Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Жаннет МакКерди: Үнэнчээр зохиол бичихийн тулд дүрийнхээ өнцгөөс харах хэрэгтэй

“Nickelodeon”-ийн алдарт “iCarly” цувралын Сэмийн Пакеттын дүрийг бүтээсэн Жаннет Маккерди кино зохиолч Софиа Копполатай ярилцсан ярилцлага “Interview” сэтгүүлд нийтлэгджээ. Тэд МакКердигийн саяхан гаргасан “Half His Age” романы талаар ярилцсан байна. Энэхүү роман нь МакКердиг 18 настай байхад нь тохиолдсон бодит явдлаас сэдэвлэжээ. Тухайн үед МакКерди өөрөөсөө арав гаруй насаар ах хүнтэй үерхлийн харилцаатай байсан аж. Зохиолын гол дүр Уалдо охин зохиол бичих хичээлийн багш Ноён Коргитой хайр сэтгэлийн харилцаанд орж байгаа тухай өгүүлдэг байна

Софиа Коппола: Сайн байна уу, Жаннетт. Тантай уулзаж, ярилцаж байгаадаа маш их баяртай байна.

Жаннетт МакКерди: Софиа, надад ч бас үнэхээр их нэр төрийн хэрэг байна. Ярилцлага хийхээр тохиролцсоноосоо хойш л энэ уулзахаа тэсэн ядан хүлээлээ. Үнэхээр их догдолж байна.

Миний охин таны номын зургийг над руу явуулсан юм. Тэгээд л таныг шинэ ном гаргасныг мэдсэн.

Намтар бичихээс уран зохиол руу үсэрсэн шилжилтийг яагаад хийсэн бэ гэж хүмүүс надаас их асууж байна. Үнэндээ би анхнаасаа л уран зохиол бас кино зохиол ирсэн. Гаднаас харвал гайхмаар байж болох ч миний хувьд огтхон ч гэнэтийн зүйл байгаагүй.

Гайхалтай. Гэхдээ та өмнө нь хэзээ ч роман бичиж байгаагүй биз дээ? Энэ таны анхны роман уу?

Энэ бол миний хэвлэж гаргасан анхны роман. Өөр нэг роман дээр ажиллаж байсан ч “Half His Age-ыг гаргах санаа байнга толгойд эргэлдээд, огт орхиж чаддаггүй байсан. Роман 17 настай охин Уалдогийн өнцгөөс түүхийг өгүүлдэг, түүний дуу хоолой миний толгойд маш тод сонсогдож байлаа. Тэгээд “Энэ нөгөө романаа долоо хоног түр хойшлуулъя” гэж бодсон. Тэрнээс хойш хоёр жил өнгөрч, бараг 20 удаа нэмж засварласны дараа эцэст нь хэвлэсэн.

Би бас хийх ёстой нэг зохиол дээр ажиллаж байсан ч өөр нэг санаа байнга бодогдож байсан удаа бий. “Үүнийг л хийхгүй, тэнэг юм” гэж өөртөө хэлдэг байлаа. Гэхдээ эцэст нь эсэргүүцэж чадалгүй нэг л мэдэхэд бүрэн татагдаад орчихсон байсан. Чамайг ямар нэг зүйл хүчтэй татаж байвал түүнийг үл тоох боломжгүй шүү дээ.

Яг тийм.

Миний Тамара Женкинс кино найруулдаг юм. Бид хоёр байнга “Бичих, дараа нь бүтээл болгох энэ процесс яагаад ийм хэцүү юм бэ? Яагаад ийм ажил хийдэг юм бол” гэж ярьдаг. Тэгээд нэг удаа нэг юмны санаа байнга бодогдоод байхад “Аан, ийм учраас л бид хоёр ийм ажил хийдэг юм байна. Хийхээс өөр аргагүй болдог болохоор” гэж бодогдсон.

Маш гоё хэллээ. Та зохиол бичиж дууссаны дараа эргүүлж харж, өөр өнцгөөс шинжилж үздэг үү? Тэгээд “Ийм учраас л тэр үед санаад орж ирээд байсан юм байна” гэж боддог үе бий юү?

