УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эсрэгцэл: Ерөнхийлөгч хавтгай, мазаалайг хамгаалах бодлогоо тэлсээр, Засгийн газар нь Нарансэвстэйн боомт нээж "устгана" гэсээр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эдгээр өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Өчигдрийн хувьд хоёр улс хооронд нэг тунхаглал, хоёр хэлэлцээр, гурван санамж бичиг байгуулсан.

Тэдгээрийн нэг бол “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг” юм.

Харин энэ хүрээнд дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээг хамтран хамгаалахаар болсон. Чех улсын хувьд тахийг сэргээн нутагшуулсан амжилттай туршлага бүхий орон билээ.

Ерөнхийлөгч гадаад бодлого талаасаа уур амьсгалын өөрчлөлтийг эсрэг тэмцэх, биологийн олон янз зүйл байдлыг хамгаалах чиглэлд ажилласаар байна. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр эхлүүлж, мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтан болгон зарласан. Одоо иж бүрэн түншлэлийн хэмжээнд өргөжих харилцах Чех улстай хамтран хавтгай тэмээг хамгаалахаараа мөн л олон улсад энэ агуулгаарх оновчтой мессежийг өгч байна. Энэ бүгдээ жил бүр НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаан, COP-ийн уулзалтын индэр дээрээс онцлон ярьж улсын нүүр тахалдаг.

Атал энэ бүгдийнх нь огтлолцох цэг бол Алтайн өвөр говь, Говийн их дархан цаазат газрын А хэсэг. Тэнд үндэсний бахархалт амьтан мазаалай нь, одоо чехүүдтэй хамтарч хамгаалах хавтгай тэмээ нь орогнон амьдарч, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хүчтэйгээр өртөж байгаа. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж буй Алтайн өвөр говь бол онгон дагшин хэвээр үлдэж хоцорсон, говийн экосистемийн цор ганц үлгэр загвар нутаг юм.

Нөгөө талд нь яг энэ нутгийн урд хилд давхцах орхигдсон Нарансэвстэйн боомтыг нээнэ гэж УИХ-ын гишүүн, сайд нар нь яриад байдаг. Бүр хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусчихсан явдаг. “Боомтын сэргэлт”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050” зэрэг бүх урьдын хөтөлбөрт Нарансэвстэйн боомтыг дурдаж байгаагүй. Боомт нээвэл зам тавина, гэтэл зам тэрхүү хосгүй экосистемийг заавал дайрах бөгөөд мазаалайн нүүдлийн жимийг тасалж байгаа. Хавтгай нэн үргэмтгий, сонор амьтан. Зам тавьж, боомт нээвэл 500 гаруй үлдсэн хавтгай орогнол нутгийнхаа дөрвөн талаас туугдаж, гагцхүү урд хөрш рүү дайжих ирээдүйд хөл тавих болно.

Байгаль орчинд чиглэсэн хамаг гэрэл гэгээтэй бодлогынх нь эсрэг зогсож байгаа Нарансэвстэйн боомтыг нээнэ гэх асуудалд Ерөнхийлөгч ер анхаарлаа хандуулах цаг болсон юм биш үү?

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нарансэвстэй боомт бол монгол улсыг устгах бодлого. Монголчуудаа сонор сэрэмжтэй байгаарай.

Зочинзочин
Зочинзочин

Заавал Наран сэвстэйг боомт болгох хэрэггүй Ерөнхийлөгч минь бол

Иргэн
Иргэн

Нарансэвстэйн боомтыг нээх нь улс орны эдийн засаг, байгаль орчинд ач холбогдолгүй бөгөөд хэдхэн алтанд шунан улайрсан хүний шунал юм. УИХ-ын гишүүн Амагланбаатар гэж ёстой шуналтай, муу явдалтай хүн юмаа.

Зочин
Зочин

Тэр боомт нтр түй ч хамаагүй алтны уурхай нээнэ гэвэл шууд хориглоно тэгэхээр эхлээд боомт нээж дасгаж бгаад асар их алтны нөөцтэй уурхай нээх гэж бгаа юм даа

Холбоотой мэдээ

Back to top button