Түгжрэлийг 13.5 хувиар бууруулах 1.9 их наядын өртөгтэй Туулын хурдны замын тендер өнөөдөр нээгдэнэ
Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр “Улаанбаатар хотын зүүнээс баруун чигийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх Туулын хурдны замын тендерийг маргааш нээнэ. Нийт 33 км урт, зургаан эгнээ уг зам ашиглалтад орсноор хотын замын түгжрэл 13.5 хувиар буурах тооцоолол хийгдсэн” гэжээ.

Уг тендерийн энэ онд санхүүжих өртөг нь 538 тэрбум бөгөөд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргана. Нийт төсөвт өртөг 1.9 их наяд төгрөг.
Тус хурдны зам нь Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл дэх хот доторх анхны хурдны зам болох юм.
Бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 дүгээр сарын сүүлээр эхлүүлж, 24 сарын дараа буюу 2027 оны 5 дугаар сард ашиглалтад оруулаааар төлөвлөж буй. Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэхээс гадна Дархан болон Замын-үүд чиглэлийн дамжин өнгөрөх автотээврийн нэвтрүүлэх чадвар сайжирна. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын сүлжээний түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарсан аж.
Долоон түвшний орц, гарцын огтлолцлуудтай, 10 мянган метр орчим гүүртэй, долоон туннелтэй, 100 км/ц хурдлах боломжтой, автомашины зорчих хэсгийн өргөн 12.5 м байх гэх мэт олон "чимэгтэй" аж. Улмаар тус төсөл доорх долоон багц ажлуудаас бүрдэх юм байна. Үүнд:
- Газар шорооны ажил
- Хиймэл байгууламж
- Авто замын дагуух үерийн хамгаалалтын далан
- Авто замын гэрэлтүүлэг , авто замын трасст орсон ЦШС-г хамгаалах, шилжүүлэх, дэд станц шилжүүлэх, шинээр барих
- Мэдээлэл холбооны төлөвлөлт
- Археологи, палеонтологи, түүх угсаатны хайгуул, судалгаа, авран хамгаалах, малтлагын ажил
- Байгаль орчин хамгаалах ажил зэрэг багтаж байгаа аж.
Туулын хурдны замын төсөл 11 жилийн дараа эргэн амь орж буй. Арав гаруй жилийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хийгдэж байсан “Гудамж” төсөлд хамаарах дөрвөн том бүлэг ажлын нэг байсан. Харин үе үеийн дарга нарын мөрийн хөтөлбөр, аман цэцэрхлийг дамжсаар энд хүрч ирсэн билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.