Идэш хайх зэрлэг амьтад айлуудын зуслангийн хашаанд сүлбүүлэн, хорогдож байна

Хотын хөгжил, хүн амын өсөлт, суурьшлын бүс тэлэхийн хэрээр хүрээлэн буй байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Үүний нэгээхэн илрэл нь үй олноороо төмөр хашаанд сүлбүүлэн үхэх зэрлэг амьтад юм. Энэ нь нөгөөтэйгүүр зуслангийн газрыг замбараагүй олгож буйтай ч мөн холбоотой. Иргэд ч хүний өөрийнгүй бүхий л зүйлсийг өмчлөх болж, хашаагаа төрөл бүрийн хэлбэр, хийцтэй хайсыг барих нь ихэсжээ. Стандарт гэдэг зүйлийг дагаж мөрдөх, түүнийг шалгадаг газар нь нам жим. Үүний гороор хоол тэжээлийн хомсдолд орж эрхгүй зуслангийн бүс нутаг руу орсон зэрлэг амьтан үргэхдээ, төмөр хайсны үзүүрт сийчүүлж амь үрэгддэг байна.
Он гарсаар нийслэлийн байгаль орчны газар 10 дуудлага ирсний дөрөв нь замбараагүй барьсан зуслангийн хашаанд осолдсон зэрлэг амьтад эзэлнэ. Ялангуяа улс оронд хорио цээр тогтоон, хөл хөдөлгөөн илэрхий багассантай холбоотойгоор орон нутгийн зам, зуслан, нийслэл рүү зэрлэг амьтан, нэн ховор шувууд үзэгдэх нь ихэсжээ. Үүнийг дагаад нийслэлийн ногоон бүсэд гөрөөс, янзага зэрлэг нохдод хөөгдөж бариулах, торон хашаанд орооцолдох, хавчуулагдах зэрэг сөрөг нөлөөлөл хамгийн их гарч байна. Учир нь төмөр, торон хашаа нь зэрлэг амьтны нүдэнд харагдахгүй мөргөх, орооцолдож бэртэх, зүүгдэж үхэх гэх мэт маш их хор хөнөөл учруулж байна. Үүнтэй холбоотой хамгийн сүүлийн хэд хэдэн жишээг дурдвал:
ОН ГАРСААР ДӨРВӨН АМЬТАН ЗУСЛАНГИЙН ХАШААНД ОСОЛДЖЭЭ
2020.02.20-нд СХД-ийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Найрамдал зуслангийн ойролцоо халиун буга айлын төмөр хайсан дээгүүр харайх гэж байгаад гэмтжээ. Тус амьтныг шуурхай чөлөөлж, “Зэрлэг амьтан асрах байр”-нд хүргэж, шаардлагатай эмчилгээ асаргааг хийсэн ч биеийн хэсэг нь гүн зүсэгдсэний улмаас шархаа даалгүй энджээ.
2021.02.25-нд Сүхбаатар дүүрэгт байрлах Сэлхийн зуслангийн ойролцоо бор гөрөөс айлын төмөр хайсанд хавчуулагдаж гэмтжээ.
Мөн хуучны ноцтой жишээг дурдахад, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг, Зүүнсалааны амны айлын хашааны гадна “Босч чадахгүй байгаа бор гөрөөсний янзага байна” гэх иргэний дуудлагын дагуу ирж шалгажээ. Байгаль орчны яамны ажилтанг очиход янзага хөлөө тийчилж, толгойгоо савлан бэртсэн байдалтай байжээ. Тухайн янзага юмнаас үргэж зугтаахдаа айлын төмөр хашаа эсхүл хатуу зүйл харалгүй мөргөн хөл дээрээ зогсож чадахгүй болтлоо нуруу нугасандаа хүнд гэмтэл авчээ. Бэртсэн янзагыг Майхан толгойн зуслан дах “Амьтан асрах төв”-ийн байранд авчирч мэргэжлийн байгууллагад хүргэн, эмнэлгийн тусламж үзүүлсэн сэхэл авахгүй байсаар энджээ.
Энэ мэт золгүй явдлууд давтагдсаар байсан тул Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтан хамгааллын асуудалд ихээхэн анхаарч анх 2017 онд “Зэрлэг амьтан асрах төв”-ийг байгуулжээ. Тус төв нээгдсэн цагаас хойш хөвчийн хүрэн баавгай, бүргэд, шонхор, буга, гөрөөснөөс гадна элбэг тархацтай өмхий хүрнэ, үен, мануул, могой, шар шувуу гэх мэт зэрлэг амьтдын дуудлага ер тасраагүй гэнэ. 2019 он гарсаар зэрлэг амьтантай холбоотой 50 орчим дуудлага хүлээн авснаас долдугаар сард эрс нэмэгдэж дийлэнх тохиолдолд бор гөрөөсний янзага болон бусад төрөл, зүйлийн амьтдын үр төл бэртэж гэмтсэн тохиолдлууд бүртгэгдэж амьтан асрах төвд хүргэгдсээр байна.
2019 ОНД ЗЭРЛЭГ АМЬТАНТАЙ ХОЛБООТОЙ 50 ДУУДЛАГА БҮРТГЭГДСЭН
Бид Нийслэлийн байгаль орчны газрын амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатарыг Богдха” ууланд албан үүргээ гүйцэтгэж явахад нь утсаар холбогдож, зарим зүйлийг тодруулав.
-Он гарсаар зэрлэг амьтан айлын төмөр хайсанд тээглэх, хорогдох тохиолдол хэр их гарсан бэ. Ихэвчлэн ямар амьтан осолдож байна вэ?
