Төрийн хэргийг шийддэг оффисууд: Өмнө нь Central Tower, одоо Gerege

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Чайна энержи" компанитай хийх хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан, байнгын хорооны хуралдаанд санал шүүмжлэлээ хэлсэн. Үүний дараа Засгийн газар болон MCS групп хоорондын далд тэмцэл явагдаж байна гэгдэх болов.
Д.Энхтүвшин гишүүн Ubn.mn сайтад ярилцлага өгөхдөө "Засгийн газрыг Төрийн ордноос биш, Gerege Tower-ийн 15 давхраас удирддаг болоод удаж байна. Дарга нар тэнд очиж чиглэл, даалгавар авдаг" гэж хэлсэн.
Gerege Tower барилгын 15 давхарт HERO фильм байрладаг ба энэ үгээр тэр найруулагч Б.Баатарыг хэлжээ.
Тэгвэл, өчигдөр зөрүүлээд УИХ-ын гишүүн Ө.Шижир дараах байр суурийг илэрхийлсэн байна.
Тэрбээр "Д.Энхтүвшин гишүүний шийдвэр гаргалцдаг байшин нь хүчингүй болсон юм уу даа. Тэгээд л бачуураад байгаа байх. Central Tower, Shangri-La-гаас улс орны бүх асуудлыг шийдэж, Ерөнхий сайдаас эхлээд ЦЕГ-ын дарга хүртэл бүх томилгоо хийгдэж байсан нь нууц биш. Сонгуулиар хамгийн олон улстөрчид хандив өгсөн компани юу билээ?" гэж бичжээ.
Д.Энхтүвшингийн хувьд хэдий сайн имижтэй ч өнөөгийн улс төр дэх MCS-ийн төлөөлөл нь үнэн юм. Нөгөө талаар Ө.Шижир бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн. Х.Баттулга, MCS хоёулаа өдгөө хэлэлцэж буй Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замд оролцоотой.
MCS төмөр замыг барьж, ашиглах ажлыг БНХАУ-ын компанитай хамтран хийх гэж байхад Х.Баттулга болиулсан гэж товчоор ойлгох юм.
Харин 10 жил гацсан ажил өнөөдөр хөдөлгөөнд орж, урагшлахын өмнө Х.Баттулга чимээгүй, MCS талаас дургүйцэнгүй байгаа дүр зураг л өнөөдрийн улс төрөөс уншигдаж байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхтүвшин үнэнд ойрхон зүйл ярьдаг.
Женко-ийн хиа нь Оэрдэнийг өмөөрч байгааг бодоход Ерөнхий сайд Женко-д атгуулжээ??!!