Улс төрийн мэдээ

Төсвийг засъя гэвэл баталсан хойно тодотгоно, эсвэл Ерөнхийлөгч хориг тавина

2025 оны улсын төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжилнэ. Процессын дагуу ирэх долоо хоногоос хэтрэлгүй, дараа оны төсөв батлагдах гэж байна.

Харин улсын төсвийг хоёрдугаар хэлэлцүүлгийнх нь үеэр УИХ-ын гишүүд, МҮХАҮТ хамтран эсэргүүцэж эхэллээ. Тэдний шаардлага: "Ерөнхий сайд төсвийн төслөө буцаан тат" гэдэг өгүүлбэрт хураагдаж буй.

Олон нийтэд энэ таалагдаж байна. Шударга гишүүд, улстөрчидтэй боллоо хэмээн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нарыг сайжаах болсон.

Гэхдээ Төсвийн тухай хуулиа харвал, парламент жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ны дотор улсын төсвийг баталж амжих ёстой.

Гэвч одоо хэдийнэ гуравдугаар хэлэлцүүлэгт шилжчихсэн учир дэгийн дагуу агуулгын шинжтэй өөрчлөлт хийх боломжгүй, байнгын хороодоос гарсан зарчмын зөрүүтэй саналуудад санал хураан цэгцлэх л үлдээд байгаа юм. Нэг ёсондоо алх цохиод явчихдаг шатандаа шилжсэн хойно төсвийн шүүмжлэлүүд өрнөж, давхар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлалтай, эзгүй үе ч давхцав.

Тэгэхээр төслийг буцаан тат гэдэг шаардлага биелэх боломж байхгүй. Харин баталсан хойно нь тодотгох. Эсвэл Ерөнхийлөгч хориг тавьж, хуулийн үйлчлэлийг зогсоох бололцоо бий. Гэвч хоригийг УИХ хүлээж авах эсэхээ мөн хэлэлцдэг хуультай.

Нэг ёсондоо төсвийн улс төрд Ерөнхийлөгч хөл тавихгүй л бол төсвийн шүүмжлэл өөрөө популизмын шинжтэй болж хувирах нь гарцаагүй. Засъя, залруулъя гэвэл төсвийг хэлэлцэх эсэх болон анхдугаар хэлэлцүүлгийн шатанд нь дуугарч эхлэх учиртай байлаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button