НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хашаагаа зүлэгжүүлж, 200 гаруй мод тарин, цөөрөм байгуулсан хөдөлмөрч айл

2020.04.22-ны контентыг сэргээн нийтлэв

Өнөө цагийн олонх хүн төв суурин газар тэр тусмаа орон сууцанд амьдрах сонирхолтой байдаг. “Зээл аваад ч болтугай зүтгэж байгаад байртай болчих юм сан” гэдэг шүү дээ. Тэгвэл гэр хороодолд мөрөөдлийнхөө цэцэрлэгийг байгуулж, бүрэн зүлэгжүүлэн, 20-иод төрлийн 200 гаруй мод тарьж, цөөрөм барьсан нэгэн айл олны сонирхлыг ихэд татдаг. Тэднийхийг Ч.Төгсбаатарынх гэдэг.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-18 тоотод амьдардаг тэднийд зуны улиралд ирэхэд яг л ой модон дотор яваа юм шиг санагдуулдаг гэнэ. Хашаандаа тарьсан моднууд нь ногоорон ургаад, хажууд нь цөөрөм нь шоржигнон урсаад л. Хавь ойрын шувууд тэрүүхэндээ хөөрхөн чуулдаг гэнэ. Бид тэднийхийг зорилоо. Ч.Төгсбаатар “Хашааны зүлэг, моднууд маань ногоорсон үед ирсэн бол бүр гоё харагддаг” гэсээр угтав.

ОРОН СУУЦАА ХУДАЛДААД, ЭНД НҮҮЖ ИРСЭН

-Сайхан хаваржиж байна уу, та. Танайх энд амьдраад хэдэн жил болж байгаа вэ?

-Найман жил. Би Улаанбаатар хотын уугуул, орон сууцанд өссөн хүн. Гал голомтоо бадраасныхаа дараа ч мөн адил байранд амьдран, энд газар авсан юм. Найман жилийн өмнө байраа худалдаад, энд нүүж ирсэн. Түүнээс хойш хашаагаа зүлэгжүүлж, төрөл бүрийн мод, бут суулгаж тарьсаар өдий хүрлээ.

-Өнөө цагийн олонх хүн орон сууцанд, хотын төвд амьдрах хүсэлтэй. Та эсрэгээрээ гэр хорооллыг илүүд үзэн, үлгэр жишээ тохижуулсан тань сонирхол татаж байна. Орон сууцаа зараад, энд амьдрахад тань юу нөлөөлөв?

-Би 1990-ээд оны дундуур Германд байхдаа тэнд зүлэгжүүлэлтийн ажил хийсэн юм. Тухайн үеэс зүлэг, мод, бутаар тохижуулсан тийм гоё хашаанд амьдрах юм сан гэж мөрөөдсөн юм. Орон сууцанд хүмүүс бусдын эрхэнд амьдардаг. Дуртай газраа мод, бут тарьж, цөөрөм байгуулах боломжгүй. Тиймээс гэр хороололд амьдрах олон давуу талтай.

“Германчууд шиг амьдарч яагаад болохгүй гэж” гэсэн бодлоос бүх юм эхтэй. Тэгээд л энд нүүж ирж, ингэж тохижуулсан юм. Хотын төвд замын түгжрэл ихтэй, гэрийнхээ гадаа ирээд зогсоолын асуудал ямар билээ. Энэ бүхнээс зугтаагаад л энд нүүж ирсэн. Би өглөөд ажилдаа тавхан минут явдаг.

-Гэр бүлийнхэн, хань нь хэрхэн хүлээж авав. “Гэр хороололд амьдрахгүй” гээд дургүйцсэн бол өнөөдөр та мөрөөдлийнхөө хашааг ингэж байгуулж чадахгүй байсан шүү дээ.

-Тийм шүү. Германаас ирснийхээ дараа шууд энд нүүж ирээгүй. Манайх БНХАУ-аас оймс авч ирж, худалддаг байсан юм. Дараа нь оймсны үйлдвэртэй болсон. Үйлдвэр маань эндээс км хүрэхгүй шахам зайтай. За, тэгээд хотын төвөөс түгжирч байхаар энд амьдраад бүх зүйлээ зохицуулбал хамаагүй амар байдаг.

МОД, ЗҮЛГЭЭ ЯНЗЛААД СУУХАД ЖИНХЭНЭ КАЙФ МЭДЭРДЭГ

-Хашааныхаа аль хэсэгт юу тарих, хаана нь байшингаа барихаас авхуулаад нарийн төлөвлөх чухал. Та энэ бүхнийг өөрөө хийсэн үү?

