П.Батчулуун эмчийн цагаатгуулах хүсэлтийг Давж заалдах шатны шүүх хэлэлцэнэ

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс 2 жил 6 сарын ял оноосон.
Тэгвэл, түүний давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг өнөөдөр хэлэлцэхээр байна.
Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх П.Батчулуунд оноосон 2 жил 6 сарын хорих ялыг эргэн дэнслэхээс гадна, түүний өмгөөлөгчийн хүргүүлсэн цагаатгах, ялаас чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэх юм байна.
Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан А-гийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэрэгт буруутгагдсан юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.