Солонгос эмч нарын дэмжлэгтэйгээр 300 гаруй монгол хүний амийг аварчээ

БНСУ-ын эмч нар Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай нутагшуулж, 300 хүний амийг аварлаа.
Монгол Улс дэлхийд элэгний хорт хавдрын нас баралтаар тэргүүлдэг ч, өмнө нь элэг шилжүүлэн суулгах боломжгүй байсан тул өвчтөнүүдээ гадаадад эмчлүүлэхээс өөр аргагүй байв. Гэвч Солонгосын эмч нарын дэмжлэгтэйгээр 300 гаруй хүний амийг аврах элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэжээ.
15 жилийн хамтын ажиллагааны үр дүнд Сөүлийн Асан эмнэлэг Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу 2009 оноос хойш Улаанбаатар хотын Монгол Улсын нэгдүгээр төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах технологийг зааж сургаж ирсэн бөгөөд 2024 оны 3-р сарын 13-нд тус эмнэлэг нэгтгэсэн 300 дахь амжилттай мэс заслаа хийж, элэг шилжүүлэн суулгах бүрэн бие даасан чадавхтай болжээ.
2024 оны хоёрдугар сарын 22-нд Монгол Улсын нэгдүгээр төв эмнэлэг анх удаа донорын элгийг дурангийн аргаар тайрч авах хүнд мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн байна. Энэ мэс засалд Сөүлийн Асан эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах тасгийн профессорууд болох Жон Дон Хван (정동환), Кан Ү Хён (강우형) нар оролцсон бөгөөд 41 настай эх Энхмэндэд, 25 настай хүү Галбадрахын элгийг амжилттай шилжүүлэн суулгажээ.
Сөүлийн Асан эмнэлэг нь 2010 оноос эхлэн 192 монгол эмч, сувилагчийг Солонгост урьж дадлагажуулсан бол 2011 оноос хойш 19 удаа 214 Солонгос эмчийг Монголд илгээж, хамтарсан мэс засал хийж, системийг хөгжүүлсэн.
Энэ бүх ажлын үр дүнд Монгол Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь одоо бусад эмнэлгүүдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга технологийг зааж чадах түвшинд хүрчээ. Сөүлийн Асан эмнэлэг элэг шилжүүлэн суулгах эмнэлгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг Монголд хандивлаж, бүх сургалт, дадлага, систем нэвтрүүлэх ажлын зардлыг хариуцсан байна.
Энэ талаар Асан эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн ахлах профессор И Сын Гю:
-2009 онд бид Монголын Засгийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулж байх үед Монгол Улс элэгний хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байсан ч, элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийх боломжгүй байсан. Өнөөдөр Монголд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс заслаар амьдрал бэлэглүүлсэн гэдгийг сонсоход сэтгэл хөдөлж байна.
Профессор Жон Дон Хван:
-Энэхүү төсөл зөвхөн элэг шилжүүлэн суулгах хагалгааны техникийг заахаас гадна, Сөүлийн Асан эмнэлгийн элэгний мэс заслын цогц системийг Монголд нутагшуулах томоохон амжилт боллоо. Би Монголд анхны амьд донортой элэг шилжүүлэн суулгах мэс засалд оролцож байсан. Харин одоо Монгол анх удаа донорын элгийг дурангийн аргаар тайрч авах хагалгааг амжилттай хийлээ. Цаашдаа ч энэ технологийг Монголд улам бүр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэжээ.
Эх сурвалж: m.segye
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар сайхан буянтай үйл хэрэг вэ