Тийм ээ, мэдээж. Үнэндээ би бас танаас ингэж асуумаар байсан юм. Би өөрөө яг юу хийж байгаагаа мэдэж ямар нэгэн ажил эхлүүлж байгаагүй. Харин энэ тохиолдолд гол дүр танд ойр, танил байсан уу? Энэ зохиолыг бичих хүсэл үргэлж төрдөг байсан уу?

Энэ зохиолыг өгүүлэх санааны үр сэтгэлд байсаар л ирсэн. Харин гол дүрийн тухайд бол өчүүхэн төдий дуу хоолой л байсан. 24 настай байхдаа Японд түргэн галт тэрэгт сууж явахдаа энэ зохиол роман болно л гэдгийг мэдэрсэн. Надад хамгийн сонин санагдсан зүйл нь энэ. Би өмнө нь хэзээ ч роман бичиж байгаагүй, өөр олон хэлбэрийн зохиол бичиж ирсэн хүн шүү дээ. Тэгэхээр яагаад ингэж мэдэрснээ мэдэхгүй, гэхдээ роман болно гэдгийг л мэдэж байсан.

Гол дүрийн нэр яагаад Уалдо юм бэ? Зүгээр л толгойд орж ирсэн нэр үү?

Анхнаасаа л Уалдо гэдэг нэртэй байсан. Гэхдээ нэг удаа нэрийг нь солих гэж оролдсон. Магадгүй хэтэрхий этгээд юм биш үү гэж бодсон. Гэхдээ би биеэрээ мэдэрч бичдэг зохиолч. Засвар хийх санал авсан ч гэсэн зөв санагдахгүй бол яаж ч хичээсэн бие минь царцаад зогсчихдог.

Тэр чинь аз шүү.

Тийм гэж үү?

Тийм ээ. Таныг зөн совин чиглүүлж байна гэсэн үг.

Удаан хугацааны турш би үүндээ их бухимддаг байсан. “Зарим юмыг ингэж хүчтэй мэдэрдэггүй байсан ч болоосой” гэж боддог байлаа. Харин одоо л аажмаар үүндээ талархаж эхэлж байна.

Зургийн эх сурвалж: The Irish Times

Таны намтар ном надад үнэхээр их сэтгэгдэл төрүүлсэн. Маш илэн далангүй, үнэнээсээ бичсэн мөртлөө их гоё хөгжилтэй, бас сэтгэл хөдөлгөм болсон байсан. Хүнийг сүйрүүлж мэдэх тийм аймшигтай хэцүү зүйлийг урлаг болгож хувиргасан чинь үнэхээр мундаг байна. Тэгж бичсэний дараа сэтгэл тань их онгойсон байх. Гэхдээ нэг юм асуухад, романы эрэгтэй дүр бодит хүнээс сэдэвлэсэн үү?

Өнгөрсөн амьдралд минь байсан хэд хэдэн хүнийг нийлүүлж гаргасан дүр. Нэр нь Ноён Корги. Ном маань бүхэлдээ Уалдогийн өнцгөөс бичигдсэн болохоор би тэр залууд их уурлаж, Уалдог өмөөрмөөр санагддаг байсан. Гэхдээ эцэст нь би өөрийгөө түүний оронд тавьж үзээд, дотоод ертөнцийг нь ойлгохыг хичээсэн. Харамсал дүүрэн, мөрөөдөл нь нурсан, гунигтай амьдралтай Ноён Коргид ямар байхыг мэдрэхийг оролдсон. Ингэх нь их хэцүү байсан ч заавал хийх ёстой зүйл байлаа. Учир нь хэн ч өөрийгөө муу хүн гэж боддоггүй шүү дээ. Үнэнчээр зохиол бичихийн тулд дүр бүрийнхээ оронд орж, тэдний өнцгөөс харах хэрэгтэй юм шиг санагддаг.

