ДЭЛХИЙ

Хүн төрөлхтний шинэ ололт буюу анх удаа гахайн элгийг хүнд шилжүүлэн суулгалаа

Гахайн элгийг хүн дээр анх удаа шилжүүлэн суулгаж, амьтнаас хүнд эрхтний шилжүүлэн суулгалтад шинэ үе шатыг нээлээ.

Өчигдөр Хятадын эрдэмтэд долоон сартай бама үүлдрийн бяцхан гахайн элгийг генийн өөрчлөлт хийж, дархлааны хариу урвалыг багасгасан хэлбэрээр ашигласан байна. Элгийг тайрсны дараа 0-4 хэмд хөргөж, тусгай эмнэлгийн уусмалаар амьд байлгажээ. Есөн цаг үргэлжилсэн мэс заслын явцад 50 настай, тархины үхэлтэй хүний хэвлийд гэр бүлийнхэн нь зөвшөөрсний дагуу донор элгийг өөрийнх нь элэгтэй хамт цусны судаснуудтай нь холбож оёсон байна.

Дараагийн 10 хоногийн турш донор элэг амжилттайгаар цөс ялгаруулж, тогтвортой цусны урсгалыг хадгалжээ. Эрдэмтэд энэ аргыг удаан хугацааны эмчилгээ гэхээсээ илүүгээр элэгний дутагдалтай өвчтөнүүдэд хүний донор элэг олдох хүртэл түр хугацааны эмчилгээний нэг арга болгохыг зорьж байна. Их Британид жил бүр 11,000 гаруй хүн элэгний өвчнөөс болж нас бардаг. Одоогоор ойролцоогоор 700 хүн элэг шилжүүлэн суулгах хүлээлгийн жагсаалтад байгаа бөгөөд дундаж хүлээлгийн хугацаа гурваас дөрвөн сар байдаг.

Өнөөдрийн энэхүү мэдэгдэл бол сүүлийн үеийн хэд хэдэн шинэлэг ололтын нэг хэсэг бөгөөд үүнд гахайн зүрхийг хүн дээр шилжүүлэн суулгах, мөн гахайн бөөртэй амьдарч буй эмэгтэй хүний жишээ ч мөн багтаж байна.

Судалгааны багийн нэг Шиань хотын Цэргийн Анагаах Ухааны Их Сургуулийн профессор Лин Ван:

"Генийн өөрчлөлттэй гахайнаас авсан элэг хүний биед маш сайн үйл ажиллагаа явуулсан. Энэ бол гайхалтай ололт. Мэс засал үнэхээр амжилттай болсон. Бид судас, артерийн цусны урсгалыг нарийн шалгасан бөгөөд урсгал маш жигд, хэвийн байлаа" гэж хэлжээ. Туршилтыг 10 хоногийн дараа өвчтөний гэр бүлийн хүсэлтээр зогсоосон байна. Энэхүү судалгааны үр дүн (Nature сэтгүүлд нийтлэгдсэн) генийн өөрчлөлттэй элэг хүний биед амьд үлдэж, үйл ажиллагаагаа явуулж чадахыг харуулж байгаа ч урт хугацааны үр дүнгийн талаар нэмэлт судалгаа шаардлагатайг онцолжээ.

Профессор Ван: Бид ирээдүйд хүнд хэлбэрийн элэгний дутагдалтай өвчтөний асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.Энэ амжилтад хүрэх нь бидний мөрөөдөл.Гахайн элэг хүний өөрийн элэгтэй хамт амьд үлдэж, магадгүй түүнд нэмэлт дэмжлэг үзүүлэх боломжтой" гэжээ.Мөн ирээдүйд амьд, тархины үхэл болоогүй өвчтөнүүд дээр судалгаа хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч үүнтэй холбоотой олон хүндрэл, дүрэм журам байгааг онцолсон байна.Энэ оны эхээр Филадельфи дахь Пенсильванын Их Сургуулийн баг генийн өөрчлөлттэй гахайн элгийг тархины үхэлтэй хүний биеийн гадна талд байрлуулж үзжээ.  Гэхдээ энэ удаагийн туршилт нь гахайн элгийг анх удаа хүний биед шилжүүлэн суулгасан тохиолдол болж байна.

