Улс төрийн мэдээ

Намуудын шинэчилсэн дүрмээ УДШ-д хүргүүлэх хугацааг хойшлуулах төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Үүгээр Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, дэмжлээ. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Өчигдрийн хуралдаанд уг асуудлыг хэлэлцсэн ч санал хураалгүй хойшлуулаад байсан юм.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар, намууд шинэчилсэн дүрмээ 2024.07.01-нээс зургаан сарын дараа Улсын дээд шүүхэд хүргүүлэх ёстой. Харин парламентад суудалгүй намууд хүсэлт гаргаснаар, энэ хугацааг 2027.08.01 болгож сунгах өөрчлөлтийг өргөн бариад байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлсэн юм.


УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл,

"Намыг шинэчилнэ, шинэ шатанд гаргана гэж энэ хуулийг хийсэн. Гэтэл хөл толгой нь олддоггүй, цэгцэрдэггүй чигээр 2027 он хүртэл үргэлжилнэ гэвэл утгагүй. Энэ бол нам хийгээд Монголын парламентын засаглалын эрх ашиг. Үзэл санааны бүхэл бүтэн нэг жигүүр эзлэх ёстой нам маань сэхээтэн давхаргын, бизнес эрхлэгчдийн, залуусын саналыг авч чадаагүй. Гэтэл сайн сайхан ярьсан зүйлс маань 2027 он хүртэл хойшлох гээд байна. Хамтарсан засагт ороод намууд хоорондоо ялгаагүй болчихлоо. Эцэстээ монгол төрийн үнэлэмж, парламентын засаглалын асуудал болж хувирах вий гэж санаа зовж байна. Хуулиа хэрэгжүүлж, ашиглая л даа гэж үзэж байна. Иймд хууль хойшлуулахыг дэмжихгүй байгаа гэдгээ хэлье".

 УИХ-ын гишүүн Б.Найдалаа,

"ХҮН намын хувьд заасан хугацаандаа их хурлаа хийж, дүрмээ өөрчилж, шинэ хуулийн шаардлагад нийцэхэд бэлэн. Бэлтгэлийг бид өмнө нь сайн хийж авсан. Хийж ч ирсэн зүйл юм. Харин парламентад суудалгүй бусад намууд ийм хүсэлт тавьсан бол хүндэтгэх хэрэгтэй. Яарч, даарч хийж болохгүй. Иймд манай ХҮН намын хувьд асуудалгүй ч бусад жижиг намуудаа хүндэтгэх үүднээс дэмжиж байгаа".

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир,

"Их чухал хууль баталсан гэдгийг гишүүд нэгэн дуугаар хэлж байна. Гэтэл намуудын шинэ хуульд нийцэн өөрчлөгдөх хугацааг бүр 2027 он хүртэл хойшлуулна гэдэг арай урт биш үү. Намуудын дотоод хариуцлагын асуудал биз дээ. Ядаж 2-3 сар хойшлуулж болохгүй юу".

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа,

"Юм л бол баталсан хуульдаа эргэж гар хүрдгээ болимоор байна. Намууд өөрсдөө хариуцлагагүй байна. Зарим нам хэдийнэ шинэ хуулийн дагуу хурлаа хийж, материалаа УДШ-д өгчихсөн байгаа шүү дээ. Гэтэл олон жилийн түүхтэй намууд яагаад ийм хариуцлагагүй байна аа?"

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал,

"Намууд хариуцлагагүй байгаа нь үнэн. Орон даяар хэлэлцүүлэг явуулж, бэлтгэл хангаж байгаад энэ хуулийг баталсан. Гэтэл одоо амжихгүй нь, сунгаж өгөөч гэдэг хүсэлтийг парламентад суудалгүй жижиг намууд өгөөд байгаа. МАН-ын хувьд л гэхэд бэлтгэлээ хэдийнэ хангачихсан. Гэвч амжихгүй нь, орон нутгийн сонгууль боллоо гэж тайлбар тавьцгааж байна. Яг заасан хугацаандаа гэвэл 2025 оны нэгдүгээр сард багтах. Ингэе гэхээр бараг 25-30 намыг УДШ бүртгэхгүй байх эрсдэл үүсэх юм билээ. Ийм мэдээллийг УДШ-ээс өгсөн" 

 УИХ-ын гишүүн А.Ундраа,

"Манай Үндэсний эвслийн хувьд хуульд нийцэх ажлаа хийж яваа. Дүрмээ шинэчлэн УДШ-д хүргүүлсэн байгаа. Жендерийн тэгш байдлыг хангах чиглэлд ч ажилласан, үр дүн гаргасан. Хугацааг хойшлуулъя гэж парламентад суудалгүй намууд хүссэн гэлээ. Гэтэл парламентад суудалтай намууд нь хуульд нийцэх боломжтой. Тэгэхээр шалтаг болгож байна уу гэж харж байна. Бүтэн хоёр жил 10 сар юу хийх гээд байна вэ. Ядаж зургаан сар хойшлуулж болдоггүй юм уу. Хоёр жил 10 сар гэдгийг ямар логикоор тооцсон юм бэ гэдгийг асууя. Цаана нь өөр учир шалтгаан байна уу гэдэг дүгнэлтэд хүрэхээр байна л даа".

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал,

"Хууль бол хэрэгжээд явж байгаа. Харин УДШ-д шинэ дүрмээ бүртгүүлэх хугацааг л сунгах асуудал ярьж байна. Хууль хойшлоод байгаа юм биш. Одоо намууд өөр өөрийн дүрэмтэй. УДШ-ээс мэдээлэл авахад долоон нам шинэ хуульд дүрмээ нийцүүлээд илгээсэн байна. Бичиг баримтын бүрдүүлбэр дутуу зүйл бас гарсан гэсэн. Сунгалаа гээд заавал хоёр жил 10 сарын дараа бүртгүүл гэсэн ойлголт биш. Шаардлагаа хангачихсан бол өмнө нь бүртүүлчихэж ч болно. Үнэхээр зургаан сар юм уу жилийн дотор амжина гэвэл түүнийгээ хэл. Үгүй бол институц болж чадахгүй байгаа, идэвхгүй намуудыг татан буулгаж, нэгтгэн нийлүүлэхээс өөр арга үлдэхгүй".

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button