-Тэгсэн. Байшингаа барихаас авхуулаад бүхнийг өөрөө төлөвлөж, нэг бүрчлэн тарьж, зүлэгжүүлсэн. Анхнаас нь нарийн төлөвлөж байгаад тарьсан болохоор арчлахад амар байдаг юм. Хашааныхаа аль хэсэгт ямар мод тарихаа анхнаас нь сайн төлөвлөх их чухал л даа. Тэгвэл гоё харагдана. Тэгэхгүй юу ч хамаагүй тариад байж болохгүй шүү дээ. Моднуудаа тэгшлэх, өвөрмөц хэлбэрээр тарих их нарийн ажиллагаатай. Ажлаа тарж ирчихээд моднуудаа услан, янзлаад суухаар жинхэнэ кайф мэдэрдэг. Хашаагаа би хообийгоороо тохижуулсан. Түүнээс биш газар шорооны ажил амаргүй шүү дээ. Хүн дуртай юмаа яаж хийдэг билээ. Энд мод, зүлгээ тэгшлээд, янзлаад сууж байх л сайхан.

НАМАРТ ЭНДЭЭСЭЭ 20-иод КГ ЖИМС ТҮҮДЭГ

-Одоогоор танайх хашаандаа хэдэн төрлийн мод, бут тариад байгаа вэ?

-20-иод төрлийн 200 гаруй мод, бут тарьсан. 400 гаруй мкв талбайг нь зүлэгжүүлсэн. Хүлэмжиндээ өргөст хэмх, гадна талбайдаа броккли, салатны байцаа, помьдор, жууцай, бууцай, сонгино тарьдаг.

-Жимсний цөөнгүй мод харагдаж байна. Ямар, ямар жимс тарьдаг бол?

-Үхрийн нүд, бөөрөлзгөнө, хад, нохойн хошуу, тошлой, алим, чавга тарьдаг. Манайх хашаандаа гүний худагтай. Худгийнхаа усаар мод, бут, зүлгээ усладаг. Ер нь модыг нэг их услах шаардлагагүй. Хамгийн гол нь чийгийг нь алдагдуулахгүй байх чухал. Намар 20-иод кг жимс хашаанаасаа түүдэг.

-Тарихад хамгийн их арчилгаа шаарддаг нь ямар жимс вэ?

-Алимны мод. Хүйтний улиралд хөлдөх эрсдэлтэй. Тиймээс өвлийн турш хучих шаардлагатай байдаг. Манай алимны мод дараа жилээс ургана.

0.7 ГА ГАЗАР МААНЬ МАНАЙД ХАНГАЛТТАЙ БАЙДАГ

-Заримдаа газрынхаа хэмжээнд баригдах юм уу. Хоёр талынхаа айлын газрыг худалдаж аваад сунгах бодол бий юү?

-O.7 га газар хангалттай байдаг. Сунгах бодол байхгүй ээ.

-Хашаандаа шинээр байгуулахаар төлөвлөсөн зүйл бий юү?

-Энэ жил цөөрмөө шинэчлээд, өөрчлөхөөр төлөвлөсөн. Гоё болгох гээд чулуунууд аваад ирчихсэн байгаа. Нэг сайхан нартай өдөр эхлүүлнэ дээ. Хашааныхаа гадна талын тохижилтонд анхаарч, мод тарьж байгаа.

-Ийм олон мод, зүлэг тарьж, суулгахад нэлээд хөдөлмөр, санхүү шаарддаг байх. Та хаанаас авдаг вэ?

-Мод үржүүлгээс авдаг. Одоохондоо 2-4 настай моднууд худалдаж авдаг болохоор үнэ нь гайгүй. 1000-5000 төгрөгөөр л худалдаж авдаг.

-Хашаандаа танайхаас олон модтой өрх бий юү?

-Байгаа, байгаа. Зүгээр яах вэ, яаж арчилсан, тохижуулснаараа л ондоо байх. Ой шиг бус энд нь ийм, тэнд нь тийм юм тарина гэж нарийн төлөвлөн, загварлаг янзлах чухал юм билээ. Хашаандаа тарихад ургахгүй мод, жимс гэж үгүй. Өдөрт ганцхан цагийг л зориулчихаад байхад гурван жилийн дараа янзын сайхан зүлэг, модтой болчихно.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 22, 2020 08:54

ГОЁ БАЙНА ЗУН БҮҮР Ч ГОЁ БАЙДАГ БАЙХ НЬ

Хайр
Хайр
4 сар 22, 2020 16:35

Ochij uzej boloh u.hariult ugvul nen ih bsyarlana

Зочин
Зочин
5 сар 14, 2021 02:58

Гоё харагдаж байна. Хөдөлмөрч хүн юм. Мөнх ногоон мод тарьв�##� өвөл ч гоё харагдах байх

Холбоотой мэдээ

Back to top button