EGUUR.MN: “Эрчилсэн” нэг жилийн баярын зурвас

EGUUR.MN сайт нэг жилийн өмнөх энэ өдөр анхныхаа контентыг нийтлэн, уншигчдынхаа хүртээл болгож байв. Нэг жил асар хурдан өнгөрсөн мэт боловч бид энэ хугацаанд мэргэжлийн редакци шинээр төлөвшүүлэх, контент хөгжүүлэлтээ тогтмол удирдах, олон нийтийн хүрээнд уншилтаа тэлэх ажлуудад өдөр бүр суралцсан нэг жилийг үдэв.
Хэвлэлийн жижигхэн гэмээр орон зайтай хүний нөөцийн талбараас манай редакцид сэтгэлтэй, зүтгэлтэй, хүн төвтэй сайн мэргэжилтнүүд цугларсан нь хамгийн том олз байлаа. Мэдээ.мн сайтаас сэтгүүлч Б.Гэрэлмаа, П.Урнаа, “Өнөөдөр” сониноос спортын сэтгүүлч Б.Буяндалай, “Өдрийн сонин”-оос гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн зэрэг туршлагатай контент бүтээгчид манай редакцид нэгдсэн.
Манай хамт олон нэг жилийн хугацаанд “Эгүүр”-ийн сэдэв”, “Үйлдвэрлэгч”, “Z үеийн дуу хоолой”, “Нэг сэтгүүлч-хоёр зочин”, “Эгэл бус амьдрал”, “Улс төрийн халуун сэдвүүд” зэрэг тогтмол нэрийн контентуудыг хөгжүүлэх эхлэлийг амжилттай тавьж, шинэ тутам хөгжиж буй подкаст, видео мэдээлэл, сонгодог жүжгийн булангуудыг хөтлөн явуулж байна.
Бид мэргэжлийн редакцийн бүтцээр өдөр тутмын контент бүтээлтээ чанартай, орчин үеийн шаардлага хангахуйц байдлаар нийтэлж, Facebook, Twitter, Whatsapp, Telegram, Viber зэрэг нийгмийн сүлжээнүүдэд мэдээллээ түгээх, бусдад илгээх боломжоор уншигчдаа хангаж, бусад технологийн шинэчлэлүүдийг тасралтгүй хийн ажиллаж байгаа болно.
Eguur.mn сайт хэвлэлийн зах зээл дээрх аль нэг холбоо, эвсэлд нэгдэлгүйгээр бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг. Манай редацки нэг жилийн хугацаанд олон улсын алекса судалгааны дүнгээр Монголын өндөр хандалт бүхий 10 сайтад багтаж, олон нийтийн сүлжээнд эрэлттэй мэдээллийн хэрэгслээр нэрлэгдэх болсондоо таатай байна.
Цөөн хүн амтай, хэвлэлийн зах зээл нь хязгаарлагдмал нөхцөлд сэтгүүлчид салбарынхаа эзэн байж, зарчимтай, хүнлэг, хувийн хэвшлээ дээдэлсэн сэтгүүлзүйг төлөвшүүлэх нь хамгаас чухал. Ийм чухал, сорилтын гэмээр цаг үед Eguur.mn сайт мэргэжлийн ёс зүйн зарчмаа барин ажиллахыг эрхэмлэж байна.
Бид алдаж, алдаанаасаа суралцаж, өдөр тутам шинэ сорилт, сонголттой нүүр тулж, сэтгүүлзүйн шинэ редакцийн түүхийг бичиж явна. Нэг жилийн ойн энэ өдөр Eguur.mn сайтын контент бүтээгчид, баг хамт олон, хамтран ажиллагсад, эрхэм уншигчдадаа баярлалаа гэж хэлье. Эрчилсэн нэг жилийн түүхийг бид хамтдаа бичлээ. Ирээдүй цагт улам мэргэшиж, хичээж, зүтгэж ажиллах болно.
EGUUR.MN САЙТЫН ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bayar hurgie mundag ! shuurhai medeegeer tv eer eagle sain ch gelee saitiin medeegeer eguur .mn busadaasaa iluu yum bnle