Гэхдээ энэ роман өөр зохиолоос санаа аваагүй юм шиг санагдсан. Зүгээр л таны дотроос ундарч гарсан байна.

Тийм ээ. Насны зөрүүтэй харилцааны тухай ярихад хэл ам их гардаг л даа. Гэхдээ би энэ номоо тийм төрлийн түүх гэж бодохгүй байгаа юм. Миний хэлэх гээд байгаа зүйл бол, насны зөрүүтэй харилцааны талаарх тэр их шуугиан дунд нийгмийн хорио цээрийг тоолгүйгээр, зөвхөн Уалдогийн дотоод ертөнцөд анхаарлаа хандуулж болох болов уу гэдгийг л харуулахыг хүссэн.

Та дүрийнхээ дотоод ертөнцийг байнга барьж бичсэн чинь их сонирхолтой байна. Учир нь гаднаас нь дүгнэхгүйгээр ингэж бичих их хэцүү шүү дээ. Набоков "Lolita"-г бичихдээ энэ зүйл хэр буруу вэ гэдгийг хүмүүст цочрол өгөх гэж бичсэн гэдэг. Гэвч тэр дүрийнхээ өнцгөөс бичсэн болохоор хүмүүс зохиолыг буруугаар ойлгосон гэж нэг хүн надад хэлж байсан юм. Би "Marie-Antoinette" киног хийхдээ түүнийг бодит байдлаас хэрхэн тасарсан байсныг харуулахыг хичээсэн. Гэхдээ уран бүтээлч хүн дүрийнхээ өнцгөөс ямар нэг зүйлийг харууллаа гээд тэр үйлдлийг нь дэмжиж байна гэсэн үг биш шүү дээ.

"Girls" цувралын эхний анги дээр Лена Данхэмын дүр "Би бол нэгэн үеийнхний дуу хоолой" гэж хэлдэг. Тэгтэл хүмүүс уг сценаг "Ямар их зантай юм бэ, өөрийгөө яаж тэгж бодож чаддаг байна аа?" гэж дүгнэсэн. Би харин "Хүмүүс яагаад гол санааг нь ингэж буруу ойлгоод байгаа юм бол?" гэж бодоод инээд хүрсэн. Гэхдээ таны бүтээлүүдийг хэн хамгийн сайн ойлгодог вэ? Яг л таны хүссэнээр хүлээж авдаг хүмүүс хэн бэ?

Би одоо өөрийгөө бусдад ойлгогддог болсон гэж боддог. Өөрийнхөө хүрээллийг олсон гэх үү дээ. Намайг залуу байх үеийн хүмүүс ойлгох гэж бага зэрэг хугацаа шаардсан байх. Харин одоо бол залуучууд миний хэлэх гэсэн санааг шууд ойлгодог болсон.

Тийм шүү.

Би таны хувийн хэрэг рүү хэт орох гээгүй шүү. Гэхдээ чи залуу байхдаа өөрөөсөө ах залуутай үерхэж байсан уу?

Тийм ээ, байсан. Миний анхны үерхэл. Би 18-тай, тэр залуу 30 гарчихсан байсан.

Энэ таны анхны үерхэл байсан хэрэг үү?

Тийм ээ, анхны байсан. Би Мормон шашинтай, юу ч мэддэггүй охин байлаа. Үнэндээ бэлгийн харилцааны талаар ямар ч ойлголтгүй, үнэхээр гэнэн байсан.

Тийм үү.

Тийм ээ, бүх зүйлээс хол, хаалттай өссөн хэр нь гэнэт л тийм зүйл рүү шууд орчихсон.

Насанд хүрсэн хүнтэй шүү дээ. Тэр явдал таны зохиолд нөлөөлсөн үү?

Тэр явдал яах ч аргагүй энэ романыг бичих санааг суулгасан анхны үр байсан. Бас надад гаргаж чадаагүй уур хилэн байсан. Би одоо 33 настай хэр нь "Яагаад тэр үед үүнийг ойлгож, шийдэж чадаагүй юм бол?" гэж бодохоор хачин санагддаг. Магадгүй тэр үед өөр бусад зүйлийг л ойлгох гэж хичээж байсан байх.

