Фокус: “Эрдэнэт”-ийг нээлцсэн, хамгийн олон монголчуудтай Европын орон Чех дэх ТҮҮХЭН АЙЛЧЛАЛ

Манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Чех улсад албан ёсны айлчлал хийж байна. Тус улсын ерөнхийлөгч Петр Павел манай талыг урьсны дагуу энэхүү айлчлал зохион байгуулагдаж байгаа юм.
Юуны өмнө Чех бол Европын холбооны гишүүн орон тул манай гуравдагч хөрш. Мөн Европын орнуудаас хамгийн олон монгол хүн оршин суудаг улс.
Тэр утгаар дипломат харилцаа тогтоосон 1990 оноос хойш (түүнээс өмнө Чехословак байхад нь ч дипломат харилцаатай явсан), бидний хувьд Чех яах аргагүй чухал орон болж хувирсан.
Айлчлалын явцыг тоймлон хүргэе.
“Уламжлалт найрсаг харилцаа өнө мөнхөд мандан бадрах болтугай”
Энэ хүрээнд хоёр орны ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийснээс гадна хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурлаа. Түүнчлэн, дипломат харилцааны шатлалаа ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн нь тэмдэглүүштэй байна.
Айлчлал эхэлсэн өдөр ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прагийн шилтгээний хүндэт зочны дэвтэрт уйгаржин монгол бичгээр үг бичиж үлдээсэн. Үүндээ “...монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид “Монголын их амар амгалан”-г дэлхий дахинд тогтоож байсан лугаа адил дэлхийн улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа өнө мөнхөд мандан бадрах болтугай” гэжээ.
Улмаар албан ёсны хэлэлцээ эхэлсэн бөгөөд, харилцааны бэлгэ тэмдэг болох хэмжээний харилцан ашигтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ, салбар салбарт идэвхтэй хамтран ажиллана гэж харилцан хэллээ. Мөн НҮБ хийгээд олон улсын нөхцөл байдал тойрсон сэдвээр тодорхой санал солилцоод амжсан байна.
“Иж бүрэн түншлэл” тогтоож, хавтгай тэмээг хамгаалах зэрэг нэг тунхаглал, хоёр хэлэлцээр, гурван санамж бичиг байгууллаа
Харин дараах тунхаглал, хэлэлцээр, санамж бичгүүдэд гарын үсэг зурсан.
Нэгт, “Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглал. Үүгээр дипломат харилцааны шатлалаа ахиулж, баталгаажуулсан.
Хоёрт, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”. Энэ хүрээнд гэмт хэргийг илрүүлэх, олж тогтоох чиглэлд хоорондоо шууд харилцаж, шуурхай хамтран ажиллах ойлголцолд хүрсэн. Мөн кримонологи, мөрдөн шалгах ажиллагааны арга тактикийн талаар судалгаа хийнэ, мэргэжилтнүүдийг сургана.
Гуравт, “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хоорондын хэлэлцээр”. Үүгээр “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт тэнцсэн оюутнуудыг Чехэнд сургах боломжоор хангав. Мөн жил бүр хоёр улсын хэл, соёлыг суралцах зуны сургалт хамтран зохион байгуулахаар боллоо.
Дөрөвт, “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Чех Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”. Энэ хүрээнд ХАА, МАА-ын чиглэлээр хамтарч ажиллахаа бататгаж, тэр дундаа бэлчээрийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргана.
Тавт, “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”. Үүгээр бол дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээг хамгаалахын тулд хамтарч ажиллана. Чех бол тахь сэргээн нутагшуулсан туршлагатай юм байна.
Зургаад, “Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Биеийн тамир, спортын улсын хороо болон Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний спортын агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”. Энэ хүрээнд спортын холбоод болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ, менежмент болон цахимжуулалтад мэдлэг туршлага солилцоно.
Ийнхүү нэг тунхаглал, хоёр хэлэлцээр, гурван санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.
Петр Павел: Чехийн хөгжмийн найруулагч Монгол Улсын Төрийн дууллыг бичиж байсан, 75 гэлтгүй жилийн харилцаатай
Албан ёсны хэлэлцээний дараа Чех улсын ерөнхийлөгч Петр Павел хэлэхдээ “Бид газар зүйн хувьд алс хол ч 75 жилийн турш харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирлээ.
1912 онд Чехийн хөгжмийн найруулагч Монгол Улсын Төрийн дууллыг бичсэн удаатай. 75 гэлтгүй удаан хугацааны харилцаа бидэнд бий. Цаашид ч өргөжүүлэх өргөн боломж байна.
Манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд сайн ажилладаг, нэр хүндтэй. Манай зарим салбарт дутагдаж байгаа ажилчдын орон зайг монголчууд нөхөж байгаа.
Ажил хөдөлмөр эрхлэх монгол иргэдийн квотыг нэмснээр ажилчдын тоо 80 хувиар өссөн” гэж дурдсан нь анхаарал татлаа.
У.Хүрэлсүх: Эрдэнэтийн ордыг Чехийн хамтарсан баг илрүүлсэн. Манай 14 мянган иргэнд ямагт санаа тавьдагт талархъя
Харин манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэтийн зэсийн ордыг Монгол-Чехийн геологийн хамтарсан баг 1960-аад оны дунд үед нээн илрүүлсэн. Дарханы цемент, арьс ширний үйлдвэр болон Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг олон бүтээн байгуулалтыг чех анд нөхдийн дэмжлэгтэй байгуулсан.
Цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа. Тухайлбал “Хархорум” хот болон “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэрт хөрөнгө оруулах, хамтрах санал гаргалаа.
Монгол Улсын “Алсын хараа-2050”, Чех Улсын “Стратегийн төлөвлөгөө-2030” хөгжлийн бодлогыг уялдуулах талаар ярилцлаа.
Чех улсад ажиллаж, амьдарч байгаа 14 мянга гаруй иргэдийн талаар ямагт санаа тавьж, ажиллаж, сурч, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхааран ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэжээ.
Ийнхүү удаан хугацааны хамтын ажиллагаатай, гуравдагч хөршийн томоохон баталгаа болсон Чех улстай “Иж бүрэн түншлэл” тогтоож, хэд хэдэн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэхээ баталгаажуулснаас гадна өөрийн орны гадаад бодлогын амбицыг оновчтой илэрхийлсэн түүхэн айлчлал болон өндөрлөж байна.
Чех Улс 10 сая гаруй хүн амтай. Парламентын засаглалтай. Чехийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 343 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 57 орчим мянган ам.доллар. Дундаж цалин нь 45 мянга гаруй крон буюу ойролцоогоор 2,000 ам.доллар. Тус улс 1999 онд НАТО, 2004 онд Европын Холбоонд элссэн. Гишүүн орны хувьд Европын нэгдмэл зах зээлд оролцдог боловч еврогийн оронд үндэсний мөнгөн тэмдэгт болох чех кроноо хэрэглэсээр байна.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Украин, Орос , АНУ-ын т�##�аар тэс хөндлөн таамагл�##� дэвшүүлж байсан олон улсын судлаач нар татвар төлөгч нарын мөнгөөр гадаад айлчл�##�д дагаж явах нь зөв үү. Ер нь ерөнхийлөгчийн сонгууль эхэлжээ.