-2019 оны хувьд Нийслэлийн байгаль орчны газарт 43 дуудлага ирсэн байдаг. Харин энэ жилийн тухайд он гарсаар 10 дуудлага ирсний дөрөв нь төмөр хайсан торонд тээглэсэн, эндсэн амьтад эзэлнэ. Ихэвчлэн бор гөрөөс осолдсон байх нь бий. Зөвхөн амьтанд гэлтгүй урин дулаан цаг ирэхэд айл бүр зусландаа очдог. Энэ үеэр бага насны хүүхэд тоглож байхдаа хашааны сараалжинд өөрийгөө урж гэмтээх нь бий.
-Амьтад ийн олноороо зуслангийн бүс рүү орж ирэх болон үрэгдэж буйн шалтгаан нь юу бол?
- Хэдийгээр зэрлэг амьтад суурьшлын бүсэд орж ирэх нь харьцангуй ховор боловч идэш тэжээлийн хомсдол, амьдрах орчинд нь үзүүлэх хүний сөрөг нөлөөлөл, экосистемийн тэнцлийн алдагдал зэргээс үүдэлтэйгээр төв суурин газрыг зорих нь ихэссэн. Ингэхдээ айлын замбараагүй, стандартгүй барьсан төмөр хайсанд тээглэх, цаашлаад зэрлэг нохдод бариулах мэтээр эндсээр байна. Тухайн хашааны эзэн хашаагаа стандартгүй барьснаас гадна, эвдрэл гэмтлийг засаж залруулахгүй буйтай нь хамгийн их холбоотой. Наанадаж хашаа хайс нь эвдэрч, сөрдийхөд хайхрахгүй орхисноор зэрлэг амьтан гэлтгүй, балчир хүүхдүүд хүртэл гэмтэх өндөр эрсдэлтэй байдаг. Мөн нийслэлийн ногоон бүс болон зуслангуудад зэрлэгшсэн ноход ихээр нэмэгдсэнээр тарвага зурам, бор гөрөөс зэрэг амьтдын тоо толгой цөөрөх гол шалтгаан болж байна.
-Нийслэлийн байгаль орчны газрын зүгээс ховордсон зэрлэг амьтдыг хамгаалах хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ?
-Ногоон бүсийн байгаль хамгаалагчдаас хамгийн багадаа 234 зэрлэгшсэн нохой 36 муур байгаа тоо судалгааг гарган нохой устгалын аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсний дагуу одоогоор Сонгинохайрхан дүүргийн 21, 24, 25, Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн зуслангийн бүсэд “Өлтэй” ХХК, “Базалт нэгдэл” ХХК, "Их Булаг Атук” ХХК нь нохой устгалын ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгуулж 69 зэрлэгшсэн нохойг устгаад байна. Цаашид ч үргэлжлүүлэх болно. Учир нь тарвага, зурам, бор гөрөөс зэрэг зэрлэг амьтдын тоо толгой цөөрөх гол шалтгаан нь зэрлэгшсэн нохойтой шууд холбоотой. Иймд өөрийн тэжээмэл амьтдаа сул чөлөөтэй явуулахгүй байж бусдын аюулгүй байдлыг хангаж байхыг ногоон бүсийн иргэдэд анхааруулж байна.
БАГА НАСНЫ ХҮҮХЭД Ч МӨН БЭРТЭХ, АМЬ АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ
Айл бүр зуслангийн хашаа хайсаа барихдаа тогтсон стандартыг баримталж, байгаль, амьтанд ээлтэй байхаар барих нь чухал. Ингэснээр та бид эх дэлхий, байгальдаа оруулж буй том хөрөнгө оруулалт болж чадах юм. Зэрлэг ан амьтдад ээлтэй хашааны стандарт нь босоо, шугаман, сараалж төмөр хоорондын зай 110 мм, өндөр 1.6-2.0 метр, тулгуур хоорондын зай нь 2.5 м ногоон өнгөтэй байх учиртай. Мөн гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хашаагаа төмрөөр бус модоор, түүнчлэн хурц ирмэггүй мохоо байхаар төлөвлөж, барьдаг. Тэгэхээр зэрлэг амьтдын ирээдүй та бидний гарт байна.



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хашааны өвснөөс л болж байгаа юм. Шар өвс аюултай.
Ой модонд блон ойд хашаа барих, газар олгохыг хориглох хэрэгтэй. хэрвээ барихаар бол төмөр хашааг хориглоо үмхии оргисон ажлаа мэддэггүй дарганцар малуудаа..
Энэ Найрамдлын уулыг тэр чигээр нь Түвшинбаяр аварга төмөр хашаагаар хашаалахаа болимоор юмаа.
Хашааны өвснөөс л болж байгаа юм. Шар өвс аюултай.
Хашааны өвснөөс болж байгаа. Шар өвс аюултай.
Хохирч байгаа амьтдын талаар бараг анхааруулдаг газаргүй байсан. Харин танай сайт энэ талаар бичиж, бодитой зургуудыг тавьсан учир амьтдыг энэрэх, өрөвдөх сэтгэл төрүүлж байна. Одоо би хашаа баривал амьтдад ээлтэй хашаа баринаа.
Газрын алба ийм хашаа барихыг шаарддаг. Өндөр хашаа барьж бо лохгүй гэдэг муйхар шийд гаргадагын гай
2021 ond bolson zuild bitii sanaa zov
Хоол орхиж авахад амар дөхөм болгомоор юм байна
Ер нь хашаа бариж яанаа тойруулаад мод тарих хэрэгтэй
Өөрсдөө л буруутай, хүн гэдэг амьтас