Хуулиа өөрчилтөл биржээр нүүрс арилжаалах түр журам хэрэгжүүлж эхэллээ

Нүүрсний арилжаа багагүй хугацаанд зогсож, урд хил дээр 9.5 сая тонн нүүрс хураагдсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлээд байгаа.
Өнгөрсөн оны сүүл үеэс хойш нүүрсний үнэ гадаад зах зээл дээр 40 орчим хувиар унасан бөгөөд, худалдан авагчид үүнээс шалтгаалан нүүрсээ татан авахгүй байна хэмээсэн. Үүний тулд биржээр уул уурхайн түүхий эд арилжаалахад холбогдох хуулийг шинэчлэн найруулахаар болсон. Мөн хуулийг шинэчлэн баталтал шинэ түр журам хэрэгжүүлнэ хэмээсэн.
Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороо хуралдан,
- "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам"
- "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам"-ын шинэчилсэн найруулгыг тус тус 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн байна.
Түүнчлэн "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 16 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам", "Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам", "Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам", "Хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам"- уудыг тус тус үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрчээ.
Улмаар 2023 онд баталсан журмуудыг хүчингүй болгосон байна.
Шинэ журмуудтай энд дарж танилцаарай.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.