Нийгэм мэдээ

Олон нийтийн харилцаа, хандлагыг эерэгжүүлэх зорилгоор “Соёл танаас эхэлнэ” аяныг эхлүүллээ

Цагдаагийн байгууллагаас “Соёл танаас эхэлнэ” аяныг санаачилж, CU, GS25 байгууллага дэмжин хамтран эхлүүлээд байна. Тус аянтай холбоотой үйл ажиллагааны талаар өнөөдөр буюу 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдээллээ.

-Зарим үйлчлүүлэгчид 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдаалахгүй гэхэд хэл амаар доромжлох зарим тохиолдолд биед нь халдах тохиолдол гарч байна-

Премиум нексус ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Г.Чинзориг: CU, GS25-ийн тухайд орон даяар нийт 700 гаруй дэлгүүртэйгээр 6 мянга гаруй залуус ажиллаж буй. Манай хоёр сүлжээ дэлгүүрийн тухайд дэлхийн стандарт үйлчилгээг Монголд нэвтрүүлэх зорилготой зорин ажиллаж буй. Иймд даган мөрдөгдөж буй хууль дүрмийг бүрэн хэрэгжүүлэхэд оршиж байна. Тиймээс архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, тамхины хяналтын тухай хууль болон бусад хуулиудыг бүрэн хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна.

CU, GS25-ийн тухайд орон даяар нийт 700 гаруй дэлгүүрүүдээр 350 мянга гаруй иргэд үйлчлүүлж байна. Бид тухайн хүмүүст үйлчлэхдээ хуулийн дагуу 18 нас хүрээгүй хүнд электрон тамхи зарахгүй гэдэгт нийцэж ажиллахаар төлөвлөж байна.

Мөн зарим үйлчлүүлэгчид 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдаалахгүй хэмээсэн бидний шаардлагыг хүлээн авахгүй, хэл амаар доромжлох зарим тохиолдолд биед нь халдах тохиолдол гарч байна. Иймээс ЦЕГ-тай холбогдон энэ тал дээр хяналт тавих, аян өрнүүлэхэд хамтрах санал хүргүүлсэн юм.

Цагдаагийн байгууллагаас "Монгол Улсын интернэт хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж, хүн бүр мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэж, үнэн, эсэх нь мэдэгдэхгүй зүйлсийг цахим хуудсандаа нийтэлж, хандалтаа өсгөхийг зорьж байна.

Мэдээлэл гэдэг зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагаас л “гардаг” зүйл биш. Цахим орчинд хүссэнээ нийтлэхдээ бусдын эрхийг ноцтойгоор зөрчдөг. Ялангуяа хүүхдийн эрхийг.

Зураг, бичлэгийг цахим хуудсанд нээлттэйгээр байршуулж, хандалт авахын тулд буруу, зөвийг нь ялгалгүйгээр хүссэн зүйлээ бичих нь түгээмэл байгааг халах, нийтийн соёл, хандлагыг төлөвлшүүлэхэд иргэн бүр хувь нэмэр оруулах нь чухал байна.

2024 оны эхний 10 сарын байдлаар Монгол Улс дахь дижитал хэрэглээний ерөнхий үзүүлэлтээр 2.91 сая интернэт хэрэглэгчидтэй үүнээс Сошиал медиа хэрэглэгчдийн тоо 2.5 саяд хүрсэн бөгөөд энэ нь нийт хүн амын 72.0 хувьтай тэнцэж байгаа бол хүн амын дунд эмэгтэйчүүд 50.5%, харин 49.5 хувь нь эрэгтэйчүүд, насны бүлгээр нь авч үзвэл 36.8 хувь нь 18 хүртэлх насны хүүхдүүд эзлэж байна.

Цахим орчны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйгээр сүүлийн 5 жилийн хугацаанд 30.689 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 2024 оны эхний 10 дугаар сарын байдлаар 6.736 бүртгэгдээд байна.

Үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл 83,4 хувь нь цахимаар залилах, 5.8 хувь нь худал мэдээлэл тараах, 3.4 хувь нь Кибер аюулгүй байдлын эсрэг, 0.6 хувь нь Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах, 0.6 хувь нь насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах, 6.3 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг байна.

Мөн нийгмийн бухимдал стресс, хүн хоорондын харилцааны алдаанаас үүдэлтэй гудамж талбай олон нийтийн газарт хэрүүл маргаан зодоон үүсгэх зэрэг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7690 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.9 хувиар өсч, нийт гэмт хэргийн 20.8 хувийг дангаар эзэлж байна.

Иймд цахим орчинд хүн нэр төр, алдар хүндэд халдах, мэдлэг, мэдээлэлгүйгээс үүдэн гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирох, гудамж, талбай, олон нийтийн газар иргэд нэг нэгнээ үл хүндэтгэх, бусадтай сөрөг харилцах, танхайрах, бусдын эрхэнд халдах зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үндсэн зорилго, чиглэлтэй юм.

Энэхүү арга хэмжээний үндсэн зорилго, чиглэлээс гадна Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн хүрээнд 21 насанд хүрээгүй хүнд архи, утаат тамхи худалдаалахгүй байх заалтыг хэрэгжүүлэх, 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 сарын 22-ны өдрийн А/1467 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтрахын зэрэгцээ 16 насанд хүрээгүй хүнд бэлэн гоймон худалдаалахгүй байх тал дээр хамтран ажиллах чиглэлийг тодорхойлж, иргэд, олон нийтэд зөв ойлголт, мэдээлэл өгөх явдал юм.

Дээрх хугацаанд 2.9 сая зөрчил бүртгэгдсэнээс Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн мянга гаруй зөрчилд 728 иргэн, 249 хуулийн этгээдийг 1.7 тэрбум төгрөгөөр, Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн 261 зөрчилд 226 хүн, 24 хуулийн этгээдийг 194.8 сая төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэсэн. Мөн 15-18 насны 28 хүүхэд, 15-21 насны 130 хүүхэд, залуучууд эрүүлжүүлэгдсэн гэсэн тоон мэдээтэй байна.

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд болон олон нийтийн харилцаа, хандлагыг эерэгжүүлэх, зөв үйлдэлд уриалж сэдэлжүүлэх зорилгоор “Соёл танаас эхэлнэ” мэдээлэл, нөлөөллийн ажлыг худалдаа, үйлчилгээ эрхлэгч СиЮ, Жи-Эс 25 компаниудтай хамтран энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс нэг сарын хугацаатай нийгмийн зорилтод бүлэг болох хүүхэд, залуучуудад чиглэн зохион байгуулж байна" хэмээв.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button