Испанийн Үндэсний Шилжүүлэн Суулгах Байгууллагын үүсгэн байгуулагч Рафаэль Матеcанз: Энэ бол тархины үхэлтэй хүнд генийн өөрчлөлттэй гахайн элгийг амжилттай шилжүүлэн суулгасан дэлхийн анхны тохиолдол юм.Туршилтын гол зорилго нь уламжлалт элэг шилжүүлэн суулгах ажиллагаа хийх биш, харин хүнд хэлбэрийн элэгний дутагдалтай өвчтөнүүдэд хүний донор элэг олдох хүртэл 'түр зуурын' эрхтэн болгон ашиглах явдал юм гэжээ.

Испанийн Овьедо Их Сургуулийн Эмгэг судлалын профессор Ивaн Фернандес Вега: Уг мэс заслыг “чухал үе шат” гэж тодорхойлов. Мөн энэ арга барилыг улам боловсронгуй болгосноор элэг шилжүүлэн суулгах боломжтой донор эрхтний тоог нэмэгдүүлж, амь нас аврах боломжтой. Энэхүү судалгаа нь генийн өөрчлөлттэй гахайн элэг хүний биед амьд үлдэж, бодисын солилцооны үндсэн үйл ажиллагаа буюу альбумин болон цөс ялгаруулах үүргийг гүйцэтгэж чаддаг болохыг баталсан анхны тохиолдол болж байна гэв.

Судлаачдын үзэж байгаагаар, элэг шилжүүлэн суулгах мэс засал нь сүүлийн шатны өвчлөлийн хамгийн үр дүнтэй эмчилгээ боловч донор элэгний эрэлт хэрэгцээ хэт өндөр, харин нийлүүлэлт хангалтгүй байгаа аж. Гахайг эрхтний донорын өөр хувилбар болгон судалж байна. Учир нь тэдний физиологийн үйл ажиллагаа, эрхтний хэмжээ нь хүнийхтэй төстэй байдаг.

Энэхүү мэс засалд ашигласан гахай дээр Clonorgan Biotechnology компанийн Доктор Дэн-Кө Пан ажиллаж уг гахайнд генийн зургаан өөрчлөлт хийсний дотор гахайн гурван генийг идэвхгүй болгох, хүний уураг кодлодог гурван генийг нэмсэн аж.

Эдгээр өөрчлөлт нь хүлээн авагчийн дархлааны тогтолцоо гахайн эрхтнийг голохоос сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь амьтнаас хүнд шилжүүлэн суулгах мэс заслын хамгийн том бэрхшээлийн нэг юм. Энэхүү туршилт нь 10 гаруй жилийн турш хийгдсэн судалгааны үр дүн бөгөөд 2013 онд анх гахайн элгийг сармагчинд шилжүүлэн суулгасан тохиолдол гарч байжээ. Өмнө нь гахайнаас хүнд бөөр, зүрх шилжүүлэн суулгах туршилтууд амжилттай болсон. Гэсэн хэдий ч бөөр, зүрх нь ихэвчлэн нэг үүрэг гүйцэтгэдэг бол элэг нь олон үйл ажиллагаатай байдаг тул энэ нь судалгааны багийн хувьд хамгийн том сорилт байсныг профессор Ван онцолжээ.

Ц.ТАМИР

Эх сурвалж: DailyMail

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Улаан Зочинэочин
Улаан Зочинэочин
3 сар 28, 2025 13:24

Тархиний үхжилттэй хүнээс элэг авч суулг�##�аа гээд генийн өөрчлөлттэй гахайн элэг авч суулг�##�аа гэнэ,ойлгомжгүй болжээ

Холбоотой мэдээ

Back to top button