мүн маргааш ирнэ
Чингис хааны эхээс мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1, монгол бахархлын өдөр энэ жил 2024 оны 11-р сарын 2-ны бямба гарагт тохионо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 дүгээр зарлигаар Эзэн богд Чингис хаан–Тэмүжиний мэндэлсэн огноог Шинжлэх ухааны Академийн өргөн барьсан саналыг үндэслэн билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байхаар болсон билээ.
“Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Энэ жил төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээнэ. тэрбээр Монгол Улсад маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-нд ирэхээр болжээ.
Бямба гарагт Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа болж, төр, засгийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнууд, “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолд уригдсан хүндэт зочид, иргэд Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдааныг уламжлал ёсоор зохион байгуулж, түрүүлсэн бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” шилжин явах цомыг анх удаа гардуулах юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хайран одон. Энэ Монголд юу хийсэн бэ.
одон модон өгч долоож байж л хэдэн хүмүүсээ хил дээрээс нь хөөлгөхгүй туулгахгүй байж чадах нь уу үгүй юу