Зургийн эх сурвалж: The Tribune

Та зохиол бичихдээ баримталдаг тогтсон зуршилтай юу?

Тийм ээ. Би долоо хоногийн зургаан өдөр нь бичдэг. Өглөө сэрээд л хамгийн түрүүнд хийдэг зүйл маань энэ. Кофегоо найруулж, хувцсаа солиод л шууд бичиж эхэлдэг. Юм бичихгүйгээр тэр өдөр минь эхэлж чадахгүй юм шиг санагддаг. Танд бас тэгж санагддаг уу?

Үгүй ээ, би өглөөний цагаар бичиж эхлээд удаагүй байна, энэ долоо хоногоос л эхэлсэн. Хүүхэдтэй болохоосоо өмнө шөнөжин сууж бичдэг байлаа. Надад шөнө бичих нь илүү амар байдаг, учир нь сатаарах зүйл байхгүй. Бас надад ажил хийж байгаа юм шиг биш, харин дуртай зүйлээ хийх хувийн цаг шиг санагддаг байсан. Харин саяхнаас “The Artist’s Way” ном дээр гардгаар өглөө бичиж эхлээд байгаа. Энэ ном 90-ээд онд их алдартай байсан, яаж яваад олж уншсанаа мэдэхгүй байна. Тэр номны заавраар бичиж үзсэн үү?

Би тэр номын зааврыг гурван ч удаа бүрэн хийж үзсэн.

Тийм үү? Би дөнгөж эхний бүлгийг нь л дуусгаад байгаа. Таны бичсэн зүйлийг хамгийн түрүүнд уншдаг, юу хүсэж байгааг ойлгодог, итгэдэг хүн байдаг уу?

Тийм ээ байдаг. Би найз залуутайгаа үерхээд есөн жил болж байна. Тэр бас бичдэг, гэхдээ ихэвчлэн кино болон телевизийн зохиол бичдэг юм. Бид бие биеийнхээ зохиолын хамгийн анхны уншигчид болдог.

Энэ үнэхээр чухал шүү.

Түүний зохиолыг харах өнцөг минийхээс өөр байдаг болохоор надад их хэрэг болдог. Гэхдээ бид ижил төстэй сэдэвт сонирхолтой, тэр миний бичлэгийн хэв маягийг маш сайн мэддэг. Бичсэн зүйлийг маань хараад л "Үүнийг ийм болгож хөгжүүлж болох юм байна" гэж хэлдэг.

Тэгвэл таны роман ном хаана өрнөдөг вэ? Өнгөрсөн үед үү?

Одоо үед, Аляскын Анкориж хотод өрнөдөг.

Тэр газарт тэнд очиж судалсан уу?

Миний найз залуу тэндхийнх. Тийм болохоор би Анкорижид зургаан сар гаруй хугацаанд амьдарсан. Тэр газар харагдаж байгаа шигээ үзэсгэлэнтэй, бас харагдаж байгаагаасаа илүү гунигтай. Өргөн том гудамжнуудтай ч бүх зүйл нь 25 жилээр хоцрогдсон мэт санагддаг. Худалдааны төвүүдийнх нь 90 хувь нь хаагдсан, гурван дэлгүүр л нээлттэй байдаг.

Тэгэхээр нэг тийм ганцаардмал орчинтой байх нь ээ?

Гэхдээ тэр талаараа нь киноны дүрс шиг маш гоё харагддаг. Сайхан газруудаасаа илүү тэр дүнсгэр байдал нь илүү сонирхолтой.

Эрс тэс, хүйтэн хөндий юу?

Тийм ээ, бас эзгүй юм шиг.

Номыг чинь уншихыг тэсэн ядан хүлээж байя. Тантай ярилцахад үнэхээр сайхан байлаа. Баяр хүргэе.

Баярлалаа, Софиа.

Эх сурвалж: Interview Magazine

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button